Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02287

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02287

 

 

П.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэртэй,

П.Нн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ББСБ ХХК,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар шийдвэрээр П.Н ББ ББСБ ХХК-д 14 113 975 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23А байрны 10 тоот 29 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Файн эстимэйт ХХК шинжээчээр томилогдож үнэлгээ хийжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр надад мэдэгдэл, үнэлгээний тайланг танилцуулсан. П.Н Файн эстимэйт ХХК-ийн гаргасан 82 832 600 төгрөгөөр үнэлсэн байрны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, засвар хийсэн тохижилттой зэргийг харгалзан үзээгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар захирамжаар П.Нгээс 14 113 975 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох П.Н, Н.Энхчимэг, Н.Номин нарын өмчлөлийн Баянгол лүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23А байрны 10 тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20250285/04 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20250285/04 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20250285/05 тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч П.Н, Н.Энхчимэг, Н.Номин нар болон төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБ-иас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/328 тоот шинжээч томилох тогтоолоор Файн эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 82 832 000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ББСБ ХХК-ийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч П.Нгээс 14 113 975.007 төгрөгийг гаргуулж тус ББСБ олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс НШШГГт хандаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өдөр 03/05/01 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Тус ББСБ буюу төлбөр авагчийн зүгээс НШШГГт барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг хүргүүлсэн. Тус хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч "Шинжээч томилох тухай" тогтоолыг гаргасан бөгөөд "Файн Эстимэйт ХХК хөндлөнгийн шинжээчээр томилсон. Тус тогтоолын дагуу Файн Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд хөрөнгийн дүгнэлтээр барьцаа болох Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23А-р байрны 10 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 82 832 600 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-ийн хийсэн дээрх үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох Баянгол дүүрэг 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23А байрны 10 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006190 дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Алаг адуут овогт Пүрэврагчаагийн Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч П.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар шийдвэрийн дагуу НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж миний өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23А байрны 10 тоот 29 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006190 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Файн эстимэйт" ХХК шинжээчээр томилогдож үнэлгээ хийсэн байгаа. Файн эстимэйт ХХК хийсэн 82 832 600 төгрөгөөр үнэлсэн байрны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй учир нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, засвар хийсэн тохижилттой зэргийг харгалзан үзээгүй байгаа тул Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23А байрны 10 тоот байр нь зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө баригдсан, байршил сайтай бөгөөд байрны талбай нь өмч хувьчлалаар хувьчлагдахдаа 29 м.кв гэж байгаа боловч одоо барилгын талбайг тооцож байгаа тооцооллоор илүү байгаа үүнийг үнэлгээ хийхдээ тооцохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр тооцож үнэлгээ хийсэн нь миний эрх ашгийг хохироож, зах зээлийн үнээс доогуур үнэлэх нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд дээрх үнэлгээ бодит байдалд нийцэхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаартай шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Файн эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангийн зах зээлийн мэдээлэлд хавсаргасан харьцуулалт хийсэн байрны судалгаа нь 23А байрны талаарх мэдээлэл биш зах зээлийн талаарх судалгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1, 54/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/03242 дугаар захирамжаар хариуцагч П.Н 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23а дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.4-5

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20250285/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23а дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан байна. /хх.64/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад төлбөр төлөгч П.Н, хамтран өмчлөгч Н.Энхчимэг, Н.Номин нар Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23а дугаар байрны 10 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнийн санал өгөх боломжгүй тул мэргэжлийн үнэлгээний газраар үнэлгээ тогтоолгохоор, төлбөр авагч Б ББСБ ХХК шинжээч томилуулах санал тус тус гаргасан байх тул НШШГГ 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6/328 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Файн Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Файн Эстимейт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01/110 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа ...үнэлгээний хандлага ба арга, жишиг хөрөнгийн зах зээлийн судалгаа зэргийг харгалзан барьцаа хөрөнгийг 82 832 600 төгрөгөөр үнэлсэн гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

НШШГГ нь шинжээч томилж барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн, үүнтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа зохион байгуулах болсон талаарх 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/21 тоот тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4-146/23015, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-146/24232 дугаар мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч П.Н, хамтран өмчлөгч Н.Энхчимэг, Н.Номин нарт гардуулсан талаар талуудын хэн аль нь маргаагүй. /хх.105/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд өмчлөгч буюу нэхэмжлэгч П.Н ...орон сууцны зах зээлийн талаарх судалгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО