Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00118

 

 

“Г.К.П ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03080 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г.К.П ББСБ, ХХК-ийн хариуцагч Г.Ут холбогдуулан гаргасан 75 044 131 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, хариуцагч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Г.К.ПББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У нь манай байгууллагатай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1500180001 тоот Шугамын зээлийн эрх нээх гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 30 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үлдсэн зээлийн үлдэгдэл 29 928 000 төгрөгийн үндсэн зээлээ 20 072 000 төгрөгөөр нэмэгдүүлж 50 000000 төгрөг болгох хүсэлт гаргасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ1500180001/А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ болон ЗБ1500180001/А тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж үндсэн зээлийг 20 072 000 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээлийг 50 000 000 төгрөг болгон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг өөрчилсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Г.У нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ1500180001, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ЗБ1500180001/А дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 3 дугаар гудамжны 19 тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай Ү-2205021392 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Баянгол Дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 3 дугаар гудамжны 19 тоот хаягт байршилтай 18639311672924 нэгж талбарын дугаартай, 324 м.кв талбайтай, Г-2205000019 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ1500180001 дугаартай барьцааны гэрээг 2018 сарын 14-ний өдөр Улсын бүртгэгчийн байгууллагад “Г.К.ПББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгүүлсэн. Гомбо овогтой Уранчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хүүнд нийт 10 643 691 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 235 000 төгрөг, зээлийн хүүнд 10 408 691 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймээс үндсэн зээл 49 837 000 төгрөг, зээлийн хүү 21 053 902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 129 229 төгрөг, нотариатын төлбөр 24 000 төгрөг, нийт 75 044 131 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,371 төгрөгийн хамт Г.Уээс гаргуулах, зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дахь заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.К.ПББСБ” ХХК-иас тус шүүхэд Г.У надад холбогдуулан 75 044 131 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.У миний үндсэн зээлд төлсөн 10 408 691 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн гэж буруу тооцоолж нэхэмжлэл гаргасан байна. Үндсэн зээлийн төлөлтөөс шалтгаалан нэхэмжлэлийн дүн өөрчлөгдөн багасах учиртай. Мөн барьцааны зүйл болох хувийн сууцыг нурааж, газар дээр нь олон давхар орон сууц нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр баригдсан байгаа тул барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон. “Г.К.ПББСБ” ХХК-иас бизнес эрхлэгч эмэгтэй хүний хувьд 2006 оноос хойш зээл авч, бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж ирсэн. Зээлийн хүү болон бусад зүйлийг цаг тухай бүрт нь биелүүлж байсан. “Г.К.ПББСБ” ХХК-иас 2006 оноос хойш 14 жилийн турш харилцаатай зээл авч, хүү төлж байна. Цар тахалтай холбоотой зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй талаараа хэд хэдэн удаа очиж ярилцсан юм. Анх хотын төвийн дэд бүтэцтэй газрыг барьцаанд тавьж байсан боловч одоо хашаа байшингийн үнээр тухайн газрыг авна гэсэн. Энэ компани чадал муутай хүмүүсийн хөрөнгийг булааж авдаг юм байна гэж ойлгосон. Би тус байгууллагаас 2006 оноос 2020 он хүртэл зээлийн гэрээний харилцаатай байх үед миний бүх бичиг баримтын хуулгыг авч байсан. Гэтэл 2016 онд надтай цуг наймаа хийж байсан залуу миний бүх бичиг баримтуудын хуулгыг утсан дээрээ татчихсан, манайд орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Уг маргаан эрүү, иргэний маргаан үүсээд 6,7 жил болж байна. Тэгэхээр Г.К.ПББСБ ХХК-ийг харилцагчийн мэдээллээ бусдад дамжуулсанд буруутгаж байна. Үүнээс болж надад одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс илүү хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Эхлээд 30 сая төгрөг, дараа нь нэмж 20 сая төгрөгийн зээл авсан үнэн гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тугчин овогт Гомбын Уранчимэгээс 65,484,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.К.ПББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,559,409 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүн наран 3 гудамж 19 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311672924 дугаарт бүртгэлтэй, 324м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2205000019 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,371 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 555,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.К.ПББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон, нэг үгээр хэлбэл уг газар хотын захиргааны мэдэлд эзэмшилд шилжсэн хувийн орон сууц нураагдах байдалд хүрсэн. Уг газар нь 9-16 давхар орон сууцны барилга баригдах байсан. Энэ газрын хажууд зүүн талд 3 ширхэг орон сууц баригдсан байгаа эхнээсээ ашиглалтанд орсон. Ирэх хавраас манай газар дээр 4 дэх орон сууцны барилга баригдах гэж байгаа, хот төлөвлөлтөөр уг газрыг нийтэд нь авсан барилгын компанитай гэрээтэй бөгөөд намайг газраа чөлөөлж өгөхийг шаардаж байгаа. Нэгэнт барьцаанд бариулсан газрын эзэмшигч өөрчлөгдсөн учир уг шүүхийн шийдвэрийн дээрх заалтыг биелүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч тал миний зээлийн бүх баримт материалыг гадны өөр хүнд өгч тараасан байсан. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгч тал миний газрыг тендэр авсан буюу газар төлөвлөлтөөр авсан компанид өндөр үнээр худалдахыг санаархаж байна. Бид эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Уг гэрээг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь мөн энэ байдлыг бодит гэж хардлага төрүүлж байна. Тиймд уг газар хот төлөвлөлтөнд оруулсан хотын захиргааны баримт авсан компанийг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах, эвлэрлийн гэрээг дахин шинжлэх судлах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Г.К.ПББСБ” ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 044 131 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 “Г.К.ПББСБ” ХХК нь Г.Утэй 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, зээлийн хүүг 365 хоногоор тооцож, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-1, 13-21/

Талууд зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ тус тус байгуулан, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Зохигчид энэ талаар гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

            Нэхэмжлэгч “Г.К.ПББСБ” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Ч.Лхагвасүрэн, Г.Цолмон нарыг гуравдагч этгээдээр тодорхойлсон байхад анхан шатны шүүх тэднийг хэргийн оролцогчоор оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат нь Ч.Лхагвасүрэн, Г.Цолмон нарыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. /хх1, 61/

            Хэргийн 27-28 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд Ч.Лхагвасүрэн, Г.Цолмон нарын өмчлөлд барьцааны зүйл болох Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүн наран 3 гудамж 19 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18639311672924 дугаарт бүртгэлтэй, 324м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2205000019 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь нотлогдсон. Нэхэмжлэгч тэднийг гуравдагч этгээдээр оролцуулахаар тодорхойлсон байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн, өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Б.НАРМАНДАХ