Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/02241

 

 

П.О, С.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01801 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.О, С.Г нарын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Г-ийн хамт анх 2004 онд “А-Э” ХХК-ийг тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Тухай үед бид дээрх үйл ажиллагааг явуулахаар хувь хүмүүс болон Г хадгаламж зээлийн хоршооноос зээл авч, уг мөнгөөрөө тоног төхөөрөмж БНХАУ-аас оруулж, тоосго үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн. Б.Б нь Ц.С-ийн хамт компанийг худалдан авъя гэхэд нь зөвшөөрч, 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, мөн компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг Б.Б, Ж.С нар хүлээн авсан. Ингэж худалдахдаа компанийн балансад тусгагдсан бүх өр, дээр нь хувьцааны үнэ 110 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар С.Г, П.О нараас 309 535 333 төгрөг гаргуулж, Г хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан гэдгээ нуугаагүй. Б.Б нь бидний “А-Э” ХХК-ийг худалдан авахдаа компанийн балансад тусгагдсан өр төлбөрөөс Г хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 21 500 000 төгрөгийг төлсөн. Өр төлбөр төлнө гэх амтлалтууд өгч байсан. Иймд Б.Б-аас 198 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-тай 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах болон компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ нэг өдөр байгуулж, бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн ба тэрээр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд тусгагдсан өр төлбөрөөс бидний “Г” ХЗХ-нд төлөх өр 220 000 000 төгрөг, хувьцааны үнэ 110 000 000 төгрөг, нийт 330 000 000 төгрөгийг бүрэн хариуцан төлөхөөр болсон. 2009 оноос хойш Б.Баас дээрх өрийг төлөхийг байнга шаардаж байсан. Бид тоосгоны үйлдвэр байгуулахдаа анх “Г” ХЗХ-оос зээлсэн өр байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гээд 2015 оноос хойш шүүхээр явж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар магадлалд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхой бус буюу иргэний эрх зүйн ямар харилцаанаас үүссэн үүрэг болохыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 113 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нараас доорх тодруулгыг хийж байна. Үүнд С.Г, П.О нар нь "Г" ХЗХ-ны гишүүний хувьд уг хоршооноос 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 220 000 000 төгрөг сарын 3.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, "Г" ХЗХ-ны нэхэмжлэлээр зээлийн үүрэгт 309 353 333 төгрөг төлөхөөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот захирамж гарсан. Уг зээлийг "А-Э" ХХК-ийн тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулахаар авсан. Хоршоо нь гишүүддээ зээл олгодог, компанид зээл олгодоггүй дүрэмтэй учир "Үйлдвэрийн техник тоног төхөөрөмж" авах зориулалтаар гэж тоосго үйлдвэрлэхэд зориулж өөрсдийн нэр дээр зээл авсан. Зээлийн гэрээ, "Г" ХЗХ-ны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан тоот зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. П.О, С.Г нарын "Г" ХЗХ-ноос авсан 220 000 000 төгрөгийн зээл нь "А-Э" ХХК-д шилжсэн нь хэрэгт авагдсан байгаа нь "А-Э" ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд 220 000 000 төгрөгөөр тусгагдсан. Энэ талаарх баримтыг эх хувиараа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүхэд өгсөн нь хэрэгт авагдсан. Энэхүү тайлангийн банкны урт хугацааны зээл гэдэг баганад "Г" ХЗХ гэж тодотгон 220 000 000 төгрөг гэж бичиж, нягтлан бодогч П.О гарын үсэг зурсан нь С.Г, П.О нарын "Г" ХЗХ-оос авсан 220 000 000 төгрөг болох нь тогтоогдоно. Хэрэгт авагдсан Орхон аймгийн татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээр баталгаажуулсан тайланд 220 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн хамтаар 251 778 982 төгрөгөөр тусгагдсан нь хэргийн баримтаар нотлогдоно. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалт хэрхэн хэрэгжсэн нь “А-Э” ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд Г ХЗХ-оос 220 000 000 төгрөгийн өр тусгагдсанаар нотлогдоно. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр П.О, С.Г нараас 220 000 000 төгрөгийг гаргуулж “Г” ХЗХ-д төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан баримтууд хэрэгт байгаа ба “Г” ХЗХ-д төлөх өр төлбөр нь нэхэмжлэгч нарт хамааралтай тул Б.Баас зээлийн өрийг нэхэмжлэн авч, “Г” ХЗХ-д төлөх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Анх нэхэмжлэгч нарын авсан зээлийн өр, хүүгийн хамт “А-Э” ХХК, “Голден брик” ХХК-ийн жил бүрийн тайлан балансад үргэлж тусгагдсаар байсан нь хэрэгт авагдсан он, оны тайлангаар нотлогдоно. С.Г, П.О нар нь “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрхийг Б.Бад худалдсан, худалдахдаа хувьцааны үнийг бэлэн мөнгөөр буюу 110 000 000 төгрөгөөр, бусдад төлөх 220 000 000 төгрөгийн өр төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгч нар нь Б.Баас “А-Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнэд өөрсдийн “Г” ХЗХ-нд төлөх өр төлбөрийн үлдэгдэл 198 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус үндэслэж байна. Мөн худалдах худалдан авах гэрээний зүйл “А-Э” ХХК-ийн 265 000 ширхэг хувьцаа, гэрээний үнэ 110 000 000 төгрөг бөгөөд хариуцагч Б.Б, түүний төлөөлөгч нар С.Гд 150 000 000 төгрөг тухайн үедээ өгсөн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаар баримтгүй. Бид худалдах худалдан авах гэрээний үнэ 110 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаагүй учраас нэхэмжлэгчийн зүгээс нотлох шаардлагагүй гэж үзсэн. Эрх шилжүүлэх гэрээний 2.1-д “Г” ХЗХ-нд “А-Э” ХХК-ийн төлөх зээлийн 220 000 000 төгрөгийн өрийг компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсанаар эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөнөөр эрх шилжүүлэн авагчдын талд баримтын хамт хүлээлгэн өгнө, 3.1-д эрх шилжүүлэн авагч нь “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авч гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн шилжүүлэн авагч Б.Б бүрэн хариуцах үүрэг хүлээсэн. “А-Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор компанийн хувь нийлүүлэгч С.Г, П.О нарын эзэмшлийн 50 хувь буюу 265 000 000 төгрөгийн хувьцааг дээрх эзэмшигчдийн саналаар Б.Бад шилжилж байгааг бүртгэн авч С.Г, П.О нарыг компанийн гишүүнээс хасаж, хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.Содгэрэл 50 хувь буюу 265 000 000 төгрөг, Б.Б 50 хувь буюу 265 000 000 төгрөгийн эзэмшигч болж компанийн нэрийг “Голден брик” ХХК болгож өөрчилсөн талаарх баримт нь хэрэгт байгаа. С.Г, П.О нар нь Б.Бад “А-Э” ХХК-ийн хувь эзэмших эрхийг худалдсан, худалдахдаа Б.Б нь хувьцааны үнийг бэлэн мөнгөөр буюу 110 000 000 төгрөгөөр, мөн бусдад төлөх өр төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэх ба Б.Б нь үнийг төлөхөө зөвшөөрдөг, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно. Тоосгоны үйлдвэр доголдолтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, лиценз хүчингүй байсан зэрэг тайлбарыг хариуцагч урьд нь гаргаж байсныг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт хэрэгт байгаа ба хариуцагч тал гомдлын шаардлага болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Орхон аймгийн Сум дундын Иргэний шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар “Г” ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийг “А-Э” ХХК-ийн тайланд тусгагдсан байсан ба үүнийг Б.Б мэдэж байсан. Иймд бидний гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь хариуцагч Б.Баас Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу “Г” ХЗХ-д төлөх өр болох 198 500 000 төгрөгийг шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаасаа хойш 2 гэрээний талаар ярьдаг .Эдгээр гэрээ нь 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ юм. 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр П.О, С. Гэрэлмаа нар нь Б.Бад “А-Э” ХХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 265 000 ширхэг хувьцааг 110 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 110 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас Б.Б нь энэ гэрээний дагуу төлөх ёстой байсан өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан гэдэг. Тэгэхээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд үүссэн маргаан нь дуусгавар болсон гэдэг нь нотлогдож байна. Хоёр дахь гэрээ нь 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байх бөгөөд уг гэрээгээр “А-Э” ХХК-ийн 50 хувийг шилжүүлэн өгсөнтэй холбоотойгоор компанийн хувьцаа эзэмшигч болохын хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн. Хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигч өөрчлөгдснийг бүртгүүлэхэд компанийн хувьцааг шилжүүлэх талаар байгуулсан хэлцэл болон компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгөх хэлцлийг давхар шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд байгуулсан. Гэрээний 1.3-т үүсгэн байгуулагчийн компанийн хувь эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх 2 тоот шийдвэр, мөн хувь эзэмших эрх шилжүүлэн авагчаас тус компанийг хүлээн авахыг зөвшөөрсөн хүсэлтийг үндэслэн компанийн эрх үүргийг эрх хүлээн авагчид шилжүүлнэ гэж зааснаар уг гэрээгээр компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. “А-Э” ХХК-ийн өр 370 000 000 төгрөг давсан байхад уг компанийг худалдаж авах саналыг Б.Бад тавьж байсан. Тус компанийн 2008 оны 4 дүгээр улирлын тайланд тусгагдсанаар нийт 371 000 000 гаруй төгрөгийн өртэй. Нэхэмжлэгч нар Б.Б дээрх өр бүхий компанийн хувьцааг шилжүүлэн авахаа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Б.Б компанийн үйл ажиллагааны олсон орлогоос төлөгдөх боломжтой гэж үзэн худалдан авсан гэж тайлбарладаг. Компанийн хувьцааг шилжүүлэн авах үед “А-Э” ХХК нь “Г” хадгаламж зээлийн хоршоонд өртэй, энэ нь санхүүгийн баримтад 220 000 000 төгрөгийн банкны урт хугацааны зээл хэсэгт тусгагдсан байдаг. Иймд Б.Б нь П.О, С.Г нарын Г хадгаламж зээлийн хоршоонд төлөх өрийг хариуцан төлнө гэх үүрэг хүлээгээгүй. Хэрвээ П.О, С.Г нар нь “Г”  ХЗХ-д төлөх өрийг шилжүүлсэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт тус тус заасны дагуу Б.Бтай өр шилжүүлэх хэлцлийг бичгээр хийх, мөн “Г” ХЗХ-той тохиролцох ёстой байсан. “Г” хадгаламж зээлийн хоршоо нь Ж.С, Ч.А, Б.Б, Б.Б нарт холбогдуулан 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх “Г” Хадгаламж зээлийн хоршоо болон Ж.Содгэрэл, Б.Б, Ч.А нарын хооронд өр шилжих гэрээ байгуулагдаагүй тул “Г” ХЗХ-нд шаардах эрх үүсээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00193 дугаар тогтоолын Үндэслэх хэсэгт......С.Г, П.О төлбөр төлөөгүй явдал нь уг мөнгийг шүүгчийн захирамжид заагаагүй этгээдээс шаардах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг зөрчинө. С.Г, П.О нар нь Г ХЗХ-нд төлөх төлбөрийг А-Э ХХК-ийн санхүүгийн баримтад тусгаж, төлбөрийг А-Э ХХК төлөх болсон гэх боловч энэ нь Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 108 дугаар захирамжид заасан төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээс чөлөөлөхгүй. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл “А-Э” ХХК-ийг шилжүүлэн өгсөн талаар тодруулбал, “Г” ХЗХ-нд төлөх мөнгийг П.О,С.Г нар “А-Э” ХХК-д шилжүүлсэн үйл баримт болон компанийг Б.Б, Ж.С нарт шилжүүлэхдээ хийсэн тохиролцоо нь маргаантай нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна гэх үндэслэлээр “Г” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд “Г” ХЗХ, П.О, С.Г, Б.Б нарын хооронд өр шилжүүлэх талаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй болох нь хэрэгт байгаа шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар хариуцагч Б.Баас Г ХЗХ-нд төлөх төлбөрийг шаардах эрхгүй байна. Мөн нэхэмжлэгч нар нь урьд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна. Иймд С.Г, П.О нарын нэхэмжлэлтэй Б.Бад холбогдох 198 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Бад холбогдох 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 450 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.О болон нэхэмжлэгч С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. П. Оюунсүрэн, С. Гэрэлмаа, Б. Баярбат нарын хооронд 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Аргуун- Эрдэнэ” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах тухай, “А-Э” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай 2 гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Нэг дэх гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээний зүйл нь “А-Э" ХХК-ийн 265 000 ширхэг хувьцаа, гэрээний үнэ нь 110 000 000 төгрөг байна. Хоёр дахь гэрээ буюу компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний зүйл нь 220 000 000 төгрөгийн өр, өөрөөр хэлбэл Б. Баярбат нь “А-Э” ХХК-ийн 50 хувийг эзэмших эрхийг П.О, С.Г нараас 265 000 ширхэг хувьцааны үнэ болох бэлэн мөнгө 110 000 000 төгрөг төлөх, “Г” ХЗХ-д “А-Э” ХХК-ийн төлөх өр 220 000 000 төгрөг төлөх хоёр өөр үүрэг хүлээсэн . Энэхүү 2 үүрэг нь гэрээний үнэд тооцогдоно, нийлбэр дүн нь 330 000 000 төгрөг юм. Эрх шилжүүлэх гэрээний заалт болох 2.1-д “Г" ХЗХ-д “А-Э” ХХК-ийн төлөх зээлийн 220 000 000 төгрөгийн өрийг компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсанаар “эрх шилжүүлэн авагч” талын зөвшөөрсөнөөр эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэн өгнө гэж заасан, 3.1-д эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн шилжүүлэн авагч Б. Баярбат бүрэн хариуцах үүрэг хүлээсэн. “Г” ХЗХ нь гишүүддээ зээл олгодог, компанид зээл олгодоггүй дүрэмтэй учир П. Оюунсүрэн, С. Гэрэлмаа нар нь “Г” ХЗХ-оос “А-Э” ХХК-ийн тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулж өөрсдийн нэр дээр зээл авсан. Зээлийн гэрээнд тоосго үйлдвэрлэхэд зориулж үйлдвэрийн техник тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар гэж заасан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдоно. Энэхүү 220 000 000 төгрөгийн зээлийн өр нь “А” ХХК-нд шилжсэн нь хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайлан балансад тусгагдсан. Тайлангийн банкны урт хугацааны зээл гэсэн багананд “Г” гэж тодотгон 220 000 000 төгрөг гэж бичигдсэн байдаг. Орхон аймгийн Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс баталгаажуулсан “А” ХХК-ийн 2009 оны 1 дүгээр улирлын, 2015 оны 1 дүгээр улирлын тайлангуудад тусгасан 220 000 000 төгрөгийг “Г" ХЗХ-ын биш гэдгийг үгүйсгэсэн баримт хариуцагч тал ирүүлээгүй. Б.Б нь 220 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг, тухайлбал хэрэгт авагдсан “Г б" ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 29 тоот, 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17 тоот, 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоотод авагдсан баримтууд, хэргийн 245 талд авагдсан хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар мөрөнд хариуцагч Б.Б төлбөрийг компанийн тоосгоны үйл ажиллагаанаас төлнө гэж ойлгож байсан гэж шүүгчийн асуултад хариулсан зэрэг нь нотлох баримт болох юм. Хэрэгт 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн “Г” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Б.Б нараас 198 500 000 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг шүүхийн шийдвэрт заагаагүй этгээдээс шаардсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон баримт авагдсан боловч П.О, С.Г нар нь одоо Б.Б-ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар П.О, С. Г нарын “Г" ХЗХ-д төлөх 220 000 000 төгрөгийн өр нь “А-Э” ХХК-ийн тайлан балансад тусгагдсан нь Б. Баярбатын 2 дахь гэрээнд бүрэн хариуцахаар тохиролцсон өр юм. Б.Б нь 220 000 000 төгрөгийн өрийг “Г” ХЗХ-д шууд төлөхөөр тохиролцоогүй, П.О, С.Г нарт төлөх өр юм. Ийм ч учраас Б.Б нарыг “Г” ХЗХ-д энэхүү 220 000 000 төгрөгийн өрийг шууд төлөх үүрэг хүлээгээгүй үндэслэлээр дээрхи 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр “Г” ХЗХ-ны Б.Б нарт холбогдуулан гаргасан 198 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан боловч тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан өр шилжих заалт хамааралгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь анх хариуцагч “Г б” ХХК болон Б.Б, Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдуулан 198 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Г б” ХХК болон Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. /1хх 93, 99-100, 160, 173-174 дүгээр тал/ Дээрх шаардлагыг хариуцагч Б.Б эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Бад холбогдох 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 450 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж” шийдвэрлэжээ. /3хх 87 дугаар тал/

 

Гэтэл шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаарх шүүх хуралдааны тэмдэглэлд “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 99 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.О, С.Г нарт олгож, нэхэмжлэлээс 99 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 654 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосон” гэсэн агуулгаар бичигдсэн байна./3хх 82 дугаар тал/

 

Дээрх байдлаар шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй, зөрчилтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зөрчилд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно.

Түүнчлэн, шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн үнийн дүн дээрх байдлаар зөрүүтэй байгаа нь шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр талуудад танилцуулан сонсгосноос өөр агуулгаар гарсан гэж үзэхээр байна.

 

            Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                   

                                                                                          С.ЭНХТӨР