Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 03145

 

 

 

 

 

 

 

 

 

2020            10             21                                                   102/ШШ2020/03145                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Лнэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Гхолбогдох, 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 /хорин гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Г.З, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.З нь 2015.10.06-ны өдөр надаас 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, Лексус эл экс 470 маркын 74-25 УБҮ дугаартай автомашиныг барьцаалж, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ хийж 10,0 сая төгрөг зээлж, 2015.11-2016.04 сар хүртэл 6 сарын хүү 2,4 сая төгрөг төлсөн. Хариуцагч нь гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй байсан учир 2016.01.06-ны өдөр өмнө байгуулсан зээлийн гэрээг 2017.12.06-ыг хүртэл сунгасан боловч огт төлөлт хийгдээгүй. Иймд Г.Зоос 2015.10.06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 10,0 сая төгрөг, 26 сарын хүү 10,4 сая төгрөгөөс төлсөн 2,4 сая төгрөгийг хасч 8,0 сая төгрөг, алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон 5,0 сая төгрөг, нийт 23,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү Миний өмчлөлд фидуцаар автомашин нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй учир үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаагүй болно гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, ямар нэг баримтын хуулбарыг нотариатаар дахин хуулбарлуулсан байна. Нотариатын тухай хуулиар ямар нэг баримтын хуулбарыг эх баримт мэтээр ахин батамжлах зохицуулалт байхгүй, ийм баримт иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлд Л.Бгийн нэрийн өмнөөс зурсан гарын үсэг нь Л.Бгийн “Зээлийн гэрээ” гэж нэхэмжлэлд хавсаргасан баримтад зурсан гарын үсгээс өөр байх учир нэхэмжлэлийг Л.Б өөрөө шүүхэд гаргасан гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би зээлийн 10,0 сая төгрөгөөс 8,0 сая төгрөгийг, П.Сүхээ 2,0 сая төгрөгийг авсан. Бид 2 зээлийн хугацаанд 6 сарын хүү 2,4 сая төгрөгийг 2016 оны 4 сард төлсөн. Гэтэл Б нь намайг хүү төлсөн юм чинь гэрээгээ сунгаснаар байгуулна гээд нөхөж гарын үсэг зуруулсан. Анхнаасаа 3 сарын хугацаатай байгуулсан тул хүүний төлбөрт 1,2 сая төгрөг төлөхөөс дахин 1,2 сая төгрөг төлсөн тул үндсэн зээл 8,0 төгрөгөөс хасч үлдэх 6,8 сая төгрөгийг төлнө. Сүхээ өөрийн 2,0 сая төгрөгт ногдох хүү, алдангиа төлөх ёстой. Фидуци нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд фидуцийн гэрээний заалтаар хариуцагч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дараа буюу 2016.01.20-ны өдрөөс нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохирлоо авах гэрээний заалт үйлчлэх ёстой байсан. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлээгүй атлаа гэрээг дахин сунгасан мэтээр хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Б нь Г.Зод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул хүү, алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь 10,000,000 төгрөгийг бэлнээр авч, 2,000,000 төгрөгийг П.Сүхээ зээлж авсан, өөрийн авсан 8,000,000 төгрөгөөс хүүнд төлсөн 1,200,000 төгрөгийг хасч 6,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин гэрээг сунгаагүй, нөхөж хийсэн үндэслэлээр 8 сарын хүү, алдангийг төлөхгүй гэж гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр арын 06-ны өдөр Г.З, П.Сүхээ нартай  зээлийн гэрээ байгуулан, 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Л.Б нь хариуцагчаар П.Сүхээг тодорхойлоогүй байх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн ч заасан хаягт оршин суудаггүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэл дээрх нэхэмжлэгчийн гарын үсэг нь гэрээн дээрх гарын үсэгтэй зөрүүтэй тайлбарлаж байгаа боловч энэ талаар хүсэлтийг гаргаагүй болно.

 

Тухайн тохиолдолд гэрээг нэхэмжлэгч нь Г.З, П.Сүхээ нартай байгуулж, зээлийг бэлнээр авсан дээр мөн 2 этгээд гарын үсэг зурсан байгаа боловч зээлийн гэрээний сунгалтаар Г.З гарын үсэг зурсан байна.

 

Зохигч зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр байгуулсан  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцэж байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 3 сарын хүүний төлбөрт 1,200,000 төгрөг төлөх үүргээ биелүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр арын 06-ны өдөр Г.Зтой Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан, гэрээний 3.6 дахь заалтаар тээврийн хэрэгслийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагчийн өмчлөлд буцаан шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоног өнгөрсний дараа үүрэг гүйцэтгүүлэгч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өөрийн хохирлыг бодитойгоор бүрэн авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж тодорхойлсон байгаа боловч нэхэмжлэгч нь энэ талаар шаардлагыг гаргаагүй байна.

 

Хариуцагч нь дахин 3 сарын хүүний төлбөрт 1,200,000 төгрөгийг 2016.04.06-ны өдөр төлсөн гэж тайлбарласан тул гэрээг 3 сараар сунгасан гэж үзэх үндэслэлтэй ба харин талууд зээлийн гэрээг 2017.12.06-ны өдрийг хүртэл 23 сарын хугацаагаар сунгасан гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь хариуцагч нь дээрх гэрээг 2016 оны 4 сард нөхөж хийсэн гэж тайлбарлах ба фидуцийн гэрээний 3.6-т заасан хариуцагч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоног өнгөрсний дараа нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өөрийн хохирлыг авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох заалтыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс гадна гэрээнд зохих өөрчлөлтийг хийгээгүйгээр үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаар зээлийн гэрээг 23 сарын хугацаагаар сунгасан гэж үзэх байдал нотлогдохгүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул 20 сарын хүүний төлбөрт 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7 дахь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутуамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсонд нийцэж байна.

 

Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ зөрсөн байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны алдангийг зээлийн төлбөрийн хамт шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн төлөх ёстой 10,000,000 төгрөгөөс 0,5 хувиар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 5,000,000 төгрөгийг алдангид хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /10,000,000+5,000,000/ нийт 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Мөнхтуяад шүүхээс энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2020.09.28-ны өдөр мэдэгдсэн боловч Нийслэл дэх Захирганы хэргийн анхан шатны шүүхээс 2020.10.07-ны өдөр товлосон шүүх хуралдаанд оролцож байгааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т заасанд нийцүүлэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 272,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шаардах болон П.Сүхээд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдлаа.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Зоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулан, Л.Бд олгож, шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 272,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шаардах болон П.Сүхээд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ