Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/03696

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35б-11 тоот хаягт байрлах, С.Ф ХХК /РД:5709873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 4, 39 тоот хаягт бүртгэлтэй,

Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Нисора тауэр байр 701 тоот хаягт байрлах, А.К ХХК /РД:5903394/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 28.169.494 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О /

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ф ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Г.Ж-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

С.Ф ХХК нь А.К ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай 594 ширхэг бараа материалыг түрээслэхээр захиалгын дагуу түрээсийн төлбөрт 4.001.250 төгрөг, барьцаанд 1.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн төлбөрт 4.002.000 төгрөг, барьцаанд 1.000.000 төгрөг, нийт 5.002.000 төгрөг төлсөн.

 

С.Ф ХХК-ийн авлага өглөгийн товчоо тооцоогоор 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 594 ширхэг бараа материалыг 126 хоногийн хугацаанд түрээсэлсэн, түрээсийн төлбөрт 15.848.910 төгрөгийн төлбөр төлөхөөс төлсөн 4.002.000 төгрөгийг хасч тооцоход түрээсийн үлдэгдэл төлбөр нь 11.846.910 төгрөгийн тооцоо гарсан.

Мөн өвөлжилтийн түрээсийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 594 ш барааг 77 хоногийн хугацаатай, хоногт 50 төгрөгөөр тооцож 2.286.900 төгрөгийн түрээсийн тооцоо гарсан бөгөөд үүн дээр өмнөх түрээсийн тооцооны үлдэгдэл 11.846.910 төгрөгийг нэмж тооцоход нийт 14.133.810 төгрөгийн үлдэгдэл тооцоо гарсан.

 

Уг тооцоог А.К ХХК-ийн захирал Э.Я хүлээн зөвшөөрч С.Ф ХХК-ийн авлага өглөгийн товчоо болон тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан.

-2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний хүртэлх 31 хоногийн хугацаанд 594 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 3.899.335 төгрөг төлөхийг А.К ХХК хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.

-2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх тооцоогоор 594 ширхэг бараа материалын 23 хоногийн түрээсийн төлбөр нь 2.893.055 төгрөг болсон ба тус түрээсийн төлбөр дээр өмнөх 2020 оны 03 дугаар сарын 01 хүртэлх түрээсийн төлбөр 14.133.810 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 3.899.335 төгрөгийн төлбөрийг тус тус нэмж нийт 20.926.200 төгрөгийн түрээсийн төлбөр гарсныг А.К ХХК-ийн захирал Э.Ялалт хүлээн зөвшөөрч С.Ф ХХК-ийн авлага өглөгийн товчоо болон тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.

-2020 оны 04 дүгээр сарын сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 594 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 1.816.595 төгрөг болсон ба үүн дээр өмнөх тооцооны үлдэгдэл төлбөр 20.926.200 төгрөг, эвдэлсэн буюу акталсан барааны төлбөр 741.000 төгрөгийг тус тус нэмж тооцооны үлдэгдэл дүн 23.483.795 төгрөг гарснаас барьцаанд төлсөн 1.000.000 төгрөгийг хасч, нийт тооцооны үлдэгдэл дүн 22.483.795 төгрөг болсныг А.К ХХК-ийн захирал Э.Ялалт хүлээн зөвшөөрч С.Ф ХХК-ийн авлага өглөгийн товчоо болон тооцоо үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.

А.К ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ад/165 тоот С.Ф ХХК-д ирүүлсэн албан бичигт: Манай компани 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 22.483.795 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 7.494.600 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7.494.600 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7.494.600 төгрөг гэх байдлаар төлөхөө илэрхийлсэн байсан.

Түрээсийн бараа материалыг зарлагын баримтаар хүлээж авдаг бөгөөд зарлагын баримтын огноо нь түрээсийн хугацаа эхэлж байгааг тодорхойлно. Орлогын баримтын огноо нь түрээсийн дууссан хугацааг тодорхойлно. Талууд түрээсийн төлбөрийг гэрээний хавсралтаар тодорхойлсон.

А.К ХХК-ийн захирал н.Я нь гараа гэмтээсэн, уг гараа гипсдүүлсэн байхдаа тооцооны баримтад үсэг зурж байснаас зарим баримт дээрх гарын үсэг тодорхойгүй зурагдсан байж болно. Хариуцагч нь гарын үсгийн талаар маргасантай холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй гэдгийг хэлмээр байна.

Ковид өвчний улмаас А.К ХХК-ийн барилгын ажил зогссон зүйл байхгүй бөгөөд талбай дээр нь очиж үзэхэд цутгалтаа авч байсан, барилгын цутгалтаа авсны дараа түрээсийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн тул эднийх үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдоно.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гэрчилгээнд компанийн тайлант хугацааг 2020 оны 02 дугаар улирлын байдлаар авч үзсэн гэж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний асуудал 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэлтэй байтал энэ асуудалтай холбоотой мэдээлэл бүрэн ороогүй гэж үзэж байна.

Үүнээс ямар материалд үндэслэж ийм гэрчилгээ олгосон нь тодорхойгүй байх ба харин ч дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдлыг харгалзаад нэхэмжлэгчийн зүгээс алдангийг багасгасан.

Хариуцагч нь гэрээний үүргийг 2020.06.02-ны өдөр төлнө гэж баталгаа өгсөн, үүнээс өмнө төлөхгүй гэх дээрх тайлбарыг хэлж байгаагүй мөртлөө өөрийн компанийг ямар ч ажил хийгээгүй учир төлбөрийг төлөхгүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох түрээсийн төлбөр 22.742.795 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй алдангийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 67-294 хоногийн хугацаанд хоногийн 0.5 хувиар тооцоход алданги 23.948.520 төгрөг гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, алдангид 11.371.398 төгрөг нэхэмжилсэн.

А.К ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 22.483.795 төгрөг, алданги 11.371.398 төгрөг, нийт 33.855.193 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд алдангид нэхэмжилсэн 11.371.398 төгрөгийн 50 хувиас татгалзаж, 5.685.699 төгрөг болгож байна.

Иймд хариуцагч А.К ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 22.483.795 төгрөг, алданги 5.685.699 төгрөг, нийт 28.169.494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ф ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.К ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, өмгөөлөгч Л.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

С.Ф ХХК-ийн Түрээсийн үлдэгдэл төлбөр 22.483.795 төгрөг барагдуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Талууд түрээсийн гэрээ байгуулж, барилгын материалыг хүлээлцсэн талаар маргаагүй болно. Харин барилгын салбарын үйл ажиллагаа 2019 оны 11 сараас зогсож, улмаар өвөлжилтийн гэрээ гэж байгуулсан нь үнэн.

А.К ХХК нь Бавгар групп ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх 2019/1263 тоот гэрээ байгуулж Бавгар групп ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж Хууль сахиулагч-1 хотхоны барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Үүнтэй холбогдуулан барилгын ажил гүйцэтгэхээр С.Ф ХХК-тай 2019 оны 08 сарын 10-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан.

Манай компани нь түрээсийн бараа материалыг 2019 оны 08 сарын 10-ны өдрөөс 2019 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нь ашиглаад буцааж өгөх гэсэн боловч Бавгар групп ХХК-ийн маргаантай, буруутай үйл ажиллагааны улмаас бараа, материалыг буцаан өгч чадаагүй болно.

Ингээд манай компани түрээсийн бараа материалыг ашиглаж чадахгүй байсаар COVID-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоолоор вирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталж хөл хорио тогтоосны улмаас барилгын үйл ажиллагаа зогссон.

Үүнээс улбаатай компани үйл ажиллагаагаа явуулаагүй учраас түрээслэн авсан 594 ширхэг барилгын бараа материалыг 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс хойш бодитоор ашиглаагүй болно. Тийм болохоор компанийн үйл ажиллагаанаас хамаарахгүй, цаг үеийн хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг нэхэмжлэгч компанид ойлгуулахыг хүсэж, улмаар тухайн бараа материалыг бодитоор ашигласан хугацааны төлбөрийг төлөх саналтай байгаа юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ байсан.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д:Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасныг анхаарч үзэхийг хүсч байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 3.5, 4.2, 4.5-д алданги тооцох талаар зохицуулсан бөгөөд эдгээр нь зөвхөн түрээслэгчид хэт хохиролтой, түүнд ногдуулах хариуцлага тусгаснаас түрээслүүлэгч талд ямар нэгэн хариуцлага байхгүй. Мөн цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй нөхцөл байдал үүссэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т:Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь гэрээ тус бүрийг тухай бүрт нь тооцоо нийлсэн гэх боловч уг баримтад А.К ХХК-ийн захирал Э.Я-н гарын үсэг зурсан байдал нь эргэлзээтэй байдаг.

Гэхдээ хамгийн сүүлд эцсийн байдлаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтын тухайд маргахгүй. Хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан байдлаар нь түрээслэгчид илт хохиролтой байдлаар шаардаж болохгүй гэж үзэж байна.

Өмнө нь талуудын хооронд үйлдэгдэж байсан төлбөр тооцоо нийлсэн актууд нь тухайн үеийн бодит байдалд үүссэн акт юм. Хамгийн сүүлд 22,483,795 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн акт үйлдэж, талуудын хоорондох бүх өр төлбөр багтсан, уг баримтаар алданги шаардахгүй гэдгээ тохиролцож, гарын үсэг зурсан юм.

Ийнхүү алдангийн талаар тохиролцсон учир гэрээний заалт хууль бус байсан гэж маргалгүй өдий хүрсэн.

Түрээслүүлэгчид 2020.05.14-ний өдөр түрээсийн эд зүйлийг буцааж өгөхөд алданги тооцохгүй гэсэн бөгөөд гэрээний хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалаагүй гэдгийг нотлох Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээг өгсөн.

Иймд 2019.08.10-ны өдрөөс 2020.01.26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 16.704.945 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 5.778.850 төгрөг, алданги 5.685.699 төгрөг, нийт 11.464.549 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ф ХХК нь хариуцагч А.К ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 22.486.795 төгрөг, алданги 11.371.398 төгрөг, нийт 33.855.193 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангийг 5.685.699 төгрөгөөр багасгаж, нийт 28.169.494 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 16.704.945 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, №548 дугаартай Түрээсийн гэрээ,

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт буюу өвөлжилтийн гэрээ,

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, №24 дугаартай Түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан байх ба гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлж түрээсийн төлбөр авах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохиролцжээ.

/хх-ийн 4-6, 8-10, 50 тал/

 

Зохигч нь дээрх гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д:Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар

С.Ф ХХК нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлэх,

А.К ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохиролцсон түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигч нь дээр байгуулагдсан гэрээний дагуу түрээсийн зүйлийн талаарх бараа материалын тооцоо хийсэн баримт үйлдсэн байх ба уг баримтаар 2019.08.10-ны өдрөөс 2019.09.10-ны өдөр хүртэлх хугацааны тооцоо 5.001.950 төгрөг,

№548 дугаартай түрээсийн гэрээний 2019.08.11-ний өдрөөс 2019.12.15-ны өдөр хүртэлх хугацааны тооцоо 15.848.910 төгрөг, нийт орлого 4.002.000 төгрөг, тооцооны үлдэгдэл 11.846.910 төгрөг, барьцааны үлдэгдэл 1.000.000 төгрөг,

№548 дугаартай түрээсийн гэрээний 2019.12.15-ны өдрөөс 2020.03.01-ний өдөр хүртэлх хугацааны өвөлжилтийн тооцоогоор төлбөл зохих 2.286.900 төгрөг, 2019.08.11-ний өдрөөс 2019.12.15-ны өдөр хүртэлх тооцооны үлдэгдэл 11.846.910 төгрөг, нийт тооцооны үлдэгдэл 14.133.810 төгрөг,

№24 дугаартай түрээсийн гэрээний 2020.03.01-ний өдрөөс 2020.04.01-ний өдөр хүртэлх тооцоогоор төлбөл зохих 3.899.335 төгрөг,

Түрээсийн гэрээний 2020.04.01-ний өдрөөс 2020.04.24-ний өдөр хүртэлх тооцоогоор 2020.03.01-ний хүртэлх түрээс 14.133.810 төгрөг, 2020.04.01-ний өдөр хүртэлх түрээс 3.899.335 төгрөг, нийт тооцооны үлдэгдэл 20.926.200 төгрөг,

2020.04.24-ний өдрөөс 2020.05.14-ний өдөр хүртэлх тооцоогоор 2019.08.10-ны өдрөөс 2020.04.24-ний өдөр хүртэлх тооцооны үлдэгдэл дүн 20.926.200 төгрөг, нэмэх актны дүн 741.000 төгрөг, тооцооны үлдэгдэл дүн 23.483.795 төгрөг, хасах барьцаа 1.000.000 төгрөг, нийт тооцооны үлдэгдэл дүн 22.483.795 төгрөг болохыг тусгажээ.

/хх-ийн 7, 11-13,15,17 тал/

 

Мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, харилцан баталсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, хариуцагч А.К ХХК нь түрээсийн гэрээний төлбөрт нэхэмжлэгч С.Ф ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд 14.133.810 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд 20.926.200 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд 22.483.795 төгрөгийн түрээсийн өглөгтэй гарсныг баталж, харилцан баталгаажуулсан байна.

/хх-ийн 10,14,16 тал/

 

Ийнхүү тооцоо нийлсний дараа хариуцагч А.К ХХК нь тооцоо нийлсэн актад дурдсан 22.483.795 төгрөгийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 7.494.600 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7.494.600 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7.494.600 төгрөг гэх байдлаар хэсэгчлэн төлөх хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ач/165 дугаартай албан бичгээр С.Ф ХХК-д хүргүүлсэн байна.

/хх-ийн 18 тал/

 

Дээр дурдсан баримтаас үзэхэд А.К ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх түрээсийн гэрээний төлбөрт 22.483.795 төгрөгийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

/хх-ийн 16 тал/

 

Хариуцагч А.К ХХК нь талуудын хооронд гэрээний 2.2, 3.5, 4.2, 4.5-д алдангийг зөвхөн түрээслэгчид хэт хохиролтой, түүнд ногдуулах хариуцлагыг тусгасан, цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй нөхцөл байдал үүссэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй, тооцоо нийлснээр алданги тооцохгүй гэж тохиролцсон, түрээсийн зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан, ашигласан хугацааны буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 16.704.945 төгрөгийг зөвшөөрч, түрээсийн төлбөрийн үлдэх хэсгийг, алдангийн хамт зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, уг гэрээний дагуу түрээслүүлсэн бараа материалын тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, А.К ХХК-иас 22.483.795 төгрөгийг хувааж төлөх талаарх С.Ф ХХК-д хүргүүлж байсан хүсэлт зэргээс үзэхэд тэдний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дуусч, дуусгавар болсон, үүний дагуу гэрээг дүгнэсэн, ийнхүү дүгнэсний дагуу тооцоо нийлж, баримт үйлдсэн, уг төлбөрийг хувааж төлөх талаар хүсэлт хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ.

 

Түрээсийн зүйлийг талууд харилцан хүлээлцэхдээ зарлагын болон орлогын баримт үйлдэж хүлээлцсэн байх ба тэдний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсноор хариуцагч А.К нь түрээсийн зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч С.Ф ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

/хх-ийн 34-39 тал/

 

Түрээсийн зүйлийг хүлээлгэж өгсөн, буцааж хүлээлгэн өгсөн зарлагын болон орлогын баримтын талаар талууд маргаагүй тул 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд гэрээний зүйл нь түрээслэгч талын эзэмшилд байсан гэж үзнэ.

Дээрх хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй гэдгийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дурдсан хугацаанд ашиглаагүй гэх байдлаа нотлоогүй учраас энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглах ёсгүй юм.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т:Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилж авах эрхтэй. Хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авах, хохирлоо гаргуулах эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.5-д:Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө, 4 дүгээр зүйлийн 4.2-т:Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө гэж тус тус заажээ.

/хх-ийн 4, 8 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А.К ХХК нь дээр дурдсан гэрээний 2.2, 3.5, 4.2 дах заалт нь түрээслэгчид ногдуулах хариуцлагыг тусгасан, харин түрээслүүлэгчид ногдуулах хариуцлага тусгагдаагүй хэмээн гэрээний талаар маргаан үүсгэж байсан нь тогтоогдохгүй байх ба түрээсийн зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д:Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д:Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дах заалт нийцжээ.

Талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхийнхээ дагуу түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусгавар болсон, ийнхүү дуусгавар болсноор гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн баримтаар хариуцагч А.К ХХК-ийн түрээсийн гэрээний үүрэгт 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 22.483.795 төгрөг болохыг харилцан тохиролцсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн хариуцагч нь тооцоо нийлсэн баримт үйлдсэнээр алданги тооцохгүй байхаар тохиролцсон гэх байдлаа баримтаар нотолсонгүй.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 22.742.795 төгрөгийг хугацаандаа төлөөгүй гэж үзэн 2019.09.10-ны өдрөөс 2020.06.30-ны өдөр хүртэлх 67-294 хоногт, хоногийн 0.5 хувиар тооцож 11.371.398 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 5.685.699 төгрөг болгосон ба шүүх алдангийг хариуцагчаас гаргуулахдаа талууд тооцоо нийлсэн 2020.05.15-ны өдрөөс алданги нэмж нэхэмжилсэн 2020.09.30-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй гэж үзэв.

/22.483.795х0.5%=112.419төгрөг:30хоног=3748төгрөг136хоног=509.523төгрөг/

Иймд хариуцагч А.К ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 22.483.795 төгрөг, алдангид 509.728 төгрөг, нийт 22.993.523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.175.971 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.К ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 22.483.795 төгрөг, алдангид 509.728 төгрөг, нийт 22.993.523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.175.971 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч А.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 272.918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ф ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ