Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “О” ХХК/РД: /-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2 987 076 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. “Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ” /цаашид “гэрээ” гэх/-ээр манай компани “High Apartment” үйлчилгээний орон сууцны халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах ажлыг гүйцэтгэх, “О” ХХК нь нийт 1 616 000 000/нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөгний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон юм.

Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу нийт 1 616 000 000/нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөгний төлбөрийн 70 хувийг бэлнээр, 30 хувь буюу 484 800 000/дөрвөн зуун наян дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг 3 орон сууц, 1 автомашины зогсоолоор төлөхөөр тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 16 тоот “Бартерийн гэрээ”, 01/254, 01/256, 01/257 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”, 01/255 тоот “Смарт дулаан зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан.

Манай компани “Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нийт 1 368 685 201/нэг тэрбум гурван зуун жаран найман сая зургаан зуун наян таван мянга хоёр зуун нэг/ төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хийж дуусгасан. Хариуцагч нь дээрх төлбөрөөс 1 021 653 125 төгрөгийг төлсөн бөгөөд 347 032 076 төгрөгийн төлбөрийг “Бартерийн гэрээ”-нд заасны дагуу барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Удаа дараа бид мөнгөө авъя гэж хандаж байсан боловч байрныхаа эзэмшлийг авч амжаагүй гэв.

Иймд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ”, 16 тоот “Бартерийн гэрээ”, 01/254 “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдийн дагуу 344 045 000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р хороо, “High Apartment” хотхоны А блокийн, 11 давхар, 60 тоот, 3 өрөө, 87.1 м.кв бүхий орон сууцны өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, үлдэгдэл төлбөр 2 987 076 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан. 71.1-т заасан хугацаа 2 дахин нугалараад явж байхад өнөөдөр хариуцагч тал нэг ч удаа шүүхэд татгалзлал тайлбараа нотлох нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Зөвхөн Хятад улсаас бараа нийлүүлсэнтэй холбоотой гаалийн бичиг гаргуулъя гээд гаргуулсан. Үүнийг татгалзлалаа нотлох хангалттай нотлох баримт гэж үзэхгүй байна. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа байгууллагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсан хариуцагч 14 хоногийн дотор хариу тайлбараа гараагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж шаардлагаа гаргасан. Энэ дээр хариуцагч тал ямар нэгэн татгалзлалыг илэрхийлж нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй учраас талуудын маргаагүй үйл баримтыг нотлохгүй хүлээн зөвшөөрсөнд тооцоод анхны баримтаараа хангалттай нотлогдож байна. Нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байна.” гэв.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанид холбогдуулж тус шүүхэд гаргасан “Б” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани “Б” ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нийлүүлсэн бараа материал нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанарын шаардлагад нийцээгүй, гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэгчээс үндэслэлгүй өндөр үнэ тогтоосон зэрэг нөхцөл байдлуудаас болж гэрээний үр дүн төлбөр хөлсний талаар дахин тооцоо нийлэх, гэрээг дүгнэх шаардлагыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн боловч гэрээгээ дүгнэхээс зайлсхийж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээний дагуу захиалагчид ажлаа гүйцэтгээд хийсэн ажлынхаа үр дүнг хуульд заасан хугацаандаа хүлээлгэж өгнө. Хүлээлгэж өгөхдөө актаар хүлээлгэж өгнө. Актыг талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулснаар ажлыг хүлээж авсанд тооцно гээд заасан. Гэрээний төлбөрийг 70 хувийг бэлнээр 30 хувийг бартераар төлнө гээд 1,016,000,000 төгрөгөөр гэрээ байгуулагдсан байдаг. 1,016,000,000 төгрөгөөс хариуцагч “О” ХХК гэрээнд заасан хугацаандаа 70 хувийн шилжүүлчихсэн байдаг. Мөн бартераар 52 сая төгрөгийн орон сууцыг шилжүүлсэн. Нийт 1,028,177,125 төгрөгийн төлбөрийг хийсэн байдаг. Нэхэмжлэгч тал 1,368,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгсөн гэж байгаа. Гэтэл гэрээнд заасны дагуу ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. Ажлыг хүлээлгэж өгсөн гээд байгаа тооцоо нийлсэн акт байдаг. Хугацааг нь харахаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгаа. Гэтэл хүлээлгэж өгөх хугацаан өөрөө 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буюу 98 хоног байгаа. 347,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо гаргаж байгаа. Хариуцагч талаас төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 340,508,076 төгрөг гэж харагдаад байгаа. Гэхдээ 1,368,000,000 төгрөгийнхөө ажлыг яаж гүйцэтгэсэн нь тооцоон дээрээс харагдахгүй байна. Зүгээр багтсан дүн гээд яваад байгаа. 1,000,000,067 төгрөг, 67,000,000 төгрөг, 12,000,000 төгрөг нөгөө 10,000,000 төгрөгийн баримт нь дахиад 12,000,000 төгрөг болсон байгаа юм. Яагаад 2,000,000 төгрөг нэмэгдэх болчихов. Энэ нь тодорхойгүй. Хэдэн төгрөг, ямар үл хөдлөх эд хөрөнгө байсан болоод үүнийг 1,368,000,000 төгрөг болгож байгаа нь харагдахгүй байна. Үүнээс үзэхэд шинжилгээ хийлгэж заавал дүгнэлт гаргахгүй бол энэ үнийн дүн гарах боломжгүй болчихоод байгаа. Би өчигдөр хэргийн материалтай танилцаад явсан. Дахиад 1 зүйлийг хэлэхэд өмгөөлөгч надтай гэрээ байгуулсан. Гэхдээ өмгөөлөгч яалт ч үгүй Давж заалдах шатны шүүх дээр шүүх хуралтай гэх холбогдох баримтуудаа өгсөн. Шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч ээ гэсэн боловч шүүх хүлээж аваагүй. Тэгэхээр одоо баримтын хүрээнд ярихад энд өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж дуусгавар болгож шийдвэр гаргахад надад учир дутагдалтай гэж үзэж байна. Хэрэгт ирсэн баримтуудаас харахад дандаа ХБНГУ-аас гэсэн боловч Хятад улсаас ирсэн баримтууд байна. Гэрээнд эрх бүхий албан тушаалтанд актаар хүлээлгэж өгнө тэр нь гэрээний хавсралт болно гэж заасан байхад бас тэр нь байдаггүй. Холбогдох албан тушаалтан болох хүмүүсийн гарын үсэг, тамга тэмдэг байхгүй байдаг. Мөн тооцоо нийлсэн акт гэдэг нь 2019 оны 02 сарынх байгаад байгаа. 2017 оны 12 сард хүлээлгэж өгөөд  02 сарын хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэсэн юм бол яагаад 2017 оныхоо 12 сард гэрээгээ дүгнэчихээгүй юм бэ энэ нь харагдахгүй байгаа. Үүнээс юу гэж харагдаж байна вэ гэвэл энэ хэр хугацааны ямар ажил байсан юм, яаг энэ үнийн дүнд хийгдсэн ажил мөн үү, биш үү тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж байж тоо тооцоолол үнэ зөв гарна гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “О” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент хотхон, А блок, 11-р давхар, 60 тоот 3 өрөө, 87.1/наян долоо аравны нэг/ метр квадрат орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2 987 076/хоёр сая есөн зуун наян долоон мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “О” ХХК нь гэрээгээ дүгнэхээс зайлсхийж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

          Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь Хайя Апартмент үйлчилгээтэй орон сууцны Халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн тус Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тус Бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг холимог гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзэх ба нэхэмжлэгч нь тодорхой ажил гүйцэтгэж, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээний хэм хэмжээг анхаарах үндэслэлтэй байна. 

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 3.2, 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь Хавсралт 1-т заасан тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон Хавсралт 2-т заасан хугацаанд нийт 1 616 000 000/нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөгт багтаан угсрах, хариуцагч нь нийт үнийн дүнгийн 70/дал/ хувийн төлбөрийг бэлнээр буюу дансаар, 30/гуч/ хувийн төлбөрт бартераар буюу Бартерын гэрээгээр зохицуулахаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр № 16 Бартерийн гэрээ байгуулсан болох нь № 16 Бартерийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 16 Бартерийн гэрээний 1-ийн 1.2, 1.3, 2-ын 2.1-т зааснаар хариуцагч нь бараа материалын төлбөрийг бартераар суутгах буюу 344 045 000/гурван зуун дөчин дөрвөн сая дөчин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент, А блок, 11-р давхар, 60 тоот, 1/нэг/ орон сууц, 36 648 750/гучин зургаан сая зургаан зуун дөчин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийн үнэ бүхий смарт зогсоол, 104 106 250/нэг зуун дөрвөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийн үнэ бүхий Орчлон хороолол, 38.4 м.кв, 2-р давхрын 20 тоот, 38.4 м.кв, 1-р давхрын 11 тоот, нийт 484 800 000/дөрвөн зуун наян дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий орон сууцууд болон смарт зогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь № 16 Бартерийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

№ 16 Бартерийн гэрээ нь Арилжааны гэрээний шинжтэй байх ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгч нь халаалт, хөргөлтийн бараа материалаар нийт 1 368 685 201/нэг тэрбум гурван зуун жаран найман сая зургаан зуун наян таван мянга хоёр зуун нэг/ төгрөгийн агаар сэлгэлт, хөргөлтийн системийн ажил гүйцэтгэсэн болох нь “О” ХХК, “Бьюлдингс техноложи” ХХК хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн актын болон “Хайя апартмент” төслийн үйлчилгээтэй орон сууцны барилгын таазны халаалт, хөргөлтийн системийн гүйцэтгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь нийт 1 616 000 000/нэг тэрбум зургаан зуун арван зургаан сая/ төгрөгийн халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах ажил хийж гүйцэтгэхээс 1 368 685 201/нэг тэрбум гурван зуун жаран найман сая зургаан зуун наян таван мянга хоёр зуун нэг/ төгрөгийн бараа, материал нийлүүлэн угсрах ажил гүйцэтгэсэн болох нь “О” ХХК, “Бьюлдингс техноложи” ХХК хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн актын болон “Хайя апартмент” төслийн үйлчилгээтэй орон сууцны барилгын таазны халаалт, хөргөлтийн системийн гүйцэтгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 1 368 685 201/нэг тэрбум гурван зуун жаран найман сая зургаан зуун наян таван мянга хоёр зуун нэг/ төгрөгийг төлөхөөс 1 021 653 125/нэг тэрбум хорин нэгэн сая зургаан зуун тавин гурван мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, “О” ХХК, “Бьюлдингс техноложи” ХХК хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.”, 346 дугаар зүйлийн 346.1-т “Талууд өөрөөр тохиролцоогүй ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээ болон Бартерийн гэрээнд заасан үлдэгдэл үнэ болон ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид 344 045 000/гурван зуун дөчин дөрвөн сая дөчин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент, А блок, 11-р давхар, 60 тоот, 3/гурав/ өрөө, 87.1/наян долоо аравны нэг/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хариуцагчаас 2 987 076/хоёр сая есөн зуун наян долоон мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 2 987 076/хоёр сая есөн зуун наян долоон мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, хариуцагч “О” ХХК-д Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент, А блок, 11-р давхар, 60 тоот, 3/гурав/ өрөө, 87.1/наян долоо аравны нэг/ м.кв орон сууцыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 2 987 076/хоёр сая есөн зуун наян долоон мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, хариуцагч “О” ХХК-д Баянзүрх дүүрэг, 6 хороо, Хайя Апартмент, А блок, 11-р давхар, 60 тоот, 3/гурав/ өрөө, 87.1/наян долоо аравны нэг/ м.кв орон сууцыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 893 111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 893 111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, хариуцагч “О” ХХК-иас орчуулагчийн хөлсөд 560 000 төгрөгийг гаргуулан “Э Фи Ди Ди Бэ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ