Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Э.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлалтай, Э.Ат холбогдох 201526030310 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 7 удаа ял шийтгүүлсэн, 1995 оны 12 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил хорих ял, 1996 оны 11 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял, 1997 оны 5 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ял, 1999 оны 3 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй ялын заримыг нэмж, нийт 3 жил 8 сарын хорих ял, 1999 оны 12 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж, нийт 3 жил 3 сар хорих ял, 2001 оны 1 дүгээр сарын 9-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж, нийт 6 жил 1 сар 27 хоног хорих ял, 2005 оны 7 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж, нийт 6 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлж, 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, У овогт Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11-д заасан “Захиалгаар, бүлэглэн, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Аыг хүнийг захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11-д зааснаар Э.Аыг 19 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Э.А нь оршуулгын зардал 13.500.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г, Ц.Б нарын нэхэмжилсэн 744.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан...” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ... 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан...” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын 6.3 дахь хэсгийн “...олмогц зохих журмын дагуу устгахыг...” гэснийг “...зохих журмын дагуу устгахыг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А бичсэн гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж явдаг. Гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж, гэмт хэргийн улмаас хохирогчийн ар гэрт учирсан материаллаг бодит хохирлын тодорхой хэсгийг өөрийн ухамсраар сайн дураараа нөхөн төлж, цаашид ч нэхэмжлэх хохирлыг төлж барагдуулахыг шүүхийн хэлэлцүүлгийн үед илэрхийлсэн. Хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа эхлэн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан үүсгэлгүйгээр хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин надад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан “захиалгаар”, “шунахайн сэдэлтээр”, “бүлэглэн” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хэрэглэснийг шалгуулахаар дээд шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаар энэ хэргийн захиалагч гэх Ё.Б нь компанийн холбогдох бүхий л баримт бичгийг Г.Аээс айлган сүрдүүлж, зодож нүдээд ч хамаагүй аваад өг гэсэн. Харин миний санаа бол ямар нэгэн аргаар тэр бичиг баримтыг аваад өгвөл Ё.Бтэй улам ойртох, ингэснээрээ итгэлийг нь олж авах, цаашид эдийн засгийн хувьд туслалцаа аваад байж болохоор санаа төрсөн юм. Миний хувьд талийгаачийг огт танихгүй, өш хонзон, өр авлага гэх мэт түүний амь насыг бүрэлгэх ямар ч ноцтой шалтгаан байгаагүй. Зөвхөн хутга тулган цүнхийг нь булаан авахыг оролдох үед талийгаач эсэргүүцэн маш чанга хашгиран шат өгсөн зугтах үед цүнхнийх нь оосроос татан араас нь нэг удаа хутгаар хатгасан. Би сандарсандаа цүнхийг ч авч чадалгүй зугтаасан. Батка хочит Ё.Б нь талийгаачтай садан төрлийн холбоотой, гэрчүүдийн мэдүүлгээр урьд нь заналхийлж, дарамталж байсан гэх боловч хамтарч бизнес эрхлээгүйгээс үүдэн хэн хэн нь ямар нэгэн алдагдалд ороогүй, хоорондын өр авлага, тодорхой хэлбэл нэгнийгээ алах дээрээ тулсан нөхцөл байдал үүсээгүй байсан. Талийгаачийг алуулахаар захиалга өгсөн гэх ямар ч баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Харин миний төлөвлөгдөөгүй буруу үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон нь харагддаг учир хүний амь нас хохироосон үйлдлээ би бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Би дээрх хүн амины хэргийг үйлдэхдээ хохирогчийг заавал алах санаа зорилго агуулаагүй, ямар нэгэн мөнгө төгрөг ч юмуу эд зүйлийг нь авахыг зориогүй, хэн нэгэнтэй үгсэн тохирч мөнгө төгрөг аваагүй, урьдчилан амлаагүй, өөрт ашигтай эдийн сонирхол бий болгоогүй, мөн гэмт хэргийг үйлдэхдээ хэн нэгэнтэй хамтраагүй болохоор төлөвлөгдөөгүй нөхцөл байдлын улмаас ганцаараа мэс хэрэглэн хүний амь нас хөнөөсөн үйлдлээ өөр хэнд ч нялзаалгүй, хийсэн гэмт хэрэгтээ тохирсон ял шийтгэл, өөрөөр хэлбэл “шунахайн зорилгоор”, “бүлэглэн” гэсэн заалтуудыг хянуулж зөв зүйл заалтаар ял шийтгэл хүлээхийг хүсч байгаа юм. Миний бие дотоод, гадаадын шоронд хүнд хэцүү нөхцөлд хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгон ухамсарлаж, хүний амь нас бүрэлгэсэн үйлдлээ хаацайлах, үл ухамсарлах, эрүүгийн хариуцлагаас зайлсхийх хандлага гаргаагүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу “захиалгаар”, “шунахайн сэдэлтээр”, “бүлэглэн” гэсэн заалтуудыг хянан үзэж эдлэх ялаас минь бага ч гэсэн хугацаагаар хасч өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г бичсэн гомдолдоо: “...Э.А нь миний хүүг бусдын захиалгаар, бүлэглэн, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ш.Ж, Г.Э, Х.А, Х.Б нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй бөгөөд түүнийг гэм буруутайд тооцон 19 жил хорих ял шийтгэсэн. Э.А нь Ё.Бийн захиалгаар миний хүүгийн амь насыг бүрэлгэсэн нь тодорхой байгаа. Хавтаст хэргийг уншсан ямар ч хүнд захиалгаар хүний амь нас бүрэлгэж эцэг, эх, эхнэр, 2 нялх хүүхдийг нь өнчрүүлж, үүрдийн зовлонд унагасан гэмт хэрэгтэн гэдэг нь ойлгогдохоор байна. Э.А миний хүүг огт танихгүй, миний хүү ч Э.А гэдэг хүнийг огт танихгүй байтал Ё.Б гэрийг нь зааж өгөөд алуулчихсан ийм л хэрэг болсон. Тэгээд Ё.Б гэгч нь мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан. Э.Аын үйлдсэн гэмт хэрэг нь 12-20 жил хорих, эсвэл бүх насаар нь хорих хуулийн заалттай байхад түүнийг 19 жил хорих ял шийтгэсэн нь хөнгөдсөн гэж үзэж Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь энэ хүн олон удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээж байсан боловч засарч хүмүүжээгүй, шоронгоос суллагдаад 4 сарын дараа дахин гэмт хэрэг үйлдэж хүний амь бүрэлгэсэн, Э.А болон түүний гэр бүл биднээс уучлал гуйж бидний эдийн засгийн болон сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй, талийгаачийн эхнэр бага насны 2 хүүхэд тэжээн тэтгэх хүнгүй амьдрахад маш хүнд байдалд байгаа. Бидний эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол 744 сая төгрөг нэхэмжилснийг 2 шатны шүүх шийдэлгүй орхигдуулж, гэмт хэрэгтэн Э.Ат ашигтай байдлаар шийдэж байгаа нь хэтэрхий шударга бус харагдаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис бичсэн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Э.А, гэрч О.О, Х.А нарын болон сэжигтэн, яллагдагчаар М.Ариунболдын өгсөн мэдүүлгүүдийг шүүх үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ё.Бөөс Э.Ат хүнийг алах гэмт хэргийг үйлдүүлэхээр ямар нэгэн хөлс төлсөн, хөлс төлөхөөр амалсан буюу захиалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн хэрэг болсон газарт байсан гэх гэрч Ү.А, Э.У, Т.М нарын мэдүүлгээс үзэхэд “бүлэглэж” үйлдсэн гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Э.А нь “Г.Аыг алчихвал Ё.Бийг дарамталж, амьдралын эх үүсвэрийн мөнгөөр хангуулж байх” гэсэн өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Г.Аыг алсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу дээрх захиалсан, бүлэглэсэн гэх үйл баримтуудыг үгүйсгэж байгаагаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна. Э.А нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Г.Аыг алсан гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлсэн М.Аын мэдүүлгээр тогтоогдохгүй байна.Магадлалын тогтоох хэсгийн 6 дахь заалтын 6.3 дахь хэсгийн “олмогц зохих журмын дагуу устгахыг” гэснийг “зохих журмын дагуу устгахыг” гэж өөрчлөн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс эд мөрийн баримт нь хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирээгүй байтал анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хүрэн өнгийн иштэй Columbia гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхэгийг олмогц зохих журмын дагуу устгахаар бичсэнийг давж заалдах шатны шүүх эд мөрийн баримтанд энэ хутга байгаа эсэхийг огт нягталж шалгалгүйгээр “олмогц” гэдэг үгийг хасаж өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь эргэлзээ бүхий байх тул хүндрүүлэх шинжүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Э.Ат холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг 3 жилийн хугацаанд явуулан хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоосон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзнэ. Учир нь Э.А урьд нь огт таньж мэдэхгүй хохирогч Г.Аийг алснаар Ё.Бийн итгэлийг бүрэн олж авах, амьдралын эх үүсвэрээ мөнгөөр хангуулах, шунахайн сэдэлтээр, өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилготой байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ё.Б нь Э.Аыг захиалж талийгаачийн орон байр, граж, автомашиныг түүнд заасан, зөвлөсөн, гэмт хэргийг хамтран үйлдэхээр санаатай нэгдэж, туйлд нь хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг бүрэн агуулсан байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Э.Аыг 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Туул-Өргөө” хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд амь хохирогч Г.Аийн нурууны зүүн талд хутгалж санаатай алсан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон нь  хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд
энэ хэрэгт шалгагдаж байсан Ё.Б нь амь хохирогч Г.Аийг зээлсэн мөнгөө төлөхгүй, өөртэй нь хамтарч ажиллана гэж хуурч мэхэлсэн гэх шалтгаанаар байнга заналхийлж, эрэн сурвалжилж байснаас гадна түүнийг алах хүсэл зорилгоо удаа дараа илэрхийлж байсан бөгөөд энэ талаар амь хохирогч Г.А өөрийн гэр бүл, найз нөхдөд хэлж байснаас гадна Ё.Бийн дарамтаас зугтаж, 2014 оны 9 дүгээр сард гэр бүлийн хамт БНХАУ-руу явсан, гэрийнхээ хаалгаа бусдад тайлж өгөхгүй байх, хүн асуувал энэ байрнаас нүүсэн гэж хэлэхийг бусдад захих, тусгай бэлтгэл эзэмшсэн Э.Аыг өөрийн бие хамгаалагчаар ажиллуулах зэргээр өөрийн амь нас, аюулгүй байдлыг болзошгүй аюулаас хамгаалж, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан хэдий ч Ё.Б нь шүүгдэгч Э.Ат амь хохирогч Г.Аийг өөрийг нь болон түүний оршин суух байрны орц, автомашиныг зааж өгч, улмаар Э.А нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг урьдчилан бэлтгэж, гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхцөл байдлыг судалж, улмаар хохирогчийг шөнийн цагт гэртээ ирэх үед орцонд нь отож байгаад хутгалж алсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч Э.А нь Макаод гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 1 дүгээр сард суллагдаж ирснээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байх үедээ Ё.Бтэй байнга харилцаж, тэтгүүлж байхдаа түүний хэлсний дагуу хохирогч Г.Аийг алсан тохиолдолд цаашид өөрийн амьдралын хэрэгцээг Ё.Бөөр хангуулж болохыг урьдаас тооцож, 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Г.Аийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүхээс Э.Аыг захиалгаар, өөртөө, бусдад, эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11-т зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11-т зааснаар шүүгдэгч Э.Ат 19 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11-т зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн зохих хэсгийг нарийвчлан зааж журамлаагүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.5, 2.11-т зааснаар хэргийг зүйлчилсэн өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн анхан шатны шүүх прокуророос хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн эд мөрийн баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт гаргасан техникийн шинжтэй алдааг давж заалдах шатны шүүх засч, өөрчлөлт оруулсан нь зөв байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдол болон мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ял хөнгөдсөн талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН