Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 49

 

“БЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, МХЕГ, тус газрын ДБХГ-ын дарга

Д.Ж-д холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Х.Батсүрэн

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                          Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ын даргаД.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0006 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.ТүмэнЖ-, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхбаяр, гуравдагч этгээд “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин, өмгөөлөгч Р.Болдбаатар, Г.Цолмонгэрэл нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БЦ” ХХК-иас МХЕГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ын даргаД.Ж- нарт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ын даргаД.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0006 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн нэхэмжлэлийг хангаж, МХЕГ /ажлын хэсэг/-т 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжийн дагуу Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаагүйг хууль бус болохыг тогтоож, уг хяналт шалгалтыг тус удирдамжийн дагуу явуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхбаяр, Ш.Уранчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0006 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/275 дугаар удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухайд: Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Тайлбар тодруулга авах тухай” 1-1/4305 тоот албан бичгээр “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамж, Сант сургуулийн өргөтгөлийн барилга-улсын комиссын үйл ажиллагаа, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Астра вилла” хотхон-улсын комиссын үйл ажиллагаа, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ өргөө” хотхоны барилгын хүүхдийн тоглоомын талбайд-барилга барих зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа, улсын байцаагчдын 2015/01-59-07-002 тоот албан шаардлага, 01/2016 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах зэрэг 3 асуудлаар шаардлага тавьсныг манайд ирүүлсэн байдаг.

5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж хуульчилсан. Тиймээс дээрх асуудлыг шалгах хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталсны дагуу улсын байцаагч нар хяналт шалгалтанд ач холбогдол бүхий баримт, материалуудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас татан авч, хянан шалгах ажиллагааг хэрэгжүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.2-т “хяналт шалгалтын арга, хэлбэр гэж тухайн хяналт шалгалтанд хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх, ...-ийг ойлгоно” хэмээн хуульчилсан. Мөн энэ хяналт шалгалтын явцад гомдол гаргасан “БЦ” ХХК болон “Сант” сургуулийн эрх бүхий төлөөллийг хүлээн авч, тайлбар авч, холбогдох төрийн болон Үндэсний төв архивын байгууллагаас нотлох баримт, материалуудыг нэмж гаргуулж авсан байдаг. Мөн энэхүү хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, 5-д заасан өргөдөл, гомдол гаргагчийн эрхийг хангасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 521.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж хуульчилсан нь хяналт шалгалт хийх хугацааг хуульчлан тогтоосон болохоос хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнгээр улсын байцаагч ямар нэгэн шийдвэр гаргах тэр “тусмаа” дүгнэлт гаргах талаар тусгаагүй болно.

6. Мөн 2017 оны 01/275 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар ажлын хэсэгт “дүгнэлт” гаргахыг даалгаагүй бөгөөд хяналт шалгалтын дүнгээр гаргасан тайлбар тодруулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэхийг даалгасан байна. Харин нэхэмжлэгчээс дээрх хуулийн заалтыг баримтлан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнгээр “дүгнэлт заавал гаргах ёстой” хэмээн хуулийг буруу тайлбарлаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

7. Улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомж болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасны дагуу хяналт шалгалтын дүнгээр акт, албан шаардлага, дүгнэлт, торгууль, шийтгэврийн хуудас, танилцах хуудас, илтгэх хуудас гаргахаар тусгасан байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж дуусган, хяналт шалгалтын дүнг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3831, “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 дүгээр албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн.

8. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт"-ын 10.3.11-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явц, дүнгийн талаар удирдах албан тушаалтанд илтгэх хуудсаар танилцуулж болно”, 11.20-т “Илтгэх хуудас-хяналт шалгалтын явц, дүнгийн талаарх санал, дүгнэлтээ эрх бүхий албан тушаалтанд танилцуулах баримт бичиг" гэж зааснаар хяналт шалгалтын дүнгийн хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар “Хяналт шалгалтын илтгэх хуудас”-д тодорхой тусгаж, ажлын хэсгийн бүх байцаагчид гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

9. Хяналт шалгалт хийж байсан асуудлаар холбогдох шүүхээс гаргасан байсан хүчин төгөлдөр шийдвэрийн талаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10478 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШТ2017/0032 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дүгээр актын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй, уг актын улмаас “БЦ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэж “БЦ” ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэрийн шүүхэд гаргасан “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээн авсан 2016/340 дүгээр актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг” ойлгоно гэж хуульчилсан. “БЦ” ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэрийн гаргасан шаардлага гэх “гомдол"-д тусгагдсан “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан улсын комиссын 2016/340 дүгээр актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна хэмээн үйл баримтыг шүүхээс тогтоож дүгнэсэн. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дээрх үйл баримтыг үндэслэл болгож, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардлага “гомдол”-ын хариуг албан бичгээр хүргүүлсэн.

10. Мэргэжлийн хяналтын байгууллагын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийн талаар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т “хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих”, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ”, 47.2.1-т “барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт”, 47.2.2-т “барилгын материал, түүхий эд, эдлэхүүн, бүтээгдэхүүний чанарт”, 47.2.3-т “барилга байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд”, 47.2.4-т “барилга байгууламжийн ашиглалтад”, 47.2.5-д “өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд”, 47.2.6-д “барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн судалгааны ажлын чанарт”, 47.2.7-д “барилга байгууламжийн нуралт, эвдрэл, өргөх байгууламжид гарсан ослын шалтгаанд”, 47.2.8-д “өргөх байгууламжийн улсын бүртгэлд”, 47.2.9-д “барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт”, 47.2.10-т “зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд”, 47.2.11-т “барилга байгууламжийн зүгшрүүлэх, тохируулах болон эдэлгээний хугацаанд гарсан зөрчилд”, 47.2.12-т “дуусаагүй болон түр зогссон барилга байгууламжийн хамгаалалтын горимын хэрэгжилтэд”, 47.2.13-т “барилга байгууламжийн төсөвт өртөг, үнэ бүрдэлд”, 47.3-т “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн техникийн дотоод хяналтын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавина”, 47.4-т “Барилга байгууламж баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор эрх бүхий улсын хяналтын байцаагч барилга байгууламжид тухайн чиглэлээр нэмэлт шалгалт хийж болно” гэж тусгайлан зааж өгсөн байдаг. Дээрх салбарын хуульд зааснаас үзэхэд Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад аливаа барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх, чиг үүргийг барилгын салбарын хуулиар олгоогүй байна. МХЕГ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 болон Барилгын тухай хуулийг 47 дугаар зүйлийг мөрдлөг болгон 01/275 дугаартай удирдамжийг боловсруулж баталсан. Тус удирдамжийн “1. хяналт шалгалтын зорилго хэсэгт ... “Барилгын тухай хууль, тогтоомж, холбогдох журам, дүрмийн хүрээнд хяналт шалгалт хийж, тайлбар тодруулга гаргахад хяналт шалгалтын ажлын зорилго оршино”, “6. Шалгалтын дүнг танилцуулах хэсэгт ...шалгалт дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлнэ. Шалгалтын нэгдсэн дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагад танилцуулна” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч нар 2017 оны 01/275 дугаар удирдамжид заасан хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн асуудалд тайлбар тодруулга гарган хүргүүлэхэд тус удирдамжид заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын зорилго чиглэсэн.

11. “Сант” дунд сургуулийн өргөтгөлийн барилгын улсын комиссын үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнгээр улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт гарган Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн бол энэ үйлдэл нь Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын /ахлах/ байцаагчид нь салбарын хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн хэмээгдэн улсын байцаагчийн гаргасан дүгнэлт, албан шаардлага, акт хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болох байсан.

12. Комиссын бүрэлдэхүүнд холбогдох чиглэлийн төрийн захиргааны /төв/ болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд, салбарын нарийн мэргэжлийн албан хаагчид болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх бүхий этгээдүүдийн төлөөллүүд оролцдог тул энэ үйл ажиллагаатай холбоотой гомдол, өргөдлийг мэргэжлийн хяналтын байгууллага авч үзэж, хянан шалгадаггүй байсан. Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллага нь улсын комиссын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын дээд шатны байгууллага нь биш, хуулиар олгогдсон чиг үүрэгт нь улсын комиссын үйл ажиллагааг хянах шалгах чиглэл байдаггүй тул комиссын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой гомдлыг шууд шүүхэд гаргаж, хянан шийдвэрлүүлэх ажиллагааг хэрэгжүүлдэг байсан.

13. Мөн магадлалын ТОГТООХ хэсэгт бичсэн “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д” гэж хуульд байхгүй заалтыг бичиж, буруу тэмдэглэсэн байна. Дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0006 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

14. Гуравдагч этгээд “Сант” сургуулийн захирал Д.Зургаажин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0006 дугаар магадлалаа гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй этгээдэд илт ашигтайгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

15. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн эхний хэсгийн 1, 2, 5-д ”өргөдөл гомдол гаргагч нь гаргасан өргөдөл гомдлынхоо хариуг авах, өргөдөлтэйгөө холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах, төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байх тул удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулахыг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байдаг. МХЕГ нь хяналт шалгалтын ажлын хэсэг томилсон байдаг бөгөөд энэхүү ажлын хэсэг нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжид заасны дагуу хийж дуусгаад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр илтгэх хуудас бичиж, хариуг “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрт хүргүүлж ажилласан байдаг.

16. Өөрөөр хэлбэл, МХЕГ нь гомдол гаргагчаас холбогдох тайлбар нотлох баримтуудыг гаргуулан авч, өргөдөл гомдлыг нь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар хангалттай нотлогдож байхад өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй, тайлбар нотлох баримт гаргуулаагүй, хариу өгөөгүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж илт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарган хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

17. “БЦ” ХХК нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барихаар 2013 оны 6 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч 2013 оны 10 сард албан бичгээр гэрээгээ цуцалж, манай барилгын ажлыг хаяж явсан. Бид “БЦ” ХХК-ын дансанд 4 сарын хугацаанд 1 тэрбум 200 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл тус компанийн гүйцэтгэсэн нийт ажил нь ашигтайгаа нийлээд 981 сая төгрөг болохыг Баянзүрх дүүргийн шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Бид 200 гаруй сая төгрөгийг илүү төлж хохироод байгаагаас гадна сургуулийн өргөтгөлийн барилгын зарим ажлыг дахин хийлгүүлэхэд 100 гаруй сая төгрөгийг зарцуулж, бодит хохирол амссан. “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь төр захиргааны байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж, “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг шалгуулах замаар дарамт шахалт үзүүлсээр байна. Ялангуяа, шүүх хурал болохоос 2-3 хоногийн өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар манай сургууль дээр ирж, хяналт шалгалт явуулж, сэтгэл санааны дарамт үзүүлдэг нь ердийн үзэгдэл боллоо.

18. Мөн Б.Батдэлгэр нь орон даяар авдаг анги дэвших улсын шалгалтын өдрүүдийг давхцуулан “Сант” сургуулийн гадаа 50 хүнтэй, чанга яригчтай жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авсан нь уг хэрэгт холбоогүй хүүхдүүдийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөх түүний бусармаг үйл ажиллагааг тодорхой харуулж байна. Б.Батдэлгэр нь барилгын ажлын хөлс дутуу авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг боловч бодит байдал дээр шүүхэд одоог хүртэл сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, бусдыг хохироочихоод нийгэмд буруу ойлголт төрүүлж, хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байна.

19. Иймд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

20. Гуравдагч этгээд “Сант” сургуулийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Р.Болдбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаа гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байна.

21. Хуулийн холбогдох зүйл заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: 221/МА2019/0006 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгтээ анхан шатны шүүх нөхцөл байдлыг буруу дүгнэж, шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж, хяналт шалгалт явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

22. Иргэдээс төрийн байгууллага. албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч “БЦ” ХХК нь шүүхээр маргаж байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 тоот Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийг гаргуулахаар хариуцагчид гомдол хүсэлт гаргаагүй байна.

23. “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь анх Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарт хариуцлага тооцуулж огцруулах, Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нар нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисст ажиллахдаа хууль зөрчиж мөнгөтэй хүмүүст үйлчлэн жирийн иргэдийн эрх ашгийг хохироож байна. Улсын байцаагчийн эрх авсан төрийн албан хаагчид хууль зөрчиж байгаа тул байцаагчийн эрхийг цуцлуулах” зэрэг асуудлаар шаардлага гаргасны дагуу дээрх асуудлыг тодруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам хүлээн аваад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулга мэдээлэл өгөхийг хүсч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1-1/4305 тоот албан бичгийг хариуцагчид илгээсэн байна.

24. МХЕГ нь Нийслэлийн засаг даргыг огцруулах, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх эрхгүй. Дээрх албан бичгийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд “БЦ” ХХК-ийн шаардлагад дурдсан барилгуудыг байнгын ашиглалтад хүлээн авсан комиссын акт, үйл ажиллагааны талаар шалгалт явуулахаар удирдамж баталсан. Ажлын хэсэг удирдамжийн 3.1-д заасан “Сант” сургуулийн барилгыг хүлээн авсан бүхий л ажиллагаанд хяналт шалгалт явуулсан байна.

25. Б.Батдэлгэрийн шаардлагад дурдсан асуудлууд бүгд хууль хяналтын байгууллагад шалгагдаж шийдвэрлэгдсэн болохыг шалгалтын явцад тогтоосон. Тодруулбал, “Сант” сургуулийн барилгыг хүлээн авсан комиссын 2016/340 актыг хүчингүй болгуулахаар “БЦ” ХХК захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлд дурдсан асуудал нь Ерөнхий сайдад гаргасан шаардлагад дурдсан асуудалтай таарч байсан. Гэвч Захиргааны хэргийн шүүх “Сант” сургуулийн барилгыг хүлээн авсан комиссын 2016/340 дүгээр актыг хүчингүй болгуулахаар “БЦ” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй, тус компанийн эрх ашгийг хөндөөгүй тухай 2017 оны 221/ШТ2017/0032 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

26. Өөрөөр хэлбэл, “БЦ” ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэрийн гомдлоор 2016/340 дүгээр акттай холбоотой аливаа өргөдөл гомдол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй болохыг шүүхээс эцэслэн тогтоосон байна. Мөн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нар удаа дараа хууль дүрэм зөрчсөн, хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба Нийслэлийн прокурорын газраас тус үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоон 170200036 тоот хэргийг хаасан. “Сант” сургууль, “БЦ” ХХК-ийн хооронд өргөтгөлийн барилгыг чанаргүй гүйцэтгэсэнтэй холбоотой хэрэг маргаан эрүүгийн болон иргэний журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан. Өөрөөр хэлбэл шүүх, хууль хяналтын байгууллагаас явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад комиссын үйл ажиллагаа, хууль дүрэмд нийцсэн эсэх байдалд дүгнэлт хийж байсан болно. Ийнхүү Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4 өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн хяналт байгууллага нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцон хянан шийдвэрлэж байгаа асуудлын талаар дүгнэлт гаргах, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй байх үүднээс акт хуульд нийцсэн талаар хөндлөнгийн дүгнэлт гаргаагүй байна.

27. Гэтэл Давж заалдах шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан “Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/ШТ2017/0032 дугаар тогтоолоор “БЦ” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар дүгнэсэн болохоос биш актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй” хэмээн зарчмын зөрүүтэй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, эрх ашиг нь хөндөгдөөгүй хөндлөнгийн этгээдийн гомдлоор бусдын эд хөрөнгийн эрхэнд халдах, үр дагавар үүсгэж болзошгүй хууль бус дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгасан нь хууль бус юм.

28. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.2.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12-д зааснаар Мэргэжлийн хяналтын байгууллага нь хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд иргэдээс болон эрх бүхий байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулна. Ингэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 7-д зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд гомдол мэдээллийг хянан үзэж үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй байна. Гэвч мөн хуулийн 14 дүгээр зүйлд гомдлыг шийдвэрлэхгүй байх хязгаарыг тогтоосон. Дээр дурдсанчлан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гомдол мэдээллийг хянан үзэхгүй байх хязгаарт хамаарах нөхцөл байдал үүссэн байтал шүүхээс тус хуулийн 7, 14 дүгээр зүйлийн уялдаа холбоог харгалзан үзэлгүй захиргааны байгууллагын эрх хэмжээнд хууль бусаар халдаж, гомдлыг шийдвэрлэхийг даалгасан нь хуульд нийцэхгүй байна.

29. Цаашлаад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг гомдол гэнэ” гэж гомдол ба өргөдөл хүсэлт мэдээллийг ялгах шинжийг тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 37, 42, 92 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар иргэдээс гаргасан мэдээлэл, өргөдөл, гомдлын зөвхөн “3ахиргааны шийдвэр акт бүхий, тус шийдвэрийн улмаас хуулиар олгосон эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу хандсан” шаардлагыг хүлээн авч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хариу өгөх улмаар субьектив эрхийн хүрээнд шүүхийн хандаж эрхээ хамгаалуулахаар хуульчилсан байна.

30. Гэтэл “БЦ” ХХК нь Ерөнхий сайдад хандсан шаардлагадаа түүнд чиглэсэн тодорхой тохиолдлыг зохицуулсан захиргааны акт гарсан талаар дурдаагүй. Түүнчлэн хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлдээ дурдаад байгаа удирдамжийн үйл ажиллагааны хүрээнд алдаатай байсныг заавал дүгнэх ёстой хэмээн гэсэн асуудлын гол үндэслэл болох “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан 2016/340 тоот акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тухай Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/ШТ2017/0032 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна. “БЦ” ХХК-ийн шалгуулахаар хандаад байгаа асуудал нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн Ерөнхий сайд, Мэргэжлийн хяналтын байгууллагад хамааруулж гаргасан шаардлага нь хуульд зааснаар захиргааны шүүхийн хүлээн авах нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Харин хүсэлт мэдээллийн шинжтэй байна. Хүсэлт, мэдээллийг шийдвэрлээгүй эсэх асуудлаар захиргааны шүүхэд хэрэг үүсэх боломжгүй юм.

31. Иймд, МХЕГ нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар иргэн Б.Батдэлгэрээс ирүүлсэн мэдээлэл хүсэлтийн дагуу хяналт шалгалт явуулах эсэхээ шийдвэрлэх эрхтэй бөгөөд тухайн асуудал нь тус компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шинжгүй тул заавал шийдвэрлэх үүрэг хүлээхгүй юм.

32. Хууль бус эс үйлдэхүй гаргаагүй тухайд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 01/275 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн зориулалт нь Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдээлэл өгөх зорилготой байсан хэдий боловч хариуцагч нь хуулийн хүрээнд шалгалт явуулан нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад төдийгүй шаардлага гаргагч “БЦ” ХХК-д шуурхай мэдээлэлж ажилласан байна. МХЕГ, ДБХГ-ын даргань хяналт шалгалтаа явуулан хязгаарлалт бүхий нөхцөл байдлыг зөв үнэлэн ажлын хэсгийн дүгнэлтээ гарган танилцуулсан тул хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй юм. Мөн МХЕГ нь гомдол гаргагчаас холбогдох тайлбар нотлох баримтуудыг гаргуулан авч, өргөдөл гомдлыг нь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар хангалттай нотлогдож байхад өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй, тайлбар нотлох баримт гаргуулаагүй, хариу өгөөгүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нотлох баримт дээр үндэслэлгүй, илт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан болно.

33. Иймд, Нэхэмжлэгч “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, 5-д “өргөдөл гомдол гаргагч нь гаргасан өргөдөл гомдлынхоо хариуг авах, өргөдөлтэйгөө холбогдуулан тайлбар, нотлох баримт гаргах, төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх” эрх зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд удирдамжийн дагуу шалгалтыг явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй болно. Түүнчлэн өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь өргөдөл гомдолд хариу өгөхтэй холбоотой асуудал болохоос, хяналт шалгалтыг дахин явуулах хуулийн үндэслэл биш болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хяналт шалгалтыг явуулах үндэслэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу явагдах ёстой болохоос өргөдөл гомдолд хариу өгөөгүй тохиолдолд хяналт шалгалт явуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно.

34. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хяналт шалгалт явуулсантай холбоотой гомдлыг шалгуулсан этгээд гаргахаар зохицуулсан байхад шалгуулаагүй, эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, этгээдийн гомдлоор захиргааны хэрэг үүсгэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 дахь хэсгийг явцууруулан буруу тайлбарлаж, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гомдол нэхэмжлэл гаргах эрх үүсэх урьдач нөхцөл, шаардлагатай холбоотой хэм хэмжээг хэрэглэлгүй захиргааны байгууллагын сонгох эрх, чиг үүрэг бүрэн эрхэд халдаад зогсохгүй захиргааны хэргийн шүүхийн харьяалал, хамгаалалтад үл хамаарах асуудлаар хэрэг үүсгэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

35. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: “БЦ” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй болно. Маргаан бүхий захиргааны акт эс үйлдэхүйг тогтоолгох, даалгах шаардлага нь хууль бус байна.

36. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37, 92 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, “БЦ” ХХК-ийн нэхэмжлэл тодорхой захиргааны актад үндэслээгүй, даалгах шаардлага нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж, ямар эрхийг сэргээн тогтоох нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/Ш32018/1779 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар хугацаа тогтоон буцаасан. Тус захирамжийн дагуу “БЦ” ХХК нь хөндөгдсөн бөгөөд сэргээгдэх эрх ашиг сонирхлоо “Сант” сургуулийн барилгыг хүлээн авсан комиссын 2016/340 дүгээр актыг хүчингүй болгуулахаар “БЦ” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй, тус компанийн эрх ашгийг хөндөөгүй тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/ШТ2017/0032 дугаар тогтоолыг хүчингүй болгох” гэж тодорхойлсон нь шүүхийн шийдвэр эцсийнх байх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

37. Мөн маргаан бүхий захиргааны актад гомдол гарган шийдвэрлүүлэхийн тулд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. “БЦ” ХХК нь маргаан бүхий эс үйлдэхүйг тогтоолгон, шалгалт явуулахыг даалгахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн эсэхээ “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хандан гомдол гаргасан ба гомдлын хариуг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/537 тоот албан бичгээр авсан” гэж тайлбарлажээ. Гэвч тус албан бичгүүдийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШТ2018/0320 дугаар тогтоолоор захиргааны акт биш гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасан “захиргааны актад гаргасан гомдлыг хянаад захиргааны акт гаргана” гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий эс үйлдэхүйтэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус маргаан бүхий эс үйлдэхүй нь захиргааны акт биш байна.

38. Иймд, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0006 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх буюу хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

39. “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ын даргаД.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах” тухай “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасантай нийцээгүй байна.

40. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

41. Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс гаргасан гомдлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо Усны гудамж, “Сант” сургуулийн өргөтгөлийн барилга-улсын комиссын үйл ажиллагаа, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Астра вилла” хотхон-улсын комиссын үйл ажиллагаа, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ өргөө” хотхоны барилгын хүүхдийн тоглоомын талбайд барилга барих зөвшөөрөл олгосон ажилд хяналт шалгалт хийхээр төлөвлөгдсөн, нэхэмжлэгч нь уг удирдамжийн “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авсан үйл ажиллагааны асуудлын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна. 

42. Тухайн удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг шаардлагад дурдсан 3 асуудлаар шалгалт хийж, дүнг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/275 дугаар илтгэх хуудсаар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон гомдол гаргагч Б.Батдэлгэр нарт хүргүүлсэн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч, “...шалгалтыг удирдамжийн дагуу явуулаагүй..., ...албан ёсны дүгнэлт гаргах ёстой ...эс үйлдэхүй...” гэж, харин хариуцагч нь “...шалгалтыг хийж, дүнг удирдамжид заасан дагуу илтгэх хуудсаар танилцуулсан..., ...эс үйлдэхүй гэж үзэхгүй...” гэж тус тус маргажээ.

43. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар удирдамжийг гаргахаас өмнө мөн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалаар Б.Батдэлгэрийн гомдолд дурдсан асуудлаар шалгалт хийх зорилго бүхий 11 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон, дээрх 01/275 дугаар удирдамж болон А/198 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүдийн нь бүрэлдэхүүн хувьд болон шалгалтын зорилго нь адил, энэ талаар мөн илтгэх хуудсанд тэмдэглэгдсэн байна.

44. Дээрх байдлаар удирдамжид заасан үндэслэлээр шалгалт явуулж илтгэх хуудсаар дүнг танилцуулсан хариуцагчийн үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 10.3.11-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар удирдах албан тушаалтанд илтгэх хуудсаар танилцуулж болно”, 11.20-д “Илтгэх хуудас-хяналт шалгалтын явц, дүнгийн талаарх санал дүгнэлтээ эрх бүхий албан тушаалтанд танилцуулах баримт бичиг” гэж тус тус заасантай нийцсэн байх тул хариуцагчийг хяналт шалгалт хийгээгүй, дүгнэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

45. Давж заалдах шатны шүүх маргаанд ач холбогдол бүхий “БЦ” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн гомдлыг шийдвэрлэх хүрээнд удирдамжийн дагуу хийсэн шалгалтын талаарх дүнг танилцуулсан илтгэх хуудсыг үнэлэлгүйгээр өмнө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн 01/3831 дүгээр албан бичгийг үндэслэн “...хяналт шалгалт явуулаагүй...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.

46. Нэгэнт захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гэж хариуцагчийг буруутгахааргүй, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ...удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж тодорхой заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодруулсан гэх 13 асуудлаар дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргах боломжгүй юм.

47. Нөгөө талаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгүүдэд тус тус заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх, ...зөрчигдсөн эрхийг сэргээх...” гэх агуулгад нийцэхгүй юм.  

48. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээд “Сант” сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ