Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00369

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00369

 

 

Л.Батхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03145 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2332 дугаар магадлалтай,

Л.Батхүүгийн нэхэмжлэлтэй,

Г.Зоригтод холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Зоригт, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Батхүү нь хариуцагч Г.Зоригтод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03145 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой Гантөмөрийн Зоригтоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулан, Жинлүүр овогтой Лхагважавын Батхүүд олгож, шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 272,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн өмчлөлийг буцаан шаардах болон П.Сүхээд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2332 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.11-ний өдрийн 2332 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхээс "Хариуцагч Г.Зоригт нь 2016.04.06-ны өдөр 2,400,000 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид төлсөн, уг төлбөр төлөгдсөн өдөр зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг талууд үйлдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэхээр маргасан" гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 2016.04.06-ны өдөр 2,400,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2015.11.06-ны өдөр 400,000 төгрөг, 2015.12.08-ны өдөр 400,000 төгрөг, 2016.01.15-ны өдөр 400,000 төгрөг, 2016.02.08-ны өдөр 400,000 төгрөг, 2016.03.10-ны өдөр 400,000 төгрөг, 2016.04.08-ны өдөр 400,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн байдаг. Шүүхээс "Хариуцагч Г.Зоригт нь 2016.04.06-ны өдөр 2,400,000 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид төлсөн, уг төлбөр төлөгдсөн өдөр зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг талууд үйлдсэн үйл баримт тогтоогдож байна гэж ямар нэгэн баримтыг үндэслээгүй дүгнэсэн. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр "...6 сарын хүү 2,4 сая төгрөгийг 2016 оны 04 сард төлсөн гэж тайлбарласан нь 2016.04.06-ны өдөр ч биш байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр аль аль тал биечлэн оролцоогүй болно. Эзгүйд шийдвэрлэхийг зөвшөөрсөн болно. Харин анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очиж чадаагүй байхад шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж авахгүй эзгүйд хянан шийдвэрлэсэн байдаг.

Хоёр. Давж заалдах шатны шүүхээс "Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2015.10.06-ны өдөр байгуулагдсан 3 сарын хугацаатай гэрээг нэг удаа мөн хугацаагаар сунгагдсан, 2,400,000 төгрөгийг хүүд төлөгдсөн гэж дүгнэн, 2016.04.06-ны өдрөөс хойш хүү нэхэмжлэх эрхгүй талаар зөв дүгнэсэн байна" гэж дүгнэснийг ямар ч баримтад үндэслээгүй тул үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Хавтас хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 3 сарын хугацаатай гэрээг мөн хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар сунгасан баримт байдаггүй.

Гурав. Мөн шүүхээс "Хариуцагч нь гэрээний хугацааг 2017.12.06-ны өдөр хүртэл гэж талууд харилцан зөвшөөрч сунгаагүй, гэрээ сунгагдаагүй гэж маргаж байх тул нэхэмжлэгч нь 2016.01.06-ны өдөр дууссан зээлийн гэрээний хугацааг мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр талууд харилцан тохиролцож сунгахдаа гэрээг 23 сарын хугацаагаар 2017.12.06-ны өдөр хүртэл сунгасан үндэслэл, шаардлагаа нотолж, хариуцагчийн татгалзлыг няцаах үүрэгтэй. Нэхэмжлэгчээс хариуцагчийн татгалзлыг баримтаар няцаагаагүй байна" гэж дүгнэсэн нь мөн нотлох баримтыг үндэслээгүй. Хавтаст хэрэгт зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн байдаг бөгөөд уг баримтын 2.1 дэх хэсэгт "Иргэн Лхагважавын Батхүү, Гантөмөрийн Зоригт нарын 2015.10.06-ны өдөр байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож 2016.01.06-ны өдрөөс 2017.12.06-ны өдөр хүртэл хугацаагаар сунгав" гэж заасан бөгөөд уг баримтад хариуцагч Г.Зоригт гарын үсэг зурсан, өөрийн гарын үсэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн үүргийг хугацаа сунгасан талаар нотлох баримтаа гаргаж өгсөн нэхэмжлэгчээс шаардахаас өмнө татгалзлаа ямар ч баримтаар нотлоогүй хариуцагчийн талаар дүгнэлт хийх нь зүйд нийцнэ. Энэ талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.11-ний өдрийн 2332 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч Л.Батхүү хариуцагч Г.Зоригтод холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2,000,000 төгрөгийг П.Сүхээ авсан тул хариуцахгүй, мөн зээлийн гэрээг сунгаагүй, нөхөж хийсэн үндэслэлээр 8 сарын хүү, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Г.Зоригтоос 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батхүүд олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд талууд 2015.10.06-ны өдөр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр хариуцагч Г.Зоригттой харилцан тохиролцож зээлийн болон тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Түүнчлэн, 2016.01.06-ны өдөр дээрх зээлийн гэрээний сунгалт гэх баримтаар 2016.01.06-ны өдрөөс 2017.12.06-ны өдрийг хүртэл сунгав гэжээ. (хх-7-9)

 

8. Хариуцагч Г.Зоригт нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 11 сараас 2016 оны 04 сарын хооронд 6 сарын хүү 2,400,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний сунгалтыг 2016 оны 4 сард нөхөж хийсэн гэж тайлбар гаргасан.

 

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...2015.11-2016.04 сар хүртэл 6 сарын хүү 2,400,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг 2017.12.06-ны өдрийг хүртэл сунгасан боловч төлөлт хийгдээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, 26 сарын хүү 10,400,000 төгрөгөөс төлсөн 2,400,000 төгрөгийг хасч 8,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ... гэсэн тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, хариуцагчийн татгалзлыг няцаах үүргээ биелүүлээгүй байх тул 20 сарын хүүний төлбөрт 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч үндсэн зээлийн 10,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн, талууд гэрээнд алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан 5,000,000 төгрөгийн алдангийг, үндсэн үүргийн хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа нь анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2020.10.21-нийн өдрийн 102/ШЗ2020/15181 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

11. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03145 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2332 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН