Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2023/02228

 

 

 

 

 

 

 

 

    2023      07        31

                       182/ШШ2023/02228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч О.Аззаяа, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суугч, Б.Б- ийн нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: тоотод оршин суугч, И.Г--д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531,425 төгрөгийг хасч үлдэх 468,575 төгрөг, томографикийн төлбөр 120,000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34,000 төгрөг, нийт 622,575 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлсний үлдэгдэл 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг, түц гаргуулах, түрээсийн төлбөр 1,880,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү,

Хариуцагч И.Г-,

Иргэдийн төлөөлөгч Н.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.                                                     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч И.Г-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531,425 төгрөгийг хасч үлдэх 468,575 төгрөг, томографикийн төлбөр 120,000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34,000 төгрөг, нийт 622,575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  И.Г-тэй аман хэлцэл хийж, өөрийн хашаанд 2х3 хэмжээтэй ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд бариулах, ажлын хөлс, материал зардалд нийт 1,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хаан банк дахь И.Г-гийн 5017189139 тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. И.Г- нь ТҮЦ барих ажлыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хийж дуусгах байсан боловч хугацаа 10 хоногоор хэтэрсэн. ТҮЦ барьж өгөхийг удаа дараа шаардахад И.Г- нь завгүй, ажилтай байна гэх хариу өгдөг байсан. И.Г- нь ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, ажлаа дутуу орхиод явсан. И.Г- нь ТҮЦ-ийн рамын ажлыг хийчихээд, үлдсэн ажилд нь оролцоогүй байж, бүрэн гүйцэд барьж өгсөн юм шиг зүйл ярьдаг. И.Г-гээс ажлын хөлсөө авахаар Нарантуул-2 дээр очин уулзахад үгийн зөрөөгүй цохисон. Цагдаагийн газарт гомдол гаргаж улмаар эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд 120,000 төгрөгийн зардал гарсан  тул хохирол гэж үзэж байна. И.Г- нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүн дагуулж ирээд эхнэрийг хэл амаар доромжилж, ТҮЦ-ийн зургийг авах зэрэг зохисгүй үйлдэл гаргаснаас гадна тэнд байсан 2 уут цементийг зөвшөөрөлгүйгээр авч явсан. Иймд И.Г-гээс гэрээний дагуу шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531,425 төгрөгийг хасч үлдэх 468,575 төгрөг, томографикийн төлбөр 120,000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34,000 төгрөг, нийт 622,575 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч И.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-д өөрт байгаа нэг удаа ашиглагдсан барилгын материалуудыг үзүүлж, ТҮЦ барьж өгөхөөр болж ажлын хөлс 1,200,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд Б.Б- 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Бид 10 хоногийн хугацаанд хийхээр тохиролцоод туслан гүйцэтгэгчээр С.Отгонжаргал, Э.Рэнпил нарыг дуудан ажиллуулсан. ТҮЦ-ийг барихад 2 куб банз, 38 метр дээврийн төмөр, 40 м.кв паркетан шал бүхий барилгын материалыг ашигласан. Бид гурав манай хашаанд ТҮЦ-ийн ерөнхий рам, деталь хэсгүүдийг хийж, Б.Б-гийн хашаанд зөөж буулган угсарсан. Энэ үед Б.Б- нь анх захиалсан өндрийн хэмжээг 20 см-ээр хасаад өг, арай өндөр байна гэхээр нь хамт ажиллаж байсан С.Отгонжаргал, Э.Рэнпил нарт энэ тухай хэлээд хөдөө яваад ирсэн. Маргааш нь ирэхэд Э.Рэнпил ТҮЦ-ийн өндрийн хэмжээг хасаад дахин барьж өгсөн байсан. Би үлдсэн ажлыг хийж дуусгаад үлдэх 200,000 төгрөг авна, цонх захиалахад 85,000 төгрөг болсон гэхэд Б.Б- мөнгө өгөхгүй, ажлаа гүйцээ гэсэн учраас маргаан үүссэн. Би цонхноос бусад ажлыг хийж өгсөн. Б.Б- нь миний хажууд байнга хяналт тавьж байсан ба хуучин барилгын материал ашиглаж байгаа гэдгээ хэлж өөрт нь үзүүлж байсан. Б.Б-г цохьсон зүйл байхгүй байхад намайг цагдаад өгсөн. Бидний маргалдсан шалтгаан нь ТҮЦ-ийн өндрийн хэмжээ зөрснөөс болсон. Би гэрээнд заасан хугацаанд ТҮЦ-ийг барьж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч И.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2020 оны 05 дугаар сард Б.Б-тэй амаар тохиролцон урт нь 3 метр, өргөн нь 2.5 метр, өндөр нь 2.2 метрийн хэмжээтэй ТҮЦ-ийг 1,200,000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатайгаар барьж өгөхөөр тохиролцсон. ТҮЦ-ийг нэг удаа ашигласан барилгын материалаар барина гэдгийг Б.Б- өөрөө хүлээн зөвшөөрч өдөр тутам хяналт тавьж байсан. ТҮЦ-ийн ерөнхий рам, деталь хэсгүүдийг хийж, Б.Б-гийн хашаанд зөөн, буулгаж угсарсан. Энэ үед Б.Б- нь анх захиалсан ТҮЦ-ийн өндөрийн хэмжээг 20 см-ээр хасч өгөхийг шаардсан. Э.Рэнпил ТҮЦ-ийн өндөрийн хэмжээнээс хасаад, дахин барьж өгсөн. ТҮЦ-ийн шалан доор нь хатуу хөөс тавьж, цементээр шаллаж дуусгасан. Үлдэгдэл 200,000 төгрөгийг авна гэхэд өгөхгүй гэснээс бидний хооронд маргаан үүссэн. Би хувийн портер автомашинаар ачаа тээвэрлэж, өдөрт 80,000 төгрөгийн орлого олдог. 10 хоногийн хугацаанд ТҮЦ барьж, олох байсан орлого 800,000 төгрөгөөр хохирсон. Иймд ББгээс ажлын хөлсний үлдэгдэл 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Одоо бол барьсан ТҮЦ-ийг авна. Түрээсийн төлбөр өдрийн 2,000 төгрөгөөр тооцож 940 хоногийн түрээс 1,880,000 төгрөг гаргуулна гэв.

 

4.Нэхэмжлэгч Б.Б- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. И.Г-тэй 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр 3 хоногийн дотор ТҮЦ-ийг хийж өгнө гэж тохиролцсон боловч 2020 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдөр гэхэд ТҮЦ бүрэн баригдаж дуусаагүй байсан. И.Г- нь сөрөг нэхэмжлэлд 2х3 хэмжээтэй ТҮЦ барихад нэг удаа ашиглагдсан материалыг дахин ашиглаж барьсан гэж дурдсан байж дэлгүүрээс худалдаж авсан барилгын материалын зах зээлийн үнэлгээ 2,890,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй байна. И.Г- нь 10 хоногийн ажил алдагдуулсан гэж олох байсан орлого 800,000 төгрөг, ажлын хөлс 200,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. И.Г- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хэн алинд нь хохирол учирахгүй байх байсан. Түрээсийн төлбөр 1,880,000 төгрөг төлөх, ТҮЦ-ийг авна гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Сортчоно эрүүл мэндийн үйлчилгээний баримт, Натур эмнэлэг компьютерт томографийн оношилгоо, Хүрээ.мн сайт, Шуурхай зар сонины 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаарт нийтгэгдсэн барилгын материалын үнэ ханш гэх баримтууд, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6137 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудыг, 

Хариуцагчаас хариу тайлбар, гэрэл  зураг, зарлагын баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх талуудын хүсэлтээр Ж.Оюунболд, Э.Рэнпил, Т.Нямбуудорж нараас гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тогтоол болон мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШТ2022/00147 дугаар тогтоолоор шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч И.Г-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 700,000 төгрөг, учирсан хохирол 500,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Г-д гэрээний дагуу шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531,425 төгрөгийг хасч үлдэх 468,575 төгрөг, томографикийн төлбөр 120,000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34,000 төгрөг, нийт 622,575 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

2.Хариуцагч И.Г- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ТҮЦ-ийн цонхноос бусад ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн өгөөгүйгээс маргаан үүссэн. Ажлын хөлсний үлдэгдэл 200,000 төгрөг, олох байсан орлгого 800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж /2 дугаар хавтас 133 тал/,  мөн  ТҮЦ-ийн түрээсийн төлбөрт өдрийн 2,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 940 хоногийн түрээс 1,880,000 төгрөг гаргуулна гэж /2 дугаар хавтас 181 тал/ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тайлбарлан мэтгэлцжээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Сортчоно эрүүл мэндийн үйлчилгээний баримт, Натур эмнэлэг компьютерт томографийн оношилгоо, Хүрээ.мн сайт, Шуурхай зар сонины 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаарт нийтгэгдсэн барилгын материалын үнэ ханш гэх баримтууд, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6137 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хариу тайлбар, гэрэл  зураг, зарлагын баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Оюунболд, Э.Рэнпил, Т.Нямбуудорж нарын гэрчийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тогтоол болон мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр /аман/ хэлцэл байгуулагдаж, уг хэлцэлээр гүйцэтгэгч И.Г- нь захиалагч Б.Б-гийн захиалгаар 2х3 хэмжээтэй ТҮЦ барьж өгөхөөр 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг мөнгөн дүнд ажлын хөлс, ТҮЦ барих материалын зардал бүхэлдээ багтсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

 

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан.

 

6.Нэхэмжлэгч Б.Б-гийн захиалгаар И.Г- нь өөрт байсан хуучин барилгын хуучин материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу ТҮЦ-ийг барьж өгөх, харин Б.Б- нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлэн өгч буй зүйл нь гэрээний талуудын тохиролцооны үр дүнд шинээр бий болж буй ТҮЦ байна.

 

7.Хариуцагч И.Г- гэрээний нийт үнийг 1,200,000 төгрөг гэж тодорхойлон маргаж байгаа боловч дээрх мөнгөн дүнгээр тохиролцсон гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар баримтыг шүүхэд гарган өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүх ажлын хөлс, ТҮЦ барих материалын зардлын хамт 1,000,000 төгрөг байхаар талууд гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

8.Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******,*******,*******,******* хаягт байрлах, ТҮЦ-ийг барихад орсон материалын үнэ цэнэ, үнэлгээний ажлыг “...материалын зардал 350.175 төгрөг, ажлын хөлсний зардал 181.250 төгрөг, нийт 531.425 төгрөг...” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

9.Зохигч гэрээг амаар байгуулахдаа ажил гүйцэтгэж дуусах хугацааг тодорхой заагаагүй, хугацааг хэрхэн тодорхойлсон нь тодорхой бус, ажлын үр дүнг хэзээ бүрэн хүлээлгэн өгсөн, гэрээний үүрэг хэзээнээс эхлэн зөрчснийг тогтоох боломжгүй байх ба энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

10.Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч И.Г-гийн гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэгэнт ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Харин ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

 

11.Түүнчлэн захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, ашиглаж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх ба дээрх дурдсан үйл баримтаас үзвэл гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлцэж дүгнээгүйд талуудын аль аль нь буруутай бөгөөд захиалагч дээрх ажлын нийт төсөвт өртөг 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, шинжээчийн дүгнэлтээр “...материалын зардал 350,175 төгрөг, ажлын хөлсний зардал 181,250 төгрөг, нийт 531,425 төгрөг...” гэж материалын үнэ цэнэ, үнэлгээний ажлыг тогтоосон тул 531,425 төгрөгийг хасч, үлдэх 468,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчийн нэг уут, хагас цементийг авснаа хүлээн зөвшөөрснийг үндэслэж, цементийн үнэ 25,500 төгрөг /1 уут цемент 17,000 төгрөг, хагас уут цемент 8,500 төгрөг/, нийт 494,075 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.  

 

12.Нэхэмжлэгчийн учирсан хохирол болох томографийн зураг авахуулсан төлбөр 120,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Натур эмнэлэг компьютерт томографийн шинжилгээгээр “зүүн талын нүдний ухархайн дотор хана 0.8 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.4 см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай, ...хамар ясны зүүн хажуу хана бага зэргийн цөмөрсөн, бороолсон хуучин хугаралтай...” гэх, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6137 тоот Шинжээчийн дүгнэлтээр “...хамрын нуруунд 0.2 х 0.1 см өнгөц зураасан шалбаралттай, ...Зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай...” гэж дүгнэжээ. /1 дүгээр хавтас 109, 136-137, 238-239 тал/

 

13.Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 997 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд “...Б.Б-гийн эрүүл мэндэд хохирол учраагүй...” гэсэн байх тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 120,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. /1 дүгээр хавтас хэргийн 136-137 тал/

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

14.Хариуцагч И.Г- нь ажлын хөлсний үлдэгдэл 200,000 төгрөг, олох байсан орлого 800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэж,  ТҮЦ-ийн түрээсийн төлбөрт өдрийн 2,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс  940 хоногийн түрээс 1,880,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр /аман/ хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр И.Г- нь Б.Б-д 2х3 хэмжээтэй ТҮЦ барьж өгөхөөр 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна.

 

15.Талууд гэрээгээр тохиролцсон ажлыг нийт 1,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзэх ба харин 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

16.Нэхэмжлэгч Б.Б-гээс барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс  940 хоногийн түрээс 1,880,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн боловч тэдний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ТҮЦ-ээ буцаан авах, түрээсийн төлбөр 1,880,000 төгрөг гаргуулахаар шаардсан хариуцагч И.Г-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

17.Иргэдийн төлөөлөгч Н.Ганхуяг нь шүүх хуралдаанд “2020 онд 1,000,000 төгрөгөөр ТҮЦ барих нь хэцүү бөгөөд 75 хувийн ажил хийгдэж, хэдийгээр хариуцлагагүй хандаж гэрээгээ 100 хувь биелүүлээгүй боловч ажлын хөлс, цаг завыг тооцож хэн хэнээсээ төлбөр шаардах ямар ч шаардлагагүй. Эвлэрэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж үзэв. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч нь зохигч талуудын хэн алиныг буруутай гэж үзээгүй байна.

 

18.Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн ажлын хөлс болох 100,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б- нь төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад зааснаар шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаардаг. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 100,000 төгрөгийг хариуцагч И.Г-гээр нөхөн төлүүлж нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна.

 

19.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 28,950+45,930 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн  тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШТ2023/00015 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ түүний улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 14-нй өдөр төлсөн 44,670 төгрөгийг буцаан олгоогүй байх тул /2 дугаар хавтас 132 тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, ,225 дугаар зүйлийн 225.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Г-гээс 494,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч И.Г-гийн барьж өгсөн ТҮЦ-ийг буцаан авах, түрээсийн төлбөрт 1,880,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 119,550 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 15,472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч, Б.Б-д олгож, Улсын орлогоос 44,670 төгрөг гаргуулж хариуцагч И.Г-д буцаан олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч И.Г-гээс шинжээчийн ажлын хөлс 100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НАРАНГЭРЭЛ

 

                           ШҮҮГЧИД                                 О.АЗЗАЯА

 

              О.ЦЭНД-АЮУШ