Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 225

 

Б.Ам-, М.Эн- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар магадлалтай 1825000000034 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ам-, түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан Б.Ам-,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй М.Эн- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Эн-, Б.Ам- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Ам-д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн, 1 жил 7 сар 3 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Ам-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, шүүгдэгч М.Эн-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын Б.Ам-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоосугай гэсэн заалтыг  хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ам-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан  энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн бодсон 1 сар 3 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 7 сар 3 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж  тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ам-д 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг  2017 оны 04 сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тооцохыг  дурдаж, шүүгдэгч Б.Ам-, түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ам- гаргасан гомдолдоо “М.Эн-тай маргалдсаны улмаас бие биендээ хөнгөн гэмтэл учруулсан ба хэн нэгэндээ гомдол саналгүй, төлбөр тооцоогүй байгаа. Миний бие өмнө нь 2017 онд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял шийтгүүлж тэнсэнтэй байх хугацаандаа М.Эн-т гэмтэл учруулсан хэрэгт шүүх 500.000 төгрөгөөр торгосон боловч, уг торгох ялыг хорих ял болгосонд гомдолтой байна.

Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань жирэмсэн 2 сартай, том хүү маань 6 дугаар анги, бага хүүхэд маань 8 сартай. Би банкнаас 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Эхнэр маань жирэмсэн бага хүүгээ асраад гэртээ байгаа болохоор ар гэрийн амьдрал хэцүү байна. Иймд өмнөх шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, 2018 оны 01 сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоол, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн магадлалаар надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ам-гийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд гаргасан гомдолдоо “Шүүх Б.Ам-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг хорих ялд дүйцүүлэн 1 сар 3 хоног хорих ял болгон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн тогтоосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн санкц нь торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл байхад шүүх Б.Ам-д оногдуулсан торгох ялыг түүний өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн хорих ял болгон хүндрүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ам-д оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнө тэнссэн байсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйл гэж техникийн шинжтэй алдаа гаргасан тул магадлалд өөрчлөлт оруулж, залруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял дууссаны дараа оногдуулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ам- түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ам-, М.Эн- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ам-, М.Эн- нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13-30 тоотод харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ам-, М.Эн- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ам- нь урьд хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан хугацаанд М.Эн-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлж, дүйцүүлэн хасалгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ам-гийн урьд шийтгүүлсэн 1 жил 6 сар хорих ялыг хууль буцаан хэрэглэж, ял дүйцүүлэн хасах аргачлалын дагуу тооцоход 1 жил 1 сар 25 хоногтой тэнцэж байна.

Иймд шүүгдэгч Б.Ам-гийн эдлэх ялыг багасгаж зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Б.Ам-, түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “хорих ялыг торгох ялаар солих, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгохоор  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар магадлалд “Шүүгдэгч Б.Ам-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжийн 15 нэгжийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн тооцож, 1 сар 3 хоног хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 25 хоног хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 2 сар 18 хоног хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ам- түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН