Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/02242

 

 

Б.А, Ш.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02812 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А, Ш.Б нарын хариуцагч Х.Нд холбогдуулан гаргасан орон сууцны засвар үйлчилгээнд хийсэн төлбөрт 11 421 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Буянбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А, Ш.Б тэдний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие Ш.Бтэй 2018 оны 5 дугаар сард танилцаж, хамтран амьдарсан. 2018 оны 9  дүгээр сараас Х.Нгээс 35 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 2Б байрны 28 тоот орон сууцыг худалдан авахаар манай ээж А.Цхариуцагчийн хүүхэд н.Мөнхзултай ярилцаж тохиролцсон. Х.Нгээс орон сууцаа худалдана, орон сууцанд амьдрахыг зөвшөөрч байна, орон сууцны төлбөрийг хорих ялыг дуусахаар цувуулж авна гэж тохиролцон тус байранд орж бүх зүйлд засвар хийсэн. 2018 онд миний бие хэрэгт холбогдож байрны мөнгийг өгч чадахгүй болсон тул Х.Н байраа буцааж авъя гэсэн. Манай талаас байранд хийсэн засварын мөнгө, ажлын хөлс нийт 11 421 000 төгрөгийг Х.Нгээс нэхэмжилж байна. Тус байр гал тогоо тусдаа 2 өрөө хуучны байр юм. Байранд засвар хийхдээ ах дүү, хамаатнаасаа мөнгө зээлж хийсэн. Байрны мөнгийг өгч чадаагүй тул хариуцагч байраа буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдсэн юм. Одоо тус байранд Ш.Б би хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Хариуцагч засвар хийсэн мөнгийг өгвөл бид байрыг чөлөөлж өгнө. Анх Х.Нгийн төрсөн охин гэх Н.Мөнхзул нь бидэнд орон сууцны түлхүүрийг авчирч өгсөн.Нэгэнт энэ орон сууцыг худалдан авч, өөрсдөө амьдрах учир засвар үйлчилгээ хийхээр шийдсэн ба тухайн үедээ Х.Н, түүний охин Н.Мөнхзул нарт мэдэж байсан. Энэ байр нь анх ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байсан тул гэр бүлээрээ амьдрах тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай байсан тул дүүгээ цалингийн зээл авахуулж, өөрийн ажил хөдөлмөр эрхэлж цуглуулсан мөнгийг болон өөрийн ээжээр малчны зээл авахуулж, 7 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгт багтаан иж бүрэн засвар үйлчилгээ хийхээр шийдэж, засварын ажлыг эхлүүлсэн боловч зардал нэмэгдэж 8 421 000 төгрөгийн засвар хийх зардал гарч, танил Г.Отгонжаргалтай тохирч 2 000 000 төгрөгийн хөлс төлж иж бүрэн засвар хийлгэсэн. Сэлбэг, материалыг хямд үнээр авахын тулд нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтгүйгээр буюу 10 хувиар хямд үнээр бодож, падаан дээр бичүүлэн авч байсан. Бид орон сууцанд амьдарч эхлээд Х.Нтэй харилцан тохиролцсоны дагуу тухайн байрны өр төлбөрөөс 1 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Гэтэл Х.Н хэлсэн ярьсан зүйлээсээ буцсан. Нэхэмжлэгч нар нь өөрийн ээж А.Ц-р дамжуулж хариуцагчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулан гэрээ хийсэн байдаг. Х.Нн охин Мөнхзул нэхэмжлэгч нарт байрны түлхүүрийг өгсөн. Хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа байранд хийсэн засварын талаар маргахгүй гэсэн байдаг. Зөвшөөрөл авалгүй байранд засвар хийсэн байгаа учраас маргаж байгаа.Х.Нн нэхэмжлэлтэй Б.А, Ш.Б нарт холбогдох иргэний хэрэг тус шүүхээр шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд авсан өгсөн зүйлээ буцаая гэж байгаа бол бид нар байранд хийсэн засварын төлбөрийг нотлох баримтыг үндэслэн нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, нисэхийн 2-6 дугаар байрны 28 тоотод байрлалтай, бидний гурван хүний өмчлөлийн орон сууцыг иргэн А.Цхудалдан авахаар 2018 оны 9 сард миний охин Н.Мөнхзул бид хоёртой тохиролцож манай байранд орсон ч өнөө хүртэл огт мөнгө төгрөг өгөөгүй юм. Түүний бэр болох Ш.Б нар 2 жил сууж байгаа. Намайг хорих ял эдэлж байхад А.Ц эргэж очихдоо өөрийнхөө бичсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан ба тэр бичигт манай байранд засвар хийх талаар бичсэн зүйл байгаагүй, тухайн үед ч энэ талаар яригдаагүй. Байрны өмнөх өр төлбөрийг төлөхгүй бол танай байранд оруулахгүй байна гэсэн. Байрны маань өмнөх жилүүдийн өр төлбөр болох 5 000 000 төгрөгийг байрны худалдах үнэнд оруулахгүй, үнэ дээр нэмж тооцно гэж охинтой маань тохирсон гэж тухайн үед надад хэлж байсан ба танай хуучин өр төлбөр болох 5 000 000 төгрөгийг бид төлчихөөд байранд чинь оръё гэхээр нь би итгээд гарын үсэг зурсан учраас тэд манай байранд орсон билээ. Гэтэл 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг төлсөн атлаа одоо тэр мөнгөө Ш.Бгээр нэхэмжлүүлж буцааж авах гэж, дээр нь зөвшөөрөлгүй хийсэн засварын мөнгөө биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарыг анх удаа харж байна. Өмнө нь энэ хүмүүстэй уулзаж байгаагүй. Би 407 дугаар хорих ангид ял эдэлж байсан. Нэхэмжлэгч Б.Аын ээж А.Цэрэнпилийг зүс танина. А.Цнадад хүйтэн болчхоод манай хүүхдүүд байх газаргүй байна. Та байрандаа өвөлжүүлэх арга хэмжээ аваад өгөөч гэж ирсэн. А.Цманай охин Мөнхзулыг таньдаг гээд охиноор маань дамжуулж над дээр ирж уулзаж байсан. Надад туслаач таны гарын үсэгтэй бичиг байхгүй бол тэр байранд орж болохгүй гэсэн гээд ирсэн. Тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Тухайн үед манай байр эзэнгүй цоожтой байсан. Энэ хүмүүс манай охин н.Мөнхзулаар дамжуулж байранд орсон байсан. А.Цэрэнпилийг юун хүн бэ гэж охиноосоо асуухад таныг ядарч байхад охинд чинь тусалж байгаа юм гэсэн. Манай охин нөхөр хүүхдүүдийн хамт надаас тусдаа амьдардаг байсан. Би тэр байранд энэ хүмүүсийг засвар хий гэж хэлээгүй. Тэр байранд өвөлжүүлж өгнө үү гэж л бичиж өгсөн байх. Миний гарын үсгийг авъя гэж хориход А.Цирсэн. Тухайн үед байранд засвар хийх талаар надтай яриагүй. Аман гэрээ ч хийгээгүй. Байранд маань одоо нэхэмжлэгч Ш.Б амьдарч байгаа. Би орон оронгүй охиныхоо гэрт байж байгаад одоо түрээсийн байраар явж байна. Байранд засвар хийхийг нэхэмжлэгч нарт зөвшөөрөөгүйюм. Засвар хийсэн байхад орж үзсэн,халуун дулаан, хүүхдийн дуу цангинасан сайхан энергитэй болсон байсан. Хорих ангид байхад ээж А.Цнь манай охинтой хамт ирж байр эзэмшиж суухыг зөвшөөрч байна гэсэн бичиг бичүүлж гарын үсэг зурсан. Тухайн үед байранд засвар хийх талаар надтай яриагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-д заасныг баримтлан хариуцагч Х.Нгээс 9 621 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А, Ш.Б нарт олгож, нэхэмжлэлээс 1 800 000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгээс 168 886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Ш.Б нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Б, Б.А нарын худалдаж авсан гэх бараа материалын баримтуудыг хариуцагч тал хууль бусаар бүрдүүлсэн баримт хэмээн маргаж байгаа болно. Тухайлбал хавтаст хэргийн 14-28 талд байх 15 хуудас санхүүгийн баримтууд худалдан авсан этгээдийн нэр гарын үсэг бүхий хэн ямар зорилгоор худалдаж авсан нь тодорхойгүй баримт байхад шүүх уг нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хэмээн үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй болно. Мөн хэргийн 72 талд байх баримтыг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байна. н.Отгонжаргал 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх ба үүнийхээ дараа цэнхэр өнгийн будагч бодис бүхий бичгийн хэрэгслээр 2018 оны 9 дүгээр сраын 10-ны өдөр                 2 000 000 төгрөгийг авсан хэмээн нэмж бичсэн байна. Нотариатч үнэн зөвийг гэрчлэв гэсэн дарсан уншигдаж байгаа ба н.Отгонжаргалын бичсэн гэх үг өгүүлбэрүүд хуулбар хувь биш байна. н.Отгонжаргалын энэхүү баримт хуурамч болох нь илэрхий учир түүний өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв хэмээн дүгнэхэд эргэлзээ бүхий болсон байна. Шүүхэд ирүүлсэн гэрэл зургуудыг хэний өмчлөх эзэмшлийн объектод засвар хийж байгаа зураг болохыг хариуцагч өмчлөгч нараас асууж тодруулахгүйгээр мэтгэлцэх ажиллагааг дутуу явуулж зурагны ач холбогдлыг хэрэгт хамааралтай, эс хамааралтай болох талаас нягталж үзээгүй байна. Шүүх хурал дээр хариуцагч Х.Н, Н.Мөнхзул нарыг оролцуулсан боловч маргааныг гол зүйл болох засвар хийсэн эсэх, засвар хийхдээ ямар төрлийн засал засан сайжруулалт хийснийг тодруулж асуулгүйгээр ванн, ариун цэврийн өрөө янзалсан байсан гэхчилэн тодорхой бус мэдүүлэг авсан нь гэрчийн мэдүүлэгийг хэрэгт ач холбогдолтой байх шаардлагыг хангаагүй байна. Ванн, ариун цэврийн өрөөнд 4 ширхэг плита ховхорч унасныг нөхөж наасан суултуур хагарсныг зориулалтын цавуугаар наасан зэргийг янзалсан хэмээн мэдүүлсэн нь  юун тухай мэдүүлсэн нь тодорхойгүй байна. “Би Би Инженеринг” гэгч аж ахуйн нэгж яагаад ямар үйл ажиллагаа эрхэлдэг этгээд болох талаар мэдээлэл хэрэгт байхгүй байх учир уг этгээдэд төлсөн мөнгөний учир шаптгаан тодорхойгүй болсон байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийн тодорхойлсон талаар Ү2201004571 улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Х.Нгээс гадна Н.Мөнзул, А.Нандин-Эрдэнэ гэсэн гурван өмчлөгч бүртгэлтэй байхад яагаад дан ганц Х.Нг хөрөнгөжсөн хэмээн үзсэн. Иймд тодорхойгүй байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.А, Ш.Б нар нь хариуцагч Х.Нд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, нисэхийн 2-6 дугаар байрны 28 тоот орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн төлбөрт 8 421 000 төгрөг,ажлын хөлс 2 000 000 төгрөг, байрны ус дулааны төлбөр 1 000 000 төгрөг, нийт 11 421 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зөвшөөрөлгүй засвар хийсэн гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нар хариуцагчаас орон сууц худалдан авах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгийн баримт үйлдэж, нэхэмжлэгч нар орон сууцанд оршин суусан болон талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас татгалзсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нар орон сууцанд оршин сууж байх хугацаанд 9 621 000 төгрөгийн завсар хийсэн үйл баримтын талаар маргажээ.

 

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэжээ.

 

            Гэтэл анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэх талаар буруу дүгнэлт хийсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь хариуцагч Х.Нн эд хөрөнгийг сайжруулахад материалын зардал, ажлын хөлс нийт 9 621 000 төгрөг зарцуулсан гэх нөхцөл байдалд хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй байна. Хэдийгээр хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” гэх бичгийн баримт үйлдэн нэхэмжлэгч нарт орон сууцыг эзэмшилдээ авах зөвшөөрөл олгосон байх боловч засвар хийсэнтэй холбоотой зарим баримтууд  нь 2018 оны 9 дүгээр сард үйлдэгдсэн болон худалдан авсан гарын этгээд нь тодорхойгүй буюу гарын үсэггүй байна. /хэргийн 14, 16, 18-20, 23-25, 28 дугаар тал/ Мөн уг баримтууд нь маргаан бүхий орон сууцанд засвар хийхэд гаргасан зардлыг нотлох эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.  

           

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн орон сууцанд зайлшгүй завсар хийх шаардлага байсан эсэх, дээрх баримтуудад дурьдсан материалууд нь тухайн орон сууцанд зарцуулагдсан эсэх, хариуцагч ямар хэмжээгээр хөрөнгөжсөн буюу эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэн зэрэг нөхцөл байдал тодорхой байх учиртай. Зохигчдын маргаж буй үйл баримтын хүрээнд мэтгэлцүүлэх ажиллагааг шүүх хэрэгжүүлээгүй буруутай байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

            Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтанд дүгнэлт хийж, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                   

                                                                                          С.ЭНХТӨР