| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2020/03226/И |
| Дугаар | 210/МА2021/00060 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2021/00060
Р.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02557 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.С-ийн хариуцагч Т.А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 116 995 974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “мөнгөний хэрэг гараад байна, мөнгө түр өгч туслаач” гэж Р.С-й холбогдож, Худалдаа хөгжлийн банк дахь Т.Анхбаярын 46хххх тоот дансандаа 4 795 ам.доллар, мөн өдөр 43 205,73 ам.доллар буюу нийт 48 000,73 ам.долларыг зээлж авсан. Гэтэл Т.А нь уг зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй байгаа тул 48 000,73 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 ам.долларыг 2 437,41 төгрөгт хөрвүүлэн, нийт 116 995 974 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.А-н хувьд Р.С-с мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Дансаар шилжүүлэн авсан 48 000,73 ам.доллар нь иргэн Б.А, түүний хүү П.У бидний хамтран байгуулсан компанийн хөрөнгө оруулалт байсан бөгөөд П.У хувьд компаниас зохих ашгаа хүртсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Р.С-ийннэхэмжлэлтэй, Т.А-т холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.995.974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.С-с улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 742.950 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн тайлбарт Р.С-с “шилжүүлсэн мөнгийг компанийн хэрэгцээнд зарцуулсан" гэх боловч, хариуцагчийн тайлбарт “АБ" ХХК-ийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэх, мөн “АБ” ХХК-д хөрөнгө оруулсан, мөн ногдол ашиг хүртсэн гэх тухай бичгэн нотлох баримтыг хариуцагч тал хэрэгт гарган өгч хавсаргаагүй. Ийм баримт огт байхгүй. Түүнчлэн Т.А-с бусад хувь хүний нэр дээр шилжүүлсэн мөнгөн дүн нь Р.С-с шилжүүлсэн мөнгөн дүнгээс зөрүүтэй.
Гэтэл шүүх шилжүүлсэн тоо дүн зөрүүтэй, хэрэгт хамааралгүй, хэрэгт хавсаргаагүй “нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан” хэмээн онцлон дурьдаж, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан. Р.С нь 2017 оны 12 сарын 11-ны өдөр хариуцагч Т.А Худалдаа хөгжлийн банк дахь 468ххххх тоот дансанд 4 795 америак долларыг, мөн өдөр уг дансанд 43 205,73 ам.долларыг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл хэнээс хэнд гүйлгээ хийж байгааг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэнээс хэнд, хэдэн төгрөг бэлэн бусаар шилжүүлж байгааг шалган тогтоон, гүйлгээг хийсэн. Р.С-с Т.А Худалдаа хөгжлийн банк дахь 46хххх тоот дансанд 48 000,73 ам.долларыг шилжүүлсэн мөнгийг шаардахад, шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь хууль бус шийдвэр болсон. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Р.С нь Т.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 116 995 974 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “АБ ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж П.У-с авсан мөнгөн хөрөнгө” гэж маргажээ. /хх 1, 15 /
Хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.А Худалдаа хөгжлийн банк дах 468хххх тоот дансанд 4 795 америк доллар “П.У орлого” гэсэн утгатайгаар шилжсэн, мөн өдөр дахин 43 205,73 америк долларыг Т.А Худалдаа хөгжлийн банк дахь 468хххх тоот дансанд “П.У орлого-Х-2439 хэлцэлтэй” гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 26/
Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн хөрөнгө дээрх дүнгээр өөрт шилжиж орж ирсэн гэдгийг, мөн уг мөнгө буцаан төлөгдөөгүй гэдгийг хариуцагч үгүйсгээгүй. /хх 26/
Нэхэмжлэгч “дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс хариуцагчид зээлдүүлсэн, гагцхүү мөнгөн гуйвуулгыг хүү П.У-г гуйж хийлгэсэн” гэж тайлбарласан бол хариуцагч “Дээрх шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө нь Б.А, түүний хүү П.У нарын хамтран байгуулсан компанид оруулсан хөрөнгө оруулалт байсан бөгөөд П.У нь хөрөнгө оруулсны ашгаа буцаагаад хангалттай авчихсан” гэж маргажээ. /хх 15 /
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэжээ.
Зарчмын хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан.Тухайн хэрэгт П.У эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл байдал үүссэн байхад түүнийг гуравдагч этгээдээр татах эсэхийг шүүх тодруулаагүй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх юм. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон нөхцөлд хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зорилго хэрэгжих боломжтой болох юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.
Хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар хамаарах юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх бөгөөд зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.
Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө зээл байсан гэж тайлбарлаж мөнгөн шилжүүлгийн баримтаа гаргасан нөхцөлд түүнийг няцаах үүрэг хариуцагчид шилжих юм.
Хариуцагч нь дээрх мөнгийг хөрөнгө оруулалт гэдгээ нотлохоор АБ ХХК гэх хуулийн этгээдийн бичиг баримтаас Б.А байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох баримтыг гаргуулахаар хүссэнийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан байна. /хх 29/
Хэрэгт 48 000 ам.доллар зээл эсхүл хөрөнгө оруулалтын аль нь болох нь тодорхой бус үлджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах юм.
Хэдийгээр хариуцагч хүсэлт хангагдаагүй талаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн эсэх, хэргийн үйл баримт тогтоогдсон эсэх, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянах юм.
Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй, хэргийн үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751 263 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ш.ОЮУНХАНД