Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01016

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дүгээр магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.15-ны өдрийн 184 тоот захирамжаар *******, Б.Баатаржав, Б.Нямсүрэн нараас 40,178,975 төгрөг гаргуулж, Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу *******т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа билээ. Тус ШШГГ нь дээрх захирамжийн дагуу *******, Б.Баатаржав, Б.Нямсүрэн нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Өнөр хороолол, 13-р байрны 389 тоот хаягт байрлах Ү-2201026327 тоот бүртгэлийн дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах акт үйлдэн хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар дээрх хөрөнгийг үнэлүүлсэн боловч зах зээлийн ханшаар хэт доогуур үнэлж, төлбөр авагч ББСБ-тай харилцан тохиролцож эд хөрөнгийг минь төлбөрийн үнийн дүнд тооцуулан авах зорилго илэрхийлж байгаа нь илт байна. Гэтэл тус газар нь ШШГТХуулийн 55.3-т заасны дагуу тухайн хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч нарт мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг баталгаат шууданд 2020.05.28-ны өдөр хийсэн байна. Дээрх мэдэгдлийг төлбөр төлөгч тал хүлээн аваагүй, мөн үнэлгээ тогтоосныг ч мэдээгүй байхад дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь ШШГТХууль болон Иргэний хуулийн 177-р зүйлийг зөрчсөн байна. ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл хүлээн авч гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль журмын дагуу явуулах боломж олгоно уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Янжинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.15-ны өдрийн 184/ШШ2019/00184 дугаар захирамжаар Б.Баатаржав, Б.Нямсүрэн, ******* нараас 40,178,975 төгрөг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019.08.12-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч ******* нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Б.Баатаржав, Б.Нямсүрэн, *******, Б.Ариунболд нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026327 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019.10.25-ны өдрийн 19271417/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020.05.06-ны өдрийн 19271417/06 дугаар хураах тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх 2020.05.11-ний өдрийн 4/17565 тоот мэдэгдлийг *******ад хүлээлгэн өгсөн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг 2020.05.20-ны өдрийн 5/285 дугаар тогтоолоор томилж үнэлгээг тогтооход 112,427,800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2020.05.27-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Баатаржав, Б.Нямсүрэн, *******, хамтран өмчлөгч Б.Ариунболд нарт 2020.05.28-ны өдрийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч ******* нь үнэлгээний баталгаат шуудангаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоног буюу 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд хандах ёстой байсан бөгөөд 2020.06.11-ний өдөр буюу 14 хоногийн дараа шүүхэд хандсан нь ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 184/ШШ2020/03076 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.04-ний өдрийн 2281 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан СХД-ийн 13-р хороо, Өнөр хороолол, 11-р байрны 389 тоот хаягт байрлах Ү-2201026327 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019.10.25-ны өдрийн 19271417/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2020.05.06-ны өдрийн 19271417/06 тоот хураах тогтоол үйлдэж, хураасан бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг маань Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг удирдлага болгон албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул ШШГГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ болох Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн гаргасан 112,427,800 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг ШШГТХуулийн 55.1-д заасны дагуу мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг ямар нэгэн байдлаар өмчлөгч нар хүлээн аваагүй, албадан дуудлага худалдаанд орж байгааг мэдэн гомдол гаргасан. Анхан шатны шүүх дүгнэхдээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь зүйлд зааснаар 2020.05.28-ний өдрийн 4/19300 мэдэгдлээр мэдэгдсэн гэх боловч өмчлөгч миний эрх ашиг хөндөгдөн мэдэгдсэн зүйл байхгүй билээ. Мэдэгдлийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...

Гэтэл дээрх хийгдсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг мэдэгдэхдээ 2020.05.28-ны өдрийн 4/19300 тоот мэдэгдлээр мэдэгдсэн гэх боловч хөгшин настай гэрт байдаг өмчлөгч нарт мэдэгдсэн бөгөөд хамтран өмчлөгч надад бодит байдал дээр 2020.06.13-ны өдөр мэдэгдэн шүүхэд гомдол гарган өгсөн. ШШГТХуулийн 55.1-д заасны дагуу бол үл хөдлөх хөрөнгийг хураах тогтоол үйлдсэн өдрөөс талуудад мэдэгдэж, 1 сарын дотор зах зээлийн ханшаар өөрсдөө төлбөр төлөгч тал худалдан борлуулах эрхийг ноцтой зөрчсөн. Төлбөр авагч Проадд ББСБ ХХК-ийн хүсэлтийн дагуу хурдан шуурхай ажиллагаа хийж байгаад харамсалтай байна. Энэ нь албадан дуудлага худалдаанд оруулан ББСБ-ын өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх зорилго илэрхийлж байгаа нь илт нэг талыг барьсан үйлдэл юм.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой битүүмжлэх, хураах тогтоол, дуудлага худалдааг хүчингүй болгуулах зэрэг асуудлыг огт авч хэлэлцээгүй, зөвхөн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэмээн дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд шууд гаргах эрх зүйн зохицуулалттай байдаг бөгөөд ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн дээд шатны байгууллагад хандан гаргана хэмээн заасныг үндэслэн шүүхэд хандсан боловч 2020.10.08-ны өдөр шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд шийдэн, шүүх хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулалгүй шийдсэнд харамсалтай байна. Мөн энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байгаа нь ИХШХШТХуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* *******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.15-ны өдрийн 184 тоот шүүгчийн захирамжаар *******, Б.Баатаржав, Б.Нямсүрэн нар нь 40,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд Проадд ББСБ ХХК-д төлж барагдуулахаар, гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигч талын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хороолол, 11 дүгээр байрны 389 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 112,427,800 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч ******* эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, ...үнэлгээг хуульд заасан хугацаанд мэдэгдэлгүй албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг зөрчсөн, ...төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан тул үнэлгээг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах боломж олгож өгнө үү гэжээ.

 

а/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо ...мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг 2020.05.27-ны өдөр хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний талаарх 2020.05.28-ны өдрийн 4/19300 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч *******, Б.Баатаржав, Б.Нямсүрэн нарт мөн өдрөө баталгаат шуудангаар илгээснийг нэхэмжлэгч хүлээн авч, улмаар үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээр дурдсан мэдэгдэл, Хөрөнгө үнэлгээний тайлангийн нүүр хуудсыг нэхэмжлэлд хавсарган өгснийг Сонгинохайрхан дүүргийн шүүх 2020.06.11-ний өдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардас, нэхэмжлэлд хавсаргасан материалын дарааллаар тогтоогдсон байх тул төлбөр төлөгчид үнэлгээг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж үзэхгүй.

 

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагаа явуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020.06.23-ны өдрийн 8463 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул ...хуульд заасан хугацаанд үнэлгээг мэдэгдэлгүй хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн... гэх шаардлага үндэслэлгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлжээ.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн баталгаат шуудангаар илгээсэн баримтыг хэдийд хүлээн авснаа баримтаар нотлоогүй бөгөөд шүүх төлбөр төлөгчийг үнэлгээний талаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнээгүй тул шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

б/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэжээ.

 

Шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн шинж чанар, байдал, байрлал орчинтой газар дээр нь очиж танилцан, үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судалж, өнөөгийн болон ирээдүйн төлөвийг сонирхож, шаардагдах мэдээллийг олж авсан, ОУҮСтандартад заасны дагуу зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргаар тус тус үнэлсний үндсэн дээр 112,427,800 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан байх тул үнэлгээг үндэслэлгүй гаргасан гэж үзэх боломжгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

2.   Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, ...хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, ...хөрөнгийг нэг сарын дотор зах зээлийн ханшаар өөрсдөө худалдан борлуулах эрхийг ноцтой зөрчсөн, ...анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүй, нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5., 77.6. дахь заалтыг зөрчсөн тул... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

 

а/ Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрт дурдаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3.-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах санал гаргаж болно гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээний тайланг мэдэгдсэн 4/19300 тоот мэдэгдэлд /хх-5 дугаар тал/ хуулийн дээрх заалтыг бичиж, саналаа бичгээр хариу ирүүлэхийг заасан байх бөгөөд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч эд хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулахаар шийдвэр гүйцэтгэгчид санал гаргасан тухай хэрэгт баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдоогүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны дүгнэлт хуульд нийцжээ.

 

в/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар ...мэдэгдэнэ, 77.5.-д мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ, 100 дугаар зүйлийн 100.2.-т нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүнийг эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэжээ.

 

2020.10.08-ны өдөр хуралдах шүүх хуралдааны товыг 2020.10.01-ний өдөр нэхэмжлэгч *******ад мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулж, огноог бичсэн болох нь хэргийн 95 дугаар талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9 тоот баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд ...шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, ...нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас 2021.01.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД