Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02324

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02324

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02822 дугаар шийдвэртэй

нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох

151 041 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь дор дурдсан хугацаанд дараах бүтээгдэхүүнийг С ХХК-иас худалдан авсан юм. Үүнд:

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 2,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 5 920 000 төгрөгөөр 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр,

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 4,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 11 840 000 төгрөгөөр 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр,

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 4,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 11 840 000 төгрөгөөр 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр,

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 3,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 8 880 000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр,

- Sika Visco Tight /Бетон ус тусгаарлах бүтээгдэхүүн/-ийг 1000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 4,830 төгрөг, нийт 4 830 000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр,

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 6,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 17 760 000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдөр,

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 10,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 29 600 000 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдөр,

- Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 10,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 29 600 000 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр,

- Sika ViscoCrete 5520W /Бетон зуурмаг бэхжүүлэгч өвлийн/-ийг 2,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 4,260 төгрөг, нийт 8 520 000 төгрөгөөр 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдөр,

- Sika ViscoCrete 5520W /Бетон зуурмаг бэхжүүлэгч өвлийн/-ийг 2,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 4,260 төгрөг, нийт 8 520 000 төгрөгөөр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус тус худалдан авсан бөгөөд нийт үнийн дүн нь 137 310 000 төгрөг энэ дүн дээр НӨАТ-ын 10 хувийг нэмээд 151 041 000 төгрөг болсон.

Гэтэл хариуцагч Б ХХК нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч Б ХХК-иас барааны төлбөр 151 041 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд С ХХК-аас Б ХХК нь 151 041 000 төгрөгийн зуурмагийн нэмэлт бодис худалдан авсан. Б ХХК нь барилгын компаниудаас зуурмагийн төлбөрийг барагдуулахын тулд орон сууцны байр, шатахууны талон гээд авч болох бартерийн эд зүйлсийг авсан боловч борлуулалт нь удаашралтай байсан тул С ХХК-д төлөх төлбөрийг төлж барагдуулж чадаагүй. Б ХХК-ны зүгээс С ХХК-д удаа дараа төлбөрөө ашиглалтад орсон орон сууцны байр санал болгосон боловч хүлээн аваагүй. Үйлдвэрийн ажил 4 сараас эхлээд 10 сар хүртэл тогтмол найдвартай ажилладаг байсан тул С ХХК-д 2020 оны 6 дугаар сард багтааж үүссэн төлбөрийг төлж барагдуулая гэсэн санал тавьсан байсан ч энэ жилийн хувьд дэлхий нийтээр тархсан Корона вирусийн улмаас манай компанитай харилцагч томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниудын гадаадаас ирж ажилладаг инженер, техникийн ажилтнууд ирэх боломжгүй болсноос барилгын ажил зогсонги байдалтай болсон. Мөн зуурмагийн түүхий эд материал болох цементийн хомсдол үүссэн, барилгын компаниуд зуурмагийн төлбөрт барьж байгаа байрнаасаа төлбөр хийнэ гэсэн шалтгаануудаас болж манай үйлдвэр өнөөдрийн байдлаар ажлаа эхлээгүй үйлдвэр зогсонги байдалтай цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Иймд Б ХХК нь төлбөрийн чадвар муутай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

 

ШҮҮХ: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 151 041 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 913 155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Билгүүн трейд ХХК нь Сика Монголиа ХХК-иас 2019 онд 151 041 000 төгрөгийн зуурмагийн нэмэлт бодис худалдан авсан. Зуурмагийн үйлдвэрээс барилгын компаниудад нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр цаг хугацаандаа төлөгдөөгүйн улмаас төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй болно. Гэтэл Ковид-19 халдварт өвчний улмаас манай компанитай харилцагч томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниудын гадаадаас ирж ажилладаг инженер, техникийн ажилтнууд ирэх боломжгүй болсноос барилгын ажил зогсонги байдалтай болж, зуурмагийн түүхий эд материал болох цементийн хомсдол үүссэн, барилгын компаниуд зуурмагийн төлбөрт барьж байгаа байрнаасаа төлбөр хийнэ гэсэн шалтгаануудаас болж манай үйлдвэр өнөөдрийн байдлаар ажлаа эхлээгүй үйлдвэр зогсонги байдалтай цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Билгүүн трэйд ХХК-ийн зүгээс Сика Монголиа ХХК-ийн төлбөрт орон сууцны байр санал болгосон боловч хүлээн аваагүй бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоосны улмаас гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болж, үйлдвэрлэл явуулж орлого олох боломжгүй болсны улмаас төлбөрөө төлж чадаагүй нь Билгүүн трэйд ХХК-ийн буруугаас болоогүй тул энэ байдлыг харгалзан үзэж төлбөрөөс бууруулах, тодорхой орон сууцыг шууд төлбөрт тооцуулах байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үнэд 151 041 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...төлбөрийн чадвар муутай гэсэн үндэслэл зааж эс зөвшөөрчээ. /хх.1-3, 44/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдан авагч Б ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч С ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу бетон зуурмаг бэхжүүлэгч нийлүүлсэн, уг бүтээгдэхүүнийг хүлээж авсан, гэрээний үнийн дүнгийн талаар хэн аль нь маргаагүй.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын төлбөрийн чадвар муу гэх тайлбар нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэж, хариуцагч Б ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 151 041 000 төгрөг гаргуулж С ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 913 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО