Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00906

 

 

.................-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн

 тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2287 дугаар магадлалтай,

.................-н нэхэмжлэлтэй,

................ холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар шийдвэрээр ................миний бие “Б и д ББСБ” ХХК-д 14,113,975 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан .............. дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23А байрны 10 тоот 29 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006190 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “Ф э” ХХК шинжээчээр томилогдож үнэлгээ хийжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.6.11-ний өдөр надад мэдэгдэл, үнэлгээний тайланг танилцуулсан. .............. би “Ф э” ХХК-ийн гаргасан 82,832,600 төгрөгөөр үнэлсэн байрны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, засвар хийсэн тохижилттой зэргийг харгалзан үзээгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд “Ф э” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар захирамжаар ..............-ээс 14,113,975 төгрөгийг гаргуулж “Б и д ББСБ” ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006190 дугаарт бүртгэгдсэн .................,  ...................., .............., нарын өмчлөлийн ............дүүрэг, ...... дугаар хороо, ........ дугаар хороолол, 23А байрны 10 тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020.3.11-ний өдрийн 20250285/04 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ..............дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 13А байрны 10 тоотод байрлах, 29 м.кв талбайтай орон сууцыг 2020.4.02-ны өдөр 20250285/04 тогтоолоор битүүмжилж, 2020.5.11-ний өдөр 20250285/05 тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч ..........., .............., .............. нар болон төлбөр авагч “Б и д ББСБ”-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн тул 2020.6.18-ны өдрийн 6/328 тоот шинжээч томилох тогтоолоор “Ф э” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 82,832,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2020.06.11-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 102/ШШ2019/03242 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч А............а.....овогтой ............. /РД: УЕ........./-ээс нийт 14,113,975,007 төгрөгийг гаргуулж тус ББСБ-т олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг ..............дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23А байрны 10 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар хангуулахаар 2020.03.05-ны өдөр 03/05/01 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс ирүүлэхгүй мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Тус ББСБ буюу төлбөр авагчийн зүгээс мөн 2020.06.08-ны өдрийн 06/08/01 бичгээр барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн билээ. Тус хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч “Шинжээч томилох тухай” тогтоолыг гаргасан бөгөөд “Ф э” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Тус тогтоолын дагуу “Ф э” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд хөрөнгийн дүгнэлтээр барьцаа болох .............. дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, …..А байрны .......тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 82,832,600 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч А а овогтой ............-ийн .............нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж “Ф э” ХХК-ийн барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний “Ф э” ХХК -ийн хийсэн дээрх үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох …...........дүүрэг 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23А байрны 10 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006190 дугаарт бүртгэлтэй, 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А… а....... овогт ...............-ийн …...........-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2287 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ..........-н хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.04-ний 2287 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ............. миний бие “Б и д ББСБ” ХХК-д 14,113,975 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдэн хариуцан төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 102/ШШ2019/03242 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж, миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаанд байгаа ..................дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23А байрны 10 тоот 29 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006190 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах үнийн санал дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “Ф э” ХХК шинжээчээр томилогдож үнэлгээ хийсэн. “Ф э” ХХК хийсэн 82,832,600 төгрөгөөр үнэлсэн байрны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, засвар хийсэн тохижилттой зэргийг харгалзан үзээгүй тул “Ф э” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. ............ дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23А байрны 10 тоот байр нь зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө баригдсан, байршил сайтай бөгөөд байрны талбай нь өмч хувьчлалаар хувьчлагдахдаа 29 м.кв гэж байгаа боловч одоо барилгын талбайг тооцож байгаа тооцооллоор илүү байгаа, үүнийг үнэлгээ хийхдээ тооцохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр тооцож үнэлгээ хийсэн нь миний эрх ашгийг хохироож, зах зээлийн үнээс доогуур үнэлэх нэг шалтгаан болсон гэж үзэж байна. “Ф э” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлангийн зах зээлийн мэдээлэлд хавсаргасан харьцуулалт хийсэн байрны судалгаа нь 23А байрны талаарх мэдээлэл биш, зах зээлийн талаарх судалгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж гомдол гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдолд дурдсан үндэслэлийг хянаж анхаарч үзэхгүйгээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх боломжийг олгож өгч тусална уу гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал, хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Ф э” ХХК нь төлбөрт хураагдсан ............. дүүрэг, 15-р хороо, 3-р хороолол, 23 А байрны 10 тоот 2 өрөө орон сууцыг тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалтыг нь харгалзан “зах зээлийн үнэ цэнийн суурь”-ийг баримтлан 82,832,000,00 төгрөгөөр үнэлснийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.“Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэснийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

            Хэдийгээр маргаан бүхий үнэлгээнд орон сууцны талбайн хэмжээг 29 м.кв /хуучнаар 2 өрөө/ гэж тэмдэглэсэн боловч шинжээч үнэлгээг хийхдээ “өртгийн” хандлагаар буюу нэгж талбайн үнийг нийт талбайд үржүүлэх байдлаар биш, харин дээр дурдсанчлан тухайн хөрөнгийн зориулалтыг харгалзан илүү бодитойгоор үнэлэх үүднээс ижил төсөөтэй орон сууцны жишиг үнийг харьцуулсан зах зээлийн хандлагаар тогтоосон байх тул “...орон сууц нь байршил сайтай бөгөөд байрны талбай нь өмч хувьчлалаар хувьчлагдахдаа 29 м.кв гэж байгаа боловч одоо барилгын талбайг тооцож байгаа тооцооллоор илүү байгаа, үүнийг үнэлгээ хийхдээ тооцохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр тооцож үнэлгээ хийсэн нь миний эрх ашгийг хохироож, зах зээлийн үнээс доогуур үнэлэх нэг шалтгаан болсон, зах зээлийн талаарх судалгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна...” гэх нэхэмжлэгч ............-н хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.  

            Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2287 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

  ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                      Х.СОНИНБАЯР

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Б.УНДРАХ