Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 000055

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч М.Э, Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э, Б.А нарт холбогдох эрүүгийн 1825000000034 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн,36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух хаягтай, урьд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  4 сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Х овгийн Бийн А

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн,23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум-д оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн М-ийн Э

Шүүгдэгч Б.А-г   2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ХХХХ тоотод М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Э-ыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ХХХХ тоотод Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Б.А М.Э нар өөрсдийн эхнэрийн хамт Бүрэнбүст багийн ХХХХ тоотод уулзаж архи ууж байснаа Б.А нь эхнэртэйгээ маргалдсанаас шалтгаалан улмаар М.Э Б.А нар харилцан зодолдож М.Э-ын биед нь нэг шүд унасан, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Б.А-гийн биед нь тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхи, баруун бугалганд зөөлөн эдэд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

         Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

-М.Э-ын хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн...... “2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед манай эхнэр рүү найз Биндэръяа залгаад уулзаж байгаад архи дарс ууъяа гэж хэлээд нөхрийнхөө хамт эхнэр бид хоёрыг ирж авсан. Улмаар бид нар бөөндөө “Есөн-Эрдэнэ” худалдааны төвөөс” нэг шил архи хоёр том пиво аваад А-гийн гэр рүү нь явсан. Тэгээд гэрт нь очоод авсан архи дарсаа уусан. Хэсэг хугацааны дараа А өөрийнхөө эхнэр рүү дайраад хэрүүл хийгээд байхаар нь эхнэр бид хоёр салгах гэж зөндөө үзсэн. Тэр хоёр хэрүүл маргаан хийгээд хоёр биенээ түлхэлцэж аваад байсан.Тэгээд архи дарсаа ууж дуусаад хонохоор болоод байж байтал А эхнэр рүүгээ дайраад алгадаж аваад дайраад байхаар нь би босоод “та одоо ууж идсэнээ шингээгээч”  гэж хэлсэн чинь “би чамаар архи авахуулаагүй, чиний архийг уугаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та өөрөө урьж авчирчихаад ингэх байсан юм уу” гэтэл “энэ ямар даварчихсан бацаан бэ “гээд байхаар нь “та тэгвэл намайг бас зодчих” гэсэн чинь миний шүд рүү нэг гараараа цохисон. Би зөрүүлээд толгой руу нэг цохисон. Бид хоёр харилцан зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас /

- Б.А-гийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн.......”Манай эгчийн гэр болох Бүрэнбүст багийн ХХХХ тоотод очоод танилцаад авсан архи пивоо уугаад хөөрөлдсөн. Би эхнэрээсээ хоол хийгээд өгөөч гэсэн шалтгаанаар маргаж байтал “боль” гэх мэт зүйл ярьсан. Эхнэр бид хоёрын хэрүүл маргаан зогсоогүй маргаж байтал дундуур орж ирээд манай эхнэрийг өмөөрөөд над руу дайрсан. Ариун цэврийн өрөөнд байхад чаддаг юм бол намайг цохиод өгөөч гээд өдөөн хатгаад байсан. Тэгээд том өрөөнд ороод Э бид хоёр харилцан зодолдсон ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 90 дугаартай” ... М.Э-ын биед нэг шүд унасан, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 5% байна...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/

-Очир талст шүдний эмнэлэгийн 12, 11 дүгээр шүднүүд унасан тул шүд хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн магадлагаа /хх-ийн 23-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 101 дугаартай” ... Б.А-гийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхи, баруун бугалганд зөөлөн эдэд цус хуралт, баруун тохойд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, нүдний алимны доргилт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон  хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

-Гэрч Б.Б-гийн....”нөхөр бид хоёр хоорондоо маргаан хийж байтал П-ын нөхөр Э бид хоёрыг салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа би нөхөртэйгөө маргалдаж байтал Э дундуур орж ирээд намайг өмөөрсөн шинжтэй үг хэлтэл тэр хоёр хоорондоо учир зүггүй нэг нэгнийгээ цохиж зодох болсон. Би дундуур нь хүүхдээ тэвэрчихсэн байдалтай салгасан ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

-Гэрч Б.П-ын....”А эхнэр рүүгээ хоол хийсэнгүй гэх мэтээр хэрүүл хийгээд доромжлоод байхаар нь манай нөхөр бид хоёр боль гэж зөндөө гуйсан боловч болихгүй хэрүүл хийгээд байсан учир манай нөхөр бид 2 хүүхдээ аваад гарах гэтэл хоноод яв гэхээр нь хонохоор болоод байж байтал А дахин эхнэр рүүгээ дайраад хэрүүл хийгээд байхаар нь манай нөхөр салгах гэтэл А манай нөхрийг гараараа шууд цохиод авсан. Улмаар А Э 2 харилцан зодолдсон. Би тэгээд дээд айлын хаалгыг нүдэж цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

- Шүүгдэгч Б.А-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч М.Э-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээж байна  гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.А, М.Э нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн ХХХХ тоотод согтуугаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 23-32-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан тус тус торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

        Шүүгдэгч Б.А нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэгтгэж хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Хохирогч нар төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар төлбөр нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн М Э, Х овгийн Б-ийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2.1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Ад Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 1 жил 7 сар 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ