Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00203

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/003286 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч “З” ХХК-д холбогдох 5 308 104 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, хариуцагчийн төлөөлөгч Г.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК болон “З” ХХК нар нь 2014 оноос хойш хамтран ажиллаж ирсэн ба энэ хугацаанд хариуцагч компанийн захиалсан бараа, бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн улс болон бусад орнуудаас тээвэрлэж, зуучлах үйл ажиллагаа эрхэлсэн байдаг. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 сарын 17-ны өдөр хүртэлх хамтран ажиллах тооцооны үлдэгдлийг гаргаж тооцоо нийлсэн акт үйлдэж, нийт үлдэгдэл төлбөр 1 859.98 ам.доллар болохыг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан. Үүнээс хойш “З” ХХК-аас тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл тооцоогоо хийхийг шаардахад “З” ХХК нь ямар нэгэн хариу өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд “З” ХХК-аас зуучлалын хөлсний үлдэгдэл төлбөр 1 859.98 ам.доллар буюу 5 308 104 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2001 оноос байгуулагдаж тасралтгүй импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос “П” ХХК-тай тээврийн зуучаар хамтран ажиллаж эхэлсэн. Манай компанийн хувьд санхүүгийн хариуцлагагүй байдал болон бусад шалтгаанаас болж 2019 онд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. “П” ХХК-аас 2020 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн акт гэсэн бичигтэй ирээд надтай уулзсан. Манай компанийн хувьд “П” ХХК-тай хамтран ажиллаж байх хугацаандаа урьдчилгаанд 50 хувийг нь төлөөд үлдэгдэл төлбөрийг нь дараа төлөхөөр буюу зээлээр авдаг байсан. Иймд миний бие 1 800 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа байх гэж бодсон болохоор тооцоо нийлсэн актад гарын үсэг зурчихсан. Тухайн үед компани маань үйл ажиллагаа явуулахаа болиод дампуурчихсан байсан. Гэтэл дараа нь бодоод үзэхэд “П” ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүн нь илт үнэмшилгүй байгааг анзаарсан. Миний бие эхлээд “П” ХХК-тай уулзаж үлдэгдэл төлбөртөө бараа тооцоод авчих гэж удаа дараа мэдэгдэж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З” ХХК-аас 5 308 104 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 99 880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Уг нэхэмжилж байгаа мөнгө хэзээ ямар ачааны төлбөр мэдэгдэхгүй, тухайн цаг үед манай хоёр байгууллагын гэрээ дууссан, ямар нэг нэхэмжлэх болон түүнээс хойш төлбөр төлөгдөөгүйг нотолсон баталгаагүй зэрэг шалтгаануудыг олж тогтоолгүй зөвхөн байгууллага хоорондын тооцоо нийлсэн актыг үндэслэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид тухайн үед зарим нэг олон жил хамтарч ажилласан газруудын тооцоо өр авлагыг тэдний гаргаж өгснөөр барагдуулж байсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж байна гээд хүмүүс ирэхэд нь 1 800 000 төгрөг орчим тооцоо байгаа гэж ойлгоод шууд гарын үсэг зурж тамга дарсан билээ. Гэтэл 1859 доллар 98 цент нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

                Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний дагуу 5 308 104 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурахдаа үлдэгдлийг андуурч зурсан” гэх үндэслэлээр татгалзсан тайлбарыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 1,20 дугаар тал/

 

Талууд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хугацаан дах тооцоо нийлж, “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдэн хариуцагч “З” ХХК нь 1 859.98 ам.долларын үлдэгдэлтэй болохыг баталж талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулжээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч 1 859.98 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу Монгол банкны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн валютын ханшаар тооцон 5 308 104 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хэргийн 5 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрх тооцоо нийлсэн баримтыг үйлдэхдээ, андуурч гарын үсэг зурсан буюу зуучлалын хөлсөнд хэдэн төгрөг төлөхөөс хэдийг төлж, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/003286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 99 880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                   С.ЭНХТӨР