Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02281

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184 дугаар захирамжаар Б.А-, Б.Б, Б.Ннараас 40 178 975 төгрөг гаргуулж, Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд барьцаа хөрөнгө болох Б.А-, Б.Б-, Б.Н- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 13 дугаар байр, 389 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026327 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах акт үйлдэн хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар дээрх хөрөнгийг үнэлүүлсэн боловч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, төлбөр авагчтай харилцан тохиролцож, эд хөрөнгийг төлбөрийн үнийн дүнд тооцуулан авах зорилго илэрхийлж байгаа нь илт байна. Гэтэл тус газар нь барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч нарт мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй. Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг баталгаат шууданд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хийсэн байна. Дээрх мэдэгдлийг төлбөр төлөгч тал хүлээн аваагүй, мөн үнэлгээ тогтоосныг ч мэдээгүй байхад дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль журмын дагуу явуулах боломж олгоно уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00184 дугаар захирамжаар Б.Б-, Б.Н-, Б.А- нараас 40 178 975 төгрөг гаргуулж, Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Б.А- нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Б.Б-, Б.Н-, Б.А-, Б.А- нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026327 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19271417/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 19271417/06 дугаар хураах тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/17565 тоот мэдэгдлийг Б.А-ад хүлээлгэн өгсөн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/285 дугаар тогтоолоор томилж, үнэлгээг тогтооход 112 427 800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б-, Б.Н-, Б.А-, хамтран өмчлөгч Б.А- нарт 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.А- нь баталгаат шуудангаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоног буюу 2020 оын 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд хандах ёстой байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу 14 хоногийн дараа шүүхэд хандсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Б.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 389 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээн аваагүй, албадан дуудлага худалдаанд орж байгааг мэдэн гомдол гаргасан. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн гэх боловч хөгшин настай гэрт байдаг өмчлөгч нарт мэдэгдсэн бөгөөд хамтран өмчлөгч надад бодит байдал дээр 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэн шүүхэд гомдол гарган өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хураах тогтоол үйлдсэн өдрөөс талуудад мэдэгдэж, 1 сарын дотор зах зээлийн ханшаар өөрсдөө төлбөр төлөгч тал худалдан борлуулах эрхийг ноцтой зөрчсөн. Төлбөр авагч Проадд ББСБ ХХК-ийн хүсэлтийн дагуу хурдан шуурхай ажиллагаа хийж байгаад харамсаж байна. Энэ нь албадан дуудлага худалдаанд оруулан, төлбөр авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх зорилго илэрхийлж байгаа нь илт нэг талыг барьсан үйлдэл юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд шууд гаргах эрх зүйн зохицуулалттай байдаг бөгөөд ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн дээд шатны байгууллагад хандан гаргана хэмээн заасныг үндэслэн шүүхэд хандсан боловч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйгээр шийдэн, шүүх хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулалгүй шийдсэнд гомдолтой байна. Мөн энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6 дах заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00184 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.Б-, Б.Н-, Б.А- нараас 40 000 000 төгрөг гаргуулан, Проадд ББСБ ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 30-31-р тал/

 

Төлбөр төлөгч Б.Б-, Б.Н-, Б.А- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөр авагч Проадд ББСБ ХХК-ийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 184/ГХ2019/00941 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 29-р тал/

 

Хариуцагч нь төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 389 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026327 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын сарын 06-ны өдөр хураасан байх бөгөөд уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх-ийн 41, 44-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор үнийн санал авах тухай мэдэгдлийг талуудад хүргүүлсэн боловч төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Проадд ББСБ ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 46-49, 59-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 112 427 800 төгрөгөөр үнэлж, хариуцагч нь үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б-, Б.Н-, Б.А- нарт 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 50-73-р тал/

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дах хэсэгт Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ гэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж тус тус заасан тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчихгүй юм. Иймд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах болон эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор шинжээч томилсон ажиллагаа нь хуульд нийцсэн байх бөгөөд үнэлгээг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх боловч шинжээч нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн, хэргийн 95 дугаар талд зохигчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдсан байх бөгөөд тус баримтад нэхэмжлэгч Б.А- гарын үсгээ зурсан байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Г.ДАВААДОРЖ