Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00061

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02669 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь Х- ХХК-аас арилжааны зориулалттай зээл авсан. Зээл төлөлтийн явцад барьцаанд байгаа орон сууцыг Х-ны өмчлөлд шилжүүлж, үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн төлбөрийн хасаж тооцох саналыг гаргасан. Тухайн үед М- ХХК-ийн дийлэнх хувьцаа эзэмшигч нар гадаад руу яваад эзгүй байсан тул тус компанийн хувьцаа эзэмшигчД.У- бусад хувьцаа эзэмшигч нарын өмнөөс гарын үсгийг нь дуурайлган зурж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Уг бичиг баримтыг үйлдэж өөртөө орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийх эрх олгож, түүнийг үндэслэж нотариат гэрчилсэн байдаг. Худалдах, худалдан авах хэлцэл батлагдсан тул орон сууцны өмчлөл Х- ХХК-ийн нэр дээр шилжсэн. Бусад хувьцаа эзэмшигч нар үйл ажиллагаанд оролцдоггүй байсан учраас тухайн үед мэдээгүй байсан. Дээрх хэлцэл нь эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр эрх олгосон учраас М- ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч М.Энхтайван Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01590 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 12/02 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Иймд хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж гэрээ хэлцэл хийгдсэн учраас Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр М- ХХК-ийг тогтоож өгнө гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х- нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М- ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189, 195 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр буюу М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаартай шийдвэрийг үндэслэн байгуулсан. Тус гэрээг нотариатч нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана гэж заасны дагуу шалгаж гэрчилсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, 12 дугаар 12.4.1 дэх хэсэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах гэж тус тус заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр Х-ны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн. Дээр дурьдсаны дагууД.У- нь компанийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэх нөхцөл байдлыг Х- ХХК-ийн хувьд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасны дагуу Х- нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээД.У- нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэсэн баримт бичгийг хууль зөрчин үйлдэж, гарын үсгийг нь дуурайлган зурсан, уг хууль бус бичиг баримтыг ашиглан маргаан бүхий орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар Х- ХХК-д шилжүүлэн өгснөөр их хэмжээний алдагдалд оруулсан гэсний дагуу М- ХХК нь өөрт учирсан гэж үзэж буй хохирлооД.У-ээс шаардах нь логик уялдаа холбоотой байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлнө гэж заасны дагуу аль хэдийн Х- ХХК-ийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг буцаах боломжгүй тулД.У-ээс орон сууцны үнийг шаардан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. М- ХХК нь Х- ХХК-аас мөнгө зээлж авсан. Орон сууц худалдсан тухайн мөнгө нь М- ХХК-ийн зээл рүү орсон. Иймээс Х- ХХК нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Улсын бүртгэлийн газар холбоотой бүх бичиг баримтыг нь нягталж шалгаад өмчлөх эрхийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч талД.У- гэх хүнийг буруутай гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөөр ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Х- ХХК болон М- ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус хэлцлээр шилжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг М- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Х- ХХК-д даалгаж, М- ХХК-ийн зээлээс хасч тооцсон 53 468 006 төгрөгийн Мөнхзабала корпораци ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт тооцох, Х- ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо 14181, их тойруу 78 байр, 29 тоот хаягт байршилтай, гэрчилгээний 000214686 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй 38.4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны эрхийг сэргээж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х- ХХК-иас 425 290 төгрөг гаргуулан М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2006 оны шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаар тогтоолд хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана гэж тайлбарласан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд Иргэний хуулиин 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй, мөн гэрээ байгуулахаас өмнөх байдалд харилцан буцах хуулийн зохицуулалттай гэж 1 асуудалд эсрэг, тэсрэг 2 өөр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Х- нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 189, 195 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдлаар, эрх бүхий этгээдиин зөвшөөрөлтэйгөөр байгуулсан бөгөөд тус гэрээг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүилиин 46.5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж гэрчилсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн хүчин төгөлдөр үйлчилж байсан эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлиин тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.4.1, 13.5, 14.1, 14.1.1-т тус тус заасны дагуу өмчлөх эрхийг бүртгэсэн. Дээр дурдсаны дагууД.У- нь компанийг төлөөлөх эрхгүй байхдаа гэрээ байгуулсан гэх нөхцөл баидлыг Х- ХХК мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд Иргэнии хуулиин 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан гагцхүүД.У- нь М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурсан нь тогтоогдсон гэх нөхцөл байдлыг үнэлэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Уранцэцэг нь М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурсан нь тогтоогдсон гэх нөхцөл байдлын хувьд Х- ХХК үүнийг мэдэх боломжтой байсан эсэх, эсхүл ийнхүү хуурамч баримт бичиг үйлдэн М- ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Х- ХХК-д шилжүүлэхэд Х- ХХК-ийн зүгээс аливаа үйлдэл хийж, нөлөөлсөн гэх үйл баримт байхгүй байхад бусдын хийсэн буруутай үйл ажиллагааны улмаас Х- ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, өмчлөх эрхийг нь зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх гэрээ байгуулахаас өмнөх байдалд харилцан буцах хуулийн зохицуулалттай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувьд Х- ХХК нь өөр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан худалдсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хөрөнгийн өмчлөгч нь Х- ХХК биш болно. Х- ХХК нь өөрийн өмчлөлд байхгүй хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй бөгөөд тус нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр бодит байдалд хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Х- ХХК нь 550 000 000 төгрөгийг, 365 хоногт банкны жилийн суурь хүү дээр 3,9 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, нэхэмжлэгч М- ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн шугамын гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 59-61-р тал/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч М- ХХК-ийн өмчлөлийн нийт 7 орон сууцыг барьцаалсны дотор маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо 14181, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц барьцаалагджээ. /хх-ийн 70-82-р тал/

 

Улмаар талууд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М- ХХК нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо 14181, Их тойруу 78 дугаар байр, 29 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024963 дугаарт бүртгэлтэй, 38,4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 53 468 006 төгрөгт тооцон худалдах, хариуцагч Х- ХХК нь тус орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, нэхэмжлэгчийн зээлийн төлбөрөөс хасаж тооцохоор харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 26-27-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Нэхэмжлэгч М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12/02 дугаар шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигч нарыг төлөөлөн банктай зээлийн гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийгД.У-т олгосон байх бөгөөдД.У- нь тус хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн, хариуцагч Х- ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. /хх-ийн 108-р тал/

 

Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01590 дугаар шийдвэрээрД.У-ийг бусад хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр дээрх хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 30-31-р тал/

 

Нэгэнт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үндэслэл болсон нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон байх тул талуудын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний барьцааны эрхийг сэргээн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02669 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Г.ДАВААДОРЖ