Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00244

 

2022           03            03                                          001/ХТ2022/00244

 

 

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02465 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр магадлалтай,

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т Т” ХХК, О.Энарт холбогдох

 

390,840,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 45 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд болон хүүд төлсөн 77,558,450 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02465 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т Т” ХХК болон О.Энараас зээлийн гэрээний үүрэгт 390,840,619 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 45 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 45 дугаар байр п-1 хаягт байршилтай 175 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд төлсөн 57,250,000 төгрөгийг болон зээлийн хүүнд төлсөн 21,308,450 төгрөгийг тус тус гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,182,400 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,737,739 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,182,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Т Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 112 155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх хяналтын гомдолдоо: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Магадлалын хянавал хэсэгт: ...Х Бинд дээрх гүйлгээний баримтуудыг авахаар хандаагүй, хандсан талаар бичгэн ямар ч хүсэлт хавтаст хэрэгт авагдаагүй байтал үндэслэлгүйгээр Х Бинд хандсан боловч Х Б өгөх боломжгүй гээд өгөөгүй гэх үндэслэлгүй, нотлогоогүй тайлбарыг хариуцагч нь хэлдэг бөгөөд 2020.09.04-ний өдрийн шүүх хурал дээр шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчөөс аль аль талаас тодруулж асуусны үндсэн дээр хариуцагчийн зүгээс дахин гаргасан нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг нь хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Иймд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн, үүний улмаас хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хангагдаагүй гэж үзсэн нь үндэслэл болно. Мөн магадлалын хянавал хэсэгт: захирамжийн тогтоох хэсэгт хариуцагчийг “Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж буруу бичжээ” гэж дүгнэсэн байна. 2020.09.04-ний өдрийн №102/11132020/12383 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт хариуцагчийн нэрийг зөв тодорхойлж бичсэн аливаа алдаагүй бөгөөд зөвхөн захирамжлах хэсэгт л бага зэргийн алдаа гарч хариуцагчийн нэрийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж буруу бичсэн тохиолдол гарсан байсан. Гэвч энэхүү алдаа нь хэргийн оролцогчийн эрх. үүрэг болон шүүхийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, бичгийн жижиг хэлбэрийн алдаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хэмжээний шүүхийн процессын алдаа биш гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт: “...Х Бнаас 2018.12.31-ний өдөр “Т Т” ХХК-ийн Х Бны 6129048985 тоот дансанд 315,555,960 төгрөгийн зээлийг олгосон байх боловч хэргийн нөхцөл байдал, хариуцагч зээлийн зориулалтын талаар маргаж байгаа тохиолдолд зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг зээлдэгчийн данснаас буцаан шилжүүлсэн нь зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.Мөн өдөр 371,242,310 төгрөгийг 5998001003 тоот дансанд О.Эээс Сайнхүүгийн зээл төлөв гэх утгатайгаар шилжүүлсэн гүйлгээний баримт, уг баримт дахь бичилт, гарын үсгийг нягтлан үзэх нь маргааны үйл баримтыг тогтоох, бусдын өр төлбөрийг төлөх хүсэл зоригоо хариуцагч тал бодитойгоор илэрхийлсэн эсэх нөхцөл байдлыг тодорхойлоход ач холбогдолтой байх боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Олгосон зээлийг хариуцагч нь хэрхэн зарцуулах, хэзээ, хэнд шилжүүлэх нь зээлдэгчийн өөрийн эрх, хэмжээний асуудал бөгөөд банк нь зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ямарч гүйлгээг хийх боломжгүй байдаг. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлал болон хариуцагчийн тайлбарт дурьдсан шиг Х Б нь зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зээлийн данснаас нь олгосон зээлээ буцаан татаж бусдын зээлийг төлүүлсэн бол зээлдэгч. хариуцагч “Т Т” ХХК нь банкинд тэр даруй гомдол гаргах байсан эсвэл огт зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөргүй байх байсан. Гэвч зээл олгосноос хойш хугацаанд зээлдэгч “Т Т” ХХК нь Х Бинд хандаж миний данснаас зөвшөөрөлгүй танайх дур мэдэн гүйлгээ хийсэн байна гэж огт гомдол гаргаж байгаагүй. ... хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нийт 2,182,355 төгрөг тушаах ёстой байтал 2,112,155 төгрөгийг тушааж илтэд дутуу буюу 70,200 төгрөгийг дутуу тушаасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн давах гомдол гаргахдаа тушаасан улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнд ач холбогдол өгөлгүйгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн адил үндэслэлгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. “Х Б” ХХК нь “Т Т” ХХК, О.Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 390,840,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч нараас орон сууц болон урьдчилгаанд болон хүүд төлсөн 77,558,450 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

5. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 

6. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч талууд маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар “Төлбөр төлөгч “Т Т” ХХК /РД: 5744563/ болон О.Энар нь 2018.12.28-ны өдрийн №БГҮ/201844182768 тоот барьцааны гэрээнд заасан Барьцааны зүйл болох эрхийн зөрчилгүй Зээлдэгч О.Эийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Их тойруу гудамж, 45-р байр, п-1 хаягт байршилтай, 175 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцуулан шилжүүлэх, өмчлөгчөөр “Х Б” ХХК, түүний төлөөлөгчийг бүртгэхэд шаардлагатай Худалдах, худалдан авах гэрээг байгуулах, хүсэлт, бичиг баримтыг гарган Улсын бүртгэлийн газарт өгөх; талууд Эвлэрлийн гэрээг байгуулан, нотариатаар гэрчлүүлэх ба зохигч эвлэрсэн талаар Хяналтын шатны шүүх рүү гэрээний хувийг албан тоотын хамт хүргүүлж, Улсын дээд шүүхийн тогтоол гаргуулан маргааныг дуусгавар болгох; хариуцагч нараас гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ажиллагаа бүрэн хийгдэж, өмчлөх эрх хууль ёсоор баталгаажин талуудын төлөөлөл үл хөдлөх эд хөрөнгийг актаар хүлээлгэн өгч, хүлээлцэн авсаны дараа нэхэмжлэгч “Х Б” ХХК нь зээлийг хааж, тухайн зээлтэй холбоотойгоор хариуцагч нарын хүлээсэн үүрэг бүрэн дуусгавар болохоор харилцан тохиролцсон болно.” гэсэн нөхцөл бүхий гэрээг ирүүлсэн байна.

 

7. Эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/02465 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Т Т” ХХК, О.Энар нэхэмжлэгч “Х Б” ХХК-д О.Эийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Их тойруу гудамж, 45-р байр, п-1 хаягт байршилтай, 175 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцуулан шилжүүлэх, өмчлөгчөөр “Х Б” ХХК, түүний төлөөлөгчийг бүртгэхэд шаардлагатай худалдах-худалдан авах гэрээг байгуулах, хүсэлт, бичиг баримтыг гарган Улсын бүртгэлийн газарт өгөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,182,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

 

                                                                                            П.ЗОЛЗАЯА

 

                                                                                            Д.ЦОЛМОН

 

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД