Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2020/03076

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....дугаар хороо, Өнөр хороолол, .... дүгээр байр, 389 тоот хаягт оршин суух Д...овогт Б.А /регистрийн дугаар:...../ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Я, М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184 тоот захирамжаар Б.А, Б.Б, Б.Н нараас 40,178,975.000 төгрөг гаргуулж, П ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа билээ. Тус ШШГГ нь дээрх захирамжийн дагуу Б.А, Б.Б, Б.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Өнөр хороолол, 13-р байрны ... тоот хаягт байрлах Ү-2201026327 тоот бүртгэлийн дугаартай 40м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах акт үйлдэн Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-иар дээрх хөрөнгийг үнэлүүлсэн боловч зах зээлийн ханшаар хэт доогуур үнэлж, төлбөр авагч ББСБ-тай харилцан тохиролцож эд хөрөнгийг минь төлбөрийн үнийн дүнд тооцуулан авах зорилго илэрхийлж байгаа нь илт байна. Гэтэл тус газар нь ШШГТХуулийн 55.3-т заасны дагуу тухайн хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, дээрх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч нарт мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг баталгаат шууданд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийсэн байна. Дээрх мэдэгдлийг төлбөр төлөгч тал хүлээн аваагүй, мөн үнэлгээ тогтоосныг ч мэдээгүй байхад дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь ШШГТХууль болон Иргэний хуулийн 177-р зүйлийг зөрчсөн байна. ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл хүлээн авч гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль журмын дагуу явуулах боломж олгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Янжинхорлоо, М.Үүлэнсолонго нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00184 дугаар захирамжаар Б.Б нараас нараас 40,178,975 төгрөг гаргуулж П ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Б.А нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Б.Б нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026327 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр, 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19271417/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19271417/06 дугаар хураах тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/17565 тоот мэдэгдлийг Б.А хүлээлгэн өгсөн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/285 дугаар тогтоолоор томилж үнэлгээг тогтооход 112,427,800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б, хамтран өмчлөгч Б.Ариунболд нарт 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.А нь үнэлгээний баталгаат шуудангаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоног буюу 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор шүүхэд хандах ёстой байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу 14 хоногийн дараа шүүхэд хандсан нь ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хугацаа хэтэрсэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хариуцагч тал эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01дүгээр сарын 15-ны 184/ШШ2019/00184 дугаартай захирамжаар П ББСБ ХХ Компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 105.607.817 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 65,607,817 төгрөгийг татгалзаж, зохигчид 40,000,000 төгрөгт эвлэрч, хариуцагч нар нь төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 14-ний дотор төлж барагдуулах, эвлэрлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 дүгээр хороолол, ... дүгээр байрны .... тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул Зохигчийн эвлэрлийг баталж , хэргийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн ба 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 184/ШЗ2019/08502 дугаар захирамжаар 184/ГХ2019/00941 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдож байна./хх 27-31/

Шүүхээс 941 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хувийн хэрэг нээсэн ба тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 08 дугаар сарын 16-нд төлбөр төлөгч нартай уулзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар танилцуулж, шүүгчийн захирамжид заасан 40,000,000 төгрөгийн төлбөрийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэн даруй төлж барагдуулах талаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн, 40,298,975 төгрөгийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны дотор төлөх талаар 2019 оны 08 дугаар сарын 26-нд 1927147/01 тоот мэдэгдэл, мөн 2019 оны 10 дугаар сарын 17-нд төлбөр төлөх талаар 2019 оны 10 дугаар сарын 10-нд 19271417/02 тоотоор мэдэгдэл тус тус хүргүүлснийг төлбөр төлөгч Б.А хүлээн авч гарын үсэг зурсан, шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 25-нд төлбөр төлөгч нарын оршин суух Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны ... тоот орон сууцанд очиж төлбөр төлөгч Б.Б нартай уулзаж тэмдэглэл үйлдэн тус байрыг 19271417/04 тоот тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Б.А даалгаж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны дотор биелүүлэх хугацаа тогтоож, 19271417/05 тоот мэдэгдлийг Б.А гардуулж, төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч Б.Б нарт мэдэгдсэн ба 2020 оны 05 дугаар сарын 06-ны 19271417/06 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны ... тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хурааж, тэмдэглэл үйлдэж төлбөрөө 2020 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлөх талаар мэдэгджээ./хх 27-44/

Улмаар 2020 оны 05 дугаар сарын 11-ны 4/17565, 4/17564 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн ба ...3 өрөө орон сууцыг хураасан тул үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 зааснаар төлбөр авагч, өмчлөгчтэй харилцан тохиролцож тогтоон 2020 оны 05 сарын 13-ны, 2020 оны 05 сарын 18-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид бичгээр ирүүлэх, тогтоосон хугацаанд үнийн саналыг тохиролцоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар шинжээч томилон зах зээлийн үнийг тогтоох талаар тус тус мэдэгдсэн ба мэдэгдлийг төлбөр төлөгч Б.А хүлээн авч, мэдэгдлийн хувийг төлбөр төлөгч Б.Б нарт гардуулж өгөхөөр авсан тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан мөн уг байрны хамтран өмчлөгч Б.А энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдов. / хх 45-48/

Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас 389 тоот орон сууцны үнэлгээг харилцан тохиролцсон талаарх үнийн саналаа тогтоосон хугацаанд бичгээр ирүүлээгүй тул П ББСБ ХХКомпанийн хүсэлтээр 2020 оны 05 сарын 20-ны өдөр 5/285 тоот тогтоолоор орон сууцны үнэлгээг гаргуулахаар Хөрөнгө-Эстимэйт ХХКомпанийг шинжээчээр томилсны дагуу 2020 оны 05 сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны ...тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 112,427,800 төгрөгөөр үнэлж дүгнэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ирүүлжээ./хх 52-58/

 

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэсэн, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т Үнэлгээг талууд ,өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-д шинжээчээр үнэлүүлнэ гэсэн заалтыг хариуцагч зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хүлээн авч 389 тоот 3 өрөө орон сууцыг 112,427,800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон болохыг 2020 оны 05 дугаар сарын 28-нд төлбөр авагч болон төлбөр төлөгч нар, байрны хамтран өмчлөгч Б.А нарт 4/19300 тоот мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох, энэ талаар бичгээр хариу ирүүлэх тухай мэдэгдсэн боловч төлбөр төлөгч, өмчлөгч нараас дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн өмчлөлийн тоот 389 тоот 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах саналаа ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй./57-72/

 

Нэхэмжлэгчээс 3 өрөө орон сууцыг Хөрөнгө Эстимэйт ХХК-иар үнэлүүлсэн боловч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, төлбөр авагч ББСБ-тай харилцан тохиролцож эд хөрөнгийг минь төлбөрийн үнийн дүнд тооцуулан авах зорилготой, тухайн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч нарт мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй, албадан дуудлага худалдааны мэдэгдлийг баталгаат шууданд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийсэнг төлбөр төлөгч тал хүлээн аваагүй, мөн үнэлгээ тогтоосныг ч мэдээгүй байхад дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн,эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл хүлээн авч гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Гэвч төлбөр төлөгч нар мэдэгдэл аваагүй гэсэн хэдий ч тус мэдэгдлийг нэхэмжлэлдээ хавсаргасан, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэлээс хийсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, төлбөр төлөгч нараас үнэлгээний талаар гомдол гаргахад нь хүлээн авахгүй гомдол гаргах эрхийг нь хязгаарласан талаарх баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнтэй холбоотой нотлох баримттай холбогдуулан тэдгээрт тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагынхаа талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлж хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

Иймд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч Б.Ариунбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/08463 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.А нарт холбогдуулан гүйцэтгэгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу шүүх үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч болох Проадд ББСБ ХХК татан оролцуулах хүсэлтийг зохигчид болон төлбөр авагчаас гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдааныг хойшлуулах болон эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хуульд зааснаар хүсэлт баримтыг бичгээр гаргаагүй тул түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна үзэж хариуцагч талын хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Б.А нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ариунбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ