Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01071

 

 Сика Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02822 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2324 дүгээр магадлалтай,

 

Сика Монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй

Билгүүн трейд ХХК-д холбогдох

 

151,041,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Сика Монголиа ХХК-иас Билгүүн трейд ХХК-д холбогдуулан 151,041,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02822 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Билгүүн трейд ХХК-аас 151,041,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Сика Монголиа ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Билгүүн трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 913,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сика Монголиа ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2324 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Билгүүн трейд ХХК нь Сика Монголиа ХХК-иас 2019 онд 151,041,000 төгрөгийн зуурмагийн нэмэлт бодис худалдан авсан. Зуурмагийн үйлдвэрээс барилгын компаниудад нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр цаг хугацаандаа төлөгдөөгүйн улмаас төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй болно. Гэтэл Ковид-19 халдварт өвчний улсаас манай компанитай харилцагч томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниудын гадаадаас ирж ажилладаг инженер, техникийн ажилтнууд ирэх боломжгүй болсноос барилгын ажил зогсонги байдалтай болж, зуурмагийн түүхий эд материал болох цементийн хомсдол үүссэн, барилгын компаниуд зуурмагийн төлбөрт барьж байгаа байрнаасаа төлбөр хийнэ гэсэн шалтгаануудаас болж манай үйлдвэр өнөөдрийн байдлаар ажлаа эхлээгүй зогсонги байдалтай цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Билгүүн трейд ХХК-ийн зүгээс Сика Монголиа ХХК-ийн төлбөрт орон сууцны байр санал болгосон боловч хүлээх аваагүй бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоосны улмаас гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болж, үйлдвэрлэл явуулж орлого олох боломжгүй болсны улмаас төлбөрөө төлж чадаагүй нь Билгүүн трейд ХХК-ийн буруугаас болоогүй тул энэ байдлыг харгалзан үзэж төлбөрөөс бууруулах, тодорхой орон сууцыг шууд төлбөрт тооцуулах байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан харицуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Сика Монголиа ХХК хариуцагч Билгүүн трейд ХХК-д холбогдуулан худалдан авсан бетон зуурмаг бэхжүүлэгчийн үнэ 151,041,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь Корона вирусын улмаас үйл ажиллагаа зогссон тул төлбөрийн чадвар муутай, бэлэн мөнгөөр өгөх боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

8. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, хариуцагч худалдан авсан барааны үнийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, худалдан авагчийн төлбөрийн чадвар муу байгаа нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн байна.

 

9. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь 2019.05.15-ны өдрөөс 2019.09.23-ны өдрийн хүртэлх хугацаанд 9 удаагийн үйлдлээр нийт 151,041,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг бэхжүүлэгч, бетон ус тусгаарлаах бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь төлбөрийг төлөөгүй, гагцхүү дэлхий дахинаа тархсан Корона вирус цар тахлын улмаас тус компанитай харилцагч томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниудын гадаадаас ирж ажилладаг инженер техникийн ажилтнууд ирэх боломжгүй болсноос барилгын ажил зогсонги байдалтай, үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй байдалтай болж, төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр төлбөрийг бэлнээр бус автомашин, орон сууц, шатахууны талон зэрэг зүйлсээр төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үйл баримт тогтоогджээ.

 

10. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зохицуулсан.

 

Худалдан авсан бүтээгдэхүүний талаар хариуцагч маргаагүй тул тэрээр үнийг төлөх үүрэгтэй, түүнчлэн төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, энэ талаар зохигч тохиролцоогүй бөгөөд хариуцагч нь төлбөрийн чадвар муу байгаа гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, энэ үндэслэлээр ...төлбөрийг бууруулах, тодорхой орон сууцыг шууд төлбөрт тооцуулах...-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02822 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2324 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригаас 2020.12.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 913,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                          Г.БАНЗРАГЧ

                                           П.ЗОЛЗАЯА

                                               Б.МӨНХТУЯА

                                                  Х.ЭРДЭНЭСУВД