| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2020/01334/И |
| Дугаар | 210/МА2021/00139 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2021/00139
П.Б-ийннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж шүүгч Г.Даваадорж шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02775 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-ийн хариуцагч С.Б, Б.М, Ч.Э нарт холбогдох гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хариуцагч С.Б өмгөөлөгч А.Кадирбек хариуцагч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагч Ч.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: 2018.12.10-ны өдөр 15 000 000 төгрөгийг С.Б-д зээлсэн. Мөнгийг өгөхдөө түүний хүсэлтээр Ч.Э данс руу шилжүүлсэн. Мөн 2018.12.10-ны өдөр Б.М нь миний эзэмшлийн Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг 35 000 000 төгрөгөөр худалдан авах санал гаргасны дагуу уг саналыг би хүлээн авч өөрийн тээврийн хэрэгслийг Б.М т өгч явуулсан. С.Б-д15 000 000 төгрөгийг зээлж Б.М-т өөрийн эзэмшлийн 35 000 000 төгрөгийг зээлээр өгч нийт 50 000 000 төгрөгийн авлагатай болсон. Хариуцагч нар нь автомашины үнэ болон зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй тул тэдэнд бусдаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт орж ирэх байсан 57 000 000 төгрөгийг миний бие хөөцөлдөн тэдэнд авч өгсөн бөгөөд уг мөнгөнөөс 2019.05.20-ны өдөр 35 000 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. С.Б нь 2019.05.20-ны өдөр 35 000 000 төгрөгний 15 000 000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу авсан, 15 000 000 төгрөгийг буцааж өгсөн гэдэг бол хариуцагч Б.М нь уг 35 000 000 төгрөг нь автомашины үнэ гэж тайлбарладаг тул хариуцагч нараас 15 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С.Б-с шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс авсан 15 000 000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу авсан мөнгө биш юм. П.Б Дорноговь аймаг Хатанбулаг суманд хийгдэх байсан замын ажилд 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтаръя гэж санал гаргасан. Уг саналыг нэхэмжлэгч гаргах үедээ надад одоохондоо мөнгө алга чи өөрөөсөө гаргачих би удахгүй өгнө хамт ажиллая гэж байсан. Үүний дагуу бид Г.Э-тай уулзаад 30 000 000 төгрөг авахаар болж Г.Э урьдчилгаа 13 000 000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Уг мөнгийг нэхэмжлэгч нь Ч.Эруу шилжүүлсэн. Би нэхэмжлэгч П.Б-ийн мөнгийг Ч.Э-с авсныхаа дараа Б.М-н данс руу техникийн урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн ба энэ талаарх баримтаа гаргаж өгсөн. Ингээд 2019.05. 20-ны өдөр “М” ХХК-иас 57 000 000 төгрөг бэлнээр орж ирсэн ба уг мөнгөнөөс Г.Э-н гаргасан 15 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдлээс Г.Э-т өгөх ёстой 5 000 000 төгрөгийг салгаж аваад цаана нь 31 000 000 гаруй төгрөг үлдсэнээс П.Б Х.Т, бид хоёрт мөнгө орж ирж байхад яаж хоосон байхав гээд тус бүр 500 000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 30 000 000 төгрөгийг П.Бд өгөх гэтэл Б.М“би 1-2 хүнд машин тэрэгний мөнгө өгөхгүй бол болохгүй байна” гэхэд П.Б болон Д.Т нар хоорондоо ярилцаж байгаад Б.М-т 10 000 000 гаруй төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг машины төлбөр гэж авсан байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: П.Б бид хоёр зээлийн гэрээ байгуулаагүй. Харин зээлээр машин худалдаж худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Энэ тухай баримтыг гаргаж өгсөн. П.Б ч үүнийг хүлээн зөвшөөрч нотариат ороод зээлийн гэрээ дуусгавар болсон гэх баримтад гарын үсэг зурж хурууны хээгээ дарсан. Нэгэнт автомашин худалдаж худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон тул Б.М холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээл өгсөн гэж бичжээ. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол тэр талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй аман хэлбэрээр байгуулж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлахаар бол ядаж Ч.Э дансанд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг нь зээл гэж бичээгүй байдаг. Үүнээс харвал П.Б ямар нэг зээлийн гэрээ байгуулж байгаагүй нь харагдаж байх бөгөөд зүгээр өгөх ёстой байсан мөнгөө л шилжүүлсэн гэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.
Миний хувьд эхлээд 30 000 000 төгрөг шилжүүлж байсан. Харин буцаагаад над руу яг мөнгө хэрэгтэй үед миний мөнгийг шилжүүлж чадаагүй. Намайг хариуцагчаар татсанд маш их гомдолтой байна гэжээ.
.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.ББ.М Ч.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Б нь С.ББ.М нарт 15 000 000 төгрөг зээлэх хүсэлтийнх нь дагуу тэдэнд Ч.Э дансаар дамжуулан 15 000 000 төгрөг зээлсэн. Хариуцагч нарын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж байгаа ажлыг нь очиж үзэж, ажил гүйцэтгүүлсэн этгээдтэй уулзаж төлбөрийг нь хариуцагч нараар авахуулан 57 000 000 төгрөгийг авч автомашины төлбөр 35 000 000 төгрөгийг авсан.
Зээлийн гэрээний төлбөрт 15 000 000 төгрөгийг аваагүй. Шүүх тал бүрээс нь нягтлаагүй. Хариуцагч нар шүүхэд худал тайлбар гаргаж байгааг үндэслэн зээлийн гэрээний нэхэмжпэл гаргасан боловч хамтран ажиллах гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс шийдвэр гаргахдаа ямар нэгэн шийдлээс зугтаах эрхгүй бөгөөд хэрэг маргаан шийдвэрлэхдээ нэг мөр эцэслэн шийдвэрлэж талуудын гаргасан тайлбарыг тал бүрээс нь судлаж эргэлзээ бүхий үйл баримт тайлбарт дүгнэлт хийж эрх зүйн ямар маргаан үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх байжээ.
Хэрвээ хамтран ажиллах гэрээний харилцаа бол шүүхээс уг харилцааг тодорхойлон уг 15 000 000 төгрөгийг хэн хариуцах ёстойг шийдвэрлэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх. учирсан хохирлыг барагуулах ёстой байсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.М“ П.Б авсан машины 35 000 000 төгрөгийг төлсөн гэсэн боловч хариуцагч С.Б нь яалаа гэж Б.М хамтран ажилласан байж ганц түүний мөнгийг бүрэн төлөх вэ дээ би ч гэсэн тодорхой ашиг авах ёстой энэ 35 000 000 төгрөгийг 15 000 000 төгрөгийг бидний зээлсэн мөнгийг өгсөн” гэж тайлбарласан. Мөн зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгосон хэлцэл хийсэн нь Б.М мөнгө хэрэг болж гэрч Х.Т дамжуулан гуйлган хэлцэл хийж Авто тээвэрт Б.М автомашиныг бүртгүүлэн зээл авсан уг зээлээс 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Бд төлсөн боловч дараа нь 57 000 000 төгрөг хуваах үед 35 000 000 төгрөгийг автомашины төлбөр гэж өгсөн нь гэдэг нь үндэслэл муутай тайлбар болж байгааг анхаараагүй.
Нэхэмжлэгч 15 000 000 төгрөгөө гаргуулж хохиролгүй болгуулах нэхэмжлэл гаргасан уг харилцаа нь зээлийн гэрээ эсхүл хамтран ажиллах гэрээ зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээний харилцаа аль нь байхаас үйл хамааран шүүх үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлон нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх байжээ.
Гэтэл одоо шийдвэрлээгүй учир хариуцагч талаас хэн нь үүрэг хүлээх нь тодорхойгүй байдал үүсч хэрэг маргааны даймжруулан үүрэг хүлээх этгээд үүргээс зайлсхийх нөхцөл байдал үүсэх цаашлаад нэхэмжлэгч шүүхийн шийдлээс зугтаасан шийдвэрээс болж 12 000 000 төгрөгийн хариуцагч нарын ажил гүйцэтгэсэн төлбөр 57 000 000 төгрөгөөс авсан 35 000 000 төгрөг зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээг дуусгавар болгож дүр үзүүлсэн хэлцэл хийж харуцагч Б.Мн авсан зээлээс авсан 3 000 000 төгрөг нийт 38 000 000 төгрөгийг авсан хохирол учир ч болзошгүй байдал бий болжээ.
Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд хариуцагчаар С.Бг татан нэхэмжлэл гаргасан боловч С.Бн тайлбараас үндэслэн Б.М хариуцагчаас татсан мөн 15 000 000 төгрөг Ч.Э дансаар орсон тул бас хариуцагчаар татсан бөгөөд хариуцагч нар тайлбараараа өөрийнхөө төлбөр зээлийг төлсөн гэж маргадаг нэхэмжпэгч эдгээр ээдрээтэй байдлыг нэг мөр болгуулж 57 000 000 төгрөгөөс авсан 35 000 000 төгрөгийг хэн нь хэдэн төгрөг төлсөн аль хариуцагчаас хэдэн төгрөг гаргуулахаа шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Шийдвэр хүчин төгөлдөр болвол зөвхөн С.Бс нэхэмжлэх эрхтэй бусад этгээдээс нэхэмжлэх эрхгүй гэхээр дүгнэлт хийжээ. Шүүхэд гаргасан хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нарын Хамтран ажиллах гэрээний төлбөрт авсан 57 000 000 төгрөгөөс авсан 35 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг Б.М зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийг С.ББ.Мнарын зээлсэн 15 000 000 төгрөгийн үүрэгт авсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч С.Б, Б.М, Ч.Энарт холбогдуулан гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хх 1, 11-13, 52, 113/
Хэрэгт П.Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 000 000 төгрөгийг Ч.Э дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь Г.Э /Ч.Э нөхөр / болон Ч.Э- нэг ч удаа уулзаж мөнгө зээлэх асуудал ярьж байгаагүй гэж тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй. Ч.Э дансанд дээрх 15 000 000 төгрөгийг шилжүүлэх зааварчилгаа өгсөн гэдгээ хариуцагч С.Бүгүйсгээгүй./хх 114/
Мөн П.Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Ниссан навара маркын тээврийн хэрэгслийг 35 000 000 төгрөгөөр Б.М худалдсанд талууд маргаангүй.
Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК-иас 57 000 000 төгрөг бэлнээр авч хуваасан гэж талууд тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч нь 35 000 000 төгрөг хүлээн авсан, одоо 15 000 000 төгрөгийн авлагатай гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь “15 000 000 төгрөгийн шаардлагаа 12 000 000 болгон багасгаж байна. Энэ 15 000 000 төгрөгийг С.Бн тавьсан саналын дагуу зээлж, зааж өгсөн дансанд нь шилжүүлсэн. Автомашины төлбөр 35 000 000 төгрөгөө авсан тул нэхэмжлээгүй, харин зээлсэн 15 000 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж тайлбарласныг С.Бэс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажилласан гэж маргаж байна. /хх 11-13 /
Мөн талууд нэхэмжлэгчийн хүлээн авсан 35 000 000 төгрөгт дээрх 15 000 000 төгрөг орж төлөгдсөн гэж маргасан бол хариуцагч Б.М“автомашины тооцоо дууссан” гэж маргасан.
Талуудын хооронд зээл, хамтран ажиллах гэрээний аль нь байгуулагдсан, 15 000 000 төгрөг нь зээл, эсхүл хамтран ажиллах гэрээний хураамжийн аль нь болох, “Мон-Лаа” ХХК-иас авсан гэх 57 000 000 төгрөг нь хэний ажлын хөлс болох, хэн мэдэж захиран зарцуулах эрхтэй байсан, хэний ямар өр төлөгдсөн зэрэгт маргаж байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон эсэхийг анхаарч дүгнээгүй байна.
“” ХХК-иас авсан гэх 57 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч хураамжаа буцааж авсан уу, машины үнийг авсан уу гэдэг асуудал маргаантай байхад уг асуудлыг тодруулахгүйгээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Б“...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-иас 57 000 000 төгрөг бэлнээр өгсөн байдаг ба уг мөнгийг би ганцаараа очиж авсан. П.Б-ийн гэрт Б.М, Д.Т Х.Т бид хэд очиход П.Б-ийн хүүхэд нь гэртээ байсан. Ингээд хамгийн түрүүнд П.Баярмагнайд хөрөнгө оруулсан мөнгө буюу Г.Э шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг чинь өгье чи наадхаа тусад нь тавьчих” гэж хэлээд өгсөн. Үлдэгдэл мөнгөнөөс Г.Э өгөх ёстой 5 000 000 төгрөгийг салгаж аваад цаана нь 31 000 000 гаруй төгрөг үлдсэнээс П.Б Х.Т бид хоёрт мөнгө орж, ирж байхад яаж хоосон байхав гээд 500 000, 500 000 төгрөгт өгсөн. Ингээд үлдэгдэл 30 000 000 төгрөгийг П.Б-д өгөх гэтэл Б.М...Би, 1-2 хүнд машин тэрэгний мөнгө өгөхгүй бол болохгүй байна” гэж гэхэд П.Б болон Д.Т нар хоорондоо ярилцаж байгаад Б.М 10 000 000 гаруй төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг машины төлбөр гэж авсан” гэжээ. Гэрч хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын 15 000 000 төгрөгийг 57 000 000 төгрөгөөс салгаж Б өгсөн гэжээ. /хх 157/
Хэргийн баримтаас үзэхэд 57 000 000 төгрөгөөс хэний ямар өр хаагдсан, хэн хэн хоорондоо тооцоотой үлдсэн нь үйл баримтын хувьд маргаантай бөгөөд шийдвэрлэгдэхгүй үлджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь яагаад сүүлд дахиад 2 000 000 + 3 000 000 төгрөг Б.М-с авсан болох, уг асуудалд тайлбар өгөхгүй байхад анхан шатны шүүх тодруулан мэтгэлцүүлээгүй байна. Нэхэмжлэгч хэдий машины тооцоо дууссан гэх боловч хэргийн 59-60 дугаар талд 20 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болсон талаар бичсэнийг тодруулах нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч П.Б-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн “15 000 000 төгрөгийг бол С.Б нь хамтарч ажил хийе гэж гуйсаар байгаад авч, хуурч мэхэлсэн” гэх мэдүүлгийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлжээ. Иргэний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тус тусдаа процедуртай бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гаргаагүй нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД