Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00081

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03696 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 28 169 494 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь “А” ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай 594 ширхэг бараа материалыг түрээслэхээр захиалгын дагуу түрээсийн төлбөрт 4 001 250 төгрөг, барьцаанд 1 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрт 4 002 000 төгрөг, барьцаанд 1.000.000 төгрөг, нийт 5.002.000 төгрөг төлсөн. “С” ХХК-ийн авлага өглөгийн товчоо тооцоогоор 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 594 ширхэг бараа материалыг 126 хоногийн хугацаанд түрээсэлсэн, түрээсийн төлбөрт 15 848 910 төгрөгийн төлбөр төлөхөөс 4 002 000 төгрөгийг хасч тооцоход түрээсийн үлдэгдэл төлбөр нь 11 846 910 төгрөгийн тооцоо гарсан. Мөн өвөлжилтийн түрээсийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 594 ш барааг 77 хоногийн хугацаатай, хоногт 50 төгрөгөөр тооцож 2 286 900 төгрөгийн түрээсийн тооцоо гарсан бөгөөд үүн дээр өмнөх түрээсийн тооцооны үлдэгдэл 11 846 910 төгрөгийг нэмж тооцоход нийт 14 133 810 төгрөгийн үлдэгдэл тооцоо гаргаж талууд гарын үсэг зурсан.  2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний хүртэлх 31 хоногийн хугацаанд 594 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 3 899 335 төгрөг төлөхийг “А” ХХК хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх тооцоогоор 594 ширхэг бараа материалын 23 хоногийн түрээсийн төлбөр нь 2 893 055 төгрөг болсон ба тус түрээсийн төлбөр дээр өмнөх 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 14 133 810 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 3 899 335 төгрөгийн төлбөрийг тус тус нэмж нийт 20 926 200 төгрөгийн түрээсийн төлбөр гарсныг “А” ХХК-ийн захирал Э.Ялалт хүлээн зөвшөөрч “С” ХХК-ийн авлага өглөгийн товчоо болон тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. 2020 оны 4 дүгээр сарын сарын 24-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 594 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 1 816 595 төгрөг болсон ба үүн дээр өмнөх тооцооны үлдэгдэл төлбөр 20 926 200 төгрөг, эвдэлсэн буюу акталсан барааны төлбөр 741 000 төгрөгийг тус тус нэмж тооцооны үлдэгдэл дүн 23 483 795 төгрөг гарснаас барьцаанд төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, нийт тооцооны үлдэгдэл дүн 22 483 795 төгрөг болсныг “А” ХХК-ийн захирал Э.Ялалт хүлээн зөвшөөрч “С” ХХК-ийн авлага өглөгийн товчоо болон тооцоо үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. “А” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/165 тоот “С” ХХК-д ирүүлсэн албан бичигт 22 483 795 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох түрээсийн төлбөр 22 483 795 төгрөг, алданги 5 685 699 нийт 28 169 494 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн түрээсийн үлдэгдэл төлбөр 22 483 795 төгрөг барагдуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч байна. Талууд түрээсийн гэрээ байгуулж, барилгын материалыг хүлээлцсэн талаар маргаагүй болно. Харин барилгын салбарын үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сараас зогсож, улмаар өвөлжилтийн гэрээ гэж байгуулсан нь үнэн. “А” ХХК нь “Бавгар групп” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх 2019/1263 тоот гэрээ байгуулж “Бавгар групп” ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж Хууль сахиулагч-1 хотхоны барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Үүнтэй холбогдуулан барилгын ажил гүйцэтгэхээр “С” ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Манай компани нь түрээсийн бараа материалыг 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нь ашиглаад буцааж өгөх гэсэн боловч Бавгар групп ХХК-ийн маргаантай, буруутай үйл ажиллагааны улмаас бараа, материалыг буцаан өгч чадаагүй болно. Ковид халдвар гарсантай холбоотой 2020 оны 0 1дүгээр сарын 26-ны өдрөөс хойш бодитоор ашиглаагүй болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 3.5, 4.2, 4.5-д алданги тооцох талаар зохицуулсан бөгөөд эдгээр нь зөвхөн түрээслэгчид хэт хохиролтой, түүнд ногдуулах хариуцлага тусгаснаас түрээслүүлэгч талд ямар нэгэн хариуцлага байхгүй. Мөн цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй нөхцөл байдал үүссэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Иймд 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 16 704 945 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 5 778 850 төгрөг, алданги 5 685 699 төгрөг, нийт 11 464 549 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 22 483 795 төгрөг, алдангид 509 728 төгрөг, нийт 22 993 523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 175 971 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 272 918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойшхи түрээс төлбөр 5 778 850 төгрөг, алданги 509 523 төгрөг нийт 6 288 373 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас “А” ХХК нь хүнд нөхцөл байдалд орж, 2019 оны 8 дугаар сарьн 10-ны түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсоныг хөндлөнгийн эрх бүхий байгууллага Монголын Үндэсннй Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ гаргасан. Шударга ёсны зарчмын үүднээс 16 704 945 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талууд хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 22 486 795 төгрөг, алданги 11 371.398 төгрөг, нийт 33 855 193 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийг 5 685 699 төгрөгөөр багасгаж, нийт 28 169 494 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч 16 704 945 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 548 дугаар түрээсийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 24 дугаартай түрээсийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээний дагуу “С” ХХК нь хавсралтад заагдсан хэв, гадна булан, труба, шат, тай, богино дэгээ, урт дэгээ, түгжээ, хомут эргэдэг, хомут эргэдэггүй гэх нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлэх, “А” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв./хэргийн 4-6, 8-10, 50 тал/

Хариуцагч түрээсийн зүйлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч бараа материалын тооцооны баримт үйлдсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хэргийн 17 дугаар тал/

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус бараа, материалын тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн бөгөөд сүүлийн тооцоогоор хариуцагч 20 926 200 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулжээ. /хэргийн 13, 15, 16 дугаар тал/ Хариуцагч дээрх төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 3 хувааж төлөх хүсэлтийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 18 дугаар тал/

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дурдсан хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй, тооцоо нийлсэн баримтад алданги тооцохгүй байхаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Мөн талууд түрээсийн гэрээний 2.2, 3.5-д “...хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө”, 4.2-т “түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө” гэж харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсгийг тус тус зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны алданги буюу 509 523 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг  буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 22 483 795 төгрөг, алдангид 509 728 төгрөг, нийт 22 993 523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 564 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ............................Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      С.ЭНХТӨР