Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00175

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц.К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02998 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ц.К” ХХК-ийн хариуцагч “А.В” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Бямбажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр “А.В” ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлд үнэ төлбөрийн нөхцөлийг тохирсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт гэрээт ажлын нийт төлбөр 510 390 000 төгрөгөөс 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн б-р блок 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд манай компанид бартер буюу солилцоо хийхээр харилцан тохиролцсон. Манай компани гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан цонх суурилуулалт, амлагааны ажлыг 5, 6-р блокийн барилгад хийж гүйцэтгэн 2019 оны 09 сарын 03-ны өдөр, 2019 оны 9 сарын 12-ны өдрүүдэд цонх хаалганы гүйцэтгэлийн тайлан А.В апартмент 5, 6-р блокоор гаргаж хүлээлгэн өгсөн. Мөн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт “А.В” ХХК нь 30 000 000 төгрөг, 6-р блокийн 79 м.кв орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 15 190 000 төгрөг, бартераар шилжүүлэх орон сууцны үнэ 80x2 800 000=224 000 000 төгрөг нийт 239 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 1432 байрны 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани “Ц.К” ХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5 болон 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлсөнд бэлнээр 65 190 000 төгрөг, бартераар 2 орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээ хийснээс хойших хугацаанд 6 дугаар блокийн цонхны ажлыг манай компани хүлээж авсан. Уг ажлын хөлсөнд тус хотхоны 6 дугаар блокийн 5 дугаар давхрын 84 м.кв талбайтай 503 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Энэ талаар шүүхэд хариу тайлбараа өгсөн. Ж.Лхагвадорж захирлын бичсэн тодорхойлолтод 80 м.кв гэсэн нь андуурч бичсэн бол уу гэж үзэж байна. Бодит байдал дээр бидний шилжүүлсэн орон сууц нь захиалгын гэрээнд бичигдсэнээр 84 м.кв талбайтай байр. Мөн энэ орон сууцыг “Ц.К” ХХК нь өөрийн нэр дээр биш, захиалгын гэрээг шилжүүлэх гурван талт гэрээ гэж оруулаад иргэн Мөнхзул гэсэн хүний нэр дээр шилжүүлж авсан баримт байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 5 м.кв-ын илүү талбайтай орон сууц шилжүүлж өгсөн. Үнийн дүнг м.кв нь 2 800 000 төгрөгөөр бодвол 14 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. 6 дугаар блокийн 80 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь уг байрыг манай компани худалдах худалдан авах гэрээгээр “Батмөнх констракшн” ХХК-д шилжүүлсэн. “Батмөнх констракшн” ХХК нь орон сууцыг бүхэлд нь хүлээж аваад “Ц.К” ХХК-аар цонх хийлгэх ажил гүйцэтгүүлээд ажлаа актаар хүлээж авсан нь тогтоогдож байгаа. Манай компани ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээж аваагүй учраас хөлс төлөх үндэслэлгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Батмөнх констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “А.В” ХХК-тай гэрээ хийгээд 5 дугаар блокийн барилгын ажлыг бүхэлд нь буюу карказаар нь худалдан авч, гэрээ байгуулсан. “Ц.К” ХХК-тай хийсэн гэрээ байхгүй учраас энэ асуудал манайд хамааралгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц.К” ХХК-ийн 239 190 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А.В” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэж 1564 тоот магадлал гаргасан. Магадлалын үндэслэх хэсэгт “Батмөнх констракшн” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, өмнө нь дурдсан худалдах, худалдан авах гэрээний үнэд хуванцар цонх, хаалганы үнэ орсон эсэх, “Ц.К” ХХК-ийн 5 дугаар блокод хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг “А.В” ХХК, “Батмөнх констракшн” ХХК-ийн хэн хариуцахаар тохиролцсон зэрэг үйл баримтуудыг тогтоож хэргийг бодитойгоор шийдвэрлэх боломжтой юм гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бодитойгоор тогтоолгүй, гуравдагч этгээд болох “Батмөнх констракшн” ХХК нь “Ц.К” ХХК-тай гэрээ байгуулаагүй, хуванцар, цонх, хаалганы үнийг манай компани хариуцахгүй гэсэн тайлбарыг хүлээн авалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. “А.В” ХХК нь “Батмөнх констракшн” ХХК-д 5-р блокийн барилгаа худалдсан тухай манай компанид мэдэгдээгүй, гэрээнээс татгалзаж байгаа тухай ч мэдэгдээгүй, харин ажил хийлгүүлж хүлээн авсан. Манай компанид ажлын хөлсөнд шилжүүлэх 1432 дугаар байрны 5-р давхрын 80 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхөд төлбөр тооцоогүй тухай 2019 оны 9 сарын 06-ны өдрийн албан бичгээр тодорхойлолт гаргаж өгч байсан. Мөн шүүхийн шийдвэрт 5 дугаар блокийн барилгыг “Батмөнх констракшн” ХХК-д шилжүүлж өгснөөр гэрээ цуцлагдсан гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ямар үйл баримтаар тогтоогдож байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээнээс татгалзах, үүргээ өөр бусдад шилжүүлж байгаа тухай нөгөө талдаа мэдэгдэх хууль зүйн зохицуулалт байгаа. “Ц.К” ХХК нь “А.В” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт шаардсан энэ гэрээ хүчин төгөлдөр, гэрээнээс татгалзсан тухай ямар ч баримт байхгүй. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан сүүлдээ “Батмөнх констракшн” ХХК-д зарсан тул тэднийхээс төлбөрөө олж авч гэж үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн зальт үйлдэл гаргаж байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж ямар ч нотлох баримтгүй дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. “Батмөнх констракшн” ХХК нь манай компанийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй бид ярилцаж тохиролцсон зүйл ч байхгүй, “Ц.К” ХХК-ийн төлбөр манайд хамаагүй гэж тайлбарлаж байхад амаар хэлцэл хийсэн “Батмөнх констракшн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй мэтээр дүгнэж нэхэмжлэгч “Ц.К” ХХК-ийг хохироосон хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ц.К” ХХК нь хариуцагч “А.В” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Ц.К” ХХК нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр “А.В” ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5 болон 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгэх,  гэрээт ажлын нийт үнэ 510 390 000 төгрөг байх,  445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн 6-р блок 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх14-17/

Мөн захиалагч “А.В” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 дугаар блокийн дуусаагүй барилгыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Батмөнх констракшн” ХХК-д 1 750 000 000 төгрөгөөр худалдсан ба ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь тухайн блокийн цонх, хаалга хийх ажлын гүйцэтгэлийг гуравдагч этгээд “Батмөнх констракшн” ХХК-д хүлээлгэн өгчээ./хх55-56,89-94/

“А.В” ХХК-аас “Батмөнх констракшн” ХХК-д 5 дугаар блокын дуусаагүй барилгыг шилжүүлэх үед уг барилга ямар хэмжээний гүйцэтгэлтэй болон цонх хаалга хийгдсэн байсан эсэх, энэ нь худалдах худалдан авах гэрээний дагуу талуудын барилгыг хүлээлцсэн үеийн бичиг баримт, гэрээний зүйлийг баталгаажуулсан гэрэл зураг зэрэгт  хэрхэн тусгагдсан болох, гэрээний үнэд хуванцар цонх, хаалганы үнэ орсон эсэх зэргийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1564 дугаар магадлалын дээрх үйл баримтуудыг тодруулахаар заасныг бүрэн биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Анхан шатны шүүх “Батмөнх констракшн” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулцуулсан хэдий ч дээрх үйл баримтууд бодитойгоор тогтоогдоогүйгээс  5 дугаар блокод хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хэн хариуцах үүрэгтэйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй байна.

Хариуцагч компани нь 5 дугаар блокын барилгыг “Батмөнх констракшн” ХХК-д шилжүүлэх үед цонх, хаалга хийгдээгүй байсан гэж, гуравдагч этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд зөрүүтэй тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар эргэлзээгүй нотлосон баримт хэрэгт авагдаагүй болно.

Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02998 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 353 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                       Б.НАРМАНДАХ