Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01139

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03689 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00003 дугаар магадлалтай,

Г.Эын нэхэмжлэлтэй

Д.Жд холбогдох

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 49б байр, 72 тоотод байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Н.Өлзийжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г.Э нь Д.Жд холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 49б байр, 72 тоотод байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, Д.Ж нь Г.Эад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03689 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан Боржигон овогт Ганхуягийн Г.Э /рд:ФМ00000000/-ыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 49б байр, 72 тоотод байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Д.Жд даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.Жгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 487,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00003 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03689 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “...Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 186 дугаар зүйлийн 186.1” гэж, “...нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг Д.Жд даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...дээрх хаягт байрлах 72 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Эын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Д.Жд даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Өлзийжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу хянан хэлэлцээд 00003 тоот дугаартай магадлал гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Зохигчид нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу болзол тавьж хэлцэл хийсэн. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нь өөрийн үеэл эгчтэйгээ хамтран орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй нөхцөлийн зээлийн шалгуурыг хангаж чадалгүй зээл олгогч банкнаас татгалзсан хариу авсныхаа дараа хариуцагч дээр ирж уулзан гэрийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтайгаар, урт хугацаанд ажиллах үндсэн болзолтойгоор тухайн үед орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн шалгуурыг бүрэн хангаж байсан хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээр оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа “...Д.Ж надаас ямар нэг хариу төлбөр, болзол, шаардлага тавилгүй хүлээн зөвшөөрсөн...” гэж худал үндэслэл гаргасан, маргаан бүхий орон сууцыг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах зээлийн гэрээний харилцаанд хариуцагч оролцоогүй бол нэхэмжлэгч энэхүү орон сууцыг зээлээр худалдан авах боломжгүй байсан, нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа хариуцагчийн итгэлийг эвдэж, хууран мэхэлж өөрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлсэн зэрэг үйл баримтуудыг шүүх бодитоор үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт хамааруулан дүгнэж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.Жд холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 49б байр, 72 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /хх-1, 98/

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан Г.Эыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, харин улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан, орон сууцны өмчлөх эрхийг Г.Эын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Д.Жд даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 496-р байрны 72 тоот, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Э нь иргэн Ж.Жанчиваас 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, орон сууцны зээлд хамрагдаж чадаагүй тул Д.Жтай харилцан тохирч, түүний гэрт үйлчлэгчээр ажиллахаар тохиролцож, Д.Ж нь орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэн Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зээл авч, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр Г.Э нь орон сууцны үнийг төлсөн, тэрээр Г.Э нь орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд банкны зээлийг бүрэн төлж дуусгасан үйл баримтыг талууд үндсэндээ маргаагүй байна.

9. Талууд дээрх аман тохиролцоог үгүйсгээгүй боловч нэхэмжлэгч нь тохирсон ёсоор гэрийн үйлчлэгчийн ажлаа хийсэн, орон сууцны үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж, хариуцагч нь гэрийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай, урт хугацаанд ажиллах үндсэн болзлоо хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

10. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн зарим хэсэг буюу гэрийн үйлчлэгчээр ажиллах тохиролцоо хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан боловч нөгөө талаасаа ажиллуулагч нь ажиллагч этгээдийн худалдан авч буй орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, орон сууцны зээл авахад нь туслах үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч зээлээ төлмөгц орон сууцны өмчлөх эрхийг буцаан өгөх талуудын тохиролцоог давж заалдах шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэрийн үйлчлэгчээр ажиллах явцад нэхэмжлэгч хүүхэд төрүүлсний улмаас гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй үйл баримт тогтоогдсон. Гэвч энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх хуулийн үндэслэл болохгүй юм.

11. Хариуцагч Д.Ж нь бодит байдалд орон сууцыг худалдаж аваагүй, харин зээл авч өгөхийн тулд өөрийн нэр дээр Г.Эын худалдан авч буй орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлсэн, орон сууцны үнийг Г.Э төлсөн тул хариуцагч Д.Ж нь хэлбэрийн хувьд өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгч болж чадахгүй.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, харин орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дах хэсэгт заасан “хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтад нийцжээ.

12. Хариуцагч нь уг орон сууцыг худалдан аваагүй бөгөөд орон сууцны үнийг төлөөгүй тул өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ хэсгийн 11-т зааснаар өмчлөгч биш байна.

Иймд “...орон сууцны зээл аваагүй байсан бол нэхэмжлэгч орон сууц худалдан авч чадахгүй байсан, нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчийг хуурч мэхлэн өөрийн хүсэл зоригоо гүйцэлдүүлсэн баримтыг шүүх бодитоор үнэлэлгүй, хэт нэг талыг барьсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 487,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ