Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00084

 

2021.01.06                                                  МАГАДЛАЛ

П.Огийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02420 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Огийн хариуцагч “У.И” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 34.101.975 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шайрийбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.О 2017 онд барилгын талбайн менежерээр ажилтангаар хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ханган нийлүүлэгч зохицуулагчаар хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ болгоод ажиллах болсон. Үүний дараа хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруул гээд тулган шаардаж 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гээд ажлаас халсан болно. Энэ байгууллага нь нийт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дандаа хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд сунгахдаа мөн богинохон хугацаагаар сунгадаг ч ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Хугацаагүй гэрээ байгуулах ёстой гэж шаардахаар ажлаас гар гэж ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг. Тэгээд ажил олгогч намайг ажлаас халсан мөртлөө миний ажлын байран дээр ахиад ажлын байр зарлаад эргээд өөр хүн ажилд авсан. Миний бие өөрийгөө ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөнөө дээд удирдлагандаа хэлснээс боллоо гэж үзээд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр П.О намайг ажлаас чөлөөлсөн боловч яагаад хугацаа дуусаж байгаа талаар тушаалд тусгаж өгөөгүй бөгөөд нэгэнт ажлын байр нь байхгүй болсон юм бол бүтэц орон тооны асуудал яригдах ёстой. Анхнаасаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу юмаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах саналыг “У.И” ХХК гаргачихаад харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч намайг “У.И” ХХК-ийн ханган нийлүүлэгч зохицуулагчаар эгүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгаж, ажил үүрэг хийхгүй болсноос хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 34.101.975 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.И” ХХК нь П.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай “У.И” ХХК нь “Оюу Толгой” ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд П.Ог Оюу Толгой төслийн талбай дахь Барилга угсралтын хэлтэст Төслийн талбайн администратор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Албан тушаал нь түр албан тушаал байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай буюу 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулахыг талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Талууд 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. П.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Төслийн талбайн администратор албан тушаалаас чөлөөлөгдөж, Ашиглалтад оруулах хэлтэст Ханган нийлүүлэгчийн зохицуулагч албан тушаалд томилогдсон. Талууд 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин сунгасан. П.О нь манай компанид хөдөлмөр эрхлэх бүхий л хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Энэ талаар 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан тусгасан бөгөөд үүнийг тэрээр өөрөө зөвшөөрсөн байдаг. Дээр дурдсан Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг хоёр удаа сунгаж, П.Огийн албан тушаалыг тус тус өөрчилсөн байдаг. Харин талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгож эсхүл П.Огийн түр ажлын байрыг байнгын ажлын байр болгож өөрчилсөн зүйл огт байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа, байнгын бус ажлын байр зэрэг нь П.Отай харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлүүд бөгөөд эдгээр нь талуудын Хөдөлмөрийн гэрээ байгуулах гол үндэслэл байсан. Компанийн үйл ажиллагаа болон түүний ажиллах хүчний шаардлага нь Оюу Толгой төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд П.Огийн эрхэлж байсан албан тушаал нь Оюу толгойтой байгуулсан гэрээний дагуу төслийн тодорхой үе шатанд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээтэй уялдуулан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгайлан харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ажлын саналд албан тушаалыг түр ажлын байр болохыг тодорхой тусгасан. Учир нь Компани нь Оюутолгойтой тодорхой хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд П.Огийн албан тушаал нь уг гэрээний дагуу шаардлагатай тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм. Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтад албан тушаал нь 12 сарын хугацаатай түр ажлын байр байхаар тусгасан. Компаний зүгээс П.Огийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болохыг 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр өөрт нь мэдэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр П.Огийн Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болсон. Түүнчлэн тус Албан тушаалд шинээр ажилтан авах ажлын байрны зар гаргасан гэх асуудлыг Компанийн зүгээс бүхэлд нь үгүйсгэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш П.Огийн ажиллаж байсан Албан тушаалд өөр хүн авч ажиллуулаагүй болно. П.О нь Хөдөлмөрийн гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтөд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр компанийн аливаа дарамт шахалтгүйгээр зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Компанийн зүгээс аливаа дарамт шахалт үзүүлсэн бол П.О тухайн үед гарын үсэг зурахаас татгалзах, цаашлаад холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар гомдол гаргаж байгаагүй болно. Иймд П.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.        

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 34.101.975 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай П.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч П.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан нотлох баримтыг үнэлэх журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч П.Огийн ажиллаж байсан ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу байнгын ажлын байр болох нь Монгол улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 сарын 03-ний өдрийн 01-06-092/43 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 03/1245 дугаар “У.И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Грахам Ханна-д хүргүүлсэн “Өргөдлийн хариу” гэх албан бичгүүдээр тогтоогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуульд байнгын бус ажлын байр гэсэн ойлголт байхгүй болохыг анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаар ч үзэлгүйгээр ажил олгогч буюу хариуцагчийн ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын бус ажлын байр гэсэн хууль зөрчсөн ганц үгэнд үндэслэн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг баримталж хугацаатай байгуулах гэж байгаа тохиолдолд тус зүйлд заасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон байх ёстой. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Хэрэгт цугларсан 2017 оны 09 сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 8 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, Ханган нийлүүлэгчдийн зохицуулагчийн ажил шилжүүлсэнтэй холбоотойгоор 2019 оны 02 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүд дээр талууд ямар шалтгааны нөхцлийн улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан шаардлага, шалтгааныг дурдаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д тус тус заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэгт хөндлөнгийн байр суурьтай оролцсон гэж үзэхэд эргэлзээг төрүүлж байна. У.И ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 28-14 гэсэн росторын /ээлжийн/ хувиарын дагуу ажиллаж байгаа ажилчид нь ажил үүргийн онцлогоос шалтгаалж росторын дагуу амарч байхад ажилтаны нөгөө ээлжийн ажилтан төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байдаг талаар тайлбарласаар байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч “У.И” ХХК-д холбогдуулан ханган нийлүүлэгчдийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч “Жейкобс инженеринг” ХХК /одоогийн У.И ХХК/ нь нэхэмжлэгч П.Од 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Оюу Толгой Сайт-д байрлах, байнгын бус ажлын байранд Төслийн талбайн администратор албан тушаалд ажиллахыг санал болгосны дагуу талууд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн гэрээний хугацааг 2018 оны 9 сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон, улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 440/18 дугаар тушаалаар 9 дүээр сарын 15-ны өдрөөс ханган нийлүүлэгчдийн зохицуулагч албан тушаалд шилжүүлж томилон, хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 сарын 31-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар  сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /1хх 13,31,32, 36/

 Хариуцагч “У.И” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 268/19 дугаар тушаалаар ханган нийлүүлэгчдийн зохицуулагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх 3/

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой гэх агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ... хариуцагч нь Оюу Толгой ХХК-ийн захиалгаар гүний уурхайн барилга, байгууламжийг барьж гүйцэтгэх төслийг богино хугацаатайгаар хийж гүйцэтгэдэг бөгөөд уг нөхцөл байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг гэж тус тус тайлбарласан байна.

 Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруу биш гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэжээ.

 Талууд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Төслийн талбайн администратор албан тушаалд 12 сарын хугацаатай ажиллахаар, уг албан тушаал нь байнгын бус ажлын байр байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 15-ний өдрөөс ханган нийлүүлэгчдийн зохицуулагч албан тушаалд томилон уг гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар сунгалт хийж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдож байна. Зохигчид дээрх тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэйгээр ашиг сонирхол, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний хугацааг сунгаж байжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд байнгын ажлын байранд ч харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болно. Ажилтан нь ажил олгогчтой байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг тухай бүр сунгасан нэмэлт өөрчлөлтийг хөдөлмөрийн гэрээнд оруулж байсан нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулсан, хууль зөрчсөн эсэх талаарх гомдлоо холбогдох байгууллагад гаргаж байгаагүй, уг асуудлаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул дээрх асуудлаар гомдол гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                

                             ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ