Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01197

 

 Стандартформ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03696 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 81 дүгээр магадлалтай,

 Стандартформ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Асуд констракшн ХХК-д холбогдох

 Түрээсийн гэрээний үүрэгт 28,169,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч С.Одончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Стандартформ ХХК-иас*******-д холбогдуулан гэрээний үүрэгт 28,169,494 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03696 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Асудконстракшн ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 22,483,795 төгрөг, алдангид 509,728 төгрөг, нийт 22,993,523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Стандартформ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,175,971 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Асудконстракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 272,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Стандартформ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 81 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгч С.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 2020.01.26-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр 5,778,850 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 509,523 төгрөг, нийт 6,288,373 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Асуд констракшн ХХК нь Бавгар групп ХХК-тай ажил гүйцэтгэх 2019/1263 тоот гэрээ байгуулж Бавгар групп ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Хууль сахиулагч-1 хотхоны барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Үүнтэй холбогдуулан барилгын ажил гүйцэтгэхээр Стандартформ ХХК-тай 2019.08.10-ны Түрээсийн гэрээ байгуулсан.

Манай компани нь түрээсийн бараа материалыг 2019.08.10-ны өдрөөс 2019.09.15-ны өдөр хүртэлх хугацаанд нь ашиглаад буцааж өгөх гэсэн боловч Бавгар групп ХХК-ийн маргаантай, буруутай үйл ажиллагааны улмаас бараа, материалыг буцаан өгч чадаагүй болно. Ингээд манай компани түрээсийн бараа материалыг ашиглаж чадахгүй байсаар Ковид-19 халдварт өвчин гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2020.01.26-ны өдрийн 30 тоот тогтоолоор тус вирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталж хөл хорио тогтоосны улмаас барилгын үйл ажиллагаа зогссон. Мөн нэхэмжлэгчээс авсан бараа материал нь барилгын карказ цутгахад ашигладаг материал тул өвлийн улиралд ашиглах ямар ч боломжгүй тул өвлийн турш ашиглаж чадаагүй сул зогсолт хийсэн. Энэ тухай нэхэмжлэгч талд байнга тайлбарлан хэлж мэдэгдэж байсан. Ингээд 2020.01.26-ны өдрөөс Ковид 19 нэртэй халдварт өвчин гарч барилгын үйл ажиллагаа зогссон. Бид түрээсийн барааг нэхэмжлэгчид 2020 оны 02, 3, 4 дүгээр саруудад барааг буцаан өгөх боломжгүй байсан. Учир нь бид өөрсдийн зардлаар туслан гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэж байсан ба пум, сапудыг угсархад нилээдгүй хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулагддаг бөгөөд Улсын онцгой комиссоос халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь 6 сараар биш нэг нэг сараар сунгагдаж ирсэн. Бид 2020 оны 2 дугаар сард шийдвэр цуцлагдах, 3 дугаар сард үйл ажиллагаа явуулж болох байх гэсэн итгэлээр хүлээсээр түрээсийн барааг бүрэн ашиглаж чадаагүй хугацаа алдсан болно. Үүний улмаас манай компанийн санхүүгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Эдийн засгийн ийм хүнд нөхцөлд арай ядан үйл ажиллагаа явуулах гэж оролдож байгаа манайх шиг жижиг компанид анхан шатны шүүхийн шийдвэр хүнд хохирол учруулж байна.

Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас******* нь хүнд нөхцөл байдал орж, 2019.08.10-ны Түрээсийн гэрээ-ний үүргийг биелүүлэх боломжгүй болсныг хөндлөнгийн эрх бүхий байгууллага Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дүгнэлт гаргасан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2020.01.26-ны өдрөөс хойш Ковид-19 өвчний улмаас барилгын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул 2020.01.26-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр болон алдангийг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Улс орон даяар хүнд нөхцөлд орж, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул шударга ёсны зарчмын үүднээс ч өөрсдөөсөө шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас ашиглаж чадаагүй хугацааны түрээсийн төлбөрийг төлөх нь байж боломгүй асуудал гэж үзэж байна. Хэрэв бид өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй бол ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлөх нь зүйн хэрэг гэвч бид гамшигт үйл явдлын улмаас түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүйг харгалзан үзэхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 6,288,373 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 6. Зохигч 2019.08.10-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Стандарт форм ХХК-иас гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг /594 ширхэг барилгын материал/ түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлж, түрээсийн төлбөр авах, түрээслэгч******* гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх, түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Гэрээний хугацаа 2020.03.01-ний өдөр дууссан тул 2020.04.01-ний өдрийг хүртэлх хугацаагаар гэрээг дахин байгуулсан байна.

 Гэрээний дагуу түрээслүүлэгч нэр бүхий эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлсэн, түрээслэгч хүлээн авсан талаар маргаагүй, түрээсэлсэн эд хөрөнгийг 2020.05.14-ний өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн, түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, алдангийн хамт гаргуулахаар шаардсан, хариуцагч нь дэлхий нийтэд Covid-19 вирус дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрсэн тул Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2020.01.30-ны өдрийн №30 дугаартай тогтоолын дагуу хөл хорио тогтоож, барилгын үйл ажиллагаа бүрэн зогссон үндэслэлээр тогтоол гарсан хугацаанаас хойших түрээсийн төлбөр, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 7. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, түрээслүүлэгч гэрээгээр тохирсон эд хөрөнгийг шилжүүлсэн үндэслэлээр түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, түрээслэгч харилцан тохирсон төлбөрийг төлөх үүрэгтэй байтал гэрээний үүргээ биелүүлээгүй нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон гэж дүгнэн, хариуцагчаас түрээсийн төлбөрт 22,483,795 төгрөг, алдангид 509,728 төгрөг, нийт 22,993,523 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 8. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус зохицуулсан.

 9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 10. Хариуцагчийн төлөөлөгчөөс: ...Ковид-19 өвчний улмаас улс орон даяар хүнд нөхцөлд орж, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул Засгийн газрын тогтоол гарсан 2020.01.16-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр, алдангийг төлөх нь байж боломгүй асуудал гэж үзэж байна, иймд тогтоол гарснаас хойш тооцсон түрээсийн төлбөр 5,777,850 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 509,523 төгрөг, нийт 6,288,373 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ гэжээ.

 Талууд Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн 30 тоот тогтоол гарснаас хойш буюу 2020.04.19, 2020.05.15-ны өдөр тус тус тооцоо нийлж, сүүлийн тооцоогоор хариуцагч 22,483,795 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулсан, хариуцагч талаас дээрх төлбөрийг 2020.06.25-ны өдрөөс 2020.08.10-ны хугацаанд 3 хувааж төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд хүргүүлж байсан, зохигч нэгэнт үүссэн нөхцөл байдлын талаар тооцоо нийлэхдээ тухайлан тохиролцоогүй бөгөөд хариуцагч нь дээрх санхүүгийн хүндрэлтэй байдлаа баримтаар нотлоогүй байна.

 Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 81 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Одончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч С.Одончимэгээс 2021.02.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,563.97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД              Н.БАЯРМАА

                                                   Б.МӨНХТУЯА

                                                         Х.ЭРДЭНЭСУВД