Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/001105

 

Э.Наранбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/02965 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1320 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Э.Наранбаяр

Хариуцагч: Баялаг ундрах арвижих Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагатай  иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Наранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар  оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Наранбаяр Баялаг ундрах арвижих ХЗХ-той 2015.7.08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар  ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2016.01.18-ны өдөр эмнэлэгт үзүүлэн чөлөө авсан ба жирэмсэн байсан учир тухайн өдрүүдэд зайлшгүй эмнэлэгт хэвтрийн дэглэм барих шаардлагатай байсан. Гэтэл 2016.01.04-ний өдрөөр ажлаас халах тушаал гаргасан. Би сахилгын зөрчил гаргаагүй, мөн шалгаж тогтоогоогүй асуудлаар шалтаглан ажилтныг жирэмсэн байхад нь ажлаас халсан тул гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Наранбаяр нь гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн ажлыг давхар хийсэн, албан тушаалаа ашиглаж гэрээ баталгаажуулаагүй өөртөө зээл гаргасан, хоршооны гишүүн н.Хунцэцэгийн нэр дээр зээл авсан, хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, зээлийн эргэн төлөлтийг барагдуулах гэж  зээлдэгч нарын хойноос явдаггүй, нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй.Түүнчлэн, смарт картны тооцоо болох 2.118.400 төгрөгийг хувьдаа завшсан байж магадгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч тайлбар өгөөгүй. 2015.06.01-нээс 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хөдөлмөрийн гэрээгүй байж цалин авсан байсан. Жирэмсэн гэдгийг нь бид тухайн үед мэдээгүй, өөрөө ч хэлээгүй болно. Э.Наранбаярын асуудлыг хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл хэлэлцээд ажлаас нь халахаар шийдвэрлэсэн. Хоршооны даргын хувьд би тушаалыг нь гаргаж гарын үсэг зурсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/02965 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-г баримтлан Э.Наранбаярыг "Баялаг ундрах арвижих ХЗХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2.690.909 төгрөгийг Баялаг ундрах арвижих ХЗХ-ноос гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1320 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгчийн хувийг гардан авах үед хэргийн оролцогчийн эрхийг танилцуулж, нотлох баримт гаргаж өгөх цаг эрхийг нь шүүхээс эдлүүлсэн.  Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болсон баримтыг өөрөө гаргаж өгсөн, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй бөгөөд шүүхэд хэрэг үүссэний дарааөөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл гэж зүйлийг нөхөн гаргаж тайлбарласан. Тодруулбал, хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд: “...Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын дараа шүүх хуралдааныг хийлгэмээр байна.. эндээс Э.Наранбаярыг байгууллагын журмыг зөрчсөн эсэхийг тогтоосон шийдвэр гарах ёстой...” гэж тайлбарлажээ. Гэтэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавар баримталсан байх ёстой бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон бусад хуулийг баримталсан шийдвэр гаргасан гэж Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолд тодорхой заасан. Гэтэл хариуцагч нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр биш Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг үндэслэн халсан байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэнгүй гэжээ.

ХЯНАВАЛ :

Э.Наранбаяр нь Баялаг ундрах арвижих Хадгаламж зээлийн хоршоонд холбогдуулан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хэргийн 17-35 дугаар талд буй баримтуудын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, Э.Наранбаярын гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1320 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Наранбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэдмэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ