Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/02719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ы ***

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн ***

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн ***

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** хаягт байрлах *** ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 81,508,884.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Х.***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С***,

Хариуцагч Н.***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.***ийн өмгөөлөгч Л.Ж***

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э***,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

/Хариуцагч Б.*** хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.*** нь Н.***, Б.*** нараас 81,508,884.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Х.*** 2020 оны 2-р сарын 04-ний өдөр иргэн Н.***, Б.*** нартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 104 дугаар гэрээг байгуулж, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт орших, 73,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг орон сууц нь Худалдаа хөгжлийн банкинд ипотекийн зээлийн барьцаанд байсан бөгөөд дээрх гэрээг байгуулахаас өмнө буюу 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр банкны зээлийн үлдэгдэл төлбөр 65,432,887.78 төгрөгийг бэлнээр өгч барьцаанаас чөлөөлүүлсэн болно. Улмаар гэрээгээ байгуулан улсын бүртгэлийн газарт талууд хүсэлт гаргахад худалдагч Н.***, Б.*** нар өөр бусад этгээдэд мөн шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг хязгаарласан байжээ. Ингээд улсын бүртгэлийн газраас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр бүртгэхээс татгалзсан учир уг орон сууцыг худалдан авах боломжгүй болсон юм. Тиймээс миний бие орон сууцны төлбөрт өгсөн 65,432,887.78 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн 1,400,000 төгрөг нийт 66,832,887.78 төгрөгөө буцаан авах зүй ёсны боловч худалдагч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөхгүй, сүүлдээ утсаа авахгүй байх тул шүүхэд хандаж байна. Хариуцагч нар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэрээний зүйл болох орон сууцны захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан байснаа нуун дарагдуулсан байдаг. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас Н.***, Б.*** нар нь 86,200,000 төгрөгийн зээл авч сард 825,685.41 төгрөгийг төлж, үндсэн зээлд 388,474.46 төгрөг, зээлийн хүүд 462,169.19 төгрөгийг төлдөг байсан бөгөөд уг зээлээ хаалгасан 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны нийт 3 жил гаруй буюу нийт 39 сарын зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчийн 66,832,887.78 төгрөгийн мөнгийг ашигласнаар нийт 14,675,997 төгрөгийн үр шимийг хүртсэн байна. Миний бие хариуцагч нарын зээлийг хаасан 66,832,887.78 төгрөгийг хадгаламжид байршуулсан бол хамгийн багадаа сарын 1,1%-иар бодвол нийт 39 сарын хадгаламжийн хүүд 28,671,308 төгрөгийн ашиг хүртэх боломжтой байсныг дурдах нь зүйтэй. Гэхдээ миний бие хариуцагч нар Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн хэмжээгээр буюу 14,675,997 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Н.***, Б.*** нараас нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.*** хариу тайлбартаа: Шүүхэд иргэн Х.*** нь миний биед холбогдуулан 66,873,887.78 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж байна. Миний бие иргэн Х.***тай үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд нөхөр Н.*** нь Х.***гийн хамаарал бүхий газар тариалангийн компанид 2019 онд *** аймгийн *** суманд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тэднээс мөнгө зээлсэн, хохирол учруулсан гэх үндэслэлээр өр төлбөрөө төл, үгүй бол цагдаагийн байгууллагад хандлаа гэсний дагуу Н.***ын учруулсан гэх хохирлыг барагдуулах үүднээс өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкинд зээлтэй 3 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр үнэлж, банк дахь 65,432,887.78 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл зөрүү төлбөрийг бусад төлбөрт тооцож өрөнд шилжүүлж авах талаар харилцан тохиролцон тэдний ажилтан гэх Д.Я***д 2019 оны 12-р сарын 30-ны өдөр Орон сууц барьцаанаас чөлөөлөх, худалдах, бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэлийг хийж өгсөн. Ямар нэгэн гэрээг байгуулаагүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Итгэмжлэл хийж өгсөн шалтгаан нь Н.***ын учруулсан гэх хохирлыг барагдуулах зорилготой байсан бөгөөд тухайн байр нь банкнаас гадна өөр газар барьцаанд болон битүүмжлэлтэй эсэхийг мэдэхгүй байсан. Байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан байсныг мэдсэнээс хойш нөхөр Н.*** нь итгэмжлэл хийж өгсөн Д.Я***гийн Хаан банкны *** тоот дансанд 2020 оны 2-р сарын 21-нд 30,000,000 төгрөг, 2020 оны 2-р сарын 28-нд 40,000,000 төгрөгийг буюу банкны зээл хаасан төлбөр, учруулсан гэх хохирлын зарим хэсгийг тус тус төлсөн байна. Энэхүү баримтыг Н.***аас шүүхэд эх хувиар гаргаж өгнө. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Х.***тай байгуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан 66,832,887.78 төгрөгийг Х.***гаас аваагүй тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*** нь *** тоот 73,1 м.кв талбайр бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах, бэлэглэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг Д.Я***д итгэмжлэлээр олгосон. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Х.*** нь 2020 оны 2-р сарын 04-ний өдөр хариуцагч нартай Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я***, нэхэмжлэгч Х.*** нарын хооронд үүссэн гэрээний үүргийг гэрээний оролцогч бус хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 14,675,997 төгрөг, нийт 81,508,884.78 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Энэхүү хэргийн хариуцагч Н.*** нь *** ХХК-д 2018 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад ***-ны өдрийн ерөнхий захирлын тушаалаар компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ***-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Н.*** нь *** ХХК-д ажиллаж байхдаа нийт 74,946,950 төгрөгийн хохирол өр төлбөрийг компанид учруулсан. Улмаар *** ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар Н.***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож, мөн тушаалаар Н.***ын компанид учруулсан хохирол 53,562,494 төгрөг болон түүний компаниас зээлж авсан 21,384,456 төгрөг нийт 74,946,950 төгрөгийг төлүүлэх ажлыг ахлах нягтлан бодогч Л.Э***, нярав Д.Я*** нарт үүрэг болгосон. *** ХХК-ийн зүгээс ***-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Н.*** нь компанийн эд хөрөнгийг бусдад хууль бусаар зарж борлуулсан, компанийн мөнгийг хувьдаа завшиж компанид их хэмжээний хохирол учруулсан талаарх гомдлыг гаргасан. Уг гомдлыг гаргаснаас хойш 3 хоногийн дараа буюу ***-ны өдөр Н.*** нь Д.Я***гийн эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансанд 30,000,000 төгрөгийг, ***-ны өдөр мөн дансанд 40,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг төлсөн. Энэхүү мөнгийг *** ХХК-ийн кассанд Н.***ын компанид учруулсан хохирол төлбөр гэх утгатайгаар бүртгэсэн. Компанийн зүгээс Н.***ыг компанид учруулсан хохирлоо төлж барагдуулсанд тооцож, үлдэх 4,946,950 төгрөгийн хохирлыг шаардахгүй байхаар шийдвэрлэж, Н.***д холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг Баянгол дүүргийн Прокурорын газрын ***-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хаагдсан болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1 хх 1-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгох тухай /1 хх 6/, Худалдах, худалдан авах гэрээ /1 хх 7-8/, итгэмжлэл /1 хх 9/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хх 10/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /1 хх 11-12/, Капитрон банкны орлогын мэдүүлэг /1 хх 13/, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /1 хх 14/, Баянгол дүүргийн татварын хэлтэст хүсэлт гаргах нь /1 хх 15/, *** ХХК-ийн захирлын Н.***ыг ажлаас халах тухай тушаал /1 хх 61/, *** ХХК-ийн *** тоот Төлбөр тооцооны тухай албан бичиг /1 хх 62/, *** ХХК-ийн Кассын орлогын ордер /1 хх 63-64/, Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай /1 хх 164/, Н.***, Б.*** нарын зээлээс чөлөөлөгдсөн мөнгөний тооцоо /1 хх 165/, Н.***ын Голомт банкны дансны хуулга /1 хх 198-215/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ***-ны өдрийн *** тоот, ***-ны өдрийн *** тоот албан бичиг /1 хх 216-217/, *** ХХК-д Н.***, Б.О*** нараас бичсэн Үүрэгт ажлын хариуцлага алдсан тухай тайлбар /1 хх 218/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Б.***ийн батлан даалт гаргах нь /2 хх 17/,

 

5. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /1 хх 25/, итгэмжлэл /1 хх 38, 48/, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /1 хх 129/, итгэмжлэл /1 хх 241/,

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 хх 5/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2 хх 16/, хариу тайлбар /2 хх 25-26/, *** ХХК-д Н.***ын гаргасан баталгаа, өргөдөл гаргах нь /2 хх 27/, Мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 28/, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргах нь /2 хх 29/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын ***-ний өдрийн *** дугаартай Прокурорын тогтоол /2 хх 31-32/, Мөрдөгчийн тогтоол Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /2 хх 33/, Мөрдөгчийн санал Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай /2 хх 34/, 2019 оны тариалалт /2 хх 40/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /2 хх 42-45/, *** ХХК-д Н.***, Б.О*** нараас бичсэн Үүрэгт ажлын хариуцлага алдсан тухай тайлбар /2 хх 46/, *** тооцоо /2 хх 47-48/,

 

7. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Д.Я***гийн Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 56-58/, Б.***ийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансны хуулга /2 хх 10/, Д.Я***гийн Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 12-13/, ***-ний өдөр *** ХХК-ийн Кассын орлого, зарлагын дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 56-63/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Худалдаа хөгжлийн банкны ***-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Б.***ийн Зээлийн дансны хуулга /1 хх 138-154/, Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол /1 хх 190-191/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ***-ны өдрийн *** тоот албан бичиг /1 хх 192/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Н.***ын төлбөр төлөх талаар баталгаа гаргах нь, хүсэлт гаргах нь /1 хх 193- 195/, Шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас /1 хх 197/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.***гийн нэхэмжлэлээс 66,832,887.78 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 14,675,997 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд : Нэхэмжлэгч Х.*** нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт орших, 73,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Улмаар уг орон сууцны Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээл болох 65,432,887.78 төгрөгийг төлж барьцаанаас чөлөөлүүлсөн бөгөөд өмчлөлийг шилжүүлэхээр Улсын бүртгэлийн газарт талууд хүсэлт гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан. Иймд орон сууцыг худалдан авах боломжгүй болсон учир орон сууцны төлбөрт өгсөн 65,432,887.78 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн 1,400,000 төгрөг, хариуцагч нар Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн хэмжээгээр буюу 14,675,997 төгрөг нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан байсныг мэдсэнээс хойш нөхөр Н.*** нь итгэмжлэл хийж өгсөн Д.Я***гийн Хаан банкны *** тоот дансанд ***-нд 30,000,000 төгрөг, ***-нд 40,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Х.*** нь 2020 оны 2-р сарын 04-ний өдөр хариуцагч нартай Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я***, нэхэмжлэгч Х.*** нарын хооронд үүссэн гэрээний үүргийг гэрээний оролцогч бус хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.***, Б.*** нараас ***ы өдөр өөрийн өмчлөлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, төлбөр тооцоо хүлээн авах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, гэрчилгээ хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг Д.Я***д 3 жилийн хугацаатайгаар олгосон байна.

 

***-ний өдөр Д.Я*** болон Х.*** нар *** тоот Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулжээ. Уг гэрээгээр Д.Я*** нь Х.***д эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирчээ.

 

Дээрх гэрээний зүйл болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банкинд опитекийн зээлтэй байсныг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я*** нь гэрээний төлбөрөөс 65,432,887.78 төгрөгийг зээлийн төлбөрт төлж барагдуулсан байна.

 

Талууд ***-ний өдөр *** тоот Худалдах-Худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я*** нь хариуцагч нарын зээлийн төлбөрт 65,432,887.78 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварын төлбөрт 1,400,000 төгрөг тус тус төлсөн талаар маргаагүй.

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч талаас гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн аваагүй учир Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 65,432,887.78 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварын төлбөрт төлсөн 1,400,000 төгрөг, хариуцагч нарыг өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн гэж 14,675,997 төгрөг, нийт 81,508,884.78 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч талаас нэхэмжлэгчтэй Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, итгэмжлэл олгогдсон Д.Я***гийн Хаан банкны *** тоот дансанд нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 62.3-т зааснаар бусдыг төлөөлөх бүрэн эрх нь хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг бөгөөд төлөөлөгч энэ хүрээнд хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгчийг хүчин төгөлдөр төлөөлж хэлцэл хийсэн гэж үзнэ. Тиймээс Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу төлөөлөгч Д.Я***гийн нэхэмжлэгч Х.***тай байгуулсан Худалдах худалдан авах гэрээний үр дагавар төлөөлүүлэгч болох хариуцагч Н.***, Б.*** нарт бий болно.

 

Хариуцагч нарын итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд төлөөлөгч Д.Я*** нь нэхэмжлэгчтэй Худалдах-Худалдан авах гэрээ байгуулсан учир шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор   үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох болон урьдчилан сануулах шаардлагагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Х.*** нь ***-ний өдөр *** тоот Худалдах-Худалдан авах гэрээ-ний төлбөрт 65,432,887.78 төгрөгийг бэлнээр төлөөлөгч Д.Я***д өгсөн, 1,400,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн гэж тайлбар өгсөн бөгөөд хариуцагч нарын зүгээс уг гэрээний төлбөрийг төлөөлөгч Д.Я***г авсан эсэх талаар маргаагүй.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Д.Я*** нь 65,432,887.78 төгрөгийг хариуцагч нарын Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлийг төлбөрт төлсөн, мөн 1,400,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримт, Худалдаа хөгжлийн банкны ***-ны өдрийн *** тоот албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...***-ны өдөр Н.*** нь Д.Я***гийн эзэмшлийн Хаан банкин дахь *** тоот дансанд 30,000,000 төгрөгийг, **-ны өдөр мөн дансанд 40,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг төлсөн. Энэхүү мөнгийг *** ХХК-ийн кассанд Н.***ын компанид учруулсан хохирол төлбөр гэх утгатайгаар бүртгэсэн... гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй.

 

Түүнчлэн гэрч Д.Я***гийн ...Орон сууцны төлбөрийг авах эрх надад байхгүй. *** ХХК-иас надад хүлээлгэсэн үүрэг нь Н.***аас компанид учруулсан хохирлыг авах байсан гэх мэдүүлэг нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан *** ХХК-ийн Захирлын ***-ний өдрийн *** дугаартай *** овогтой ***ыг ажлаас халах тухай тушаал, *** ХХК-ийн Кассын орлогын баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 65,432,887.78 төгрөгийг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан татварт төлсөн 1,400,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй буюу хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлээр хариуцагч нарыг Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн гэж 14,675,997 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээ биелсэнээс олсон ашиг гэдэгт хадгаламжийн хүү болоод үүрэг гүйцэтгэгчийн ашиг олох зорилготой хэрэгжүүлсэн бусад үйл ажиллагаанаас олсон орлого хамаарна. Тодруулбал хариуцагч нь өөрсдийн Зээлийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлснээр нэмэлтээр орлого олоогүй учир хариуцагч нар нь өөрсдийн хөрөнгийг хэмнэж үр ашиг хүртсэн гэх үндэслэлээр 14,675,997 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй байх тул 14,675,997 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Н.***, Б.*** нараас 66,832,887.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Гуравдагч этгээд нь ирээдүйд өөрт нь холбогдож гарах шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд Х.***гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.***, Б.*** нарт холбогдох иргэний хэрэгт *** ХХК-ийн эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.***, Б.*** нараас 66,832,887.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,675,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.***, Б.*** нараас 492,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.***д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН