Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00344

 

                                      ,,,,,,,,,,,,,,,,,, гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дүгээр шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 2271 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,, гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,  нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 12,950,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гаас 17,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 246,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2271 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гаас 12,950,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “246,950 төгрөг” гэснийг “222,150 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 184/ШШ2020/02944 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 2271 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж  байна. Шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг, хүү 2,150,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүү 2,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Covid-19 өвчний улмаас эдийн засгийн хямралтай нөхцөл байдал үүссэн тул хүү 2,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй, тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, гаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 12,950,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 4,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,, д 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлдүүлсэн бөгөөд эхний 6 сарын хүүг нь суутган 2019.10.11-ний өдөр 10,800,000 төгрөг шилжүүлсэн. Дараагийн 6 сарын хүүг бөөнөөр нь 2020.03.11-ний дотор авахаар тохиролцсон боловч харилцан ярилцаад 2020.04.01-ний өдөр авахаар хойшлуулсан... Төлбөрөө нэхэхэд 2 удаа өөрийн гарын үсэгтэй амлалтын бичиг бичиж өгсөн. Гэвч амлалтын хугацаанд төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн зээл 15,000,000 төгрөг, 4 сараас хойших хүү 2,800,000 төгрөг, нийт 17,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Нэхэмжлэгчийн зүгээс 10,800,000 төгрөг зээлсэн тул үүнээс хүү бодох ёстой. Бид зээлийн гэрээний хүүг төлсөн гэж үзэж байгаа. Хүүгийн оронд хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн орон сууцанд амьдруулсан. Бид 10,800,000 төгрөг авсан бөгөөд хүү болох 2,800,000 төгрөгөөс 650,000 төгрөгийг хасуулж, 12,950,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчээс 10,800,000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид өгсөн болох нь тогтоогдсон, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

10. Харин анхан шатны шүүх “... хэдийгээр нэхэмжлэгч 10,800,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч талуудын тохиролцоо болох гэрээний заалтыг үндэслэн 15,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэж үзэж, тухайн дүнгээс хүү тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн байна.

11. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, “...нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу 10,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгсөн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьдчилж суутгасан буюу хариуцагчийн аваагүй 6 сарын хүү гэх 4,200,000 төгрөгийг өгсөнд тооцож нийт 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, иймд нэхэмжлэгч нь 10,800,000 төгрөгт тохирох хүүг гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй, 4 сарын хугацааны хүү нийт 2,160,000 төгрөг (10,800,000 төгрөгийн 5 хувь нь сарын 540,000 төгрөг) болж байх боловч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2,800,000 төгрөгөөр хүүг тооцож, үүнээс 650,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул хасч, үндсэн зээл 10,800,000 төгрөг, хүү 2,150,000 төгрөг, нийт 12,950,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

12.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг, хүү 2,150,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүү 2,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Covid-19 өвчний улмаас эдийн засгийн хямралтай нөхцөл байдал үүссэн тул хүү 2,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4-т) хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

13. Учир нь, хариуцагч анхан шатны шүүхэд энэ үндэслэлээр маргаж, мэтгэлцээгүй, холбогдох баримтыг гаргаагүй, давж заалдах шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байхад хяналтын шатны шүүх шийдвэрийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 2271 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 49,350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД