Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/02369

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг ..оршин суух Г.Н,

        Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...хаягт байрлах Ш газар,

    Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, шинжээч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0...2 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас 196.935.725 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт гаргуулж, Х банкинд олгохоор шийдвэрлэсэн.

     Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар Ш газаршийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

         Барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг ....тоот хаягт байрлах ....м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ....м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190.556.100 төгрөгөөр, мөн Чингэлтэй дүүрэг ....тоот хаягт байрлах ..м.кв талбай бүхий ..өрөө орон сууцыг 92.643.800 төгрөгөөр тус тус үнэлсэн.

        Ш газар нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа, процессийн алдаа гаргасан, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна.

         Ш газраас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус тус албан тоотоор хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн. 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаж байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 0...2 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас196.965.725 төгрөг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн.

       Шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэх ажиллагааг эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Н, Ц.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Д-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ...тоотод байрлах ...м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ....м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул

     - 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дүгээр “шинжээч томилох тухай” тогтоолоор шинжээчээр “Б” ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ыг томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд дээрх хөрөнгийг нийтэд 190.556.100 төгрөгөөр,

       - 2020 оны 04 дугаар сарын  08-ны өдрийн 4/192 дугаар “шинжээч томилох тухай“ тогтоолоор “Х” ХХК-ийн үнэлгээчин Э.Э-ыг томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шинжээч нь Г.Н-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг ....тоотод байрлах орон сууцыг 92.643.800 төгрөгөөр үнэлжээ.

     Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

                          ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Ш газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан“ гэх тайлбар гарган, мэтгэлцэж байна.

         Шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзэхэд: Г.Н, Ц.М нар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2018/0...2 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар 196.935.725 төгрөгийг “Х банк“ ХХК-д төлөх үүрэг хүлээж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /х.х-ийн 8-11 тал/

    Төлбөр төлөгч нар 0...2 дугаар шүүгчийн захирамж /шүүхийн шийдвэр/-ийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба хариуцагч Ш газар нь барьцааны зүйл болох Г.Н, М.Д нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалтыг зөрчөөгүй байна. /х.х-ийн 25-41 тал/

       Тодруулбал хариуцагч Ш газар нь төлбөр төлөгч Г.Н-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг ....тоотод байрлах ..өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хураан авсан, мөн барьцааны зүйл болох М.Д-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг ....тоотод байрлах ....м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ....м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газрыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хураан авч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэ ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа хүчинтэй гэж үзэхээр байна. /х.х-ийн 31-41 тал/

       Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Н нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж улмаар тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0...2 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1...5  дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /х.х-ийн 42-50 тал/

      Үнэлгээг хүчингүй болгох шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад тус тус нийцжээ.

         Төлбөр төлөгч болон авагч, өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Ш газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, үнэлгээний талаар дүгнэлт гаргуулсан байна.

       Төлбөр төлөгч Г.Н, Ц.М нар Чингэлтэй дүүрэг ....тоот, ..өрөө орон сууцыг 150.000.000 төгрөг, өмчлөгч М.Д нь Чингэлтэй дүүрэг ....тоотод байрлах ....м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байрлах ....м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газрыг 700.000.000 төгрөг гэж тус тус үнийн санал гаргасныг төлбөр авагч “Х банк” ХХК зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч “талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй” гэж үзэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191, 4/192 дугаар тогтоолуудаар “Б” ХХК, “Х” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ. /х.х-ийн 51-53 тал/

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

        Хариуцагч Ш газар нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191, 4/192 дугаар тогтоолуудаар “Б” ХХК, “Х” ХХК-ийг тус тус шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтад нийцжээ. /х.х-ийн 56-58, 68-69 тал/

         Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Б” ХХК, болон “Х” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд үнэлгээ хийх үед тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байсан ба “Б” ХХК-ийн захирал Ч.Ч нь тус компанийн үнэлгээчин С.Ц-д дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрлийг, “Х” ХХК-ийн захирал Б.Б нь өөрийн компанийн үнэлгээчин Э.Э-д итгэмжлэл тус тус олгосон болох нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон С.Ц-ын тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ.

     Барьцааны хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...0 дугаарт бүртгэгдсэн Г.Нгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ...тоот, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр ..м.кв /хэмжилтээр 52 м.кв/ талбай бүхий ..өрөө орон сууцыг, шинжээч “Х“ ХХК нь 92.643.800 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...6, Г-220...9 дугаарт тус тус бүртгэгдсэн М.Д-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ...тоот хаягт байрлах ....м.кв талбайтай хувийн сууц, ....м.кв талбай бүхий газрын хамт “Б ХХК нь 190.556.100 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

     Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

        “Х” ХХК нь төлбөр төлөгч Г.Н-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ, зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 92.643.800 төгрөг гэж, мөн “Б” ХХК нь өмчлөгч М.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 190.556.100 төгрөг гэж тус тус тогтоосон.

      Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тус тус тодорхой тусгагджээ. /х.х-ийн 59-63, 69-74 тал/

         Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээч зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна гэх боловч энэ тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

         Төлбөр төлөгч Ц.М, Г.Н, өмчлөгч М.Д нар нэг гэр бүлийн гишүүд, хоорондоо хамаарал бүхий этгээд /эцэг ,эх, хүүхэд/-үүд байх ба хариуцагч нь төлбөр төлөгч Г.Н-ийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4/15444 тоот албан бичгээр төлбөр төлөгч Ц.М, Г.Н нарт мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна.

         Мөн М.Д-ийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4/1...2 тоот мэдэгдлээр, түүний эх Г.Н-д мэдэгдсэн тухайд талууд маргаагүй

        Төлбөр төлөгч Г.Н нь үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч 2020 оны 04 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, ...тоот хаягт байрлах ..м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээ, Чингэлтэй дүүрэг, ...тоот хаягт байрлах ....м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах ....м.кв талбайтай газрыг үнэлсэн “Б“ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх“-ээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ