Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02271

 

Н.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Хгийн хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлт 17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Болоржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор зээлдүүлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 800 000 төгрөг шилжүүлсэн. Эхний 6 сарын хүүг авсан гэж үзэн дараагийн 6 сарын хүүтэй бөөндөж 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дотор авахаар тохиролцсон. Тус 2020 оны 3 дугаар сарын 11-ний дотор авах ёстой байсан 4 200 000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл авахаар тохиролцон хойшлуулсан. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байрны түрээс төлөх ёстой байсан тус түрээсийн мөнгийг Д.Огаас авах ёстой байсан. Гэвч хугацаандаа төлөлтөө хийгээгүй бөгөөд хоног хугацаа хойшлуулсон. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болон тус оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлбөрөө нэхэхэд 2 удаа өөрийн гарын үсэгтэй амлалтын бичиг бичиж өгсөн. Гэвч амлалтын хугацаанд төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын 18 850 000 төгрөгт Д.Огийн төлсөн 650 000 төгрөг орж, одоогийн нэхэмжилж буй үнийн дүн 17 800 000 төгрөг болсон. Зээлийн гэрээний хүү сарын 750 000 төгрөг гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ байгуулсан гэх боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу 10 800 000 төгрөг зээлсэн бөгөөд 10 800 000 төгрөгөөс хүү бодох ёстой. Бид зээлийн гэрээний хүүг төлсөн гэж үзэж байгаа. Хүүгийн оронд хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн орон сууцанд амьдруулсан. Бид 10 800 000 төгрөг авсан бөгөөд хүү болох 2 800 000 төгрөгөөс 650 000 төгрөгийг хасуулж 12 950 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Огаас 17 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  246 950  төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 246 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Хгийн нэхэмжлэлтэй Д.Од холбогдох иргэний хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зохигчид 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Д.Огийн дансанд 10 800 000 төгрөгийг Н.Х шилжүүлсэн. Уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Хариуцагч Д.О нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Хгаас 15 000 000 төгрөг бус 10 800 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан. Иргэний хуулийн 281, 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 10 800 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Огийн нэхэмжлэгч Н.Хгийн өмнө зээлийн гэрээний дагуу хүлээх үүрэг үндсэн төлбөр 10 800 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг, нийт 12 950 000 төгрөгийг төлөх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж, боломжит хугацаа авахаар хүсэлтээ гаргасан боловч шүүхээс зохигчдод эвлэрэн хэлэлцэх хугацаа олгох шаардлагагүй гэж үзэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хариуцагч Д.Огаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10 800 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг, нийт 12 950 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Д.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 17 800 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 12 950 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

            Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. /Хэргийн 7 дугаар тал/

 

            Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Н.Х нь зээлдэгч буюу хариуцагч Д.Огийн данс руу 10 800 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгсөн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хэргийн 5-6, 27-32 дугаар тал/

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулга нь зээлдэгч шилжүүлэн авсан мөнгөний хэмжээгээр тохиролцсон хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож, зээлдүүлэгчид төлөх үүрэг үүсэх зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх зээл олгохдоо урьдчилж суутгасан буюу шилжүүлж аваагүй 6 сарын хүү гэх 4 200 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэнд тооцож нийт 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Иймээс нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Д.Огийн өмчлөлд шилжүүлсэн зээлийн хэмжээ буюу 10 800 000 төгрөгт тохирох хүүг гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй.

 

            Зээлийн гэрээний хүүг тооцоход 4 сарын хугацааны хүү нийт 2 160 000 төгрөг /10 800 000 төгрөгийн 5 хувь нь сарын 540 000 төгрөг/ болж байх боловч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2 800 000 төгрөгөөр хүүг тооцож, үүнээс 650 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул хасч тооцох нь талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журамд нийцэх юм.

 

            Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 800 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг нийт 12 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Огаас 12 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 850 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “246 950 төгрөг” гэснийг “222 150 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                      ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                             С.ЭНХТӨР