Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00164

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/024600 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч “ТТ” ХХК, О.Э- нарт холбогдуулан гаргасан 390 840 619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 400 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд болон хүүд төлсөн 77 558 450 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И, хариуцагч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, хариуцагч О.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТТ” ХХК болон О.Э- нар нь “Х” ХХК-ийн Хан-Уул бизнес тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ЗГ/201844182768 тоот зээлийн гэрээ, мөн тус өдөр дугаар БГҮ/201844182762 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 315 555 690 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч О.Э-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011938 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 400 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай орон сууц болон уурхайн тоног төхөөрөмжийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 0 төгрөг, хүүгийн төлбөрт 21 308 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 21 308 450 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 4-5 сарын дараа зээлийн эргэн төлөлт хийхээ больсон ба зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 00 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 5.1.9, 6 дугаар зүйлийн 6.1.1 болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн үндсэн зээлдэгч “ТТ” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Э- нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлдэгч нараас 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ЗГ/201844182768 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг тус тус үндэслэн 2020 оны 00 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 315 555 960 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 74 079 361 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 205 297 төгрөг, нийт 390 840 619 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уул, уурхайн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТТ” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэгдэж хуулийн шаардлага хангасан нь харагдах хэдий ч дараах үндэслэлүүдээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. “ТТ” ХХК нь “Х” ХХК-д зээл авах тухай хүсэлт гаргаж байсан нь үнэн. Хариуд нь “Х” ХХК-аас “...манайхаас салж өгдөггүй нэг зовлонтой, барьцаа үл хөдлөх хөрөнгийг авчих. Түүний дараа зээл олгох боломжтой...” гэсэн санал тавьсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг харвал анхнаасаа “ТТ” ХХК болон О.Э- нарын өмчлөлийн эд хөрөнгө байгаагүй үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болсон. Энэ талаар судалж үзэхэд Д.С- нь 2012 онд “Х” ХХК-аас 200 000 ам.доллар зээлж аваад зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүй болж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар  шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж авагдсан бөгөөд уг захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжид дурдахдаа Д.С-гийн хувьд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Х” ХХК барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа явуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүгчийн захирамжид үг бүрчлэн тусгаж өгсөн. Захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа зохион байгуулж барьцаа үл хөдлөх хөрөнгийг худалдсан бол хариуцагч нар буюу “ТТ” ХХК болон О.Э- өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэж үзэж байна. Гэтэл “Х” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулалгүй Д.С-гээр сонинд худалдан борлуулах зар өгүүлж иргэн Д.С-тэй нийлж илтэд хууль бус буюу 50 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэрээ байгуулсан. Тухайн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Манай зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 1700 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэх ба “Х” ХХК нь Д.С-д холбогдох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөрчиж хэлцэл хийсэн нь тогтоогдож байна. “ТТ” ХХК-ийн хувьд уг үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжгүй талаар дурдаж гэрээ цуцлах тухай хүсэлтийг 2-3 удаа “Х” ХХК-д хүргүүлж байсан бөгөөд уг баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Харин “Х” ХХК нь үндэслэлгүйгээр гэрээ цуцлахаас татгалзаж, цаг хожиж, хүү болон нэмэгдүүлсэн хүүг өсгөх зорилгоор байлгаад байсан нь тогтоогдож байна. “ТТ” ХХК-д худалдсан 175 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь яагаад ч 315 000 000 төгрөг хүрэхгүй ба “Х” ХХК-ийг уг эд хөрөнгийг 315 000 000 төгрөгийн үнэлгээнд хүргэсэн болж харагдуулахын тулд “ТТ” ХХК-д хэзээ ч байгаагүй уул, уурхайн тоног төхөөрөмж барьцаалсан болж хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулсан. Манай зүгээс “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй ба хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зөвхөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч О.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Э-ийн хувьд уг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй байна. Хариуцагч О.Э-ийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа “Х” ХХК-ийн дансанд урьдчилан 57 000 000 төгрөгийг урьдчилан шилжүүлж, 315 000 000 төгрөгийг зээлж авч зээлийн гэрээг байгуулсан. “Х” ХХК-д зээлийн гэрээг цуцлахаар удаа дараа хүсэлт гаргаж “...Барьцаа хөрөнгөө ав. Манайх урьдчилан төлсөн 57 000 000 төгрөг болон 4 сарын зээлийн хүү 20 000 000 гаруй төгрөгөө буцааж авъя...” гэж мэдэгдэж байсан. О.Э-ийн хувьд төөрөгдсөний үндсэн дээр уг зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна. Уг гэрээ нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээний шаардлага хангаж байгаа хэдий ч агуулгын хувьд хөрөнгө оруулалтын гэрээ байх тул уг гэрээг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагатай байгуулсан 315 000 000 төгрөгийн зээлийг олгоогүйд тооцож банкинд урьдчилан төлсөн 57 000 000 төгрөг болон хүүд нь төлсөн 21 000 000 төгрөгөө буцааж авах зорилгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн хөрөнгийн үнэлгээг талууд гэрээ байгуулж байхдаа 375 683 700 төгрөгөөр тохирч худалдаж авсан эд хөрөнгө маань зээлийн гэрээний дагуу 684 942 000 төгрөг болж “Х” ХХК-ийн дансанд орсны дараа уг үл хөдлөх хөрөнгө нь О.Э-ийн эзэмшлийн хөрөнгө болно. Үүнээс харвал үндсэндээ хэт их дарамтад оруулсан бизнесийн зээл гэдэг утгаараа хэрэгжиж чадаагүй “Х” ХХК-г өөрийн давуу байдлаа урвуулан ашиглаж байгуулсан гэрээ гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, уг гэрээгээр өгсөн авсан зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар Д.С-г 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Х” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж, “Х” ХХК-ийг тухайн хугацаа дуустал хүлээхийг даалгасан ба Д.С-г 2018 онд багтааж төлбөрийг барагдуулбал “Х” ХХК нэмэгдүүлсэн хүүнээс татгалзахаар 2018 онд багтааж төлбөрийг төлж барагдуулаагүй бол 56 000 ам.долларыг нэмж тооцон гаргуулна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний стандарт нөхцөл нь илтэд хууль бус байсан гэж үзэж байна. Учир нь “Х” ХХК нь иргэд болон хэрэглэгч нартай байгуулах гэрээ нь тогтмол нэг загвар, стандарт агуулсан. Иргэний хуулийн 200 дугаар зүйлд гэрээ байгуулахад баримтлах стандартыг тодорхойлж өгсөн. Үүнээс харвал зээлийн гэрээний үүргийг хуульд заасны дагуу үүсгэх, гэрээний үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, гэрээний талууд харилцан мэтгэлцэх, шударга ёсны зарчмыг баримтлах ёстой гэх мэт нөхцөлүүдийг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээний тухайд бичгийн хэлбэрээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тул хуульд заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Зээлийн гэрээний тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанчлан талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан бөгөөд Банкны тухай хуульд зааснаар зээл олгосноор зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг харвал 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлбөр төлөгч төлбөрөө барагдуулбал нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхгүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлбөрөө барагдуулбал нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлнө гэж тохиролцсоныг баталсан шүүхийн шийдвэр гарсан байна. Уг шийдвэрээс харвал төлбөр төлөгч буюу Д.С нь заавал эвлэрлийн гэрээ дуусах хугацааг хүлээх шаардлагагүй. Уг хугацаанаас өмнө өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрөө барагдуулах боломжтой ба хугацаанаасаа өмнө зээлээ төлөхөд банкны зүгээс татгалзах зүйл байхгүй байсан. “Х” ХХК-ийн хувьд барьцаа үл хөдлөх хөрөнгийг заавал албадан дуудлага худалдаагаар оруулж үнийн дүнгээс 50-70 хувь бууруулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаагүй, шаардах ч эрх байхгүй. Мөн “Х” ХХК-ийг байхгүй уул, уурхайн тоног төхөөрөмж барьцаалж зээл олгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарын тухайд миний бие уг тоног төхөөрөмжүүдийг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн жагсаалтад дурдагдсан тоног төхөөрөмжүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасны дагуу уг шаардлагаас татгалзсан. Учир нь манай байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас уул, уурхайн тоног төхөөрөмжийн жагсаалт гэрээнд авагдаагүй байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан буюу талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2200 дугаар зүйлийн 225.1, 1700 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч “ТТ” ХХК болон О.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 390 840 619 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч О.Э-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 400 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202011938 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч нарын “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 400 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд төлсөн 57 250 000 төгрөгийг болон зээлийн хүүнд төлсөн 21 308 450 төгрөгийг тус тус гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 182 400 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 737 739 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 182 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь, хариуцагч О.Э- болон компани нь Хаан банкны олгосон гэх зээлийн хөрөнгийг авч хэрэглээгүй, ийнхүү захиран зарцуулаагүй, зарцуулж байгаагүй. “Түвшинтөр трэйд” ХХК-ийн дансанд банк өөрөө дураараа мөнгө байршуулж оруулангуутаа 1 минут болгоод, мөн банк өөрөө Д.С-д О.Э-ийн зээл төлөв гэсэн бичилт хийгээд энэ мөнгөөр Д.С-гийн зээлийн эргэн төлөлтийг хааж авсан. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрх зүйн үр дагавар нь зээлийн хөрөнгийг өөрийн үйл ажиллагаандаа зарцуулж огт чадаагүй, зарцуулаагүй, өмнөх зээлдэгч Д.С болон Хаан банк хамтран зарагддаггүй барьцаа хөрөнгөөс хамтран “салж” надад “шахсан” асуудал болсон хэлцэл байдаг. Хөрөнгийг нь өөрийн нэр дээр болгосноор Хаан банк гол нь хөрөнгө оруулалтын зээл олгохоор амлаж байсан ч олгоогүй. Тухайн 315 555 960 төгрөгийн зээлтэй байна гэдэг шалтгаанаар татгалзсан. Иймээс би “П ББСБ” ХХК-аас өндөр хүүтэй зээл авахад хүрсэн. Хаан банк зээл олгохоос татгалзсан үеэс эхлэн, би энэ зээлсэн хөрөнгө гэх үл хөдлөх эд хөрөнгөө буцааж ав гэж шаардаж эхэлсэн боловч банк хүүний ашгаа бодож, гэрээг цуцлахгүй 2 жил байлгасаар өдийг хүрсэн. Бичгээр 2 удаа, амаар маш олон удаа шаардаж байсан ч энэ асуудлыг бид дангаараа мэдэхгүй, шүүхээр оруулна гэсэн. Ердийн зээл биш учраас л хүүний асуудлыг ярихын тулд хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоолгох шаардлагатай. Үр дагаварт, Хаан банк шүүхийн шийдвэрийн дагуу захиран зарцуулах эрхтэй болсон хөрөнгөө буцааж ав, манайх урьдчилгаанд байршуулсан 57 250 000 төгрөг, нийт 4 сарын хүүгийн төлбөр гэж Хаан банк төлүүлсэн 20 000 000 төгрөгийг буцааж хариуцагчийн дансанд байршуулахыг даалгаж шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ТТ” ХХК, О.Э- нарт холбогдуулан 390 840 619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 400 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд болон хүүд төлсөн 77 558 450 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч “Х” ХХК-аас “ТТ” ХХК-ийн Э-ийн С-гийн зээлийг төлөв гээд мөнгө шилжүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээл орсноос хойших дансны гүйлгээний баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2020оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/12383 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ үндэслэлээ заагаагүй, ямар учраас хүсэлтийг хүлээн аваагүй талаар дүгнэлт хийгээгүй байна. /хх140, 149/

 

            Мөн захирамжийн тогтоох хэсэгт хариуцагчийг “Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” гэж буруу бичжээ.

 

            “Х” ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “ТТ” ХХК-ийн Хаан банкны 5129048985 тоот дансанд 315 555 960 төгрөгийн зээлийг олгосон байх боловч хэргийн нөхцөл байдал, хариуцагч зээлийн зориулалтын талаар маргаж байгаа тохиолдолд зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг зээлдэгчийн данснаас буцаан шилжүүлсэн нь зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн өдөр 371 242 310 төгрөгийг 5998001003 тоот дансанд “О.Э--с Сайнхүүгийн зээл төлөв” гэх утгатайгаар шилжүүлсэн гүйлгээний баримт, уг баримт дахь бичилт, гарын үсгийг нягтлан үзэх нь маргааны үйл баримтыг тогтоох, бусдын өр төлбөрийг төлөх хүсэл зоригоо хариуцагч тал бодитойгоор илэрхийлсэн эсэх нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой байх боломжтой.

 

            Иймд анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн, үүний улмаас хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хангагдаагүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүйг давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/024600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “ТТ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 112 155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ