Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00003

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03689 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Э-ын хариуцагч Д.Ж-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн 5  дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамжтоот хаягт байршилтай 1 өрөө сууцыг Ж.Ж 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бичиг баримт бүрдүүлэхдээ 2015.3.15-ны өдөр эгч Г.Г болон Ж.Ж нарын хооронд урьдчилгаа төлбөр төлсөн баримт үйлдэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Худалдаа хөгжлийн банкнаас Г.Г зээл олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Тухайн үед бидний банкинд бүрдүүлсэн материал нь ипотекийн зээлийн шаардлагыг хангахгүй байсан тул хариуцагчаас тусламж хүсч, байр Д.Ж нэр дээр зээл авч улмаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарсан. Тухайн үед  ипотекийн зээлийг авах  боломжтой дансны хуулга  орлогоо нотлох боломжтой хүмүүсийг судлаж үзэхэд эгч  шаардлага хангахуйц байсан тул түүнд өөрийн учир байдлаа хэлж санал тавьсан. Ж нь ямар нэгэн хариу төлбөр, болзол, шаардлага тавилгүй зөвшөөрсөн. Ж нь Худалдаа хөгжлийн банктай тоот зээлийн гэрээг байгуулсан. Д.Ж гаас тусламж гуйхад тэрээр  нэхэмжлэгчийг гэрийнхээ үйлчлэгчээр ажиллуулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч хүүхэд төрүүлж, цаашид гэрийн үйлчлэгчээр ажиллах боломжгүй болсон. Орон сууцны зээлийг төлж дууссан тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал  шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч 2015 оны 5 сарын эхээр уулзаад, манай гэрийн үйлчлэгчээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, удаа дараа гуйсны дагуу дараах нөхцөлөөр хэлцэл хийсэн. Үүнд: сарын 650 000 төгрөгийн цалин, 100 000 төгрөгийн урамшуулал, илүү цагийн цалинг хийснээр, мөн тухай бүр нь тохиролцоод нэмэлт хүнсний бүтээгдэхүүний урамшуулал олгоод манай гэрт үйлчлэгчээр ажилпах, өдөр бүр өөрийн биеэр хариуцагч манай гэрт хүрэлцэн ирж орон сууцны өрөөнүүд, тавилга, цонх, хана цэвэрлэх, хоол бэлтгэх, мөн аяга, таваг, гал тогооны хэрэгсэл угааж цэвэрлэх, нэхэмжлэгчийг тогтвор суурьшилтай, урт хугацаанд манай гэрт үйлчлэгчээр ажиллуулахын тулд түүний нэр дээр өөрийн эзэмшилийн “Д” ХХК-д борлуулагчийн ажлын байран дээр бүртгэж сар бүрийн нийгмийн даатгалыг тохиролцсон үндсэн цалингаар төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх, нэхэмжлэгччийн  худалдан авахыг хүссэн орон сууцыг 8%-н хөнгөлөлттэй зээлд хамруулж, банкнаас тавьсан зээлдэгчийн шалгуур үзүүлэлт, шаардсан нөхцөлийг хангах  гэрээг хариуцагч өөрийн нэр дээр байгуулсан.

 Нэхэмжлэгч нь орон сууц худалдагч Ж.т урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө яаралтай хийхгүй бол өөр этгээдэд худалдахдаа түүний өгсөн мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг буцааж өгөх нөхцөлтэй байгааг худалдагч нь хэлсэн байсан.  Ингээд хариуцагчийг тухайн сууцны зээлдэгчээр худалдан авах гэрээг хийх, нэхэмжлэгч нь өөрөө зээлийн бүх төлбөрийг хариуцан төлөх, үүний хариуд нь манай гэрт үйлчлэгчээр тогтвор сүурьшилтай, удаан хугацаа (10 жил хугацаатай ажиллах нөхцөлтэйгөөр санал тавихад би итгэсэн.

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, хаягт байршилтай 36,2 м.кв талбайтай 1 өрөө сууцыг өөрийн нэрийн өмнөөс ХХБ-аар дамжуулж орон сууцны 8%-ийн хөнгөлөлттэй зээлээр худалдан авах гэрээг 2015.7.9-нд хийсэн.  2015 оны 8 сараас эхлээд Г.Э жирэмсэн болсон байсан. Миний итгэлийг эвдэж, анхнаасаа жирэмсэн гэдгээ нууж, байрны зээлдэгчээр гэрээ байгуулахын тулд гэрийн үйлчлэгчээр ажиллахыг хариуцагч надаас гуйж ирсэнийг мэдсэнд би бухимдаж маргаан бүхий орон сууцны зээлийн гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн ээж С.У-тай хамт ирээд, сууцны зээлийн гэрээг цуцлахгүй байхыг гуйж, хүүхдээ төрүүлснээс хойш 6 сарын дараа манай гэрийн үйлчлэгчээр буцаад ажиллахаа амласан. Нэхэмжлэгч нь надтай холбогдоогүй байж байгаад 2017 оны 06 сард гэнэт холбоо бариад татварын буцаан олголтыг асуухад, хэлэлцэж тохирсон, амласан ёсоороо манай гэрт үйлчлэгчээр ажиллах шаардлага тавьсан.

Ингээд түүнээс хойш нэхэмжлэгч нь манай гэрт үйлчлэгчээр огт ажиллаагүй, надтай огт холбоо бариагүй байж байгаад 2020 оны 4 сард гэнэт надтай холбогдон манай гэрт өөрийн биеэр, ээжтэйгээ хамт хүрэлцэн ирж нөхөр нь Өмнөд Солонгос улсад ажиллаж байгаа учир хангалттай мөнгөн хуримтлалтай болсон тул маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөд өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Хариуцагчийн зүгээс орон сууцны 8%-н хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн боломжтой байсан боловч өөртөө болон өөрийн төрсөн охидуудаа ч орон сууцны зээлийн 8% -д хамрагдаж орон сууц авч өгч байгаагүй, өөрт байсан тэрхүү ганц боломжийг нэхэмжлэгчид итгээд олгосон тул нэхэмжлэгчтэй  хэлэлцэж тохирсныхоо дагуу төрсөнөөсөө хойш 6 сарын дараагаар гэрийн үйлчлэгчээр ажиллахыг шаардсан. Талууд харилцан тохиролцоод 8 хувийн зээлд хамрагдахад шаардлагатай баримтыг хариуцагч Д.Ж бүрдүүлж өгсөн. Байрны төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэдэгт маргаагүй. Нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай гэрийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, удаан хугацаанд бую 10 жилийн хугацаатай ажиллах үндсэн нөхцөл, болзолтойгоор маргаан бүхий орон сууцны худалдан авах гэрээг зөвшөөрч хийсэн. Хариуцагч нь хүүхдээ төрүүлснээс хойш 6 сарын дараанаас харилцан тохиролцсоны дагуу манайд гэрийн үйлчлэгчийн ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй. Хэдийгээр маргаан бүхий орон сууцны зээлийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн нь үнэн боловч анхнаасаа энэхүү орон сууцыг банкны зээлээр худалдан авах хүчин төгөлдөр гэрээг хуулийн дагуу Д.Ж би хийсэн учраас Иргэний хуулийн 145-р зүйлийн 145.1, 145.2-т тус тус заасны дагуу хууль ёсны өмчлөгчийн эрхээ хэвээр нь хадгална. Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөлийн эрхтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд өмчлөгч Д.Ж миний хууль ёсны эрхийг хангаж орон сууцнаас хариуцагч болон түүний гэр бүлийн эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 сараас Д.Ж эгчийнд гэрийн үйлчлэгчээр 650 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 2016 оны 4 сард надруу залгаад ирээд ажлаад өгөөч гэхэд нь төрөөд удаагүй 2 сартай хүүхдээ хүнээр харуулан хэд хэдэн удаа очиж ажилласан. Тэр үед чи ажлаа хийхгүй жирэмсэн болж хүүхэд гаргалаа байраа сулла гэж уурлаж загнадаг байсан. Д.Ж эгч 2016 оны 6 дугаар сард сонгуулийн ажлаар Д аймаг руу явах хэрэгтэй байна гэхэд нь би “хүү маань тархины даралттай уйлагнаад болдоггүй, хэд хоног хөдөө агаарт гаргая гэхэд тийм шалтаг, шалтгаан хүлээж авахгүй” гээд уурлаж загнаад утсаа салгасан. Тухайн үед хүү маань дөнгөж 4 сартай байсан болохоор надад хүүхдээ орхиод Д руу явж ажиллах зүрх хүрээгүй юм. Үүнээс хойш уурлаад очиж уучлалт гуйсан боловч хүлээж авахгүй байсаар өнөөдөр бидний дунд ийм нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Миний хувьд хоёр ойрхон төрсөн бага насны 2 хүүхэдтэй нөхөр маань байрны зээлээ төлөхийн тулд үр, хүүхдүүдээсээ хол Бүгд Найрамдах Солонгос Улсад 2 жил ажиллаж байна. Надад хоёр хүүхдийг маань хараад өгөх хүн байхгүй болохоор ажил хийх боломж байхгүй. Д.Ж эгчээс энэ байрыг бидэнд шилжүүлээд өгөөч гэж олон удаа гуйгаад шилжүүлж өгөхгүй байгаа болохоор аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан Г.Э Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоотод байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Д.Ж-д даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Жгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 487 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчид нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу болзол тавьж хэлцэл хийсэн. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нь хамаатны эгчтэйгээ хамтран орон сууцны 8%-н хөнгөлөлттэй нөхцөлийн зээлийн шалгуурыг хангаж чадаагүй, зээл олгогч банкнаас татгалзсан хариу авсаныхаа дараа хариуцагчид хандаж хүсэлт тавьж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... Ж надаас ямар нэг хариу төлбөр, болзол, шаардлага тавилгүй хүлээн зөвшөөрсөн...” гэж худал бичжээ. Маргаан бүхий орон сууцыг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах зээлийн гэрээний харилцаанд хариуцагч оролцоогүй бол нэхэмжлэгч энэ сууцыг зээлээр худалдан авах боломжгүй байсан.

Нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчийн итгэлийг эвдэж, хууран мэхэлж  өөрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлсэн зэрэг үйл баримтыг шүүх бодитоор үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт хамааруулан дүгнэж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                        ХЯНАВАЛ

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Энь хариуцагч Д.Ж-дхолбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, байрлах, 1 өрөө сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр  сөрөг нэхэмжлэл гарган маргажээ./хх 1, 98/

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, өрөө сууцыг нэхэмжлэгч нь иргэн Ж.Ж-с 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг сууцны урьдчилгаа  төлбөрийг төлж, үлдэх төлбөрийн хувьд банкны 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн боловч Худалдаа хөгжлийн банкнаас тухайн төрлийн зээлийн шалгуур шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа талаар татгалзсан хариу өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх 1, 16-19, 21, 22, 24-65/

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.Жгийн гэрт үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажиллахаар тохиролцож, Д.Ж нь Худалдаа хөгжлийн банктай тоот зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр Г.Э орон сууцыг худалдан авсан, банкны зээлийг нэхэмжлэгч бүрэн төлж дуусгасан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Ж-гийн нэр дээр гарсанд талууд маргаагүй. /хх112, 114/

 

Гэрийн үйлчлэгчээр ажиллах явцад нэхэмжлэгч хүүхэд төрүүлсний улмаас гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй үйл баримт тогтоогдсон./хх 123/

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр Д.Ж-тай тохиролцсоноор сууцны үнийг бүрэн төлсөн тул  өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж, хариуцагч нь “гэрийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, урт хугацаанд ажиллах үндсэн болзлоо хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ. /хх 98, 99/

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох юм.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Нэхэмжлэгч нь гэрийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай хөлсөөр ажиллах, хариуцагч нь нэхэмжлэгчийг банкны 8 хувийн хүүтэй зээлд хамруулж өгөх, зээл төлөгдөж дууссаны дараа сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх агуулгатай гэрээ байгуулсан нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимтай харшлахгүй юм. /хх 67/

 

Иргэний хуулийн нийтлэг үндэслэлд зааснаар талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар  хэлэлцэн тохиролцсоноор гэрээг хийсэн гэж үздэг.

 

Талуудын харилцан үүрэг хүлээж буй өвөрмөц агуулга бүхий гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт зааснаар энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч сууцны үнийг бүрэн төлж дууссан тул өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дах хэсэгт зааснаар үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно. Аливаа гэрээ хэлцэл нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд талуудын гэрээнд  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан   гэрлэх, хүүхэд төрүүлэхийг шууд хориглосон агуулга байхгүй байна.

 

Нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах юм. Талуудын гэрээ нэхэмжлэгчийн хувьд хүүхэд төрүүлсэн, хүүхдээ асрах хүндэтгэн үзэх үндэслэл, шаардлагын улмаас хэрэгжиж чадаагүй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар  хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч буруугүй бөгөөд өөрөөс хамаарах сууцны зээлийг бүрэн төлөх үүргээ гүйцэтгэсэн, иргэний эрх зүйн үндсэн зарчмаар хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул хариуцагч Д.Ж сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч нь “Нэхэмжлэгч тогтвор суурьшилтай, урт хугацаанд ажиллах болзол тавьсан” гэж тайлбарлаж маргаж байна.  Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ. Тогтвор суурьшилтай, урт хугацаанд ажиллах нь гэрээний нөхцөл бөгөөд болзол биш юм. Гэрээний нөхцөл хүндэтгэн үзэх үндэслэлээр хэрэгжихгүй байж болохыг хуулиар зөвшөөрсөн байна.

 

Талууд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар  шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болсноос гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт нь эрхийг хүлээн зөвшөөрөх заалт юм. Нэхэмжлэгч нь эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр биш харин өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт нь өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах аль хэдийн өмчлөгч болчихсон этгээдэд хамаарах эрхийн зохицуулалт юм.

 

Талуудын нэрлэгдээгүй гэрээгээр өмчлөх эрхийн гэрчилгээ Д.Жгийн нэр дээр гарсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дах хэсэгт зааснаар хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Иймд  нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг даалгуулах агуулгатай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Анхан шатны шүүх хариуцагч Д.Ж үүрэг хүлээхгүй, нэхэмжлэгч бүртгэлийн байгууллагад хандаж өөрчлөлт хийлгүүлэх эрхтэй гэсэн агуулга бүхий тайлбар хийснээрээ  нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байна.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дах хэсэгт  бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн тохиолдлыг, бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй юм.

 

Иргэний хуульд шаардах эрхийг зохицуулсан нарийвчилсан, тусгай зохицуулалт байгаа нөхцөлд Үндсэн хууль болон Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг барьж тайлбар хийсэн нь хууль хэрэглээний дараалал зарчимд нийцэхгүй юм.

 

Харин анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн 2 дах заалтыг хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03689 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “... Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 186 дугаар зүйлийн 186.1” гэж,  “ ...нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Д.Ж-ддаалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг   “...дээрх хаягт байрлах 72 тоот 1 өрөө сууцны өмчлөх эрхийг Г.Э-ын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Д.Ж-д даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           А.МӨНХЗУЛ

                      

                                            ШҮҮГЧИД                            Д.НЯМБАЗАР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД