| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2019/02560/И |
| Дугаар | 210/МА2021/00128 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2021/00128
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК-иас хариуцагч “ААК” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээ цуцалснаас учирсан хохиролд 568 748 326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, өмгөөлөгч В.Батжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбартаа: Зохигч 2017.08.01-ний өдөр 17-05 тоот Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч “ААК” ХХК нь Багануур дүүрэг дэх цемент ачиж, буулгах үйлдвэрт задгай цементийг вагоноос буулгаж, силост хадгалж, цемент возд ачих, пүүлэх үйлчилгээ авснаар гүйцэтгэгч “М” ХХК-нд хөлсийг төлөх, мөн захиалагч нь гүйцэтгэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээний цементийг зөвхөн гүйцэтгэгч “М” ХХК-аар ачиж буулгуулах ба гүйцэтгэгч тал нь шинээр шаардагдах ачиж буулгуулах үйлдвэрийг байгуулна гэж тохиролцсон. “М” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж цемент ачиж буулгах үйлдвэрийг 259 455 353 төгрөгөөр барьсан. Гэрээнд зааснаар хариуцагч нь 2017 онд 2 500 тонн, 2018 онд 35 000 тонн, 2019 онд 15 000 тонноос доошгүй цемент байлгах үүргийг хүлээсэн. Гэтэл “ААК” ХХК нь шалтгаангүйгээр гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон цементийн жилийн эргэлтийн тоо хэмжээг тохиролцсон хэмжээнээс доошгүй байлгах үүргээ ноцтой зөрчсөн, цементийн эргэлтийг хийгээгүй.
Байгуулсан цемент ачих, буулгах, хадгалах үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу цаашид үйлдвэрийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Үйлдвэрийг барих зээлийг К ХХК-аас авсан ба зээлийн 259 455 353 төгрөгөөр үйлдвэр барьсан. Зээлийн хүүд 99 292 973 төгрөг төлж хохирол хүлээгээд байна. Хариуцагчид мэдэгдлийг 2018.10.30, 2019.2.19, 2019.4.22-ны өдрүүдэд тус тус албан бичгээр мэдэгдсэн, хариу ирүүлээгүй. Үйлдвэр барихад гарсан зардал 259 455 353 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 99 292 973 төгрөг, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч талаас үл хамаарах шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний хавсралт 1 болон 2 дугаар хэсэгт заасан үнийн дүнг тооцоолон 210 000 000 төгрөгийг торгууль тооцон бодож нийт 568 748 326 төгрөг гаргуулж нэхэмжлэгч талыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдсан боловч ч энэ гэрээ бодитоор хэрэгжээгүй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.3, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгүүдэд зааснаар “М” ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ өөрийн тоног төхөөрөмж дээр явуулна гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иймээс тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Орох ёстой байсан орлого 210 000 000 төгрөгийг торгууль болгон нэхэмжилжээ. Цемент ачих буулгах хадгалах үйлдвэр нь яг хэзээ ашиглалтад орсон нь баримтаар тогтоогдохгүй байдаг. Тус үйлдвэрийг 2018 оноос өмнө ашиглалтад орсон гэх нь эргэлзээтэй байна. Үйлдвэр нь Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм гэх стандартын дагуу баригдсан байх ёстой атал тийм баримт хавтаст хэрэгт байхгүй, үйлдвэр бүтгэгдээгүй. Захиалагч талаас гүйцэтгэгчид нэг ч ширхэг цемент нийлүүлээгүй байхад хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ”ААК” ХХК-иас 99 292 973 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 469 455 353 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 159 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ААК” ХХК-аас 654 414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ”-ний 9 дүгээр зүйл бол гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд орох байсан орлогоос 20 хувийг хохиролд тооцон гүйцэтгэгч талд төлнө” гэсэн хариуцлагын заалттай.
Хариуцагч үүргээ биелүүлээгүй бол захиалагч тал гүйцэтгэгч талд орох байсан орлогоос 20 хувиар тооцон хохирол гэж үзэж торгууль төлөхөөр гэрээнд заасан. Гэрээгээр үйлчилгээний хэмжээ болон нэгж үнэ тодорхой байдаг. Иймд 20 хувийг тооцох тооцоолол нь нэхэмжлэгч талаас гэрээний 1 дүгээр хавсралтын үнийн дүнгийн доод үнэ буюу 20 000 төгрөгөөр тооцон тооцооллыг гаргаж 52 500*20 000=1 050 000 000 төгрөг, 1 050 000 000:20%=210 000 000 төгрөг гаргасан.
Захиалагч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор /52 500тн багагүй/ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 9.3-т зааснаар орох байсан орлогоос /захиалагч тал гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд багадаа 1 050 000 000 төгрөгийн орлого орох байсан/ 20 хувиар тооцож төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд, талууд үр дагаврыг ойлгож баталгаажуулсан гэрээ байдаг. Иймд, аис/17-05 дугаар гэрээний 9.3 дахь хэсэгт “хохирол” гэж тодорхойлсон байх боловч, тус заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан “үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон” “торгууль” гэж үзэх үндэслэлтэй хуулийн агуулгын хувьд илүү нийцэж байна. Торгууль тооцох хуулийн нөхцлүүд/ 2 төрлийн урьдчилсан нөхцөл/ хангагдсан. Гэрээний 9.3 дах хэсэгт “...захиалагч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд орох байсан орлогоос 20 хувийг хохиролд тооцож гүйцэтгэгч талд төлнө” гэх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангах аргын нэг болох торгуулийн талаар зохицуулсан заалт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Гэтэл Иргэний хуулийн 232.5 дах заалтыг гэрээнд нийцүүлэн тайлбарлахгүйгээр шууд нэхэмжлэлийн шаардлагын 210 000 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх гэрээний агуулгыг буруугаар тайлбарлан хэрэглэж талуудын тайлбар, нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэр гаргасан. Шүүх ашиг, орлого гэдэг ойлголтуудыг хольж хэрэглэсэн, мөн дүгнэлт хийхдээ залшгүй олох байсан орлого, орох байсан орлого нь хоёр өөр агуулгатай болохыг тайлбарлаагүй, нэг агуулгатай мэт үзэж дүгнэлт хийсэн. Аис/17-05 тоот дугаартай “Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ”-ний дагуу 3 жилийн хугацаанд ААК” ХХК-аас “М” ХХК-аар ачиж буулгуулах байсан цементийн үйлчилгээний төлбөр нь бүгд “М” ХХК-д орлого болж орох ёстой байсан. Харин энэхүү орлогоос “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, вагон таталт тавилтын хөлс зэрэг үйл ажиллагааны зардал, холбогдох татварын хувь хэмжээг хасч тооцсоны дараах үнийн дүн нь ашиг болох юм.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч тал цемент зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, аис/17-05 тоот дугаартай гэрээний үүргийг биелүүлэхээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирж угсран үйлдвэрлэл явуулахад бэлэн болгосон гэдгийг тайлбарлахад шүүхээс “... нэхэмжлэгч талын ирээдүйд олох байсан орлогыг ядаж сүүлийн 3 жилд олдог байсан орлогыг тодорхойлох замаар тооцож тогтоох боломжтой юм” гэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн 3 жил энэ үйл ажиллагааг явуулж байгаад хариуцагчтай гэрээ байгуулснаар үйл ажиллагаа алдагдсаны улмаас зайлшгүй орох байсан ашиг орлогыг нэхэмжилж байгаа мэт ойлгож, гэрээний 9.3 дахь заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалттай адилтган авч үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шаардлагагүй нотлох баримтыг бүрдүүлэх ёстой мэт үзсэн нь буруу байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын 17 700 250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: “М” ХХК-ийн зүгээс гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 8 дугаар зүйлийн 8.3-т заасан ерөнхий болон тусгай нөхцөлүүдийг бүрэн биелүүлж, Цемент ачиж буулгах үйлдвэрийг 259 455 353 төгрөгийн зардлаар шинээр барьж гүйцэтгэн 2017 оны 12 дугаар сард ашиглах бүрэн боломжтой болгосон байдаг.
Хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 259 455 353 төгрөгийн зардал нь үйлдвэрийн тоног төхөөрөмж үнэ, авчрах зардал, тоног төхөөрөмжийн суурилуулалт ажлын хөлс, хяналтын контейнер түүнийг тохижуулах зардал болон үйлдвэрийн байгууламж барьсны дараах зардал болох манаачийн цалин, төмөр зам арчилалт, ашиглалтын зардал зэргээс бүрдсэн байдаг. Энэхүү зардлын задаргааг баримтаар шүүхэд өгсөн. Гэтэл гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т үйлдвэртэй холбоотой бүхий л зардлыг “М” ХХК хариуцахаар заасан байх тул хариуцагч талд хамааралгүй байна” гэж дүгнэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болсон. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзвэл: үйлдвэр барих үүрэг нь “М” ХХК үүрэг буюу гэрээгээр хүлээсэн үүрэг байна. тухайн үйлдвэр буюу тоног төхөөрөмж нь нэхэмжлэгчийн өмчлөлд байна буюу өөрийн хөрөнгийн үнийг шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохиролд тооцох боломжгүй гэж үзэж байна. Тэгвэл гэрээний эрх зүйн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэж байна. Үүнд: Гэрээний эрх зүйн харилцаанд талууд гэрээний эрх үүргээ өөрсдөө чөлөөтэй тохиролцон хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээг баталгаажуулдаг. Тэгвэл аис/17-05 тоот дугаартай “Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ”-нд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. “М” ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 8 дугаар зүйлийн 8.3-т цемент ачиж буулгах үйлдвэрийг барих, үйлдвэртэй холбоотой бүхий л зардаыг хариуцахаар заасан бол “ААК” ХХК нь Захиалагч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 1.4-т бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээний цементийг зөвхөн гүйцэтгэгч талаар ачиж буулгуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор 3 жилийн цементийн эргэлтийг тодорхойлох ба тогтоогдсон хэмжээнд цементийн эргэлтийг байлгах зэрэг үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзвэл шүүх нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажил, ажлын зардлыг нотлох баримтын хүрээнд нэг бүрчлэн дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч талаас үйлдвэрийн зардал гэх бүхэл 259 455 353 төгрөгийн үнийн дүн нь ямар тоног төхөөрөмжид хэдэн төгрөг, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах ажилд хэдэн төгрөг, үйл ажиллагааны зардалд хэдэн төгрөг нь зарцуулагдсан гэдгийг нотлох баримт, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцоололд тодорхой байсаар атал шүүх дүгнэлт хийлгүй нэхэмжлэгч тал өмчилж байгаа, гэрээгээр хүлээсэн зардал гэж үзэж нэхэмжлэлийг шаардлагын 259 455 353 төгрөгт ногдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх зардалд хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас гарч байгаа үйл ажиллагааны зардалд тооцогдох манаачийн цалин хөлс, “Улаанбаатар төмөр зам” ХНН-д зам арчлалт, ашиглалтын төлбөрийн зардлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцсон 17 700 250 төгрөгийн зардал орсон байдаг. Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд тохиролцсон талуудын тохиролцоо, мөн хариуцагч талаас гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний нөхцөл, гэрээний 9.2 дах хэсэг, 9.3 дах хэсэгт заасан торгуулийн зохицуулалт, нэхэмжлэгч талын гаргасан зардлын болон торгуулийн тооцоолол зэрэгтэй маргаагүй байхад шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийн 227 700 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагын 227 700 250 төгрөгийг ханган шийдвэрлэж, хариуцагч талаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүнд төлсөн гэх 99 292 973 төгрөгийг хохиролд тооцон гаргасан нь үндэслэлгүй. Учир нь тухайн хүүгийн төлбөр гэх 99 292 973 төгрөгний хэмжээ, түүний үндэслэл болсон тоног төхөөрөмж /үйлдвэрийн/ худалдан авсан гэх 259 455 353 төгрөгний зардлыг хаиуцагч тал төлөх хууль зүйн үндэслэлгүй.
Талуудын гэрээ хэрэгжээгүй. Цемент ачих, буулгах, хадгалах гэрээ байгуулах болсон үндэслэл нь Монгол Улсын Засгийн газар “Б” ХХК-ын хооронд байгуулагдсан концессын гэрээтэй салшгүй холбоотой бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, энэ талаар компанийн эрх бүхий албан тушаалтанууд мэдэж байсныг нэхэмжлэгчээс тодорхойлон тэдгээрийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж байсан болно. /С.Батчулуун/
Концессын гэрээ нь гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаар үргэлжпэх боломжгүй болсныг Монгол Улсын Эрчим хүчний яамны 2019.12.18-ны өдрийн В/4587 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбараар хангалттай нотлогдож байна. /1-236 тал/
Түүнчлэн шүүхээс гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоохгүй нэхэмжлэгч талаас 2019.8.23-ны өдрийн УШ/2747 дугаар албан бичгээр цуцалсан байхад хүчин төгөлдөр бус гэрээний үүрэгт хохирол тооцсон үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн үйлдвэр гээд буй тоног төхөөрөмж нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх боломжтой эсэх талаар аливаа хэлбэрээр нотлогдоогүй. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Гадаад худалдаа, Барьцаалан зээдүүлэх үйлчилгээ, барилга угсралтын ажил байх бөгөөд дээрх үйл ажиллагаануудын Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны хүрээнд Капитрон банкнаас эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зориулалтаар 500 000 000 төгрөгний зээл авсан гэж үзэхээр байна.
Дээрх эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зээлийн хөрөнгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж /үйлдвэрийн/ худалдан авсан гэх зардлыг 259 455 353 төгрөгт тооцож түүнд хамаарах хүүг хариуцагчаас гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч банкнаас зээл авч тухайн зээлийн хөрөнгөөр 259 455 353 төгрөгний хөрөнгөтэй болсон байхад тухайн зээлийн хүүг хариуцагчаас гаргуулж байгаа нь шудрага бус. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “ААК” ХХК-иас гэрээ цуцалснаас учирсан хохиролд 568 748 326 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
а.Зохигч 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 17-05 тоот “Цемент ачих, буулгах, хадгалах” нэртэй гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч "ААК" ХХК нь Багануур дүүрэг дэх цемент ачиж, буулгах үйлдвэрт задгай цементийг вагоноос буулгаж, хадгалж, ачих үйлчилгээ авснаар гүйцэтгэгч “М” ХХК-д хөлсийг төлөх, мөн захиалагч "ААК" ХХК нь гүйцэтгэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээний цементийг зөвхөн гүйцэтгэгч “М” ХХК-иар ачиж буулгуулах ба гүйцэтгэгч тал нь шинээр шаардагдах ачиж буулгуулах үйлдвэрийг байгуулна гэсэн агуулгыг талууд гэрээний 1.1 болон 1.2-т ерөнхий нөхцөл болгон харилцан тохиролцсон /1-р хх 6-8/
Гэрээний 1.4-т заасан үйлдвэрийн үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор 3 жилийн цементийн эргэлтийг тодорхойлох ба тогтоогдсон хэмжээнд цементийн эрэлтийг байлгана гэж заасан. Энэхүү заалтын биелэлтийг хангах зорилгоор тус гэрээний 2 дугаар хавсралтад цементийн жилийн эргэлтийг 2017 онд 2 500 тонн, 2018 онд 35 000 тонн, 2019 онд 15 000 тонноос доошгүй байлгана гэх үүргийг захиалагч тал хүлээсэнд талууд маргаангүй.
Мөн нэхэмжлэгч үйлдвэрээ барьсан боловч гэрээ хэрэгжээгүй байна. Нэхэмжлэгчийн үйлдвэрийг 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан, энэ талаар албан бичиг хүргүүлсэн гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй.
Нэхэмжлэгч гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сард өгсөнд хариуцагч маргаагүй. Мөн тухайн хэрэгт нэхэмжлэгч үйлдвэрийг барьсан боловч тоног төхөөрөмж , үйлдвэр нь үл хөдлөх эд хөрөнгийн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн “М” ХХК нь “К” ХХК-аас 500 000 000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дууссан үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй. Нэхэмжлэгч үйлдвэрийг барихад 259 455 353 төгрөгийг зарцуулсан гэх бөгөөд уг үйл баримтыг ч мөн хариуцагч тооцоолол төсвийн хувьд няцаагаагүй.
б.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ цемент ачиж буулгуулах үйлдвэрийг банкны зээлээр барьсан бөгөөд гэрээний ашгаар алдагдлаа нөхөх тооцоололтой байсан боловч гэрээ хэрэгжээгүйн улмаас 259 455 353 төгрөгийг үйлдвэр болгон царцааж, зээлийн хүүд 99 292 973 төгрөг төлж эд хөрөнгийн алдагдалд орсон, үйлдвэр барихад гарсан зардал 259 455 353 төгрөг, гэрээний 9.3-д зааснаар нэхэмжлэгч талаас үл хамаарах шалтгаанаар гэрээ хэрэгжээгүй тул хавсралт 1,2-т заасан үнийн дүнгээр тооцоолон 210 000 000 төгрөгийн торгууль буюу хохирол нийт 568 748 326 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. /1-р хх 1-3, 2-р хх 55-56/
Хэдий гэрээний дагуу үйлдвэрийг бэлэн болгох нь нэхэмжлэгчийн үүрэг боловч үйлдвэрийг эргэлтэд оруулж ажлаар хангах, ашиг олох боломжийг нэхэмжлэгчид олгох нь хариуцагчийн үүрэг байжээ. /1-р хх 6-7/
Талуудын хооронд холимог гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарах юм.
Хариуцагчийн зүгээс ажил үйлчилгээг нэхэмжлэгчид санал болгох, нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын үр дүн хүлээлгэн өгөх агуулга байгаагаас үзэхэд талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулсан бол үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Гэрээ хэрэгжээгүй цуцлагдсан тохиодолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэхдээ нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй юм. Хариуцагч тал гэрээний үүргээ хэрэгжүүлж чадаагүй шалтгаанаа хангалттай баримтаар нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор өөрт нь 259 455 353 төгрөгийн хохирол учирсан гэх боловч уг мөнгөн хөрөнгө үйлдвэр хэлбэрээр өмч болж нэхэмжлэгчид үлдсэн байна. Нэхэмжлэгч нь аж ахуй эрхлэгч гэрээний нэг талын хувьд эрсдэлээ тооцоолох үүрэгтэй юм. Хохиролд 259 455 353 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгч нь дээрх 259 455 353 төгрөгөөс үйл ажиллагааны зардал буюу манаачийн цалин хөлс, “Улаанбаатар төмөр зам” ХНН-д зам арчлалт, ашиглалтын төлбөр төлсөн зардал 17 700 250 төгрөгийн зардлыг нэмж гаргуулах агуулгатай давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй. Учир нь өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ нийтийн ашиг сонирхолд харшлахгүйгээр зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалах үүрэгтэй юм. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зардал 17 700 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь орох ёстой байсан орлого, торгууль гэх агуулгаар 210 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна. Гэрээ цуцлагдсан нөхцөлд анз, торгууль гаргуулах үндэслэлгүй юм.
Хариуцагч гэрээний үүрэг хэрэгжээгүй шалтгаанаа /Force majeure/ гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж тайлбарласан ч энэ талаар хангалттай нотлох баримт гаргаагүй. “Force majeure” гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгох бөгөөд төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж ч үүнд хамаарч болох юм. Багануурын дулааны станцын төсөл зогссонтой холбоотойгоор кластер гэрээнүүдэд өөрчлөлт орсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй хэдий ч хариуцагч төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус ямар үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамжийн улмаас гэрээний үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээ хангалттай баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдлыг төлөх үүрэгтэй.
Хариуцагчийн “Засгийн газар, Эрчим хүчний яамны шинэ удирдлага уг төслийн ТЭЗҮ болон хүчин чадлыг өөрчлөн багасгах шаардлагатай гэсэн шаардлагыг шинээр тавьсан. Концессын гэрээ нь гэрээний талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаар үргэлжпэх боломжгүй болсныг Эрчим хүчний яамны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн В/4587 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно” гэж тайлбарласан хэдий ч давагдашгүй хүчин зүйл тохиолдсон талаар баталгаа, тодорхойлолтыг гараагүй. /1-р хх 236/
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх юм. Талууд гэрээ хэрэгжих явцад тохиолдсон нөхцөл байдлын талаар харилцан бие биедээ мэдээлэл өгөөгүй, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг явуулаагүй байна. Талууд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх арга хэмжээг авах нь хэн хэнийх нь үүрэг юм.
Иймд нэхэмжлэгчийн 259 455 353 төгрөгийн зээлийн хүүд төлж хохирсон 99 292 973 төгрөгийн эд хөрөнгийн алдагдлын 50 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөн найруулж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын. 19-ний өдрийн 184/ШШ2020/03169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ААК” ХХК-аас 49 646 486 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 519 101 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...654 414 төгрөг” гэснийг “...406 182 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 296 460 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654 500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД