Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 10

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б. Шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д, Шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч В.******* Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.******* Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч/онлайн/ Н.******* Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Д.******* Хохирогч М.Бу, Хохирогч М.Бу-ын өмгөөлөгч Б.******* Гэрч Б.******* О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарт холбогдох 201723000046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 02 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, , эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ял оногдуулж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, овогт Ц-ийн Б РД: /ИЮ********/

Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, ******* боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн МУИС-ийн хойд хэсэг **-** тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ял оногдуулж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, овогт М-ын Б РД: /ИЖ********/

Монгол Улсын иргэн, халх, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-5, ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн **-** тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Ж-ын Д РД: /ИС********/

 Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын багийн Ажилчны хэсэг **-** тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20 дугаартай тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хорих ял оногдуулж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан, овогт Б-ын Д РД: /ИР********/

Шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нар нь 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

2017 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын багт үйл ажиллагаа явуулдаг Кристал зоогийн газрын гадаа үүдэнд шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн М.Бу-, О.Б- нарыг бүлэглэн зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар хохирогч М.Бу-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...би 2017 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 22 цаг өнгөрч байхад найз ийн хамт Оргил буюу Кристал зоогийн хаалгаар дотор тийшээ орох гэж явсан чинь эрүүн дээрээ сахалтай намхан нуруутай залуутай мөргөлдсөн. Тэр залуу муухай хараад өнгөрсөн тэгээд Кристал бааранд ороод би 2 нийслэл нэртэй 0,5 хэмжээтэй пиво уусан. Тэгээд баар хаах гэж болоод баарнаас гарсан. Баарны үүдэн дээр байж байсан чинь намайг мөрлөсөн эрүүндээ сахалтай залуу миний нүүр рүү гараараа цохисон тэр үед би газар унасан. Тэгээд байж байхад нөгөө сахалтай залуутай хамт байж байсан залуучууд бүгд намайг цохисон тэгээд миний дээрээс өшиглөөд дэвсээд нэг бакалан гуталтай залуу миний хөлөн дээр дэвссэн тэр үед миний хөл эвгүй болоод би хөлөө чирээд Кристал баарны хаалга руу мөлхсөн тэгээд байж байхад цагдаа ирж байна гэх сургаар нөгөө залуучууд бүгд тараад зугтаасан. Намайг эмнэлгийн машин ирж авсан тэр залуучууд бүгд намайг цохиж зодсон. Хэн нь хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй намайг газарт уначихсан зодуулж байхад Б баарнаас гарч ирсэн. Та нар болиоч гэсэн чинь намайг анх цохисон сахалтай залууг цохиж аваад тэр 2 барьцалдаж авсан чинь намайг зодсон нөгөө залуучууд манай найзыг нийлээд зодсон тэр хүмүүсийн аль нь яг миний хөлөн дээр дэвссэн талаар Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нар бүгд л намайг өшиглөөд дэвсээд байсан” гэсэн. мэдүүлэг, хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...орой найз Буян–Очирын хамт өөрийн машинаар таксинд явж байгаад 23 цагийн орчимд машинаа тавьчихаад төв орж ганц ганц пиво уухаар болоод баазаас унаанд суугаад Кристал нэртэй бааранд орсон. Тэгээд бид 2 нэг нэг ширхэг лаазтай пиво уугаад сууж байгаад баар хаах болоод манай найз надаас түрүүлээд гарсан. Би араас нь гарсан чинь баарны үүдэн дээр ыг 3-4 залуу барьж аваад дээр нь дэвсээд зодож байхаар нь би наанаас нь очоод тэр залуучуудыг болиоч та нар гэж хэлээд салгасан юм. Тэр үед ****** босч ирээд хана түшээд зогссон чинь ын зүүн хөл нь хугарчихсан бололтой сажигнаад байсан. Тэгээд байж байтал нөгөө залуучууд намайг барьж аваад газарт унагаад дээрээс дэвсээд хэсэг зодож, нүдэж байгаад яваад өгсөн. Тэгээд манай эгч цагдаа дуудаад бас түргэн дуудсан. Тэр залуучууд бид 2 хоёрыг гараараа цохиж хөлөөрөө өшиглөж дэвссэн олон удаа цохиж зодсон яг хэн нь хэдэн удаа цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тэр залуучууд бид 2-ыг ямар ч шалтгаангүй зодсон. Би тэр залуучуудыг ыг зодож байхаар нь салгасан. Тэр үед бор цамцтай залуу намайг зодсон. Тэгээд хамт явсан залуучууд нь ирээд өшиглөж, дэвсээд зодсон...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч нар хохирогч М.Бу-, О.Б- нарыг өшиглөж, дэвсэх зэргээр зодож байсныг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би тэр өдөр ажил дээрээ жижүүртэй байсан. Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байсан байх өрөөнөөсөө гараад явж байтал миний урд ногоон цамцтай залуу, бор хүрэн цамцтай залуу, мөрөндөө нэг ногоон өнгийн судалтай бор цамцтай залуу түрүүлээд гарсан. Тэгэхээр нь хаалганы шил хагалчиж магадгүй гэж бодоод араас нь хаалгаар шагайгаад цаашаа байгаарай хаалганы шил хагалчихваа гэсэн чинь урдаас тод ногоон цамцтай залуу нь та цаашаа ороод цагаан цамцтай залууг дуудаадах гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг вэ битгий дэмий юм яриад бай гэж хэлсэн. Тэгээд би тэр хаалгаа манаад хараад зогсож байсан чинь араас хүн түлхэхээр нь эргээд харсан чинь цагаан цамцтай залуу хар хувцастай залуу 2 цувраад гарахаар нь би хаалгаа чөлөөлөөд гадагшаа гарсан. Тэгсэн чинь жижүүрийн өрөөний цонх дагуу цагаан цамцтай залуу алхаад явсан чинь ногоо ногоон цамцтай залуу цагаан цамцтай залууг шууд гар хөлөөрөө цохиод, зодоод эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө ногоон цамцтай залуу газарт уначихсан. Тэр үед ногоон цамцтай залуу дээрээс нь дэвсээд хамт явсан хүрэн цамцтай залуу бас нөгөө ногоон судалтай цамцтай залуучууд тэр газарт унасан байсан залуугийн дээр нь дэвсээд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би та нар болиоч хүн аллаа шүү дээ гээд очоод салгах гэсэн чинь намайг түлхээд байсан. Тэгж байтал бас нэг ногоон цамцтай залуу нөгөө газарт унасан залуугийн толгой руу өшиглөсөн. Тэгээд хар хувцастай залуу та нар болиоч гээд нөгөө толгой руу нь өшиглөсөн залууг цохиод авсан чинь нөгөө 3 залуу нийлээд хар хувцастай залууг бас зодсон тэр үед манай текин дээр зогсдог охин гарч ирээд та нар миний дүүг зодоод алчихлаа ш дээ гээд орилоод байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэр залуучууд 4-лээ явж байсан...” гэсэн мэдүүлэг Гэрч О.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “би Кристал бааранд бармен хийдэг юм. 2017 оны 05 сарын 18-ны шөнө 23 цагийн орчимд манай дүү намайг авах гээд найз Буян–Очирын хамт манай бааранд орж ирсэн. Баар хаах гээд хүмүүсээ гаргаад баарны хөгжмөө унтраачихаад байж байхад манай дүү баарны текины хажууд байж байгаад баарнаас гарсан. Тэгээд би ийн араас гарсан чинь баарны үүдэн дээр хөл нь доголчихсон хана түшээд зогсож байсан. Тэгсэн манай дүү та нар яаж байгаа юм бэ манай найзыг яагаад зодож байгаа юм гээд нөгөө залуучуудад хэлсэн чинь тэр залуучууд манай дүүг газарт унагачихаад дээрээс нь дэвсээд зодоод байхаар нь би цагдаа дуудсан. Бас түргэн дуудсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч М.Бу-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн “М.Бу-ын зүүн хөлний гадна дотор хавчаар ясны хугарал, шагайн үений цус хуралт, зүүн хөх махны дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 05 сарын 18 наас 19-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн гаралтай. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн 201720093 дугаартай дүгнэлтээр, хохирогч О.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн “О.Б-ийн биед тархины доргилт, зүүн чихний ард толгойн хуйханд, зүүн шууны ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 201720092 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хуульд заасан журмаар авсан бөгөөд тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирогч, гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй хохирогчийг цохисон, өшиглөсөн дэвссэнийг харсан гэрч байхгүй” гэсэн дүгнэлтийг гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж байгаа ч тэдний энэ дүгнэлтийг шүүх хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн М.Бу-, О.Б- нарыг өшиглөж, зодсон нь гэрч Б.*******, О.******* нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог мөн шүүгдэгч нарт зодуулахаасаа өмнө хохирогч нар биедээ ямар нэг гэмтэл аваагүй байсан бөгөөд зодуулсаныхаа дараа хохирогч М.Бу- босч чадахгүй бусдын тусламжтайгаар эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байдал болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч Ж.Д-гийн “...бид бүгд дөрвүүлээ цохисон...” гэсэн мэдүүлэг зэргээр өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийн үндэслэл үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарыг дээрх гэмт хэргийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан учир шүүгдэгч нарыг танхайрах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, уг зүйл хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож байсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 215 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э. нь шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарын дээрх үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарын үйлдсэн гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн үндсэн шинж болох “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх бюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, ... хүний халдашгүй, чөлөөтэй байх ... эрхийг зөрчиж, ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэсэн шинжтэй дүйцэж энэ зүйлд шилжиж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “гураваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял, шийтгэхээр байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заан хорихоос өөр төрлийн хөнгөн ял сонгох боломжтой болгосноос гадна хорих ялын доод хэмжээ багассан байх тул энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болжээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн хэв журмыг бүлэглэж, зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, ийм байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нийтийн хэв журам зөрчих, нийгмийн хэв журмыг зөрчих гэдэг хоёр өөр ойлголтууд бөгөөд тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй. Шүүгдэгч нар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй, харин Эрүүгийн хуулийн тохирох зүйлчлэлээр шийдэх боломжтой учир шүүгдэгч нарт ашигтай шийдэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа боловч тэдний энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж тодорхойлсон бөгөөд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэдэг ойлголт нь хүн олноор цугларсан, олон нийтийн газар гэсэн ойлголтоор хязгаарлагдахгүй бөгөөд энэ нь тодорхой нэг этгээдийн эсрэг чиглэсэн байж болох ба нийтэд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлосон идэвхитэй үйлдлээр илэрнэ Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар нийтийн хэв журам гэдгийг олон нийтийн газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм журмыг сахих гэж ойлгох бөгөөд нийтийн хэв журам зөрчих гэдгийг олон нийтийн газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм журмыг үл сахих, бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах, бусдыг өдөөх хоргоож, хэл амаар доромжлон, хэрүүл маргаан өдүүлж, хүч хэрэглэн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явдал гэж үзэх үндэстэй. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой зорилго, хувийн таарамжгүй харилцаанаас үйлдэгддэг ба шүүгдэгч нарын хохирогч нарыг зодсон үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр бүлэглэж хүч хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчсөн учир тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4, 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй учир өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч М.Бу- нь шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нараас сэтгэл санааны хохирол 20000000/хорин сая/ төгрөг, цалин хөлс нөхөн олговорт 4935582 төгрөг, хэрэг гарах үед зүүж явсан 400000 төгрөгний үнэ бүхий хүзүүний зүүлт /гинж/, 10000 төгрөгний үнэ бүхий бугуйвч /зэс/ гаргуулахаар нэхэмжилж байгаа ч хэрхэн ямар байдлаар сэтгэл санаанд нь 20.000000/хорин сая/ төгрөгний хохирол учирсан болохыг болон хэрэг гарах үед 400000 төгрөгний үнэ бүхий хүзүүний зүүлт /гинж/, 10000 төгрөгний үнэ бүхий бугуйвч /зэс/ зүүж байсан гэдгээ нотлоогүй, сэтгэл санааны хохиролд холбогдох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Хохирогч М.Бу- нь ХХК-нд байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллахаар тохиролцсон байсан, ийнхүү ажилласан бол авах байсан цалин орлого гэж 4935582 төгрөг нэхэмжилсэн ч энэ талаар мөн ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд хохирогчийн сэтгэл санааны хохиролд тооцож нэхэмжилсэн 20000000/хорин сая/ төгрөг, байнгын ажлын байранд ажиллаж авах байсан цалин хөлс гэж нэхэмжилсэн 4935582 төгрөг, гинж, бугуйвчны үнэнд нэхэмжилсэн 410000/дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой бусад зардлыг нь хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. М.Бу- нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХХК-тай туслах ажилтны гэрээ байгуулан ажиллаж уг хугацааныхаа цалин хөлсийг бүрэн авсан нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тус байгууллагын цалин олгосон тодорхойлолтоор тогтоогдож байна Шүүгдэгч М.Б-, Ж.Д-, Ц.Б-, Б.Д- нар нь хохирогч М.Бу-ын эрүүл мэндийн хохиролд 940000 төгрөг төлсөн, хохирогч О.Б- хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч М.Бу- нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар шийдвэрийн дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч М.Б-, Ц.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Б-, Ц.Б- нар нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзагдсан учир тэдэнд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Д-, Б.Д- нарын гэмт хэрэг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдаж ирүүлсэнийг дурдах нь зүйтэй. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилсэн шүүгдэгч Б.Д-гийн хувьд ноогдох эд хөрөнгө болох Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч М.Б-ын хувьд ноогдох эд хөрөнгө болох Престик маркийн 2 хаалгатай хөлдөөгч, Моор гэсэн нэртэй угаалгын машиныг, шүүгдэгч Ж.Д-гийн хувьд ноогдох эд хөрөнгө болох Hyundai starex маркийн 85-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ц.Б-ын хувьд ноогдох эд хөрөнгө болох Жи-мобайл маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгөтэй, малгайтай цамц 1 ширхэг, ар болон мөрний хэсэгтээ тод ягаан өнгийн оруулгатай хар өнгөтэй, урд хэсэгтээ цахилгаантай ягаан өнгийн малгайтай, нилонон материалтай куртик 1 ширхэгийг устгаж, Ж.Д-гийн хоёр ханцуй нь цайвар өнгөтэй хөх саарал өнгөтэй ноосон цамцыг буцаан олгож, DVD -ийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1,1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ж.Д-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийн 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, Ц.Б- нарыг тус бүрийн 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б-, Ц.Б- нарт энэ тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ял дээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тус тус нэмж шүүгдэгч Ц.Б-, М.Б- нарын тус бүрийн биечлэн эдлэх нийт ялыг 3/гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, М.Б- нарт оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Д-, Ж.Д- нарт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б-, Ц.Б- нарт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгөтэй, малгайтай цамц 1 ширхэг, ар болон мөрний хэсэгтээ тод ягаан өнгийн оруулгатай хар өнгөтэй, урд хэсэгтээ цахилгаантай ягаан өнгийн малгайтай, нилонон материалтай куртик 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Ж.Д-гийн хоёр ханцуй нь цайвар өнгөтэй хөх саарал өнгөтэй ноосон цамцыг буцаан олгож, DVD -ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилсэн шүүгдэгч Б.Д-гийн хувьд ноогдох эд хөрөнгө болох Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч М.Б-ын хувьд ноогдох эд хөрөнгө болох Престик маркийн 2 хаалгатай хөлдөөгч, Моор гэсэн нэртэй угаалгын машиныг, шүүгдэгч Ж.Д-гийн хувьд ноогдох эд хөрөнгө болох Hyundai starex маркийн 85-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ц.Б-ын хувьд ноогдох эд хөрөнгө болох Жи-мобайл маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Ц.Б-, М.Б-, Ж.Д-, Б.Д- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдаж ирүүлснийг дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Бу-ын сэтгэл санааны хохиролд тооцож, нэхэмжилсэн 20000000/хорин сая/ төгрөг, байнгын ажлын байранд ажиллаж авах байсан цалин хөлс гэж нэхэмжилсэн 4935582 төгрөг, гинж, бугуйвчны үнэнд нэхэмжилсэн 410000/дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой бусад зардлыг нь хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Шүүгдэгч М.Б-, Ж.Д-, Ц.Б-, Б.Д- нар нь хохирогч М.Бу-ын эрүүл мэндийн хохиролд 940000 төгрөг төлсөн, хохирогч О.Б- хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА