Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 119/2018/0023/З |
Дугаар | 30 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 30
О.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дүгээр “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах”,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0592 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, Гуравдагч этгээд Ж.Б нар.
Гуравдагч этгээдээс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.9, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дүгээр “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0592 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд Ж.Б: Иргэн Ж.Б миний бие Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажилладаг. Тус байгууллагын бүтэц шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б/44 тоот шийдвэрээр албан ёсоор томилогдсон. Томилогдохдоо аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажлын байрны шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлэн, хянуулж, тус ажлын байран дээр 2 хүн сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноо авч, албан ёсоор томилогдон өнөөдрийг хүртэл төрийн албыг ном журмын дагуу, зохих түвшинд, хэвийн авч явж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагч болно.
4. Иргэн О.А нь сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэх мэтээр удаа дараа гомдол гарган шүүхэд хандаж байгаа бөгөөд сүүлд Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23, Б/24 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Иргэн О.А өөртэйгөө холбоотой Б/253 дугаар захирамжийг хүчингүй болгох санал гаргах нь тухайн хүний эрх бөгөөд Б/24 дүгээр захирамж нь иргэн миний хөдөлмөрлөх эрхэд шууд нөлөөлөх, хууль ёсны шаардлага, шалгуур, шалгалт, босгыг давж тангараг өргөн төрийн албанд 26 жил ажиллаж амьдарч буй миний хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл гэж зөвшөөрөхгүй гомдол саналаа гаргаж байгаа болно.
5. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0592 тоот давж заалдах шатны шүүхийн магадлал нь Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй төрийн албаны шалгалт давхацсан үед болж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт саналыг албан ёсоор иргэн миний бие бичгээр гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй хариуцагч, гуравдагч этгээдийг оролцуулалгүй, нэхэмжлэгчийг оролцуулан шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд иргэн миний хууль ёсны эрхийг хангаж, дээд шатны шүүхэд хандаж байгаа өргөдөл хүсэлтийг хүлээн авч, хууль журмын дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч О.А нь “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, Б/24 дүгээр “Албан тушаалд томилох...тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүхүүд нэхэмжлэгч О.Аийн гаргасан нэхэмжлэлийг “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг нь зөрчсөн” гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчилсан ба мөн зүйлийн 27.2.1-т төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заасан бол мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэжээ.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.А нь Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар ажлаас халагдсан байх бөгөөд тэрээр уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянаж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр О.Аийг ажлаас чөлөөлсөн дээрх, Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
10. Гэвч хариуцагчаас шүүхийн дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр захирамжаар О.А-ийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсон боловч албан ажлыг нь хүлээлцүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн түүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албаны үндсэн зарчим, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хориглох зүйлийг зөрчсөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
11. Хариуцагчаас “...нэхэмжлэгч О.А нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулж Төрийн албаны тухай хуулийн 15-д заасныг зөрчсөн. Уг асуудлаас үүдэн түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бий болсон” гэж маргадаг байх боловч хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийг буруутгаж буй сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ шалгаж тогтоогоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч О.А-д Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил, албан тушаалыг хүлээлгэж өгөөгүй, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй атлаа сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй юм.
12. Түүнчлэн, гуравдагч этгээдийн “...давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлон зарласан боловч гуравдагч этгээдээс “сургалт давхацсан” гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэвч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас “Авлигатай тэмцэх газрын шалгалттай” гэсэн үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд тус шүүхээс хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0592 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА