Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2021/01195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Б.Б,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, И.Г,

         1.200.000 төгрөг гаргуулах,

      Хариуцагч И.Г-ийн сөрөг нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох 1000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч И.Г, гэрч Э.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

      Б.Б нь И.Г-тэй аман хэлцэл хийж, өөрийн хашаанд 2х3 хэмжээтэй ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд бариулах, ажлын хөлс, материал зардалд нийт 1.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. 2020 оны 05 сарын 13-ны өдөр Хаан банк дахь И.Г-ийн 50....9 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. И.Г нь ТҮЦ барих ажлыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хийж дуусгах байсан боловч хугацаа 10 хоногоор хэтэрсэн.

         ТҮЦ барьж өгөхийг удаа дараа шаардахад , И.Г нь завгүй, ажилтай байна... гэх хариу өгдөг байсан. И.Г нь ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, ажлаа дутуу орхиод явсан.

       Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Р, н.А гэх хүмүүст мөнгө өгч, ТҮЦ-ийг бариулж, дуусгасан. Э.Р ТҮЦ барих ажлын 75 хувийг, н.А нь 20-25 хувийг хийж гүйцэтгэсэн байтал И.Г нь ТҮЦ-ний рамын ажлыг хийчхээд, үлдсэн ажилд нь оролцоогүй байж, бүрэн гүйцэд барьж өгсөн юм шиг зүйл ярьдаг.

         Б.Б нь И.Г-ээс ажлын хөлсөө авахаар Нарантуул-2 дээр очин, уулзахад нь үгийн зөрөөгүй цохисон . Б.Б нь цагдаагийн газарт гомдол гаргаж, улмаар эмнэлэгт үзүүлж ,шинжилгээ өгөхөд 120.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэж байгаа. И.Г нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүн дагуулж ирээд Б.Б-ийн эхнэрийг нь хэл амаар доромжилж,ТҮЦ-ийн зургийг авах зэрэг зохисгүй үйлдэл гаргаснаас гадна байсан 2 уут цементийг зөвшөөрөлгүйгээр авч явсан. Цагдаад Э.Р нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Э.Р мэдүүлэхдээ хуучин барилгын материалыг 400.000 төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хуучин барилгын материалуудыг үнийг нотлох гэж оролдсон боловч мэргэжлийн хүн биш болохоор нотолж чадаагүй.

       Иймд И.Г-д гэрээний дагуу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс Э.Р-ийн мэдүүлснээр хуучин барилгын материалыг 400.000 төгрөгөөр тооцож, туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлсөнд төлсөн 180.000 төгрөг зэргийг хасахад, 420.000 төгрөг үлдэж байгаа юм. Үүн дээр томографикийн төлбөр болох 120.000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34 000 төгрөг нийт 574.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд И.Г-ээс 574.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

      Хариуцагч И.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

          Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.Б-ийн гэрийг нүүлгэсэн. Өөрт байгаа нэг удаа ашиглагдсан барилгын материалуудыг Б.Б-д үзүүлж, ТҮЦ барьж өгөхөөр болж, нийт 1.200.000 төгрөгөөр тохиролцсон юм. Ингээд Б.Б миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Бид 10 хоногийн хугацаанд хийхээр тохиролцоод туслан гүйцэтгэгчээр С.О, Э.Р нарыг дуудан ажиллуулсан. 10 хоногийн хугацаанд ТҮЦ-ийг барихад 2 куб банз, 38 метр дээврийн төмөр, 40 м.кв паркетан шал бүхий барилгын материалыг ашигласан. Бид гурав манай хашаанд ТҮЦ-ийн ерөнхий рам, деталь хэсгүүдийг хийж , Б.Б-ийн хашаанд зөөж буулган угсарсан.

          Энэ үед Б.Б нь анх захиалсан өндрийн хэмжээг 20 см-ээр хасаад өг, арай өндөр байна гэхлээр нь хамт ажиллаж байсан С.О, Э.Р нарт энэ тухай хэлээд, хөдөө яваад ирсэн. Маргааш нь ирэхэд Э.Р ТҮЦ-ний өндрийн хэмжээг, хасаад, дахин барьж өгсөн байсан. Би үлдсэн ажлыг хийж дуусгаад, үлдэх 200.000 төгрөгийг авъя, цонх захиалахад 85.000 төгрөг болсон гэхэд Б.Б мөнгө өгөхгүй, ажлаа гүйцээ гэсэн учраас маргаан үүссэн. Би цонхноос бусад ажлыг хийж өгсөн. Б.Б нь миний хажууд байнга хяналт тавьж байсан ба хуучин барилгын материал ашиглаж байгаа гэдгээ хэлж, өөрт нь үзүүлж, байсан. Миний хувьд Б.Б-ийг цохисон зүйл байхгүй байхад, намайг цагдаад өгсөн. Бидний маргалдсан шалтгаан нь ТҮЦ-ний өндрийн хэмжээ зөрснөөс болсон. Би гэрээнд заасан хугацаанд ТҮЦ-ийг барьж дуусгасан гэв.

        Хариуцагч И.Г сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 дугаар сард Б.Б-тэй амаар тохиролцон урт нь 3 метр, өргөн нь 2,5 метр, өндөр нь 2,2 метрийн хэмжээтэй ТҮЦ-ийг 1.200.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатайгаар барьж өгөхөөр тохиролцсон. ТҮЦ-ийг нэг удаа ашигласан барилгын материалаар барина гэдгийг Б.Б өөрөө хүлээн зөвшөөрч, өдөр тутам хяналт тавьж байсан.

     Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ ,туслан гүйцэтгэгчээр С.О, Э.Р нарыг оролцуулсан. Бид гурав манай хашаанд ТҮЦ-ийн ерөнхий рам,деталь хэсгүүдийг хийж, Б.Б-ийн хашаанд зөөн, буулгаж угсарсан.

        Энэ үед Б.Б нь анх захиалсан ТҮЦ-ний өндрийн хэмжээг 20 см-ээр хасаж өгөхийг шаардсан. Э.Р ТҮЦ-ний өндрийн хэмжээнээс хасаад, дахин барьж өгсөн. Маргааш нь би ирээд ТҮЦ-ний шалан доор нь хатуу хөөс тавьж, цементээр шаллаж дуусгасан. Үлдэгдэл 200.000 төгрөгийг авъя гэхэд өгөхгүй гэснээс бидний хооронд маргаан үүссэн.

       Би хувийн портер автомашинаар ачаа тээвэрлэж, өдөрт 80.000 төгрөгийн орлого олдог. 10 хоногийн хугацаанд ТҮЦ барьж, олох байсан орлого 800.000 төгрөгөөр хохирсон. Иймд Б.Б-ээс ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөг нийт 1000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б, И.Г нар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр 3 хоногийн дотор ТҮЦ-ийг хийж өгнө гэж тохиролцсон боловч, 2020 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдөр гэхэд ТҮЦ бүрэн баригдаж дуусаагүй байсан. И.Г нь сөрөг нэхэмжлэлд 2х3 хэмжээтэй ТҮЦ барихад нэг удаа ашиглагдсан материалыг дахин ашиглаж барьсан гэж дурдсан байж, дэлгүүрээс худалдаж авсан барилгын материалын зах зээлийн үнэлгээ 2.890.000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй байна. И.Г нь 10 хоногийн ажил алдагдуулсан гэж олох байсан орлого 800,000 төгрөг , ажлын хөлс 200.000 төгрөг тус тус нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. И.Г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хэн алинд нь хохирол учрахгүй л байх байсан. Иймд сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчийн өгсөн тайлбар, гэрч Э.Р-ийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ Нь:

      Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.Г-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 700.000 төгрөг, учирсан хохирол 500.000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлс 200.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөг, нийт 1.000.000 гаргуулахаар тус тус шаарджээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 819.600 төгрөг гаргуулах, улмаар шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед дээрх шаардлагаа 574.000 төгрөг гаргуулна гэж, тодруулан өөрчилсөн .

      Хариуцагч И.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзан, сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хөлсөнд шилжүүлсэн үлдэгдэл төлбөр 420.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 154.000 төгрөг нийт 574.000 төгрөгийг гаргуулна гэж, ,

        Хариуцагч И.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ТҮЦ-ийн цонхноос бусад ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн өгөөгүйгээс маргаан үүссэн. Ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөг , олох байсан орлого 800.000 төгрөг гаргуулна гэж, тайлбарлан , мэтгэлцэж байна.

         Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж , сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

       Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аман хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр гүйцэтгэгч И.Г нь захиалагч Б.Б-ийн захиалгаар 2х3 хэмжээтэй ТҮЦ барьж өгөхөөр, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг мөнгөн дүнд ажлын хөлс, ТҮЦ барих материалын зардал бүхэлдээ багтсан гэж үзэхээр байна.

         Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй байна.

       Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан .

        Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

     Б.Б-ийн захиалгаар И.Г нь өөрт байсан хуучин барилгын хуучин материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу ТҮЦ-ийг барьж бий болгох, харин Б.Б нь уг ажлын үр дүн буюу гүйцэтгэгчийн хийж бүтээсэн зүйлийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

       Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлэн өгч буй зүйл нь гэрээний талуудын тохиролцооны үр дүнд шинээр бий болж буй эд хөрөнгө буюу ТҮЦ байх нь байна.

     Өөрөөр хэлбэл И.Г нь ТҮЦ барьж өгөх үүрэг хүлээж, Б.Б нь ажлын хөлс материалын зардалд нийт 1000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж үзнэ.

     Хариуцагч гэрээний нийт үнийг 1.200.000 төгрөг тодорхойлон маргаж байгаа боловч, дээрх мөнгөн дүнгээр тохиролцсон гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүх ажлын хөлс ТҮЦ барих материалын зардлын хамт 1.000.000 төгрөг байхаар талууд гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

       Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, гэрч Э.Р-ийн мэдүүлэг зэргээс үзэхэд нь хариуцагч И.Г нь Э.Р, С.О нарын хамтаар ТҮЦ барих ажлыг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгч Б. Б-ийн хашаанд зөөвөрлөн угсрах явцад ,ТҮЦ-ний өндрийн хэмжээ зөрүүтэй байсны улмаас өндрийн хэмжээг 20 см-ээр багасгах ажлыг Э.Р-ээр гүйцэтгүүлж, улмаар И.Г цонхноос бусдыг хийж дуусгасан болох нь тогтоогдож байна.

       Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2- зааснаар “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцдаг” байна.

        Зохигч гэрээг амаар байгуулахдаа ажил гүйцэтгэж дуусах хугацааг тодорхой заагаагүй , хугацааг хэрхэн тодорхойлсон нь тодорхой бус, ажлын үр дүнг хэзээ бүрэн хүлээлгэн өгсөн, гэрээний үүрэг хэзээнээс эхлэн зөрчсөнийг тогтоох боломжгүй байх ба энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

     Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах, үүрэгтэй.

        Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд шилжүүлсэн 420.000 төгрөг, гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол томографикийн зураг авхуулсан төлбөр 120.000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34 000 төгрөг нийт 574.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа, нэхэмжлэлд хавсаргасан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн огноотой зарлагын падаан, “Сорт чоно” ХХК-ийн Натур эмнэлэг томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөрийн баримт, Хүрээ.мн сайт, Шуурхай зар сонины 2020 оны 06 сарын 12-ны өдрийн №-35 дугаар нийтлэгдсэн барилгын материалын үнэ ханш гэх баримтуудад үндэслэн шаардаж байгаа гэх тайлбарыг гаргаж байгаа боловч шүүх эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

       Нэхэмжлэгч Б.Б нь Иргэний Хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар эрхийн дагуу И.Г-ийн өмнө гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан боловч гэрээгээр тохирсон ажлыг биечлэн гүйцэтгээгүй, доголдлыг бусдаар гүйцэтгүүлсэн .. гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Э.Р-ийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч нь ТҮЦ барих ажилд туслан гүйцэтгэгчээр Э.Р, С.О нар оролцсон тухайд маргахгүй бөгөөд уг ажлыг И.Г болон туслан гүйцэтгэгч Э.Р нараар гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдож байна.

       Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байгаа боловч, нэгэнт ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

   Харин ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй

      Түүнчлэн захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, ашиглаж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

       Дээрх дурдсан үйл баримтаас үзвэл гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлцэж, дүгнээгүйд талуудын аль аль нь буруутай байх ба захиалагч дээрх ажлын нийт төсөвт өртөг 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсоноор гэрээний гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхойлох боломжтой бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан ажлаас цонхны ажил хийгдээгүй байх тул хариуцагчаас хийгдээгүй цонхны үнэ 85.000 төгрөг /хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр/, мөн хариуцагчийн авсан гэх нэг уут цементийн үнэ 17.000 төгрөг нийт 102.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Иймд хариуцагч И.Г-ээс 102.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 472.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй

      2. Сөрөг шаардлагын талаар:

        Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аман хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр И.Г нь Б.Б-д 2х3 хэмжээтэй ТҮЦ барьж өгөхөөр, 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг мөнгөн дүнд ажлын хөлс, ТҮЦ барих материалын зардал бүхэлдээ багтсан болох нь тогтоогдож байна.

     Б.Б-ийн захиалгаар И.Г нь өөрт байсан барилгын хуучин материалаар ТҮЦ барих ажлыг 1.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бус гүйлгээгээр хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

      Иймд талууд гэрээгээр тохиролцсон ажлыг нийт 1.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзэх ба харин 1.200.000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн оролцогчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөгийг шаардах боломжгүй байна.

       Хариуцагч И.Г нь Б.Б-д холбогдуулан сөрөг шаардлагаар хувийн портер машинаар ачаа тээвэрлэж, өдөрт 80.000 төгрөгийн орлого олдог. ТҮЦ барьж, 10 хоногийн ажил алдагдуулж, 800.000 төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан гэж, хохиролд 800.000 төгрөг шаардаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ үүргээ биелүүлээгүй .

       Өөрөөр хэлбэл И.Г нь орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 6 дугаар зүйлд заасны дагуу татварын албанд бүртгүүлж татвар төлөгчийн гэрчилгээ авч сар бүр татвар төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр 800.000 төгрөгийн орлого олох боломж алдагдсан гэх сөрөг шаардлагаа нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэж болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1152.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 343дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч И.Г-ээс 102.000 /нэг зуун хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 472.000 төгрөг гаргуулах тухай шаардлага болон Б.Б-ээс 1.000.000 төгрөг гаргуулах тухай И.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 28.950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ