Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Д.Мө-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                                   Ц.Амаржаргал

                                              Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                Б.Долгион

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас  гаргасан 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Доржийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 201618000069 дугаартай, 148/2016/0070/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 05 дугаар 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, цэргийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган замын 7 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Олхонууд овогт Д.Мө- /РД: УК65051413/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Мө- нь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсаас Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор өөрийн эзэмшлийн “SSANGYONGMUSSO” маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож зорчиж орж ирэхдээ “Ванкомицин” гэх 983.000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйл хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.Мө-т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 71 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овогт Д-ийн Мө-ыг мөн хуулийн тусгай ангийн 198

2.

 

дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан “...хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар  Олхонууд овогт Д-ийн Мө-ыг 03/гурав/ жил 01/нэг/ сарын хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мө-т оногдуулсан 03/гурав/ жил 01/нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мө-ын эзэмшлийн “SSANGYONGMUSSO” маркийн 75-36 УНУ улсын дугаартай KPAKE4AD14P347728 арлын дугаар бүхий мөнгөлөг саарал өнгөтэй, 2265 сс хөдөлгүүрийн багтаамжтай, дизель, автомат хурдны хайрцагтай, 2004 онд үйлдвэрлэсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий бага оврын ачааны тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан “Ванкомицин” гэх 148 ширхэг 983.300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Доржийн Мөнхбаатарт оногдуулсан 03/гурав/ жил 01/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мө-ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Улсын Дээд Шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолд “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн бусад хэрэгсэл гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатах зорилгоор...” хэмээн тайлбарласан байдаг.

Миний үйлчлүүлэгч Д.Мө- нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүн оруулж гарган амьдралаа залгуулдаг бөгөөд зорчигч тээвэрлэх нь түүний амжиргааны эх үүсвэр юм. Тиймээс ч зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа хийж байхдаа бусдын гуйлтыг биелүүлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон гэх эд зүйл болох “Ванкомицин” гэх 148 ширхэг 983.300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлс нь тээвэрлэхгүйгээр авч явах боломжгүй буюу ийнхүү тээвэрлэснээр учруулж болох хор аюул нэмэгдэх, гэмт хэргийн газраас зугатах гэсэн ямар нэгэн зорилгогүй байсан нь тэрээр байнгын хүн тээвэрлэдэг үйл ажиллагаа эрхэлдэг, ийнхүү амьжиргааныхаа эх үүсвэрийг олдог байдлаас харагдаж байхад анхан шатны шүүх “...эм, эмийн зүйлийг хууль бусаар импортолж оруулж ирэх үйл явцдаа тээврийн хэрэгсэл дотроо эм, эмийн зүйлээ үлдээсэн байсан, уг тээврийн хэрэгслээр зорчигч нар тээвэрлэж оруулж ирэхдээ уг зорчигч нарыг хууль бусаар эд зүйл оруулж ирэх арга хэрэгсэл болгон ашигласан, түүнчлэн тээврийн хэрэгсэл байгаагүй нөхцөлд зорчигч тээвэрлэх, хууль бусаар эм, эмийн хэрэгсэл импортлох боломжгүй...” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ ... бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана...” гэсний дагуу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох “Ванкомицин” гэх 148 ширхэг 983.300 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг хурааж

 

3.

 

улсын орлогод оруулж болох байсан атал анхан шатны шүүх устгалд оруулахаар заасныг эс зөвшөөрч байна. Хэдийгээр зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортолсон боловч уг эм, эмийн зүйл нь зохих үнэлгээтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа нь дууссан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг нягтлан шалган тогтоосноор эд хөрөнгө хураах ялыг хэрэглэх боломжтой байсан бөгөөд уг “Ванкомицин” гэх эм, эмийн зүйлсэд эмчилгээ, үйлчилгээний шаардлага хангах эсэхийг тодруулан, шинжээчийн дүгнэлт гаргасан бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан амжиргааны эх үүсвэрийг хураахгүй байх боломжтой байсан билээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь тогтоохыг хуульчилсан байхад энэхүү гэмт хэргийг үйлдэж олсон гэх “Ванкомицин” гэх эм, эмийн зүйлийг зайлшгүй шалган дүгнэлт гаргаагүй, анхан шатны шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй үйл баримтыг амарчлан дүгнэж зохих үнэлгээ бүхий эд зүйлсийг устгахаар заасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэжээ.

 

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ:

  …Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

    

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай  шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ялтан Д.Мөнхбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсаас Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор өөрийн эзэмшлийн “SSANGYONGMUSSO” маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож зорчиж орж ирэхдээ “Ванкомицин” гэх 983.000 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйл хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Болдбаатарын /хэргийн 40 дүгээр тал/ мэдүүлэг, хэргийн 42-50, 52-54 дүгээр хуудсанд авагдсан гэрч Б.Тиэнхө, Х.Лхагвасүрэн, Н.Шийтэр, Ж.Баярсайхан, Ш.Түвшинжаргал, Р.Цамба нарын мэдүүлэг, Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт /хэргийн 57 дугаар хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0004105 дугаартай Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хэргийн 4 дүгээр тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 5,6,7,8,10 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт, гадаад паспортын хуулбарууд       / хэргийн 11-18 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 9 дүгээр тал/  болон  хэргийн материалд цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Ялтан Д.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын давж заалдах шатны  шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийн дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Д.Мөнхбаатар нь өөрийн эзэмшлийн “SSANGYONGMUSSO” маркийн 75-36 УНУ улсын дугаартай бага оврын ачааны тээврийн хэрэгслээр Б.Тиэнхө, Х.Лхагвасүрэн, Н.Шийтэр, Ж.Баярсайхан нарыг ОХУ-аас Монгол улс руу  зорчигчоор тээвэрлэх явцдаа хууль бусаар импортолж буй “Ванкомицин” гэх 983.000 төгрөгийн үнэ бүхий эмийн  тодорхой хэсгийг тэдэнд тарааж хууль бусаар эд зүйл оруулах хэрэгсэл болгон ашигласан, улмаар уг тээврийн хэрэгслээр ОХУ-аас хууль бусаар импортолж буй  эмийг зөөж тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул  анхан шатны шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, түүнд хуулинд заасан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт  заасан ял оногдуулахад харгалзах нөхцөл байдлуудад тохирсон байна.

 

Түүнчлэн дээрх эмийг эм оруулах эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, уг эмийн зүйлийн найрлага, бүтцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангаж байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул анхан шатны шүүх уг эмийг улсын орлогод оруулалгүй устгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, ялтан Д.Мөнхбаатарын эрх зүйн байдлыг илт дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Мө-, түүний өмгөөлөгч  Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                          Д.БУЯНЖАРГАЛ