Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/хт2023/00227

 

Х.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01771 дүгээр  магадлалтай,

Х.М-гийн нэхэмжлэлтэй

Б.М, Н.А нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А”ХХК

81,508,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Б.М, хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.М-ийн өмгөөлөгч Л.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.М нь Б.М, Н.А нарт холбогдуулан 81,508,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.А нараас 66,832,887.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,675,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Н.А нараас 492,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01771 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,330 төгрөг, хариуцагч Н.А, Б.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Х.М-гийн нэхэмжлэлтэй Н.А, Б.М нарт холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01771 дүгээр магадлалтай иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 3.1-д “Хариуцагч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргаж, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь ...хэргийн оролцогч нь мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна” гэжээ. Энэхүү хэрэг нь нэхэмжлэл гаргаснаас хойш 3 дахь жилдээ, анхан шатны шүүхээр ахин хэлэлцүүлэгдэхээр буцаагдсанаас хойш 11 дэх сардаа үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдаан нийт 7 удаа хойшилсны 6 нь хариуцагч талын хүсэлтээр хойшилсон байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргээ хангалттай хэрэгжүүлсэн бөгөөд нэг хариуцагчийн төлөөлөгчийн хувиар, нөгөө хариуцагчийн өмгөөлөгчийн хувиар буюу хоёр хариуцагчийн хоёулангийнх нь ашиг сонирхлыг илэрхийлж нэг хүн оролцсон. Хариуцагч Б.М нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд тус өдөр шүүх хуралдааныг хойшлуулан товлохдоо шүүгч талуудын хэн алины саналын дагуу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр товлосон ба ийнхүү товлоход гадаад явах тухай яриагүй ба ямар ч хүсэлт, санал гаргаагүй болно. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр түүний өмгөөлөгч нь “Б.М хүсэлтээ надад өглөө вайбер /viber/-аар явуулсан” гэх тайлбарыг хэлээд 2 хуудас хуулбар баримт өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг заасан зохицуулалтыг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэхгүй байгаа нь буруу. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн алин байхаас үл хамаараад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хуулийг нэг мөр, адил хэрэглэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн Хууль зүйн үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явагдсан эсэх хийгээд материаллаг хуулийн хэрэглээг хянах эрх олгогдсон болохоос биш хүчин төгөлдөр хуулийг өөрөөр хэрэглэх, тайлбарлах, хэрэглэхгүй орхигдуулах, улмаар зөрчих эрх хэмжээ байхгүй юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим нь зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт хамаатай бус давж заалдах шатны шүүхийн магадлалд ч мөн адил үйлчлэх учиртай. Түүнчлэн ийнхүү дүгнэхдээ яагаад анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нэн тодорхой, ойлгомжтой заах ёстой. Гэвч магадлалд дурдсан дүгнэлтийг хийхдээ хэрхэн, ямар шат дарааллаар хүрсэн талаарх үндэслэл заагаагүй нь энгийн логик зөрчигдсөн байгааг шууд илтгэнэ.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 3.2-д “Анхан шатны шүүхийн техникийн алдаа гаргасан гэж үзэж болох боловч нэг дугаар, агуулга бүхий хоёр өөр огноотой шийдвэр байж болохгүй. Учир нь шүүхийн шийдвэр гарсан огноо нь эрх зүйн ач холбогдол бүхий хугацаа болохыг дурдах нь зүйтэй” гэжээ. Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ, хязгаар” зөвлөмжийн 2.2-д дурдсан “Шүүхийн алдаа угтаа мэдээжийн, хэнд ч ойлгогдохоор байдаггүй ба түүнийг илрүүлэх шаардлагатай юм. Мэдээжийн буюу үг, үсгийн, техникийн зэрэг алдааг шүүхийн алдааны зэрэглэлд авч үздэггүй болно” гэсэн тайлбар, чиглэмжтэй нийцэхгүй байгааг дурдаж байна. Нэгтгэн дүгнэвэл, давж заалдах шатны шүүх аливаа хэрэг маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр буцаахдаа, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг Хяналтын шатны шүүх хүлээж авах ёсгүй мэтээр аашилж, дур зоригийн үндэслэлээр хэргийг хэлэлцүүлэхээр 2 дахь удаагаа буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, нэмэлт зардал болон эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан хэргийн оролцогчийг залхаан цээрлүүлж, бусдын хөрөнгийг завшиж буй этгээдийг улам бүр хөхүүлэн дэмжиж байна. Тиймээс энэхүү магадлалыг хүлээн зөвшөөрвөл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн удирдах байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрч байгаатай агаар нэг тул давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01771 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлийг хангасан гэж үзэж Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01326 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Х.М нь Б.М, Н.А нарт холбогдуулан нийт 81,508,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...2020.02.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Б.М, Н.А нарын өмчлөлийн Б дүүрэг, 0р хороо, А хотхон, Э гудамж, 00-р байр, 00 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууц ипотекийн зээлийн барьцаанд байсан тул зээлийн үлдэгдэл төлбөр 65,432,887.78 төгрөгийг төлж барагдуулсан боловч хариуцагч нар нь өөр этгээдэд өр төлбөртэйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг хязгаарлахаар улсын бүртгэлд бүртгүүлснээс улсын бүртгэлийн газар гэрээг бүртгэхээс татгалзаж орон сууцыг худалдан авах боломжгүй болсон...” гэж тодорхойлж, зээлд төлсөн 65,432,887.78 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан татварт төлсөн 1,400,000 төгрөг нийт 66,832,887.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.03.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 14,675,997 төгрөгөөр ихэсгэж, үндэслэлээ хариуцагч нарыг энэ хэмжээгээр зээлийн хүүгийн үүргээс чөлөөлөгдөж, үр шим хүртсэн гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Д.Я-д итгэмжлэл олгосон, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, Д.Я-гийн дансанд 2020.02.21 нд 30,000,000 төгрөг, 2020.02.28-нд 40,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг байрны төлбөрт гэж буцаан төлсөн...” гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК нь “...Н.А нь компанид их хэмжээний хохирол учруулсан учраас цагдаагийн байгууллагад хандахад нийт 70,000,000 төгрөгийг төлсөн учир хохирлыг төлж барагдуулсанд тооцож үлдэх 4,946,950 төгрөгийн хохирлыг шаардахгүй байхаар шийдвэрлэсэн...” гэсэн тайлбарыг гаргажээ.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй буюу хариуцагч Б.Мийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн, ...нэг дугаар, агуулга бүхий хоёр өөр огноотой шийдвэр гардуулсан...” гэсэн үндэслэлийг заажээ.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шийдвэрийг хүчингүй болгосон дээрх үндэслэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах боломжгүй гэж үзэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

9.1. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэлээ 2020.04.23-ны өдөр гаргаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020.04.29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн,  хариуцагч Б.М 2020.05.29-ний өдөр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлсэн.

Хэргийг 2020.10.19-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, 2020.12.28-ны өдөр хариуцагч талын давж заалдсан гомдлыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасныг, нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.11.23-ны өдрийн тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэжээ.

Ингэхдээ анхан шатны шүүх 2023.02.10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, үүнээс хойш нэхэмжлэгч, хариуцагч талаас аль алинаас нь шинэ нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангах, энэ талаарх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид танилцуулж, гардуулах, хариуцагч Н.А-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хангах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг 2023.03.22, 2023.04.07, 2023.04.24, 2023.05.08, 2023.05.29, 2023.07.05, 2023.07.19 өдрүүдэд тус тус хойшлуулж байжээ.

Улмаар 2023.07.19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан хийгдээгүй ба хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Мийн өмгөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг явуулж, энэ нь ажлын цагт багтаж дуусаагүйгээс шүүхээс хурлын товыг 2023.07.26-ны өдрийн 15:00 цагт хийхээр тогтож, оролцогчдод тухайн өдрөө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, үзлэгийн ажиллагаанд хариуцагч Б.М оролцсон байна.

Хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан 2023.07.26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.М-ийн өмгөөлөгч оролцож, өмгөөлөгчөөс хариуцагч Б.М гадаад улсад томилолтоор ажиллах тул шүүх хуралдаанд биеэр оролцох боломжийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтууд шаардлага хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ирсэн гэсэн үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ.

Ийнхүү шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хэргийн оролцогчийн болон хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсоноор хариуцагч эрх ашгаа хамгаалуулсан гэж үзэх тул анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг зөрчөөгүй байна.

9.2. Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр нь 2023.07.26-ны өдрийн огноотой, 102/ШШ2023/02719 дугаартай байх бөгөөд харин хариуцагч Н.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Мийн өмгөөлөгчөөс давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч талаас гардан авсан шийдвэр нь 2020.07.26-ны өдрийн огноотой байсан гэжээ.

Энэ нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байх боловч уг шийдвэрийн агуулга хэрэгт авагдсан шийдвэрээс үг, үсэг, агуулгын зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн хариуцагч талд гардуулсан шийдвэрийн хувьд бусад оролцогчдод гардуулж өгсөн болон хэрэгт авагдсан шийдвэрээс агуулгын зөрүүгүйгээс огноо өөрөөр бичигдсэн байгааг техникийн шинжтэй алдаа гэж үзэх ба үүнийг залруулах хууль зүйн боломжтой байна.

10. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, маргаанд хамаарах шүүхийн хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01771 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.М-гийн 2023.10.18-ны өдөр төлсөн 565,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЗОРИГ

Н.БАТЧИМЭГ

Н.БАЯРМАА