Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 289

 

Ж.Д, Б.Д,

Ц.Б, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Оюунчимэг, Д.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар магадлалтай, 201713000046 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймгийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичсэн 5/02 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ц-ийн Б,

2.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт М-ын Б,

3.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ж-ын Д,

4.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ж.Д, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийн 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б, Ц.Б нарын тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан М.Б, Ц.Б нарт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж, тэдний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Д, Б.Д, Ц.Б, М.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Завхан аймгийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичсэн 5/02 дугаартай эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хэрэгт авагдсан аймгийн шинжээчийн 201720093 дугаартай дүгнэлт, 1994/59 дугаартай өвчний түүх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн-оношзүйн тасгийн 12 дугаартай тодорхойлолт, рентген зураг зэргээр тогтоогдсон. Шүүгдэгч М.Б, Ц.Б, Б.Д, Ж.Д нар нь архидан согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кристалл” баарны гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн О.Б, М.Б-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж зодсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх “...Шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлийн улмаас М.Б-ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй...” гэж ойлгомжгүй, тодорхойгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Прокуророос М.Б, Ц.Б, Б.Д, Ж.Д нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн О.Б, М.Б-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж О.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн, М.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хүч хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, нөгөө талаар яллагдагч нарын уг үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “... нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг агуулж буй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3-аас дээш 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр байгаа нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж дүгнэж, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагч нарт өмнө сонсгосон ялыг өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нарыг дээрх гэмт хэргийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан учир шүүгдэгч нарыг танхайрах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, уг зүйл хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож байсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн учир прокуророос шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нарын дээрх үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн үндсэн шинж болох “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, ... хүний халдашгүй, чөлөөтэй байх ... эрхийг зөрчиж, ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэсэн шинжтэй дүйцэж энэ зүйлд шилжиж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заан хорихоос өөр төрлийн хөнгөн ял сонгох боломжтой болгосноос гадна хорих ялын доод хэмжээ багассан байх тул энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болжээ” гэж 2015 оны Эрүүгийн хуулийг 2002 оны Эрүүгийн хуулиас илүү хөнгөн гэж хууль гэж тооцож, хуулийг хэрэглэсэн үндэслэлээ тодорхой тусгасан.

Түүнчлэн улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны явцад “...шүүгдэгч М.Б, Ц.Б нар нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу дээрх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж оногдуулах талаар санал гаргасан. Уг саналын дагуу шүүх шүүгдэгч М.Б, Ц.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх ялыг тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь “....2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч нар дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг 2015 оны Эрүүгийн хуулиар хуульчлаагүй, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд уг хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг нэмж нэгтгэх нь буруу...” гэж Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь өөрөөр тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Энэ хэргийн тухайд хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. 2002 оны 5 сард үйлдэгдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаад 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн. Шүүгдэгч нарыг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл хуучин хуулиар танхайрах гэмт хэрэг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагддаггүй байсан. Хууль хэрэгжүүлэгч нар өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд уг хоёр хэргийг ялган ял шийтгэл оногдуулж байсан. Шинэ Эрүүгийн хуулийн үзэл баримтлалаар энэ хоёр хэргийн ялгааг гаргасан байтал Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч нар баар болон гадаа маргаан үүсгээгүй. Харин хохирогч Б гэх залуу мөрлөсөн үйлдлээс болоод маргасан байдаг. Хохирогчид хөл нь хугарсан, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байхад хэргийг буруу зүйлчилсэн, хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлснээр хэлсэн гэх тайлбарыг өгсөн байхад шүүгдэгч нараас хэн нь хохирогчийн хөлийг хугалсан талаар шалгаж тогтоохгүйгээр бүгдийг нь яллаж байгаад гомдолтой байна. Хөлийг нь хэн хугалсан болохыг шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч тавьсан байхад шалгаж өгөөгүй. Үүнээс болоод хэргийн бүрдэл хангагдахгүй, мөн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл эцэслэн тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч тухайн үед хүрэн өнгийн канттай цамцтай байсан гэж мэдүүлсээр байхад байсан гэж үзээд буруутгаж байгаад гомдолтой байна. 2002 оны хуулиар тэнсэн харгалзах ялтай байхад шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан ял нэмж нэгтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн. Эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Оюунчимэг хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь дүгнэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн зүйлчлэл тохироогүй, хохирогчид учирсан хохирлыг хэн төлөх асуудал маргаантай байна. Хохирогч миний хөл дээр бакал гуталтай хүн дэвслэхэд миний хөл хугарсан гэж мэдүүлсэн. Шинжээчийн 293 тоот дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь 1-2 удаагийн үйлчлэлээр учрах боломжтой гэж дүгнэсэн. Дээрх нотлох баримтуудыг харахад нэг хүний, 1-2 удаагийн үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан болох нь нотлогдож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирогчид учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.5 дугаар зүйлийн 5, 3.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг болон болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Анхан шатны шүүх хуульд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж заасан. Шүүгдэгч Батбаяр нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй байна гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан байсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хууль буцаан хэрэглэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульд журамласан атлаа оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ шинэ, хуучин хуулийн ялыг нэмж нэгтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул дүгнэлт хийх хэрэгтэй байна. Тэнсэн харгалзах ялын хувьд бас зөрүүтэй байгаа нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байна. Гэхдээ татаж аваагүй шалтгаан нь магадлалын хүрээнд хэргийг шийдвэрлэх юм бол хэргийн зүйлчлэл буруу болох тул хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Учир нь хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан боловч хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн нь хэргийн зүйлчлэлийг буруу болгож байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн нийлмэл гэмт хэргийн шинж байхад дан гэмт хэргийн зүйлчлэлээр оруулж ирснийг буруу гэж үзэж байна. Хууль хэрэглээний асуудлыг зөвтгөх хэрэгтэй тул магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичсэн 5/02 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Д, Б.Д, Ц.Б, М.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “Кристал” зоогийн газрын үүдэнд ямар ч шалтгаангүйгээр иргэн М.Б, О.Б нарыг бүлэглэн зодож, М.Б-ын биед хүндэвтэр, О.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б, М.Б, Ж.Д, Б.Д нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Ж.Д, Б.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ц.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр 2016 оны 45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн тэдний тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хүндэвтэр гэмтэл учруулсан этгээдийг шүүгдэгч нарын дундаас олж тогтоох, тэнссэн ялыг сэргээн эдлүүлэх журмыг зөв хэрэглэх талаар зааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй байна.

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа хохирогч нарын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэгт шүүгдэгч нар санаа зорилгоороо нэгдэж оролцсон тул бий болгосон үр дагаврыг хамтран хариуцах учиртай билээ.

Үүнээс гадна 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж бүлэглэн танхайрсан үйлдлийг  нэг гэмт хэрэгт тооцдог байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хоёр тусдаа гэмт хэрэг болгон зүйлчилж, гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхээр хуульчилсан байна. Танхайрах гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн үндэслэлээр шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт буцаан хэрэглэж байгаа тохиолдолд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр тусад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг эрс дордуулна.

Шүүгдэгч нарын бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй тул уг гэмтлийг учруулсан этгээдийг олж тогтоож, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах тухай давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл хууль зүйн ач холбогдолгүй байна.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын болон шүүх хуралдаанд оролцсон прокурорын саналыг хүлээн авах нь үндэслэлгүй гэж үзнэ.

Урьд тэнссэн ялыг сэргээн эдлүүлэхдээ нэмж нэгтгэх зохицуулалт 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын аль алинд нь тусгагдсан тул 2002 оны Эрүүгийн хуулийг ял нэмж нэгтгэх асуудлаар илүү хөнгөн зохицуулалттай гэж үзэхгүй.

Оногдуулах ялын хувьд шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийг нэгэнт ашигтай гэж үзсэн тохиолдолд бусад үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн зарим зохицуулалтыг хамт хэрэглэж хоёр өөр Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх хууль хэрэглээний жишиг болон эрүүгийн эрх зүйн тогтсон ойлголт байхгүй болно. 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН