Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00041

 

 

 

 

 

 

 

 

 

Х.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.М-гийн хариуцагч Н.А-, Б.М- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон хохиролд нийт 66 832 887.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.А-, Б.М- нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205050646 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 16 дугаар байр, 135 тоот хаягт байрлах, 73.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тус байр нь Худалдаа Хөгжлийн банкинд ипотекийн зээлийн барьцаанд байсан гэрээний төлөлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгч, зээлийн үлдэгдэл 65 432 887.78 төгрөгийг төлж барьцаанаас чөлөөлсөн. Иймд баримт үйлдэж, улсын бүртгэлийн газарт өөрчлөлт оруулахаар гэрээ шилжүүлэхээр хүсэлт өгсөн. Гэтэл хариуцагч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй байсан учир нэр шилжүүлж болохгүй болсон. Үүнээс үүдэн орон сууц худалдах худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болж цуцлагдсан. Иймд хариуцагч нараас үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт төлсөн 1400 000 төгрөг, гэрчилгээний мөнгө 20 000 төгрөг, орон сууцны үнэд шилжүүлсэн 65 432 887 төгрөг, нийт 66 832 887 төгрөг 78 мөнгө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.М- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа тул үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Х.М- Д.Я- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс 65 432 887 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч Х.М- хариуцагч Б.М- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Я-гаас Худалдаа хөгжлийн банк дахь орон сууцны зээлийн данс болох 457041115 тоот данс руу гүйлгээний утга орон сууцны зээл хаав гэсэн утгаар 65 432 887 төгрөгийг төлж зээл хаасан байдаг. Уг мөнгийг Н.А-, Б.М- нар өөрсдийн найз, бизнесийн түнш болох Сарандагины Хаан банк дахь 5063471404 тоот данснаас Д.Я-гийн Хаан банк дахь 5079057256 тоот данс руу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг /гүйлгээний утга: Н.А-аас зээл хаав./ гэсэн утгаар шилжүүлэн, төлж барагдуулсан. Гэтэл дахин дээрх мөнгийг Х.М- нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А- ХХК-д төлбөр тооцооны өртэй учраас өрөндөө байраа худалдсан. Д.Я- нь тус байгууллагын нягтлан хийдэг. Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй, гэхдээ тэр байрыг барьцаалсныг мэдээгүй. 70 000 000 төгрөгийг бол төлж барагдуулсан, гэхдээ цаана нь 60 000 000 гаруй төгрөгийг өр байгаа гэдгийг би мэдэж байгаа. Уг асуудлаас 3, 4 сарын дараа Б.М-өөс гэрлэлтээ цуцлуулсан. Уг маргаанд Б.М- хамаагүй тул ганцхан надаас шаардана уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А-, Б.М- нараас гэрээнээс татгалзсанаас үүсэн үр дагавар буюу гэрээний үүрэгт шилжүүлсэн 65 452 887 төгрөг, 78 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 114 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 485 114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо худалдан, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 65 432 887 төгрөг, 78 мөнгийг, гаргасан зардал 1 400 000 төгрөгийн хамт, нийт 66 832 887.78 мөнгийг гэрээнээс татгалзсантай холбогдуулан буцаан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хариуцагч нараас 65 452 887.78 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Х.М-, хариуцагч Б.М- нарын хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсан худалдах, худалдан авах гэрээг Д.Я-, Х.М- нарын хооронд байгуулсан ба эдгээрийг гэрээний оролцогч гэж үзэж буй тул Б.М-өд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэн Н.Батзул, Б.М- нартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж тодорхойлсон нь гэрээний оролцогч бус этгээдийг хариуцагчаар тодорхойлсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Х.М- нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я-д бэлнээр хүлээлгэн өгсөн гэх, шүүх түүнийг шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзсэн атлаа, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг 70 000 000 төгрөгийг буцаан төлснийг мөн нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн хэрнээ хариуцагч нараас дахин нийт 66 832 887.78 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Х.М-гийн ажилтан Д.Я- нь иргэн Х.М-тай гэрээг байгуулсан, энэхүү гэрээнээс татгалзсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я-гийн Хаан банкны 5079057256 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлж, иргэн Х.М-гаас байрны төлбөрт бэлнээр Д.Я-д өгсөн гэх 65 432 887.78 төгрөгийг буцаан төлсөн байна. Итгэмжлэлийн дагуу Д.Я- нь Х.М-тай гэрээ байгуулсан, Х.М- нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я-д байрны төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн, гэрээнээс татгалзсаны дагуу үр дагавар болох төлбөрийг мөнгө хүлээн, авсан Д.Я-д буцаан өгсөн, Д.Я- нь тус төлбөрийг иргэн Х.М-д буцаан төлсөн гэж үзэж байхад үүнд шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг буцаан төлсөн эсэх үйл баримтын талаар маргаж байх бөгөөд хэргийн 58 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч нар нь хоёр удаагийн гүйлгээгээр нийт 70 000 000 төгрөгийг Д.Я-гийн дансанд шилжүүлжээ. Мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэгч нь уг баримтад Алтанзулаас байрны төлбөр урьдчилгаа 30 000 000 төгрөг, байрны төлбөр 40 000 000 төгрөг гэж гүйлгээний утгыг тодорхой бичжээ.

 

Гэвч дээрх 70 000 000 төгрөгийг хариуцагч Н.А-ын ажиллаж байсан гэх А- ХХК өрөндөө тооцож авсан талаарх тус компанийн албан бичиг хэрэгт авагдсан байна. /хх-ийн 62-р тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч Х.М-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Д.Я-г гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хүсэлтээсээ татгалзжээ.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я-г гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан ч энэхүү нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны ач холбогдлыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад тооцогдох тул Д.Я-гаас хуульд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас Д.Я-гийн данс руу шилжүүлсэн 70 000 000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг буцаан шилжүүлсэн эсхүл бусдын өр төлбөрт тооцогдсон эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.М-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ