Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02332

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03145 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Г.З-од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.З- нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр надаас 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, Лексус эл экс 470 маркын 74-25 УБҮ дугаартай автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ хийж 10 000 000 төгрөг зээлж, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл 6 сарын хүү 2 400 000 төгрөг төлсөн. Хариуцагч нь гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй байсан учир 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өмнөх байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан боловч огт төлөлт хийгээгүй. Иймд Г.З-оос 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, 26 сарын хүү 10 400 000 төгрөгөөс төлсөн 2 400 000 төгрөгийг хасч 8 000 000 төгрөг, алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон 5 000 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Автомашин нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй учир үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаагүй болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, ямар нэг баримтын хуулбарыг нотариатаар дахин хуулбарлуулсан байна. Нотариатын тухай хуулиар ямар нэг баримтын хуулбарыг эх баримт мэтээр баталгаажуулах зохицуулалт байхгүй, ийм баримт иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлд Л.Б-гийн нэрийн өмнөөс зурсан гарын үсэг нь Л.Б-гийн “Зээлийн гэрээ” гэж нэхэмжлэлд хавсаргасан баримтад зурсан гарын үсгээс өөр байх учир нэхэмжлэлийг Л.Б- өөрөө шүүхэд гаргасан гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би зээлийн 10 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг, П.Сүхээ 2 000 000 төгрөгийг авсан. Бид 2 зээлийн хугацаанд 6 сарын хүү 2 400 000 төгрөгийг 2016 оны 4 сард төлсөн. Гэтэл Л.Б- нь намайг хүү төлсөн юм чинь гэрээгээ сунгаснаар байгуулна гээд нөхөж гарын үсэг зуруулсан. Анхнаасаа 3 сарын хугацаатай байгуулсан тул хүүний төлбөрт 1 200 000 төгрөг төлөхөөс дахин 1 200 000 төгрөг төлсөн тул үндсэн зээл 8 000 000 төгрөгөөс хасч үлдэх 6 800 000 төгрөгийг төлнө. Сүхээ өөрийн 2 000 000 төгрөгт ногдох хүү, алдангиа төлөх ёстой. Фидуци нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд фидуцийн гэрээний заалтаар хариуцагч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирлоо авах гэрээний заалт үйлчлэх ёстой байсан. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлээгүй атлаа гэрээг дахин сунгасан мэтээр хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой Гантөмөрийн Зоригтоос /РД:ЧЖ82120710/ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан, Жинлүүр овогтой Лхагважавын Батхүүд /РД:ЧР68032470/ олгож, шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 272 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шаардах болон П.Сүхээд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: Шүүхээс “...хэргийн үйл баримтаар зээлийн гэрээг 23 сарын хугацаагаар сунгасан гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул 20 сарын хүүний төлбөрт 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 23 сарын хугацаагаар гэрээг сунгасан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг сунгалтын 2.1-т “иргэн Л.Б-, Г.З- нарын 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгав” гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагч Г.З- нь гарын үсгээ зурж, баталгаажуулсан. Ийнхүү гарын үсгээ зурж баталгаажуулсантай хариуцагч Г.З- маргаагүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Г.З-од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 6 800 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхдөө зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгаагүй, нөхөн байгуулсан гэрээний сунгалтыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, 2 000 000 төгрөгийг П.Сүхээ авсан тул хариуцахгүй, зээлд төлсөн 2 400 000 төгрөгийн 1 200 000 төгрөгийг хүүд, үлдэх 1 200 000 төгрөгийг үндсэн зээл 8 000 000 төгрөгөөс хасч тооцно гэж үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр Л.Б- нь 10 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр Г.З-, П.Сүхээ нарт зээлдүүлэхээр харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг үүсчээ. /хх6/

 

            Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээг хариуцагч Г.З-той байгуулан, гэрээний 3.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоног өнгөрсний дараа үүрэг гүйцэтгүүлэгч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өөрт учирсан хохирлыг бодитойгоор бүрэн авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор харилцан тохиролцсон нь баримтаар авагдсан байна. /хх7/

 

Зээлийн 2 000 000 төгрөгийг П.Сүхээ авсан гэж хариуцагч тайлбарласан боловч хүүг 10 000 000 төгрөгт тооцон төлсөн, мөн зээлийн гэрээний сунгалт, фидуцийн гэрээг дангаар зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зөвхөн өөрт нь холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч Г.З- нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2 400 000 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид төлсөн, уг төлбөр төлөгдсөн өдөр зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг талууд үйлдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэхээр маргасан. /хх9/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 3 сарын хугацаатай гэрээг нэг удаа мөн хугацаагаар сунгагдсан, 2 400 000 төгрөгийг хүүд төлөгдсөн гэж дүгнэн, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш хүү нэхэмжлэх эрхгүй талаар зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэж талууд харилцан зөвшөөрч сунгаагүй, гэрээ сунгагдаагүй гэж маргаж байх тул нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дууссан зээлийн гэрээний хугацааг мөн оны 4 дүгээр сарын 06-ны өдөр талууд харилцан тохиролцож сунгахдаа гэрээг 23 сарын хугацаагаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгасан үндэслэл, шаардлагаа нотолж, хариуцагчийн татгалзлыг няцаах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй байна.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн 10 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн, талууд гэрээнд алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан 5 000 000 төгрөгийн алдангийг, үндсэн үүргийн хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ