Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 02303

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02369 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Н-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03242 дугаар захирамжаар Г.Н-, Ц.М- нараас 196 935 725 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар НШШГГ- шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190 556 100 төгрөгөөр, мөн Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 61 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 92 643 800 төгрөгөөр тус тус үнэлсэн.

НШШГГ- нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа, процессийн алдаа гаргасан, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус тус албан тоотоор хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргаж байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 03242 дугаар захирамжаар Г.Н-, Ц.М- нараас 196 965 725 төгрөг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэх ажиллагааг эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Н-, Ц.М- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр “Баян модот” ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд дээрх хөрөнгийг нийтэд 190 556 100 төгрөгөөр, 2020 оны 4 дугаар сарын 08-ны өдрийн 4/192 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “ХЭ” ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шинжээч нь Г.Н-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 61 дүгээр байр, 50 тоотод байрлах орон сууцыг 92 643 800 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 61 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн “ХЭ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээ, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх-ээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Н- давж заалдах гомдолдоо:

... Г.Н-, Ц.М- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхитын 37 дугаар гудамж 552 тоотод байрлах 240 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Баян модот” ХХК шинжээчээр томилогдон үнэлгээчин С.Цэвээнролом 190 556 100 төгрөгөөр, Г.Н-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 61 дүгээр байр, 50 тоотод байрлах орон сууцыг “ХЭ” ХХК шинжээчээр томилогдон үнэлгээчин Э.Эрдэнэбат 92 643 800 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дугаар “шинжээч томилох тухай тогтоол” нь “Баян модот” ХХК-ийг томилсон байхад хэрэгт тус үнэлгээний компани нь хөрөнгийн үнэлгээчинг томилсон бичгээр хийсэн итгэмжлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэгтэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/192 дугаар “шинжээч томилох тухай тогтоол” нь “ХЭ” ХХК-ийг томилсон байхад хэрэгт тус үнэлгээний компани нь хөрөнгийн үнэлгээчинг томилсон бичгээр хийсэн итгэмжлэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлага хангаагүй буюу итгэмжлэл нь хөрөнгийн үнэлгээний тайлан болоод хавтаст хэрэгт авагдаагүй. “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчнийг гэрчээр оролцуулаагүй байдал нь хэргийг үнэн зөв, бодитой, тэгш байх, мэтгэлцээний зарчим нь алдагдсан гэж үзэж байна. Мөн дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үндэслэлгүй үнэлсэн бөгөөд Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүх шинжилгээний тухай хуулиудыг тус тус зөрчсөн. Шүүх энэхүү байдлыг үл харгалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Н-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02369 дугаар шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийн “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэж заасны дагуу үйлдэгдээгүй, бүтэц агуулга нь хуулиар тогтоосон шаардлагад нийцэхгүй байна.

 

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар тусгагдаагүй, хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ