| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/02033/И |
| Дугаар | 183/ШШ2022/03420 |
| Огноо | 2022-11-18 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/03420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд, Хүннү гудамж, 603 дугаар байрны 104 тоотод оршин суух, Дээрхи овогт Батбаярын Нарантуяа /РД:ЧИ78071429/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 41 тоотод оршин суух, Борондой овогт Гэндэнравжаагийн Сайнжаргал /РД:УЗ89051543/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, Ла Кантина ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сайнжаргалд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, Ө.Сайнбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь хариуцагч Г.Сайнжаргалд холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Ла Кантина ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, Ла Кантина ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сайнжаргалд буцаан шилжүүлэхээр шаардлагаа өөрчилсөн. Үүнд:
Хариуцагч Г.Сайнжаргал нь “Ла кантина” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшиж, гадаад худалдаа буюу дарс худалдах чиглэлээр үйл ажиллагаан явуулж байсан. Нэхэмжлэгч Б.Нарантуяа би энэ хугацаанд компанийн үйл ажиллагаанд нь туслах, хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжиж ирсэн байдаг. Хариуцагч Г.Сайнжаргал нь “Ла кантина” ХХК-ийг ажиллуулах боломжгүй болсон, компанид ямар нэгэн өр төлбөр байхгүй, хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага үүсгэхгүй, ямар нэгэн өр төлбөр байвал өр төлбөрийг төлнө гэж хэлэн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 852 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан 20 000 төгрөгийн дүрмийн сантай, 20 ширхэг хувьцаатай “Ла кантина” ХХК-ийн хувьцааг бэлэглэлийн дагуу шилжүүлэн өгсөн. Миний зүгээс олон улсын байгууллагатай хамтран ажилладаг өөрийн нэр дээр компанийн хувьцааг эзэмшихгүй байх гэх ажлын шаардлага тавигдсан тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 934 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 935 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан “Ла кантина” ХХК-ийн хувьцааг Г.Пүрэвсүрэнд шилжүүлсэн байсан.
Гэтэл Г.Пүрэвсүрэн нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Пүрэвсүрэн болон Б.Нарантуяа нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 934 дугаар компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцсаны дараа “Ла кантина” ХХК нь татварт өр төлбөртэй байсныг олж мэдсэн. Тиймээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч “Ла кантина” ХХК-ийн хувьцаа буцаж Б.Нарантуяа миний нэр дээр шилжиж ирсэн.
Г.Сайнжаргалтай байгуулсан “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”-ний 4.2-т “Бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй”, 4.6-д “Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй” гэж, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний 5.1-д “Эрх шилжүүлэгч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна" гэж тус тус заасан. Гэтэл Ла кантина ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө татвар, нийгмийн даатгалын өртэй, мөн олон компаниудад өр төлбөртэй эхнээсээ нэхэгдэж байна. Энэхүү өр төлбөрийн талаар Г.Сайнжаргалд хэлэхэд өр төлбөртэй гэдгийг мэдэж байсан ч төлөх боломжгүй, төлөхгүй, компанийн хувьцааг ч буцаан шилжүүлж авахгүй гэдэг. Тиймээс компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 4.6-д заасан үүргээ биелүүлээгүй, өмнө үүссэн татвар болон бусад аж ахуйн нэгжийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулаагүй, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох ямарч шаардлагагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно”, 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж тус тус заасны дагуу “Ла кантина” ХХК-ийн хувьцааг бэлэглэсэн гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлж байгаа болно.
Иймд Г.Сайнжаргал, Б.Нарантуяа нарын байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж “Ла кантина” ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сайнжаргалд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Нарантуяа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрчилсөн шаардлагыг дэмжиж байгаа. Хариуцагчтай Компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээг байгуулсан. Уг компани нь гадаад худалдаа, дарс худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. н.Долгормаа гэдэг иргэнээс өөр дээрээ шилжүүлсэн гэвэл өөрөө дарсны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өөрийнхөө дарсыг Г.Сайнжаргалын компаниар зарсан байдаг. Манайх өр төлбөргүй өөр дээрээ шилжүүлж аваад санхүүгийн хүнд байдалд орсон учраас компанийг шилжүүлж байна гэхээр нь хүлээж аваад авчихаад удаагүй байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд н.Пүрэвсүрэн гэдэг хүнд шилжүүлсэн боловч өр төлбөрийн асуудал гарч ирсэн. Хариуцагч Г.Сайнжаргал нь бэлэглэлийн гэрээнд дурдаж өгсөн, өр төлбөрийг хариуцана гэсэн байдаг боловч энэ үүргээ биелүүлээгүй, нийгмийн даатгалаас өр төлбөр нэхэгдээд гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа учраас бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаа юм. Хэдийгээр харилцан тохиролцоод гэрээний дагуу компанийг болон хувьцааг шилжүүлэн авья, гэрээнд зааснаар өмнөх өөрийн үйл ажиллагааны явцад тавьсан өр төлбөрөө өөрөө төлөөд барагдуулчих гэхээр зөвшөөрөхгүй байгаа учраас гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байгаа юм. Б.Нарантуяагийн нэр дээр уг компани байгаагүй. Хамтарч ажиллаж байсан. Хариуцагч нь нотлох баримтгүй зүйл их ярьдаг. Хариуцагч Г.Сайнжаргал өөрөө компаниа цааш нь авч явж чадахгүйн улмаас өр төлбөрт баригдсан байна. Тэгээд компаниа бэлэглэж, шилжүүлсэн. Өөрийн үйл ажиллагааны явцад бий болсон өр төлбөрийг өөрөө хариуцах гээд гэрээгээ байгуулсан байж, шилжүүлсний дараа татгалзсан, хариуцахгүй гэсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Г.Сайнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Г.Сайнжаргал надад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.Нарантуяа “Ла кантина” ХХК-ийн үйл ажиллагаанд нь туслах хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжиж ирсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, мөн энэ нь Б.Нарантуяагийн өөрийнх нь хамаарал бүхий компани мөн билээ. Б.Нарантуяа тус компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцож өөрийн эзэмшдэг Хаан банкны 5082004071 тоот дансаар болон миний болон “Ла кантина” ХХК-ийн данс зэргээс тус тус орлого хүлээн авч байсан тул түүнийг “Ла кантина” ХХК-ийн татварын байгууллага бусад хуулийн этгээдэд өртэй эсэхийг мэдэх боломжгүй, мэдээгүй байсан гэж үзэх зэрэг нь огт үндэслэлгүй юм.
Дээрхи бүх байдлаар Б.Нарантуяа нь “Ла кантина” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож байсан ба өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байгаа болно.
Иймд Г.Сайнжаргал миний бие “Ла кантина” ХХК, хуучин нэр “Империал коммерсиал кооператив” ХХК-ийг үүсгэн байгуулагч, эзэн Б.Нарантуяад нь буцаан хүлээлгэн өгсөн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Нарантуяа Ла кантина ХХК-ийн үйл ажиллагаанд нь туслах хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжиж ирсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, мөн энэ нь Б.Нарантуяагийн өөрийнх нь хамаарал бүхий компани. Г.Сайнжаргал нь Б.Нарантуяа захиралтай яриад анх ажилд орсон байдаг. Тэгээд тухайн үеийн захирал байсан н.Долгормаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Дараа нь Г.Сайнжаргал нь компанийн менежерээр ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б.Нарантуяа санал болгосны дагуу Г.Сайнжаргал нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, компанийг төлөөлөн гарын үсэг зурдаг байсан. Гэвч нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцдог, өр төлбөртэй гэдгийг мэддэг, мэдэж байсан. Тиймээс хариуцагч нь Ла Кантина ХХК-ийг нь үүсгэн байгуулагч нь болох жинхэнэ эзэнд нь буцаагаар өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаартай компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 853 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээ, Империал коммерсиал кооператив ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ла кантина ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Ла кантина ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Ла кантина ХХК-ийн дүрэм, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01504 дүгээр шүүгчийн захирамж, Барбашова ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн Ла кантина ХХК-д хариу хүргүүлэх тухай тодорхойлолт, Сирм ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 19/93 дугаартай хүсэлт, Ла кантина ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр М Си Эс Эстэйтс ХХК-д хүргүүлсэн хүсэлт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б.Нарантуяагаас Ө.Сайнбаярт олгосон итгэмжлэл, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ц.Баяртогтох, Б.Нарантуяа нарын Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Империал кооператив ХХК, Империал коммерсиал кооператив ХХК нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 18/25 дугаартай худалдах-худалдан авах гэрээ, Империал кооператив ХХК-ийн Ла кантина ХХК-д нийлүүлсэн барааны жагсаалт, тооцоо, Феникс евро ХХК, Ла кантина ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан №1912/10 дугаартай худалдааны хамтран ажиллах гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт, Империал кооператив ХХК-ийн 535 дугаартай нэхэмжлэх, Ла кантина ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Ла кантина ХХК-ийн аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, Империал кооператив ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ла кантина ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, [email protected] гэх и-мэйлд хаягт ирсэн и-мэйл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, /1хх-ийн 3-27, 35, 46, 110-126, 206, 231-233, 2хх-ийн 62-63-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ч.Содончимэг, Г.Сайнжаргал нарын Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбар, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, Империал коммерсиал коопертав ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 04/01 дүгээр албан тушаалд томилох тухай захирлын тушаал, Барбашова ХХК, Ла кантина ХХК нарын хооронд байгуулагдсан №R-19/11 дугаартай түрээсийн гэрээ, Nara Batbayar гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвас, LA CANTINA LLC гэх фейсбүүк группийн харилцсан зурвас, Г.Сайнжаргалын Хаан банк дахь 5003357521 тоот депозит дансны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, мөн 5000856340 тоот депозит дансны 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, Г.Сайнжаргалын Худалдаа хөгжлийн банк дахь 412012822 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Г.Сайнжаргалаас Г.Ононд олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Г.Онон, П.Төрбат нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 256 дугаартай прокурорын тогтоол, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Г.Сайнжаргалаас Г.Ононд олгосон итгэмжлэл, гэрч дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтээс татгалзах хүсэлт /1хх-ийн 32, 37-39, 49-62, 136-201, 213, 227, 2хх-ийн 1-2, 70, 71-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч Б.Нарантуяагаас Хаан банк ХХК-ийн эзэмшлийн 5082004071 тоот дансны 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл хугацааны дансны хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр [email protected] гэх мейлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 76-109, 2хх-ийн 18-22-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч Г.Сайнжаргалд холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөн тул 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, Ла Кантина ХХК-ийн 20 ширхэг хувьцааг Г.Сайнжаргалд буцаан шилжүүлэхээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Г.Сайнжаргал нь нэхэмжлэгч Б.Нарантуяа нь Ла Кантина ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийн үйл ажиллагаанд оролцож байсан тул өр төлбөртэй талаар мэдэж байсан, түүнд өөрийнх нь компанийг гэрээний дагуу буцаан шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Нарантуяа, хариуцагч Г.Сайнжаргал нар нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулж Ла кантина ХХК-ийн 100 хувийн буюу 20 ш хувьцааг хариу төлбөргүйгээр 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэхээр тохиролцож, бэлэглэгч тал эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэхээр, мөн талууд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулсан Ла кантина ХХК-ийн 100 хувь хувьцаа бэлэглэлийн гэрээний нийт хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзах талаар байна, гэрээ байгуулсан гэрээний дагуу компанийн хувьцаа болон эрх шилжсэн талаар маргаагүй байна.
6.Зохигчийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 276 дугаар зүйлийн 276.1-д “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, 122 дугаар зүйлийн 122.2-д “эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно”, 260 дугаар зүйлийн 260.1-д “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, хариуцагчийг гэрээний 4.2, 4.6 заасан үүргээ биелүүлээгүй, компанийн өр төлбөрийг урьдчилан мэдэгдээгүй, гэрээг байгуулахаас өмнөх өр төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзаж байгаа тул гэрээний дагуу хүлээн авсан Ла кантина ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлнэ гэсэн.
Хэрэгт авагдсан Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 4.2-д “бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй”, 4.6-д “энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл, торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй” гэж заажээ.
Мөн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2-д “эрх шилжүүлэгч нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан компанитай холбоотой бүхий л мэдээлэл, бичиг баримт, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ”, 4.3-д “эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” гэжээ.
Хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлэн авсан Ла кантина ХХК нь нэхэмжлэгчийн компани бөгөөд үүсгэн байгуулагч нь нэхэмжлэгч Б.Нарантуяа, өр төлбөрийн талаар өөрөө мэдэж байсан, уг компанид гэрээний дагуу ажил үүргийг гүйцэтгэж байсан тул өр төлбөрийг төлж барагдуулах үүрэггүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд нэхэмжлэгч Б.Нарантуяа нь Империал кооператив ХХК-ийг үүсгэн байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэгджээ.
Харин талуудын маргаж буй Ла кантина ХХК нь анх Империал коммерсиал кооператив ХХК нэртэйгээр 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Долгормааг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэж, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Г.Сайнжаргал гүйцэтгэх захирлаар томилогдсныг бүртгэсэн байх бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Империал коммерсиал кооператив оноосон нэр нь Ла кантина болж өөрчлөгдснийг тус тус бүртгэжээ.
Б.Долгормаа нь хариуцагч Г.Сайнжаргалтай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс тус компанид нягтлан бодогчоор, сард 600 000 төгрөгийн цалин хөлстэй ажиллуулж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гүйцэтгэх захирал Б.Долгормаа нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Империал коммерсиал кооператив ХХК-ийн хувьцааг Г.Сайнжаргалд шилжүүлж, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Г.Сайнжаргал гүйцэтгэх захирлаар томилогдсон болох нь хэргийн баримтаар тогтоогддог.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг уг Империал коммерсиал кооператив ХХК буюу Ла кантина ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу эзэн гэсэн нь улсын бүртгэлийн баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд компанийн үүсгэн байгуулагчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан Ла кантина ХХК-ийн дүрэмд “...компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Г.Сайнжаргал бүртгэлтэй” байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Мөн Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй буюу 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан байна.
Талууд Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээндээ бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх, компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх, гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл, торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Хариуцагч Г.Сайнжаргалыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ла кантина ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Нарантуяад шилжүүлэх хүртэл тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллах хугацаанд өр төлбөрийн асуудал үүссэн болох нь хэрэгт авагдсан Монголын татварын албаны баримтууд, Барбашова ХХК-ийн албан бичиг, Сирм ХХК, М Си Эс Эстэйтс ХХК-ийн төлбөр тооцоог барагдуулах тухай баримт, Г.Сайнжаргалын ХААН банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгч Б.Нарантуяаг тус компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн эзэмшдэг Хаан банк дахь 5082004071 тоот дансаар Ла кантина ХХК-ийн 5163179542 тоот данснаас 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барааны төлбөр гэсэн утгатай 4 500 000 төгрөгийн орлого, Г.Сайнжаргалын 5003357521 тоот данснаас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийн орлого, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ла кантина ХХК-иас гэсэн утгатай 2 000 000 төгрөгийн орлого, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Анун тавилга Ла кантина ХХК гэх утгатай 410 000 төгрөгийн орлого, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ла кантина ХХК гэх утгатай 2 550 000 төгрөгийн орлого тус тус хүлээн авч байсан баримтаар түүнийг Ла кантина ХХК татварын байгууллага, бусад хуулийн этгээдүүдэд өр үүсгэсэн эсэхийг мэдэх боломжтой байсан гэж тайлбарладаг боловч энэ өр төлбөрийг өөрөө төлж барагдуулах үүргийг гэрээгээр хүлээжээ.
Хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2021/01504 дүгээр захирамжаар Г.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Нарантуяад холбогдох 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 934 дүгээр Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 935 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор тогтоогдож байх бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг өр төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, өөрийнх нь компанийг өөрт нь шилжүүлсэн гэсэн тайлбараар мөн тогтоогдож байна.
Иймд хариуцагч Г.Сайнжаргал нь гэрээ байгуулахаас өмнөх өр төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч төлөхгүй, уг компанийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь оролцдог, өөрийнх нь компанийг өөрт нь шилжүүлсэн, энэ бүхнийг буюу өр төлбөрийг мэдэж байсан гэж маргаж байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-д талууд гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдлын талаар дурдсан боловч хариуцагч нь энэ талаар баримтаар нотлоогүй болно.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр Б.Долгормаа, С.Сарангэрэл нарыг оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийг асуух ажиллагааг хийгээгүй нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн гэрчээр Г.Пүрэвсүрэн, Ө.Баярмаа нарыг асуулгах хүсэлт гаргасныг гэрчээр Г.Пүрэвсүрэнг асуух хүсэлтийг хангахаас татгалзаж, Ө.Баярмааг асуухаар шийдвэрлэсэн боловч түүнийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөн үүнийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна” гэж дурьдсан.
Гэвч шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхээр хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч оролцуулах хүсэлтээ дэмжиж эсэх талаар тодруулахад гэрч Б.Долгормаа, С.Сарангэрэл, Г.Пүрэвсүрэн, Ө.Баярмаа нарыг дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтээс татгалзаж, энэ талаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус дүүргийн шүүхэд бичгээр хүсэлтээ гаргаж ирүүлсэн тул гэрч нарыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн болно.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайнжаргалаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаар Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаныг хангаж, Ла Кантина ХХК-ийн 20 ширхэг хувьцааг хариуцагч Г.Сайнжаргалд буцаан шилжүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайнжаргалаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантуяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН