Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00023

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/02121 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч И.Г-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч И.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр И.Г- нь 3 хоногийн дотор ТҮЦ барьж өгч түлхүүр гардуулах, ажлын хөлс, шаардлагатай материал бүгд 1 000 000 төгрөгт багтаахаар харилцан тохиролцсон. Миний бие ажлын хөлс болох 1 000 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5017189139 тоот И.Г- эзэмшигчтэй дансруу шилжүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барилгын хаягдал материал хашаанд авчирч тавьсан. Нийт хашаанд авчирсан материалын үнэлгээ 300 000 төгрөг хүрнэ. Тохирсон хугацаа 10 хоногоор хэтэрч, удаа дараа ТҮЦ барьж өгөхийг шаардаж байсан ч ТҮЦ барьж өгөхгүй байхаар нь өөрийн зардлаар хаалга, вакум цонх, нууц цоож, цемент, хөөс зэрэг материалыг худалдан авч Э.Р-, н.Б- гэдэг хоёр хүнд ажлын хөлсийг нэмэлтээр 200 000 төгрөг өгч бариулсан болно. И.Г- манай хашаа эзгүй байх хойгуур нэвтрэн орж миний худалдан авсан 2 уут цемент хулгайлан явсан байсан. И.Г-гээс ТҮЦ бариулахаар өгсөн ажлын хөлсөө буцааж авах талаар удаа дараа шаардахад маргаан үүсгэж, намайг зодсон. Миний биед халдсан үйлдлийг цагдаагийн байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлж байгаа болно. ТҮЦ барьж өгөх үндсэн үүргээ биелүүлээгүй, миний биед халдаж зодсон, цемент хулгайлж явсан зэрэг нь үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл байх тул өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Иймд ажлын хөлс болгож өгсөн 1 000 000 төгрөгөөс хашаанд буулгасан хаягдал материалын үнийг хасаж 700 000 төгрөг, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэлтэй өөр хүнээр түц бариулсан ажлын хөлсөнд өгсөн 200 000 төгрөг, бараа материал худалдан авсан 300 000 төгрөгийн хохирол учирсан тул нийт 1 200 000 төгрөгийг И.Г-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

И.Г- би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Б-тэй уулзах үедээ хашаанд байсан барилгын материалуудаар түц бариад өг гэхээр нь тохиролцож 1 200 000 төгрөгөөр хийхээр болсон. 1 000 000 төгрөгийг миний данс руу хийж, тэр өдрөөс эхлэн Ч.О-, Э.Р- нартай өдрийн 35 000 төгрөгөөр хамтран хийхээр тохиролцсон. Ч.О-д ажлын хөлс 200 000 төгрөг, Э.Р-д ажлын хөлс 100 000 төгрөг өгсөн. Бид гурав манай хашаанд хамтарч хийгээд, Б.Б-гийн хашаанд угсарч өгсөн боловч өндөр байна хасуулаад нэмж 100 000 төгрөг өгъе гэсэн. Гэвч засуулсны дараа Ч.О-, Э.Р- нарт мөнгө би өгөхгүй та өг, би танд дахиж нэг ч төгрөг өгөхгүй гээд байхаар нь чиний буруугаас болсон юм чинь чи өгөх ёстой гэсээр байгаад Б.Б-гээс 100 000 төгрөгийг авч өөрөө нэмж 20 000 төгрөг нэмж өгсөн. Тэр өдөртөө ТҮЦ-ний шалан доор нь хатуу хөөс тавьж 2 уут цементээр шаллаж цутгаад дуусгасан. Маргааш нь Б.Б- дээр очиж цонх захиалсан 85 000 төгрөг, үлдэгдэл 200 000 төгрөгийг нэхэхэд өгөхгүй гэсэн болно. Иймд ажлын хөлс 200 000 төгрөгийг өгөөгүй байж надаас мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу хариуцагч И.Г-гээс 420 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 580 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Г-гээс 13 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит тооцоог гаргалгүй, И.Г-гийн Э.Р-д төлсөн төлбөрийг И.Г-гийн гарах ёстой бодит зардал буюу ажлын хөлсөнд тооцож 400 000 төгрөгт багтаах байтал надад төлөх ёстой мөнгөнөөс хасч тооцсон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн миний Э.Р-д төлсөн 90 000 төгрөгийг И.Г-гийн надад төлөх ёстой төлбөрөөс хасч тооцон И.Г-гээс надад 420 000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь би И.Г-гийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Э.Р-д 90 000 төгрөг төлж хохирсон атал И.Г-гийн надад төлөх ёстой үнийн дүнгээс хассан нь үндэслэлгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, И.Г-гээс 580 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Г- давж заалдах гомдолдоо:

... Миний бие хөдөө тээвэрт явж байгаад машинаас унаж хөлөндөө бэртэл авсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Миний эзгүйд нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч И.Г-д холбогдуулан зохих ёсоор ажлыг гүйцэтгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч И.Г- нь ТҮЦ барьж өгөх нөхцөлтэйгээр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-гээс шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь уг мөнгөн дүнд ажлын хөлс материалын хөлс бүхэлдээ багтсан ч И.Г- нь ажлыг хийгээгүй гэж тайлбарлан, уг мөнгийг буцаан гаргуулна гэсэн бол, хариуцагч нь ажлын хөлсийг 1 200 000 төгрөгөөр тохиролцсон, материалд 1 400 000 төгрөгийн зардал гарган, ТҮЦ-ийг барьж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний үнийн дүнгийн талаарх маргааны үйл баримт тогтоогдоогүй, гэрээний нөхцлийг талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч И.Г- нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дутуу төлсөн 200 000 төгрөг, 5 өдрийн олох байсан орлого 500 000 төгрөг, нийт 700 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-гээс гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн182/ШЗ2020/08523 дугаар захирамжаар 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг залруулах боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч нь эсрэг талын үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, хохирлоо арилгуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, илүү зардал гаргасан, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг бүрэн төлөөгүй гэж хариу тайлбар гарган, сөрөг нэхэмжлэл гаргасныг гэрээнээс татгалзаж, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу хохирол шаардах эрх үүссэн эсэхийг шалгаж, тодруулан, маргааны үйл баримтыг тогтоох замаар шийдвэрлэх боломжтой.

 

            Харин шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч И.Г-д 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч давж заалдах гомдолд дурдсан өвчтэй талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ талаарх гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/02121 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 18 050 төгрөг, хариуцагчаас 13 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ