Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00075

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00075

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэртэй

Н.Б, Ш.М, О.Ал нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Над холбогдох

Гуравдагч этгээд Хас банк ХХК

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Б, О.Ан, А.Ам, О.Ал нарыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Уг орон сууцыг Н.Н, О.А нарыг өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалган, нэхэмжлэгч Н.Бгаас 44 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч О.Ан, А.Ам нарын хууль ёсны төлөөлөгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч О.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч О.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.Б.О 2017 оны 7 сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Түүний өмчилж байсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 107 дугаар байрны 35 тоот 2 өрөө байрыг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Б.Оийн төрсөн эх Н.Б би өвлөх хүсэлтэй байгаа тул хууль ёсны өвлөгчөөр бүртгүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би 1972 оны 01 дүгээр сарын 21-нд охин Б.Ою, 1978 оны 10 дугаар сарын 22-нд хүү Б.Б.О нарыг төрүүлсэн. Охин Б.Ою 2015 оны 11 дүгээр сарын 21-нд, хүү Б.Б.О 2017 оны 7 дугаар сарын 16-нд зуурдаар нас барсан. Би 2003 оноос эхлэн Хархорин худалдааны төвд охинтойгоо хамт насан эцэслэх хүртэл нь хүнсний 2 контейнер түрээслэн ажиллуулж, хүү Б.Б.О 1997-2013 онуудад Солонгос улсад гэрээгээр тус тус ажиллах зэргээр хүү, охин 2 маань хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндээ золин байж, дээрх байрны урьдчилгаа 51 хувь буюу 46,993,200 төгрөгийг хуримтлуулж ипокеийн 8 хувийн хүүтэй байрны зээлд хамрагдаж, хүү Б.Б.О байр авсан юм. Б.Б.О нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй байсан. 2004 онд Ш.М гэх эмэгтэйтэй хамтран амьдарч, 2004 онд О.Ан, 2008 онд А.Ам нарыг төрүүлсэн боловч салж, хүү А.Ам эцэгтэйгээ хамт амьдарч байсан. 2012 оны 9 сараас Н.Нтай хамтран амьдарч 2013 онд хүү О.А төрсөн. Хүү Б.Б.Оийг нас барснаас хойш дээрх байранд түүнтэй хамтран амьдрагч байсан Н.Н амьдарч байгаа юм. Би өөрийн төрүүлсэн охин Б.Ою, хүү Б.Б.О нартай хамтран Хархорин зах дахь 2 павильоны орлогоос олсон мөнгөөр маргааны зүйл болж байгаа орон сууцыг Тесо корпараци ХХК-аас худалдан авахаар урьдчилгаанд нийт 46 432 200 төгрөгийг төлсөн. Үүнээс О.Алийн төрсөн эх Б.Ою 16 292 800 төгрөгийг төлсөн тул түүнд уг хөрөнгийг бий болгоход оруулсан мөнгөний хэмжээгээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна. Гэтэл Б.Ою 2015 оны 11 сарын 21-ний өдөр нас барсан учраас уг орон сууцыг худалдан авахад үргэлжлүүлэн оролцож чадаагүй, түүнчлэн үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж амжаагүй. Зөвхөн түүний дүү Б.Б.Оийн нэр дээр 1 хүний өмчөөр бүртгэгдсэн. Ийнхүү ээж Б.Ою нас барснаар түүний төрүүлсэн хүү О.Алд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д зааснаар өв нээгдсэн боловч уг орон сууц ганц Б.Б.Оийн өмчөөр бүртгэгдсэний дээр Б.Б.О 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Уг орон сууц зээлийн барьцаанд байгаа, уг орон сууцыг хууль ёсны өвлөгч нарт өмчлүүлэх, өвлүүлэх асуудалд Б.Б.Отэй хамтран амьдрагч байсан Н.Н санаатайгаар байнга саад учруулж, өөрөө өмчлөгч болохыг санаархаж, сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байгаа учраас О.Алийн өвлөх, хамтран өмчлөх эрхийг тогтоох асуудал орхигдож, зөрчигдөж иржээ. Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасны дагуу хүү Б.Б.Оийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 107 дугаар байрны 35 тоот 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр эх Н.Б, талийгаачийн охин О.Ан, хүү А.Ам, мөн Б.Оюн хүү О.Ал нарыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хамтран амьдрагч хүүгийн маань эцэг Б.Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Бид хоёр 2012 оны 9 сараас хамтын амьдралыг зохиож өөрсдийн хөдөлмөр болон бусад орлогоор Содон хороолол, 107 дугаар байрны 35 тоот өрөө байрыг ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатайгаар худалдан авсан, одоо өөрийн дагавар хүү болон талийгаачийн хүү О.А нарын хамтаар амьдарч өөрийн цалин орлогоор зээлээ төлж байгаа. Талийгаач бид хоёрын дундаас 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүү О.А төрсөн. Бидний амьдралыг мэдэхгүй байж худал нэхэмжлэл гаргасан байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн О.Ан нь хэрэг маргаан үүссэнээс хойш буюу хугацаа хэтрүүлж нотариатын үйлдэл хийлгэсэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хамт амьдарч байсан этгээд биш тул өвлөх эрхээ алдсан, Б.Ою нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан тул О.Алийг өвлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би талийгаач Б.Б.Отэй 2012 оноос эхлэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан. Бидний дундаас хүү О.А 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 184/ШШ2018/01501 тоот шийдвэрээр Талийгаач Б.Б.О бид хоёр хамтын амьдралтай байсныг тогтоосон. Талийгаач бид хоёр амьдралынхаа явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн хүнсний 1-5 дугаартай павильоныг иргэн н.Алтанцэцэгээс худалдан авсан. Бидний өдөр тутмын аж амьдралынхаа хэрэгцээгээ залгуулж байсан павильоныг хадам ээж зарсан юу байсан тэр маань ч яамай гэж хэлээд бидний павильоныг 35 000 000 төгрөгөөр хувь хүнд худалдаад намайг очихоор хөөгөөд байсан чинь зарсан байсныг мэдээд тус лангуунд сууж байгаа хүнээс хэдээр авсан бэ гэхэд 35 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж байсан. Мөн хуучин бэр байсан хүүгээс нь салсан өөр хүний эхнэр болох Ш.Мд бидний хэрэгцээний RAV-4 19-86 УНП дугаартай автомашиныг 9 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан байгаа юм. Иймд 44 500 000 төгрөгийг Н.Бгаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоотын 2 өрөө байр, 49,99 м.кв Ү-2201047726 гэрчилгээтэй ГД-00504069 үл хөлдөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг Н.Н би талийгаачийн хамтаар банкны ипотекийн зээлээр авсан цаашид төлбөрийг цалингаараа төлж байгаа өөрийн үл хөдлөх хөрөнгийг 20 жилээс 2 жилийн хугацаанд цалингаараа зээлээ төлж өнөөдрийг хүртэл 2 нялх хүүхдийн хамтаар амьдарч байгаа тул Н.Н, О.А нарыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 107 дугаар байрны 35 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээнд бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Н анх миний гэрт миний хүү Б.Б.Отэй 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирж хамтран амьдарсан ба 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 жил гаруй болсон. Үүнийг нотлох 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 106 тоот хорооны Засаг даргын тодорхойлолт байгаа. Хар хорин худалдааны төвийн 1-5 дугаар лангуу Н.Б миний нэр дээр анхнаасаа гэрээ хийж ажиллаж байсныг гэрчлэх Хархорин хүрээ ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 дугаартай албан бичгээр нотлогдоно. Rav-4 маркийн автомашиныг Н.Нийг манайд ирэхээсээ өмнө 2012 оны 9 дүгээр сарын 5-нд миний бие лангуугаа барьцаалж Хаан банкнаас 9 000 000 төгрөгийн зээл авсан. Лангууны сүүлийн буюу 2015 оноос 2016 оны хоорондох орлогыг хавсаргав. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 107 дугаар байрны 35 тоот 2 өрөө орон сууцыг миний охин Б.Ою, Б.Б.О бид 3 өөрсдийн лангууг ажиллуулж 14 жил хуримтлуулсан мөнгөөр байрны үнэ 84,993,000 төгрөгийн 51 хувь буюу 46,432,200 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн мөнгийг Хас банкнаас 20 жилийн хугацаатай ипотекийн зээлээр худалдаж авсан. Н.Н нь намайг амьд байхад хөрөнгийг маань өвлөж авна гэдэг нь буруу гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банк ХХК нь иргэн Б.Б.О, Н.Н нартай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1060036452 дугаартай зээлийн гэрээ байгуулан уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр Б.Б.Отэй D60036452-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/ Үйлдвэрчний элэлийн гудамжны 107 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Банк болон Б.Б.О, Н.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 36 671 247 төгрөг байгаа буюу барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хэвээр байгаа болно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт хууль буюу гэрээгээр өв залгамжлан авч, барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна гэж, мөн зүйлийн 28.3 дахь хэсэгт Энэ хуулийн 28.2-т заасан барьцааны зүйл хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжсэн бол барьцааны зүйлийг хүлээн авагч тус бүр өөрт нь шилжиж ирсэн эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх бөгөөд хэрэв тухайн эд хөрөнгө нь үл хуваагдах буюу бусад үндэслэлээр барьцаалуулагчийн эрх хүлээн авагчдын хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжсэн бол эрх хүлээн авагч бүх этгээдийг хамтран барьцаалуулагч гэж үзнэ тус тус хуульчилсан байна. Орон сууцны өмчлөгч нар нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр захиран зарцуулах боломжтой байдаг бөгөөд уг шинжээрээ орон сууцны өмчлөгч нар нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид болно. Иймд орон сууцны өвлөгчид тооцогдон улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгч бүр дээр дурдсан үндэслэлээр өвлүүлэгч Б.Б.Оийн банктай байгуулсан барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 107 дугаар байр, 35 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоолгохтой холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ өвлөгч бүр барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох Хас банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач Б.Б.Оийн хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, хүү А.Ам, хүү О.А нарыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2201047726 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр, 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Нийн өмчлөлд үлдээж, Н.Б, А.Ам нарт ногдох хэсэгт 23 496 000 /хорин гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг хариуцагч Н.Наас гаргуулан нэхэмжлэгч Н.Б, Ш.М нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс О.Ан, О.Ал нарыг өвлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н.Бгаас 44 500 000 /дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 873 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 276 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б, О.Ал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Миний талийгаач хүүгийн өмчлөлд байгаа СХД-ийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны 35 тоот, 49.99 м.кв 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн хууль ёсны өвлөгчийг тогтоосон 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т заасан ...төрсөн хүүхэд, ... төрсөн эх Н.Б надад болон түүний насанд хүрээгүй хамт амьдарч байсан охин О.Ан нарыг хасч, хамтран амьдрагч байсан гэх Н.Нийн өмчлөлд шилжүүлсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. 2018 оноос хойш 3 шатны шүүхээр марган явж байхад Н.Н нь уг байрыг худалдан авахад өөрийн гэх хөрөнгө оруулаагүй нь Тесо констракшн ХХК-иас шүүхэд ирүүлсэн Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ-ний баримтаар нотлогдсон ба зөвхөн одоо өөрөө амьдарч байгаагийн хувьд болон хамтран зээлдэгч, хариуцагчийн үүрэг хүлээсний хувьд л зээлийг төлж байгаа, харин өмчлөх ямар ч эрхгүй хүн билээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т заасны дагуу ...төрсөн эх би болон түүний төрсөн /насанд хүрээгүй/ хүүхдүүд О.Ан-13 настай, А.Ам-10 настай, О.А-6 настай бид төрсөн хүү, аавынх нь байрыг өмчлөх эрхтэй, өвлөгчид тул хуулийн дагуу уг байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах эрх үүссэн байх тул өөрсдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн мөн хуулийн 535 дугаар зүйлд заасан Өвлөгчийн хариуцлага-ыг барьцаалуулагч болон зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлж барагдуулна. Энэ нь байр барьцаалагч Хас банк ХХК-д нөлөөлөхгүй тухай банкны төлөөлөл СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 184/ШШ202002638 дугаар шийдвэрт тусгасан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 184/ШШ202002638 дугаар шийдвэрт ... охин О.Анар-Уянгыг талийгаач Б.Б.Отэй хамт амьдарч байгаагүй, мөн СХД-ийн 6 дугаар хорооны Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор охин О.Ан нь тус хорооны мэдээллийн санд бүртгэлгүй... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү 2017 оны 7 дугаар сарын 16-нд зуурдаар нас барсан бөгөөд тэр хүртэл хугацаанд бид хамт амьдарч байсан хорооны тодорхойлолт, өрхийн дэвтрийн хуулбарыг 2018 онд СХД-ийн 184/ШШ/2019/00028 тухай бүр шүүхэд гаргаж өгснийг ..баримтаар үгүйсгээгүй... гэсэн байдаг. Би хүүгээ нас барснаас хойш ач охин О.Ан, хүү О.А нарыг өөрийн гар дээр авсан ба түүнээс хойших 2020 оны байдлаар хорооны Засаг даргын гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэх боломжгүй гэж үзэж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нарийн судалж, хоорондын уялдаа холбоог тогтоогоогүй, хэрэгт ач холбогдолтой зарим нотлох баримтуудыг үнэлээгүй, эсхүл үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, нэг талын ямар ч шууд нотолгоогүй тайлбар болон бодит байдлыг бүрхэгдүүлсэн, худал тайлбарынхаа нотолгоо болгож огт өөр үйлдлийг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад тэдгээрийг хэрэгт хамааруулан үнэлсэн зэргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөнийг дараах баримтууд нотолж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт н.Алтангэрэл миний нэхэмжлэлийн өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж дүгнэж, үүний дээр 16 292 800 төгрөгийг гаргуулахаас татгалзсан гэж тодотгон зааж, нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзсан болгож шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг шаардсаны дагуу бид нэхэмжлэлийн шаардлагыг тодруулга тайлбарыг бичгээр гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын доторх ээжийнхээ төлсөн мөнгөний хэмжээгээр өвлөх болон энэ хэмжээгээр өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор шаардлагаа тодруулж, харин бусад өвлөгчдөөс 16 292 800 төгрөгийг гаргуулах шаардлага давхардаж байсан тул үүнээс татгалзсанаа тодорхой бичсэн. Шүүх хурлын явцад ч тайлбар өгсөн. Эдгээр баримтыг шүүгч үнэлээгүй байна. Миний ээж н.Оюундалай өөрийн ажиллуулдаг павильоны орлогоор орон сууцны нийт үнийн дүнгийн 20%-ийг төлсөн. Энэ нь Хас банк ХХК дахь өөрийн хадгаламжийн 5001203124 дугаар данснаас 2 удаа нийт 16 292 800 төгрөгийг Тесо констракшн ХХК-ийн Бизнес үйлчилгээний төв-04-154 дахь 5000941690 дугаартай дансанд төлсөн баримт (XX- 60.176,177 хуудсанд), мөн Хас банк ХХК-аас гаргаж өгсөн Тесо констракшн-ХХК-ийн Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээний хуулбар шүүхэд нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбаруудаар тус тус нотлогдож байгаа болно. Угаас миний ээж, нагац ах, эмээ гурав эхлээд 1 байр хамтарч аваад дараа нь түүнийгээ барьцаалж дахин нэг байр авч тус тусдаа байртай болох зорилготой байсан. Тэд 2 павильоныхоо орлогоор эхний байраа байгууллагын зээлээр хүүгүй авах боломжгүй гэдэг байсан. Гэтэл шүүгч эдгээр байдлыг тогтоохыг огтхон ч хүсээгүйгээр барахгүй ээжийн мөнгө төлсөн баримтыг "... хэн шилжүүлснийг нотлохоос хэний мөнгө болохыг нотлохгүй юм гэж бодит байдлыг мушгиж үгүйсгэжээ. Тэгсэн атлаа О.Б.Отэй хамтран амьдарч байхдаа ажил эрхэлж байснаа орлого оруулж байснаа шууд нотлох ямар ч нотлох баримт гаргаагүй хариуцагч Н.Нийг ..талийгчтай хамтран амьдарч байсан тул орон сууцыг худалдах авахад оролцоогүй гэж дүгнэх үндэсгүй гэж зааж шийдвэрийнхээ үндэслэл болгож хуулийн ямар заалтыг үндэслэл болгож Н.Нт орон сууцыг өмчлөгчөөр тогтоосноо заалгүй, түүнд орон сууцыг өмчлүүлэхээр шийдвэрлэж талуудад тэгш бус хандаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. О. Алтангэрэл би анх төрснөөсөө эхлэн байнга эмээ Н.Б, түүний хүүхдүүд болох өөрийн ээж Б.Ою, нагац ах Б. Б.О, түүний хамтран амьдрагч Ш. Мөнхжаргал, Н.Н нар, мөн тэдгээрийн хүүхдүүд болох А.Ам, О. Амар-Уянга, 0 Амармандах нартай 14 нас хүртлээ нэг байранд хамт амьдарч ирсэн. Миний ээжийг нас барсны дараа надад асрамжлагчийг томилох үед Баянгол дүүргийн 7-р хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хамтарсан багаас тус хорооны 57 дугаар байрны 14 тоот миний амьдарч байсан гэрт хийсэн Нөхцөл байдлын үнэлгээнд Одоо энэ байранд эмээ болох ээжийнхээ төрсөн ээж Норжмаа овогтой Базаррагчаа, ээжийнхээ төрсөн дүү Б.Б.О, түүний эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Нагац ах Б.Б.О хувиараа ажил эрхэлдэг, бэр эгч Н.Н гэрт хүүхдээ хардаг, эмээ тэтгэврийн мөнгө 266.0 мянган төгрөг, О Алтангэрэл хүүхдийн мөнгө авдаг, А.Б.О хувиараа хөдөлмөр эрхэлж өрхийн орлого сард дунджаар 700 000-800 000 төгрөг гэж ганц тэжээн асрамжилж байсан хүнийг бичсэн нотлох баримтыг огт үнэлээгүй. Харин 2016 оны 11 сард бид нүүгээд маргаантай байгаа 107 дугаар байрны 35 тоотод 9 орчим сар орчим амьдраад ах гэнэт нас барсан. Гэтэл шүүх намайг Б. Б.О ахтай огт хамт амьдарч байгаагүйгээр дүгнэж, хороо дүүргийн гаргаж өгсөн хэд хэдэн баримтуудаас гагцхүү ахыг нас барснаас /'хойш 2020 оны 5 дугаар сард өөрчлөгдсөн нөхцөлд гаргасан тодорхойлолтыг нотолгоо болгож өрөөсгөл шийдвэр гаргасанд гомдолтой. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар О. Алтангэрэл намайг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгүй дээрх хуулийг зөрчжээ. Нэхэмжлэгч болон хариуцагчид байрны үнийн талаар маргаагүй, уг орон сууцыг Тесо констракшн ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу 84 983 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байтал (XX-171-179) Шүүх санаачлан байрны үнийг бууруулж зөвхөн байрны үнийн 51 хувиар үнэлгээг тогтоож нэхэмжлэлийн шаардлагад ороогүй үйлдэл хийн, өвлөгч нарын өвлөх хөрөнгийн хэмжээг багасгаж, Н.Наас гаргах төлбөрийг дүнг бууруулж, өвлөгч нарын эрх ашгийг ноцтой хохироосон, хуулийг зөв хэрэглээгүй шийдвэрийг зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн хугацаанд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хас банк ХХК нь уг хэрэг маргааны хувьд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээгээр өв залгамжлан авч, барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжин авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна гэж, мөн зүйлийн 28-т Энэ хуулийн 28.2-т заасан барьцааны зүйл хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжсэн бол барьцааны зүйлийг хүлээн авагч тус бүр өөрт нь шилжиж ирсэн эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх бөгөөд хэрэв тухайн эд хөрөнгө нь үл хуваагдах буюу бусад үндэслэлээр барьцаалуулагчийн эрх хүлээн авагчдын хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжсэн бол эрх хүлээн авагч бүх этгээдийг хамтран барьцаалуулагч гэж үзнэ гэж тус тус хуульчилсныг үндэслэн орон сууцны өмчлөгч нар нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр захиран зарцуулах боломжтой байдаг бөгөөд уг шинжээрээ орон сууцны өмчлөгч нар нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид болно. Иймд орон сууцны өвлөгчид тооцогдон улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч бүр дээр дурдсан үндэслэлээр өвлүүлэгч Б.Б.Оийн банктай байгуулсан Барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн энэ талаар шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад тайлбар гарган оролцсон билээ. Хас Банк ХХК нь иргэн Б.Б.О, Н.Н нартай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1060036452 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг зээлийн гэрээний эрх үүрэгтэй холбоотойгоор аливаа шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан гаргаагүй болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт банкны барьцааны эрхийн талаар огт дурдалгүйгээр нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зээлийн гэрээний үүргийг Н.Н хариуцахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 107 дугаар байр, 35 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоолгохтой холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ өвлөгч бүр барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох Хас банк ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б, Ш.М, О.Ал нар хариуцагч Н.Нт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өвлөгчөөр нэхэмжлэгч Н.Б, О.Ан, А.Ам, О.Ал нарыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Н.Н эс зөвшөөрч маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалган, нэхэмжлэгч Н.Бгаас 44 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хх.1-3/ Мөн нэхэмжлэгч О.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн О.Алийн ээж Б.Оюгийн төлсөн 16 292 800 төгрөгийн хэмжээгээр О.Алийг уг орон сууцны хамтран өмчлөгч, өвлөгч болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /2хх.119, 159/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан Б.Б.Оийн төрсөн эх, 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн О.Ан, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.Ам нар нь Б.Б.Оийн төрсөн хүүхдүүд, 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн О.Ал нь Б.Б.Оийн төрсөн эгч Б.Оюгийн хүүхэд болох нь тогтоогджээ. /1хх.26-29, 2хх.135/

Хариуцагч Н.Н нь Б.Б.Отэй 2012 оны 9 дүгээр сараас хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү О.А төрсөн байна. /2хх.136/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Н.Н, талийгаач Б.Б.О нарыг 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон байна. /1хх.104/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсны хойно төрсөн хүүхэд нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж тус тус заасан байх тул талийгаач Б.Б.Оийн хууль ёсны өвлөгч нь Н.Б, О.Ан, А.Ам, О.А нар байна. /1хх.26-29/

Нэхэмжлэгч О.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тодотгож, түүний ээжийн төлсөн мөнгөний дүн 16 292 800 төгрөгийн хэмжээгээр О.Алийг өвлөгчөөр тогтоолгож, Улсын бүртгэлд бүртгүүлэхээр өөрчилснийг анхан шатны шүүх О.Ал өмчлөгч нараас 16 292 800 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилж, О.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нь энэхүү шаардлагаасаа татгалзсан байна гэж үзсэн нь зөрчилтэй болжээ. /2хх.119, 159/

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Ал түүний ээж Б.Оюгийн төлсөн 16 292 800 төгрөгийг Б.Оюгийн мөнгө байсан болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч Н.Б, О.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...орон сууцны урьдчилгаа төлбөрөөс Б.Ою 16 292 800 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг гаргасан, анхан шатны шүүх ...дээрх баримт нь мөнгө хэн шилжүүлснийг нотлох бөгөөд хэний мөнгө болохыг нотлохгүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу биш байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/921 тоот захирамжаар Н.Бг О.Алийн асран хамгаалагчаар тогтоосон, /2хх.136/ Баянгол дүүргийн 7 дугаар хорооны багийн хурлын тэмдэглэл, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэн Оюундалай овогтой Алтангэрэлийн гэрт хийсэн нөхцөл байдлын үнэлгээнээс үзэхэд О.Ал эмэг эх Н.Бтай хамт амьдарч байсан гэх агуулгатай байгаагаас бус харин талийгаач Б.Б.Отэй түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан гэх үйл баримтыг нотлох баримт болохгүй. /2хх.164-165/ Иймд Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б.Оийн өмчлөгчөөр О.Алийг тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгүүдэд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх, бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр тус тус заасан.

Нэхэмжлэгч Н.Б өв хүлээн авах хүсэлтээ Б.Б.Оийг нас барснаас хойш 1 жилийн дотор буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нотариатад гаргасан, хүү А.Ам, О.А нар нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдох бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан тухай нотариат, эсхүл оршин суугаа газрын Засаг даргад мэдэгдээгүй байх тул тэдгээрийг өв хүлээн авсан гэж үзнэ. /1хх.9, 12/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд охин О.Анар-Уянгыг талийгаач Б.Б.Отэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч Ш.Мын хүүхдүүдийнхээ өвийг хүлээн авах тухай хүсэлтийг нотариатч 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрчилсэн боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байна. Анхан шатны шүүх О.Анар-Уянгыг өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201047726 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр, 35 тоот, 49.99 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Б.О байх бөгөөд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр түүнд олгожээ. /1хх.5/

Н.Н, Б.Б.О нар хамтын амьдралтай байхдаа Тэсо констракшн ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 29, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ болон нэмэлт гэрээг тус тус байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцыг 84 983 000 төгрөгөөр худалдаж авсан. 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.Б.О, Н.Н нар Хас банк ХХК-тай ипотекийн зээлийн гэрээ байгуулж 38 543 800 төгрөгийг 320 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцжээ. /1хх.31-33/

Зохигчид орон сууцны урьдчилгаанд 30 146 400 төгрөг төлсөн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар маргаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд орон сууцны үлдэгдэл төлбөр 38 543 800 төгрөгийн зээлийн барьцаанд тухайн орон сууцыг тавьсан. Уг зээлийг хамтран зээлдэгч буюу хамтран амьдрагч Н.Н хариуцан төлж байгаа үйл баримт тогтоогдсон байна. /1хх.101-103/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан бөгөөд хариуцагч Н.Нийг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Н.Нийн оролцоо Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авахад байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотлосон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх талийгаачийн хууль ёсны өвлөгч Н.Б, А.Ам нарт ногдох хэсгийг 23 496 000 төгрөгөөр тогтоосныг буруу гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагч Н.Нийн өмчлөлд үлдээж, хариуцагчаас 23 496 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б, А.Ам нарт олгож, Хас банк ХХК-тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч буюу зээлдэгч Н.Нт үргэлжлүүлэн хариуцуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгч буюу гуравдагч этгээд Хас банк ХХК -ийн эрх ашиг хөндөгдөхөөргүй байна гэж үзлээ. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өвлөгч бүр барьцааны үүргийг хүлээж, барьцаалуулагч болох талаар дурьдуулах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагааас 19-86 УНП улсын дугаартай Тоёото RAV-4 маркийн автомашины үнэ 9 500 000 төгрөг, павьлоны үнэ 35 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талийгаач Б.Б.О нэр дээр байсан автомашиныг өөр этгээдийн нэр дээр шилжсэнийг нэхэмжлэгч Н.Бгаас гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн зарагдсан павьлоны эрхийг Н.Н, Б.Б.О нар эзэмшиж байсан гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгч О.Ал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарын ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Бгаас төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч О.Алээс төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО