Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/02944

 

2020 09 28 184/ШШ2020/02944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, 00 тоотод оршин суух, Х овогт Н Х /000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00-ийн хороо 00-р хороолол 00 байр 00 тоотод оршин суух, О овогт Д О /РД:000000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 08р сарын 10ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Хариуцагчид 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор зээлдүүлсэн бөгөөд 2019 оны 10-р сарын 11-ний өдөр 10,800,000 төгрөг шилжүүлсэн. Эхний 6 сарын хүүг авсан гэж үзэн дараагийн 6 сарын хүүтэй бөөндөж 2020 оны 3-р сарын 11-ний өдрийн дотор авахаар тохиролцсон. Тус 2020 оны 3-р сарын 11-ний дотор авах ёстой байсан 4,200,000 төгрөгийг 2020 оны 4-р сарын 01-ний өдөр хүртэл авахаар тохиролцон хойшлуулсан. Би 2020 оны 4-р сарын 01-ний өдөр байрны түрээс төлөх ёстой байсан тус түрээсийн мөнгийг О авах ёстой байсан. Гэвч хугацаандаа төлөлтөө хийгээгүй бөгөөд хоног хугацаа хойшлуулж байсан. 2020 оны 4-р сарын 06-ны өдөр болон тус оны 4-р сарын 10-ны өдөр төлбөрөө нэхэхэд 2 удаа өөрийн гарын үсэгтэй амлалтын зүйл бичиж өгсөн. Гэвч Амлалтын хугацаанд төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэлээ 18,850,000 төгрөг гэж тооцсон бөгөөд О төлсөн 650,000 төгрөгийг оролцуулсан. Одоогийн нэхэмжилж буй үнийн дүн 17,800,000 төгрөг. Зээлийн гэрээний хүү сарын 750,000 төгрөг гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ байгуулсан гэх боловч иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хариуцагч талд 10,800,000 төгрөг авсан бөгөөд 10,800,000 төгрөгөөс хүү бодох ёстой. Бид зээлийн гэрээний хүүг төлсөн гэж үзэж байгаа. Хүүгийн оронд хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн орон сууцанд амьдруулсан. Бид 10,800,000 төгрөг авсан бөгөөд хүү болох 2,800,000 төгрөгөөс 650,000 төгрөг хасуулж 12,950,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Д.О зээлийн гэрээний үүргийн биелэлт 17,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.О, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 12,950,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй хэмээн маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгчээс нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлдүүлэгч Н.Х, зээлдэгч Д.О нарын хоооронд байгуулсан 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх баримт, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаан гаргасан зохигчийн тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдлоо.

Зохигч уг гэрээний 3.6, 3.7-д зааснаар 6 сараар хүү урьдчилан төлөөд 2020 оны 03-р сарын 11-ний өдөр үлдсэн 6 сарын хүүг ...төлнө гэж, зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцжээ. /хх-7/

Хэрэгт авагдсан дээрх баримт, хариуцагчийн тайлбар, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар зээлдэгч Д.О нь зээлдүүлэгч Н.Х 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,800,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь зохигчийн тайлбар, баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн буюу гэрээ ёсоор мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, ...-ийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулсан хэдий ч зээлдүүлэгчээс 10,800,000 төгрөг зээлдэгч И.С бэлнээр өгсөн байх боловч шүүх талуудын хүсэл зоригийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, зээлийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн 15,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж, зээлийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй, нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй болно.

281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуульд /282.1, 282.3/.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3., 282.4-д тус тус зааснаар хариуцагч Д.О зээлийн үндсэн төлбөрт 15,000,000 төгрөг, хүү 2,800,000 төгрөг, нийт 17,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Х олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.О 17,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Х олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 246,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН